Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Цолмон,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Нт холбогдох 1806003590103 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Халдварт өвчин судлалын төвд статистикч бага эмчийн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамжны 683 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1 дүгээр гудамжны 59 тоотод түр оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Г Н

  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Н нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1 дүгээр гудамжны 59 тоот гэртээ эхнэр Ц.Отгончимэг рүү халуун хоол цацсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нийн өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгончимэгийн өгсөн: “... тэгээд хоол халах хооронд би хүүхдүүдийнхээ хувцсыг нь сольж өгөөд байж байтал нөхөр Номинтэнгис надтай хэрүүл хийгээд байсан юм. Тэгж байгаад миний хацар руу гараараа 2-3 удаа түлхсэн байх, гэхдээ тэгж чанга цохиогүй ээ. Тэгж байгаад гал дээр буцалж байсан тогоотой халуун хоол аваад миний дээрээс цацчихсан юм. Тэгээд миний духны хэсэгт бага зэрэг түлэгдчихсэн юм, урьд намайг цохиж зодож байсан асуудал байхгүй ээ. Анх удаа л ингэж зодож байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

 

Мөрдөн байцаалтад Г.Нийн гэрчээр өгсөн: “... тэгээд замдаа намайг архи уулаа гэж уурлаад л байсан, тэгээд гэртээ очоод эхнэр бас л уурлаад хамаг эд зүйлээ шидлээд байсан ба хоолны дуков дээр хоол хийж байсан юм. Тэгээд эхнэр уурлаад байхаар нь би уурандаа хоолыг нь хажуу тийшээ нь цохиод асгачихсан юм. Тэгээд л эхнэр орилоод хүүхдээ аваад гарсан юм” гэх мэдүүлэг /хх.13/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 679 дугаартай:  “Ц.Отгончимэгийн биед дух, зүүн чамархайд 1 дүгээр зэргийн түлэгдэлт, баруун шилбэнд цус хуралд гэмтэл тогтоогдлоо. Дээрх дух, зүүн чамархайд 1 дүгээр зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.15/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Н нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1 дүгээр гудамжны 59 тоот гэртээ эхнэр Ц.Отгончимэг рүү халуун хоол цацсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгончимэгийн өгсөн: “... тэгээд хоол халах хооронд би хүүхдүүдийнхээ хувцсыг нь сольж өгөөд байж байтал нөхөр Номинтэнгис надтай хэрүүл хийгээд байсан юм. Тэгж байгаад миний хацар руу гараараа 2-3 удаа түлхсэн байх, гэхдээ тэгж чанга цохиогүй ээ. Тэгж байгаад гал дээр буцалж байсан тогоотой халуун хоол аваад миний дээрээс цацчихсан юм. Тэгээд миний духны хэсэгт бага зэрэг түлэгдчихсэн юм, урьд намайг цохиж зодож байсан асуудал байхгүй ээ. Анх удаа л ингэж зодож байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн байцаалтад Г.Нийн гэрчээр өгсөн: “... тэгээд замдаа намайг архи уулаа гэж уурлаад л байсан, тэгээд гэртээ очоод эхнэр бас л урлаад хамаг эд зүйлээ шидлээд байсан ба хоолны дуков дээр хоол хийж байсан юм.Тэгээд эхнэр уурлаад байхаар нь би уурандаа хоолыг нь хажуу тийшээ нь цохиод асгачихсан юм. Тэгээд л эхнэр орилоод хүүхдээ аваад гарсан юм” гэх мэдүүлэг /хх.13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 679 дугаартай дүгнэлт /хх.15/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Г.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Г.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Г.Нт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Нт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Отгончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Ж овогт Г Н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Нт мэдэгдсүгэй.

5. Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Отгончимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Нт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР