Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02376

 

Б.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч Я.Бэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С, М.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Доос 3 000 000 төгрөгийг хувьдаа туслалцаа үзүүлээч гэж аваад өнөөдрийг хүртэл өгөлгүй уг иргэнийг хохироож байна. Б.Д нь амьдралын бололцоо муу өндөр настан ээжийгээ асран хамгаалж хоёулаа нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг эмзэг бүлгийн хүмүүс байна. Я.Бээс зээлүүлсэн мөнгөө нэхэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрчээ. Я.Б хавсралтад буй баримтыг үйлдээд мөн л үүргээ биелүүлэлгүй яваад байгаад гомдолтой байна. Я.Б нь Б.Дийг шүүх цагдаадаа өг гэж хүссэний дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д нь 2016 оноос Намъянжү саунд ажиллаж байсан бөгөөд би үйлчлүүлэгч нь байсан ба Б.Доор биеэ үрүүлэх үйлчилгээ хийлгэдэг болсноос эхлэн мэднэ. Би Б.Дид мөнгөний туслалцаа буюу гар цайлган 50 000-600 000 төгрөгийг удаа дараа өгч байсан. Ийм байхад би түүнээс мөнгө авах ямар ч шаардлага байхгүй. Харин ч хувцас өгч, түүнд тусалж, бүрэн бус боловсролын гэрчилгээ авахад нь дэмжлэг үзүүлсэн мөн Библи-ийн сургуульд хүртэл оруулж байсан. Иймээс эсрэгээрээ би түүнээс дээрх гаргасан зардлуудаа нэхэмжлэх байтал харин надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Б.Д ямар эх үүсвэрийн мөнгөөр уг 3 000 000 төгрөгийг хаанаас олоод надад өгснийг нотлуулахыг хүсч байна. Миний бие Я.Б нь нэхэмжлэгч Б.Доос 3 000 000 төгрөгийг огт аваагүй. Хэрэгт авагдсан мөнгө төлнө гэсэн баримтыг нь 2020 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-ны үеэр түүний өмгөөлөгч нар намайг дуудан ирүүлж, нөхөж бичүүлэн авсан. Би Б.Доос мөнгө авах шаардлага надад байхгүй, тэр хүн надад мөнгө зээлүүлэх боломж ч байхгүй. Үүнийгээ нотолж нэхэмжлэлдээ бичиж нотолсон байна. Тодруулбал эмзэг бүлгийн, өндөр настан ээжийгээ асран хамгаалж, нийгмийн халамжийн мөнгөөр амьдардаг Б.Д нь надад 3 000 000 төгрөгийг зээлүүлэх боломж байхгүй гэдэг нь тодорхой билээ. Б.Д нь өөрийнхөө өмнөөс өмгөөлөгч нараа явуулж бичиг хийлгэсэн нь хууль зөрчиж, нөхөж хийлгэсэн баримт нь хуулийг ноцтой зөрчиж байгаа учраас мөнгө төлнө гэсэн амлалт гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Иймд би Б.Доос 3 000 000 төгрөгийг хувьдаа туслалцаа үзүүлээч гэж огт аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Дийн, хариуцагч Я.Бээс 3 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Я.Бийн 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэх мөнгө өгөхөөр амалсан тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зээлийн гэрээний харилцаа буюу харилцан үүрэг хүлээх байдал үүсээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Б.Д би хариуцагчид 3 000 000 төгрөг зээлдүүлсэн учраас л ингэж гомдолтой явж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заагдсанаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй бөгөөд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалд өртөх ёсгүй билээ. Шүүх уралдаанд Я.Б нь намайг сауны газар бие үрэгч байсан энэ хүн ядуу дорой амьдралтай би аав шиг нь түүнийг халамжилсан ч гэх шиг миний хувийн байдлыг илтэд дөвийлгөн ярьж ядуу учраас энэ хүнд мөнгө байх ёсгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн байна. Харин ч Я.Б нь бидний хоорондох ах дүү шиг харилцааг ашиглан надаас мөнгө зээлж аваад өгөхгүй байхаар шийдсэн. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ сайтар тодруулж асуух, яагаад та гарын үсэг зурж мөнгийг нь өгөх болсон талаар лавлах ёстой байсан. Мөн Б.Д гэдэг хүн санаанаасаа ийм зүйл зохиосон уу үгүй юу гэдгийг ч шалгах хэрэгтэй байсан. Я.Б надад яаж тусалж байснаа бас нотлох үүрэгтэй. Миний хувьд 3 000 000 төгрөг бол их мөнгө юм. Гэтэл Я.Б энэ хоёр хүнийг мөнгө авахын тулд л шүүх рүү миний хэргийг явуулсан юм шиг ярьсан байдаг. Шүүх хуулийн өмнө Я.Б минь ёс зүйтэй байгаасай гэж би их хүсэж байна. Хэрэв нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн бол бас шалгуулж болно. Энэ хэргийг дахин сайтар шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Я.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ...туслалцаа үзүүлэх зорилгоор 3 000 000 төгрөгийг Я.Бэд өгсөн боловч буцааж өгөхгүй байх тул гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа ...Б.Доос мөнгө зээлээгүй, дарамт шахалтад оруулсан тул баримт бичиж өгсөн, 3 000 000 төгрөгний эх үүсвэр нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байна.

 

Хэргийн 5 дугаар талд хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлнө гэх баримт байх бөгөөд уг баримт нь Я.Б, Б.Дид дараахь байдлаар төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 06-нд 500 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-нд 1 500 000 төгрөг, 2021 оны эхний улиралд багтаан 1 000 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон гэх агуулгатай байна.

 

Дээрх баримтыг хариуцагч Я.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сэтгэл зүйн дарамт үзүүлж бичүүлэн авсан гэх тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгүйсгээгүй, уг баримтыг сүүлд нөхөж үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн тул энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хэргийн 26 дугаар талд уулзалт хийсэн гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад ...Доржид 3 000 000 төгрөгийг хийнэ. Сонгуулийн штабд ажиллана. Энэ цалинг хийнэ...Төлбөрийг хийж барагдуулна...тохиролцсон гэх агуулга бүхий баримтыг хариуцагч үйлдсэн байна.

 

Хариуцагч нь дээрх баримтыг дарамт шахалтад орж хийсэн, Б.Доос 3 000 000 төгрөг аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Талуудын тайлбар болон хэргийн 26 дугаар тал дах уулзалт хийсэн гэх бичгийн баримтыг хооронд нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Я.Бэд туслалцаа үзүүлж 3 000 000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч Я.Бээс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Дид хариуцагч Я.Б нь 3 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон хэргийн 26 дугаар тал дах уулзалт хийсэн гэх бичгийн баримтыг дарамт шахалт үзүүлж үйлдсэнээс хүсэл зоригийн илэрхийлэлийн субьектив агуулга утга санаа алдагдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэж шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Бээс 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дид олгосугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Я.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дид олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ