Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/951

 

 

 

 

 

 

     2023         9             26                                         2023/ДШМ/951                                                

                                                               

     Н.Л-ид холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

яллагдагч Н.Л-ийн өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1044 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Л-ид холбогдох эрүүгийн 2311000000015 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Н-ын Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, э..эгтэй, .. настай, ........ боловсролтой, ...... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., .. дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, .. дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин сууж байгаа, /РД:............./;

Яллагдагч Н.Л нь 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод хамаатны дүү болох Т-ийн Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэн унагах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Яллагдагч Н.Л-ийг “...Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ........... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т-ийн Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж, хана руу түлхэж алсан гэмт хэрэг үйлдсэн...” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Гэтэл яллах дүгнэлтэд “...Яллагдагч Н.Л нь Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ......... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т-ийн Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэн унагах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, үйл баримтыг зөрүүтэй тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэхээр байна.

2. Амь хохирогчид учирсан гэмтэл нь яллагдагчийн ямар үйлдлийн улмаас учирч нас барсан талаар шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

3. Гэрч Д.Н-н мэдүүлэгт амь хохирогч Т.Б-ыг бусдад зодуулсан талаар мэдүүлсэн байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийж, холбогдох гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд захирамжид дурдсан ажиллагааг хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах, яллагдагчийн хувийн байдлыг нарийвчлан тогтоож, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж үзээд яллагдагч Н.Л-ид холбогдох эрүүгийн 2311000000015 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Нямтайван бичсэн эсэргүүцэлдээ: “...Н.Л-ийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үед Н.Л амь хохирогч нар нь ямар хамааралтай болох, Н.Л-ийн яг ямар үйлдлийн улмаас талийгаач Т.Б-од гэмтэл учирч нас барсан болох нь тодорхойгүй байсан учир “...Яллагдагч Н.Л нь Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т-ийн Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж, хана руу түлхэж алсан гэмт хэрэг үйлдсэн...” гэж үйл баримтыг тодорхойлсон. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэрч нарын мэдүүлгээр яллагдагч Н.Л, амь хохирогч Т.Б нар нь садан /хамаатан/ болох нь тогтоогдсон.

Мөн шинжээч Ц.О-ийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл. Толгойн чамархайн хэсэгт хүрч үйлчлэлээр дээрх гавал тархины гэмтэл үүснэ. Дээрх гэмтлүүдийг авсан хүн удаан хугацаанд явах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаангүй болж, таталт өгөх, бөөлжих, хурхирах гэх мэт эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ...” /1 хх 140-141/,

шинжээч Ц.Г-ын “...Дээрх гэмтлүүд нь толгойн зүүн чамархай хэсэгт цохих, өшиглөх үед үүссэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй...” /1 хх 174/,

гэрч Ц.Б-ийн “...дуудлага мэдээлэл өгсөн гэх настайвтар ах нь надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй муудаад нүүр рүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн...” /1 хх 66-67/ гэх мэдүүлгүүдээр  Н.Л нь амь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон, толгойн тус газар нь өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон учраас яллах дүгнэлтэд “...хамаатны дүү болох..., ...толгойн хэсэгт нь өшиглөж, ...гавал тархины битүү гэмтэл учруулан алсан...” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд заасан үйл баримтад нэмж тодорхойлж бичсэн нь болсон үйл баримтыг зөрүүтэй тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хуульд болсон үйл баримтыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд яг адилхан, үг үсгийн зөрүүгүй тодорхойлж бичнэ гэсэн заалт байхгүй болно.

Түүнчлэн амь хохирогчид учирсан гэмтэл нь яллагдагчийн ямар үйлдлийн улмаас учирч нас барсан талаар шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Үүнээс гадна захирамжид заасан “...гэрч Д.Н-н мэдүүлэгт амь хохирогч Т.Б бусдад зодуулсан талаар мэдүүлсэн байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийж, холбогдох гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах. ...хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах, яллагдагчийн хувийн байдлыг нарийвчлан тогтоох...” гэсэн ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Учир нь, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа амь хохирогчийн гэмт хэрэг гарахын өмнөх өдөр уулзаж, тааралдаж, холбоо барьсан бүх хүн, яллагдагч болон амь хохирогчийн гэр бүл, төрөл, садангийн хүмүүсийг гэрчээр байцааж, яллагдагч болон амь хохирогчийн хувийн байдлыг тодруулж, амь хохирогч Т.Б-той тааралдах үед бусдад зодуулсан, ил харагдах гэмтэл шархтай байсан эсэх талаар тодорхой тодруулсан, Т.Б-ын түүний явсан маршрутыг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн гэрч байхгүй бөгөөд шүүгчийн захирамжид гэрч хэн, хэний мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй байгаа, талаар тодорхой дурдаагүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор улсын яллагчийн зүгээс оролцох хугацаандаа эсэргүүцэлд дурдагдсан асуудлын талаар дурдаж ирсэн. Гэрч Б нь “...тухайн үед Н.Л нь дуудлага, мэдээллийг өгөхдөө хохирогч Б-ын эрүү рүү хоёр удаа цохисон, толгойн тус хэсэгт нь өшиглөсөн...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх, баталгаа гаргасныхаа дараа мэдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ “өшиглөж” гэдгийг нэмж оруулж өгснөөрөө ямар нэгэн байдлаар тухайн үйл явдлыг, утга найруулгыг өөрчилсөн зүйл болоогүй. Мөн гэрч Н “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд би аль өдөр болохыг санахгүй байна. Гэхдээ тухайн үед хохирогч Б нь бусдад зодуулж байхад нь би салгаад явуулах үед ямар нэгэн шарх, сорви байгаагүй...” гэж мэдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хохирогч Б нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ныг шилжих шөнийн 2 цагийн үед хамтран амьдрагч байсан ах болох Н.Л-ийн гэр рүү орохдоо өөрөө эрүүл саруул алхаад орсон камерын бичлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэр рүү орох үед Н.Л, Б нар хоёулхнаа байсан. Эргээд гэрээс гарахдаа Б эмнэлгийн тусламж авсан, ухаангүй байдалтай гарч байгаа бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Л нь мэдүүлэхдээ “...тухайн үед 2, 3 хоногоор архи уусан дүүгээ архи уулаа гэх шалтгаанаар зодож, цохих үед цаана байсан акумлятрыг хэсэгт унаж байсан... ” гэдэг. Шинжээч эмч мэдүүлэгтээ тухайн үед нүүр рүү нь өшиглөх, цохих юм уу, бусад үед хатуу, мохоо зүйлээр тархинд гэмтэл авах нөхцөл байдал үүссэн талаар дурдсан байдаг. Тийм учраас гэрч Нэргүйгийн хэлээд байгаа гэрч нараас ямар нэгэн байдлаар үхэлд хүргэх шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй. Шинжээч эмчийн дүгнэлт, тэмдэглэл, үзлэг, бусад гэрч нарын мэдүүлэг байгаа учраас энэ талаар шалгах шаардлага байгаагүй. Гэрч Нэргүй нь 2022 оны 12 дугаар сарын 29, 31-ний өдөр юм уу гэдгийг гэрч тодорхой санадаггүй. Мөн шинжээч эмчийн дүгнэлтэд “...тухайн гэмтлийг авсан тохиолдолд 2-3 цагийн хугацаанд эрүүл, саруул хүн шиг бодож, сэтгэж чадна...” гэсэн байдаг. 22 цагаас үүрийн 5 цаг хүртэл хугацаанд Н.Л, Б нар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Золбоо 35 дугаар байрны 303 тоотод байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тийм учраас миний зүгээс дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Н.Л-ийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг 3 үндэслэлээр буцаасан. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу шалгагдаж эхэлсэн. Хэрэг болох үед Н.Л, Б нар хоёулхнаа байсан. Прокуророос хэргийн гол утга санаанд өөрчлөлт оруулаагүй гэж тайлбарлаж байна. Анх яллагдагчаар татах тогтоолыг харахад өшиглөсөн болж өөрчлөлт оруулсан байсан. Хэрэв өөрчлөлт оруулсан бол яагаад танилцуулаагүй вэ. Сүүлд өшиглөсөн гэх нөхцөл байдал илэрсэн бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо өөрчлөлт оруулсан гэж танилцуулах ёстой. Яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хэт зөрүүтэй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзэж байна. Үүнийг шүүх дээр засах боломж байхгүй. Н.Л, Б нар хоёулаа байсан гэж байгаа боловч хэд хэдэн удаагийн процессууд болсон байдаг. Эхэлж орж ирээд зууралдсан, цохисон, цохиогүй гэх зөрүүтэй үйл баримтууд байгаа бөгөөд дараа нь ариун цэврийн өрөө рүү явахдаа унаад босож ирээгүй. Унахдаа зүүн талаараа унасан. Өмгөөлөгч миний бие эдгээр үйл баримтуудын аль үйл явцаас нь болж гэмтэл учирсан бэ гэдгийг тодруулж өгнө үү гэх асуудлыг тавьсан. Магадгүй шинжээч эмчээс тодруулж, хэргийн болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж, мэдүүлгийг шалгаж, унасан гэх газар нь үзлэг хийж, унах үед гэмтэл учрах боломжтой эсэх талаар дахин шинжээч эмчээс тодруулсан бол эргэлзээгүй байх байсан. Хэд хэдэн удаагийн буюу цохисны улмаас хойшоо унасан, ариун цэврийн өрөөний урд унасан, гадаа зодуулсан гэх үйл баримтууд дундаас ганцхан цохисон гэсэн эргэлзээтэй үйл явдлыг сонгож, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байгаа нь учир дутагдалтай. Хүн амины нэлээн олон жилийн хорих ялтай, санкци өндөр гэмт хэрэг учраас нэг мөр бүрэн гүйцэт шалгаж өгнө үү гэж байгаа юм. Гэрч Н-ийн мэдүүлэг асуудалтай бөгөөд анх “...12 дугаар сарын 31-ний өдөр болсон...” гэж тайлбарладаг. Гэтэл 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ орж ирсэн байдаг. Миний үйлчлүүлэгч анхны мэдүүлэгтээ “...би хүнд зодуулаад орж ирж байхад ахаа...” гэж хэлсэн байдаг. Н-ийн хэлсэн хүмүүст зодуулсан байж ч болно, өөр хүмүүст ч зодуулсан байж болно. Хүний амь нас алдтал хэмжээний зодолт, 2, 3 удаа цохисон болоод хойшоо унагаах нь ялгаатай. Үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай. Н-г салгаад явуулсны дараа дахин өөр зодуулсан байдаг. Энэ талаар шалгах шаардлагатай. Тогтоогдохгүй байж болно, тогтоогдож ч болно. Биед ил харагдах гэмтэл, шарх байхгүй гэж байгаа. Тархины чамархай хэсгийн цөмрөл биед ил харагдах тохиолдол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа. 60 гаруй настай хүн 1 жил гаруй хоригдсон. Хэргийн хувьд цэгцэрсэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанууд үлдсэн байгаа. Н.Л-ид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Хэргийн үйл баримт шалгах явцад саад учруулахгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.Л-ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1044 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Н.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ

 

                                           ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР