| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/08104/И |
| Дугаар | 192/ШШ2025/01639 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/01639
2025 02 25 192/ШШ2025/01639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **-р байр, ** тоотод оршин суух, Д овогт Д-ийн М /РД:ШЕ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, **а байр, ** тоотод оршин суух, Б овогт С-ын Л /РД:ЧЕ********/-д холбогдох
33 299 904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.О,
Гэрч З.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.М нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр С.Л-тай 0404 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ" байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцат ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, авто угаалгын зориулалттай, үйлчилгээний талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаатай, сарын 10 000 000 төгрөг байхаар түрээслэхээр тохиролцсон. Хариуцагч С.Л нь тус авто угаалгын газрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1-1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаанд түрээслэсэн бөгөөд тус өдрөөс хойш түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Ингээд хариуцагч С.Л-аас авто угаалгын газрыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан бөгөөд тэрээр 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас манай байгууллагыг цахилгааны төлбөрөө төлөөрэй гэж мэдэгдсэн бөгөөд бид хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар лавлахад тус газраас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 19 493 151,40 төгрөг болсон талаар мэдсэн. Би энэ талаар хариуцагч С.Л-т хэлэхэд ...Хавар цахилгааны төлбөр өгье, мөнгөтэй болохоороо өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд танай байгууллагын цахилгааныг тасална, шүүхэд өгнө, алданги тооцно гэж надад удаа дараа мэдэгдсэн тул миний бие хариуцагч С.Л-ын өмнөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахилгааны төлбөр 10 000 000 төгрөгийн төлсөн. Хариуцагч С.Л нь цаг хугацаандаа цахилгааны төлбөрөө төлөөгүй, намайг цахилгааны төлбөрийн өрөнд оруулсаны улмаас би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр алданги 2 959 200 төгрөгийг төлсөн болно. Хариуцагч нь цахилгааны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас цахилгааны төлбөр дээр байнга алданги бодогдож, цахилгааны төлбөр өндөр гарах болсон. Миний бие хариуцагч С.Л-аас авто угаалгын газраа хүлээж авснаас хойш өөрийн гарсан цахилгааны төлбөрийг цаг тухай бүрт нь төлж барагдуулсан. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг авахад цахилгааны төлбөр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22 858 153 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарж ирсэн бөгөөд үүнээс 1 899 648,70 төгрөг болон 617 801,99 төгрөг нь миний өөрийн төлөх цахилгааны төлбөр юм. Уг 22 858 153 төгрөгөөс 1 899 648,70 төгрөг болон 617 801,99 төгрөгийг хасахад 20 340 740 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарсан бөгөөд үүнийг хариуцагч С.Л нь төлж барагдуулах үнийн дүн юм. Хариуцагч С.Л нь цахилгааны төлбөрөө төлөөгүй нь улмаас цахилгааны төлбөр дээр сар бүр алданги бодогдож, дээрх үнийн дүн гарсан юм. Иймд хариуцагч С.Л-аас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр үндсэн төлбөр болон алданги 20 340 740 төгрөг, түүний өмнөөс төлсөн алданги 2 959 200 төгрөг болон 10 000 000 төгрөг, нийт 33 299 904 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчтай мэндтэй явдаг, аавыг нь таньдаг. Тэгээд түрээслэхээр болоод ядаж барьцаа өг гэхээр элдэв шалтаг тоочсоор юу ч барьцаалаагүй, 2023-01-1 ний өдрөөс түрээсэлж эхэлсэн, би 7-8 жил ус цахилгаанаа төлөөд асуудалгүй явдаг байсан. Улмаар цахилгааны төлбөр ирдэг утасны дугаарыг Л-аар сольсноос хойш надад мессеж ирэхээ больсон , гэтэл 10 дугаар сарын үед 20 сая төгрөгийн өр төлбөртэй болсон байсан , тэр хавиар их ТҮЦ нэмэгдсэн, тэрний цахилгааныг өгдөг байсан байх, за тэгээд хэлэхээр юун сүртэйн гээд байсан тэгээд 2023-12-01 ний өдөр авто угаалгын газраа хүлээн авсан. Би үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 10,000,000 төгрөг нэг дор төлсөн,тэр мөнгөө цахилгааны өртэй нь хамт авахаар нэхэмжилж байгаа юм. Би анхнаасаа засвар хийсэн энэ тэр мөнгө хасна гэж тохироогүй, би ч анх өгөхдөө засвартай бэлэн л юм хүлээлгэн өгсөн гэв.
2. Хариуцагч С.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.М-ын нэхэмжлэлтэй С.Л-т холбогдох цахилгааны төлбөр 33,299,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.У миний бие оролцож байна. Нэхэмжлэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба ИХШХШтХ болон итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.М, С.Л нар нь урьд өмнө нь бие биеэ таньдаг найзууд байсан ба урьдын харилцаандаа түшиглэн С.Л нь найз Д.М-ын авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг авто угаалгын газар болгон түрээслэхээр болсон. Хан-Уул дүүрэг **-р хороо Арцат ** гудамж, ** тоот, 741 хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 2023.01.01-2026.01.01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сарын 10,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр болж 2023.03.22-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Тус үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан өдрөөсөө эхлэн бүрэн засвар үйлчилгээг хийж, авто угаалгад шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг өөрийн хөрөнгөөр авч хана, гэрэл, гээд бүхий л зүйлсийг засварлаж, шинээр авч тавин тохижуулсан. Тухайн авто угаалгын газар нь анх ажиллуулж эхлэхэд өдөрт 20 хүрэх төдий машин ирж үйлчлүүлдэг байсан ба өдөрт 60-70 машин ирж үйлчлүүлэх хэмжээний өргөжүүлэн маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байсан. Авто угаалгын газраар маш олон тооны машин ирж үйлчлүүлж байгааг Д.М мэдээд 2023 оны 09 дүгээр сарын дундуур авто угаалгад мухлаг, буфет нээе, ээж маань гэртээ зүгээр байгаа учраас мухлаг нээгээд ээжийгээ суулгая гэдэг саналыг хэлсэн. С.Л нь хэдий өөрөө мухлаг буфет нээж ажиллуулах санаа зорилготой байсан хэдий ч найзыгаа нэн тэргүүнд бодож, өөрийн мөнгө хөрөнгөөр тухайн түрээсэлж байгаа үл хөдлөхдөө нэхэмжлэгчийг ямар ч зардалгүйгээр ашиг олох нөхцөл боломжоор хангаснаар, нэхэмжлэгч буфетээ нээн ажиллуулж ашиг орлого олсоор байна. С.Л нь Авто угаалгын газраа бүрэн тохижуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж шаардлагатай урсгал зардлыг тогтмол төлж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт илгээхэд төлбөрийн үлдэгдэлгүй байна гэх хариу мессежийг ирүүлсэн ба энэ үйл явц 2023 оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэж 19,493,151 төгрөгийн төлбөр гарсан тухай мессеж ирсэн ба үүнийг тодруулахаар С.Л 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д өөрийн биеэр очин уулзаж лавлахад ажилтных нь буруутай үйл ажиллагаанаас болж бичилт хийгдээгүй байна гэдэг хариуг хэлсэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн цахилгааны төлбөр 19,493,151 төгрөг гарсан ба Д.М ч энэ талаар С.Л луу холбогдож цахилгааны төлбөр яагаад төлөөгүй талаар асууж байсан бөгөөд тухайн үед учир явдлыг тайлбарлаж хэлсэн. Гэвч Д.М нь авто угаалгын газрыг ашиг орлого сайжирсан, үйлчлүүлэгч олширсноос үүдэн 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр С.Л-ыг Дархан-Уул аймагт явж байх үед утсаар холбогдон гэрээгээ цуцаллаа, цахилгааны төлбөр төлсөнгүй гэдэг шалтгааныг хэлсэн. Иймээс С.Л нь Дархан-Уул аймаг дахь ажпаа орхин шууд авто угаалгын газраа очиж бичиг баримтаа авч авто угаалгын бүхий л тоног төхөөрөмжийг ажилчдын хамт үлдээгээд явсан. Үүнээс хойш талууд хоорондоо холбогдоод цахилгааны төлбөрт авто угаалгын газар үлдээсэн тоног төхөөрөмжийг 10,000,000-төгрөгт тооцож үлдээхээр болж, үлдсэн 9,493,151 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон. С.Л-ын хувьд ямар нэгэн албан тушаал, ажил эрхэлдэггүй ба гэнэт өөрийн ганц эрхэлж байсан бизнес, санхүүгийн эх үүсвэрээ алдсанаар дахин бизнес эхлүүлэх хөрөнгө байгаагүй тул дахин ажил эхлүүлж чадаагүй. Мөн С.Л-ын эхнэр нь тухайн үед төрж, мөнгө санхүүгийн асуудалд орсон тул Д.М, С.Л нарын хооронд үлдсэн 9,493,151 төгрөгийг төлж чадаагүй ба мөнгөө төлөхөө илэрхийлсээр байсан бөгөөд талуудын хооронд үндсэндээ 9,493,151 төгрөгийн асуудал үлдсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй мөнгөн дүн оруулж нэхэмжилж байгаад ихэд гайхаж байна. Талуудын харилцан тохиролцож авто угаалгын газарт үлдээсэн хаяг, бусад тоног төхөөрөмжийг цахилгааны төлбөрийн 10,000,000 төгрөгт нь тооцож үлдсэн хэр нь цахилгааны төлбөрийг тэр чигт нь мөн хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Л нь цахилгааны төлбөрийг санаатайгаар төлөөгүй биш, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өөрсдийн буруутай үйлдлээс болж цахилгааны төлбөр бичигдэж мэдээлэл ирээгүй, мөн авто угаалгад үлдээсэн тоног төхөөрөмжийг цахилгааны төлбөрийн 10,000,000 төгрөгт тооцож үлдээсэн учраас нэхэмжлэгчийн алдангид төлсөн гэх 2,959,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба С.Л-ын өмнөөс төлсөн гэх 10,000,000 төгрөгийг Д.М төлөх нь зүйн хэрэг тул үндсэн төлбөр алданги гэх 20,340,740 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага болох 33,299,904 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.М нь ямар нэгэн мэдэгдэл ирүүлэлгүй гэнэт түрээсийн гэрээг цуцалж С.Л-ыг орлогын эх үүсвэргүй болгосон хэр нь С.Л-тай харилцан тохиролцсон мөнгөн дүнг бус илтэд худал бичиж мөнгөн дүнг нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-01-01 нээс түрээсэлсэн бөгөөд нийтдээ дансаар болон бэлнээр хариуцагчаас 20 орчим сая төгрөгийн засварын зардал гарсан байдаг. Л утсаа шалгахаар цахилгааны өр төлбөргүй гээд гараад байсан 2023-11-15 ний үед 19,000,000 төгрөгийн цахилгааны төлбөр хуримтлагдсаныг олж мэдсэн. ТҮЦ энэ тэр мэдэхгүй, цахилгааны учрыг олох гээд байж байтал 2023-12-01 ний өдөр түрээсэлсэн талбайгаа буцаагаад авчихсан. Гарахдаа нэхэмжлэгчтэй тохироод хэл амгүйхэн шиг салцгаая гээд амаараа угаалгын газраа тэр чигт нь үлдээгээд 10,000,000 төгрөгт тооцоод, цахилгааны төлбөрөөс 9,000,000 төгрөгийг төлөхөөр болсон, тэрийгээ бол төлж болно гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10,000,000 төгрөгийг 19,000,000 төгрөгөөс хасуулах саналтай ба 2023-12-01 ний өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн. Сард 10,000,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан, амаараа угаалгын газарт хийсэн засвар, эд зүйлээ тооцоод 10,000,000 төгрөг суутгуулахаар тохирсныг гэрч гэрчилнэ, бичгээр хийсэн зүйл байхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.22-ны өдрийн 0404 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ, улсын бүртгэлийн Ү-2*******0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 1*****3 дугаартай хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023.12.10, 2024.07.09-ний өдрийн шаардлага, 1******3 дугаартай хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөр төлсөн баримт, фото зураг зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг, С.Л-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас Хан-Уул дүүргийн **-р хороо, арцат ** гудамж, ** тоот, ** хаягт байрлах 1***3 дугаар кодтой хэрэглэгчийн 2023-2024 оны цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн дэлгэрэнгүй лавлагаа нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан, мөн гэрчээр З.Э-ийг асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Л нь тус авто угаалгын газрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаанд түрээслэсэн бөгөөд тус өдрөөс хойш түрээсийн гэрээг дуусгавар болгосон. С.Л-ын өмнөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахилгааны төлбөр 10 000 000 төгрөгийн төлсөн. Хариуцагч С.Л нь цаг хугацаандаа цахилгааны төлбөрөө төлөөгүй, намайг цахилгааны төлбөрийн өрөнд оруулсаны улмаас би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр алданги 2 959 200 төгрөгийг төлсөн болно. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг авахад цахилгааны төлбөр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22 858 153 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарж ирсэн бөгөөд үүнээс 1 899 648,70 төгрөг болон 617 801,99 төгрөг нь миний өөрийн төлөх цахилгааны төлбөр юм. Уг 22 858 153 төгрөгөөс 1 899 648,70 төгрөг болон 617 801,99 төгрөгийг хасахад 20 340 740 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарсан бөгөөд үүнийг хариуцагч С.Л нь төлж барагдуулах үнийн дүн юм. Иймд хариуцагч С.Л-аас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр үндсэн төлбөр болон алданги 20 340 740 төгрөг, түүний өмнөөс төлсөн алданги 2 959 200 төгрөг болон 10 000 000 төгрөг, нийт 33 299 904 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч С.Л нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Авто угаалгын газраа бүрэн тохижуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж шаардлагатай урсгал зардлыг тогтмол төлж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт илгээхэд төлбөрийн үлдэгдэлгүй байна гэх хариу мессежийг ирүүлсэн ба энэ үйл явц 2023 оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн цахилгааны төлбөр 19,493,151 төгрөг гарсан ба талууд цахилгааны төлбөрт авто угаалгын газар үлдээсэн тоног төхөөрөмжийг 10,000,000-төгрөгт тооцож үлдээхээр болж, үлдсэн 9,493,151 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн алдангид төлсөн гэх 2,959,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба С.Лутбаярын өмнөөс төлсөн гэх 10,000,000 төгрөгийг Д.М төлөх нь зүйн хэрэг тул үндсэн төлбөр алданги гэх 20,340,740 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага болох 33,299,904 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 9,493,151 төгрөгөө төлж болно гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 0404 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ" байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Арцат ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, авто угаалгын зориулалттай, үйлчилгээний талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаатай, сарын 10 000 000 төгрөг байхаар түрээслэхээр тохиролцжээ.
Хариуцагч С.Л нь тус авто угаалгын газрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсэлсэн байна.
Талууд цахилгааны өр төлбөрийн хуримтлал үүссэнээс шалтгаалан гэрээг харилцан тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгожээ. Хэрэгт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2024-04-09 ний өдрөөр огноолсон шаардлага байх ба 2023-05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх төлбөрийг барагдуулахыг М-т сануулж, 2023-12-10 ний шаардлагад ...2023-05 аас 11 сарыг хүртэлх төлбөр 19,686,114 төгрөгийг төлөх .. талаар дурдсан байна.
5. Талууд гэрээг бичгээр байгуулсан, үйлчилгээний талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл түрээсэлсэн, түрээсийн гэрээ 2023-11-30 ний өдөр дуусгавар болсон, түрээслэгч С.Л нь 2023-05 дугаар сараас 2023-11 сар хүртэлх цахилгааны төлбөр 19,681,114 төгрөгийн хуримтлал үүссэн талаар маргахгүй. Харин нэхэмжлэгч нь уг цахилгааны төлбөр болон цахилгаанаа таслуулахгүйн тулд 2024-02-29 ний өдөр 10,000,000 төгрөгийг зохих байгууллагад нь төлсөн тул түүнийгээ , мөн алдангид 2,959,200 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлээ дэмждэг бол хариуцагч нь ...угаалгын газрын тохижилт эд зүйлсийг тэр чигээр нь үлдээсэн, түрээслүүлэгчтэй 10,000,000 төгрөгийг цахилгааны өрнөөс хасуулахаар амаараа тохирсон .. гэх үндэслэлээр шаардлагаас 9,493,151 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулгатай байна.
Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хорин долдугаар бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 т Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж заасан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 т ..Түрээсийн гэрээ байгуулагдснаас хойшхи түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардал / ус, дулаан, цахилгаан, СӨХ гэх мэт /болон татвар хураамжийг түрээслэгч хариуцна гэж заасан байх тул цахилгааны төлбөр болох 19, 681,114 төгрөгийг / алданги 175,420 төгрөг, нөат 17,542 төгрөгийн хамт/ хариуцагч буюу түрээслэгч хариуцан төлөх үүрэгтэй.
Мөн цахилгааны төлбөрийг түрээслэгчийн хувьд С.Л нь хугацаанд нь сар бүр тогтмол төлөөгүйгээс хуримтлал үүсгэсэн байх тул түүнээс үүдэн гарсан хохирлыг хариуцах учиртай. Тодруулбал хэргийн 62-66 дугаар талд авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзвэл 2024-01-05 ний өдөр бодогдсон алданги 1,759,956 төгрөг, 2024-03-05 ний өдөр бодогдсон 925,250 төгрөгийн алданги, нийт 2,685,206 төгрөгийн алдангийг нэмж хариуцах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 т заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.
Учир нь эдгээр өдрүүдэд нэхэмжлэгч нь өөрийн хэрэглэсэн тоолуурын заалтын дагуу төлбөрөө төлж , тэр нь хүснэгтийн орлого гэх хэсэгт бичигдсэн байна. Бусад алданги бодогдсон хэсэг дээр тухайн сарынхаа хэрэглэсэн үндсэн төлбөрөө төлөөгүй байх тул яг С.Л-ын төлөөгүй гэх төлбөрөөс алданги бодогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин хариуцагч С.Л-ын 10,000,000 төгрөгийг хасаж тооцохоор амаар тохирсон .. гэх агуулга бүхий тайлбар нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч хасаж тооцохыг зөвшөөрөхгүй байна.
Иймд хариуцагчаас 22,366,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх 10,933,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид төлсөн гэх 10,000,000 төгрөг нь цахилгааны төлбөрөөс хасаж тооцогдох учиртай ба С.Л-ын хэрэглэсэн цахилгааны өр төлбөр дээр нэмэгдэн тооцогдох үндэслэлгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 324,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 269,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Л-аас 22,366,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлээс 10,933,584 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 324,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 269,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ