Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 78

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            Хэргийн индекс: 114/2016/0066/З

           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдавааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн  22 дугаар хороолол, 9 дүгээр байрны ******* тоотод оршин суудаг Хиад боржигон овгийн ******* нэхэмжлэлтэй

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох 

           Гуравдагч этгээд Б.*******

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг” хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                 Б.Содболд

        Хариуцагч:                                                                       Д.Ганбаяр нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                                     

          Нэхэмжлэгч  Ц.*******ээс  шүүхэд  гаргасан  нэхэмжлэл  болон шүүх  хуралдаан дээр түүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.Содболд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлахдаа: Би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын төлбөр, үнэлгээ, татвар хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 07 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаалаар миний ажлын байрыг надтай санал солилцохгүйгээр гэнэт өөрчлөн миний ажил мэргэжилтэй огт хамаагүй ажлын байр буюу мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтнээр томилсон. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус томилгоо хийсэн тухай Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу өгч шийдвэрлэхгүй байна.

Газрын төлбөр, үнэлгээ, татвар хариуцсан ажилтны ажлын байранд тавигдах шаардлага нь “Газрын кадастр, газар зохион байгуулагч инженер” байх ёстой бөгөөд мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх ёстой. Би 2007  оны 10 дугаар сараасхойш Газрын албанд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байгаа бөгөөд мэргэжлээрээ тухайн албан тушаалдаа 3 дахь жилдээ ажиллаж байгаад тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Гэтэл мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан ажилтан нь “Гурваас дээш жил ажилласан, программ хангамжаар мэргэшсэн програмист” мэргэжилтэн байх ёстой. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль бус томилгоо хийж байгаад гомдолтой байна. Миний ажлыг төрийн үйлчилгээний албан тушаалтай байгууллагын нягтлан бодогчид өгч, төрийн үйлчилгээний хүнийг төрийн захиргааны албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилж, эзэмшсэн мэргэжлээс нь өөр ажил, албан тушаалд хүчээр томилж, ажлын байрны тодорхойлолтонд байхгүй ажил, үүргийг хүчээр хийлгэх гэж байгаа нь хууль бус байна.                

          Ц.*******ийн хувьд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гарган Ц.*******ийн албан тушаалыг өөрчилсөн байдаг. Гуравдагч этгээд нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан ба түүнийг төрийн захиргааны албан тушаалд ажиллуулсан тушаал гаргасан байдаг. Тус тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын Б/65 дугаар тушаалыг баримталсан байгаа. Б/65 дугаартай тушаалаар батлагдсан орон тоог үндэслээд  Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга тухайн үед буюу 2015 оны 7 дугаар сарын 01-нд аймгийн бүтэц орон тоогоо баталсан тушаалыг гаргахдаа Ц.*******ийг газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар Төрийн албаны тухай 27.2.3, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын Б/65 дугаар тушаалыг баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэх ажиллуулах” гэж заасан. Гэтэл бүтэц орон тоог баталсан Б/65 дугаартай тушаалаар газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал хасагдаагүй байхад нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлсэн нь хуулиа зөрчиж байна. Энэ албан тушаал нь одоо ч байгаа. Өмнө нь ч энэ албан тушаал байсан. Иймд Ц.*******ийн зөрчигдсөн эрхийг сэргээж  Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан тушаалын дагуу Ц.******* нь газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн даргын  Б/******* дугаар тушаалаар мэдээллийн сан, техник програм хангамжийн мэргэжилтнээр томилсон байсан. Гуравдагч этгээд Б.******* нь дээрх Б/65 дугаартай тушаалаар ахлах нягтлан бодогч, газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсон байх ба  ТҮ-8 шатлалаар албан үүргээ гүйцэтгэж байсныг ТЗ-5 ангиллаар шилжүүлсэн, энэ  нь албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажиллах нөхцөлийг зөрчиж газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч  орон тоон дээр 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* тушаалаар томилсон нь геодези зураг зүйн газрын даргын тушаалыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Тиймээс шүүх үүнийг шударга шийдвэрлэж өнө үү гэв.

            Гуравдагч этгээд Б.*******оос шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2003 оноос хойш Дархан-Уул аймгийн Газрын алба болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байгаа ба 2007 онд төрийн албан хаагчийн шалгалтанд орж тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор 2008 оны 4 сарын 09-нд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 2003 оноос төрийн үйлчилгээ болон төрийн захиргааны албан хаагчаар ажиллах 13 жил тогтвор суурьшилтай ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж, ямар нэгэн сахилга болон хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, журмын дагуу хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

            Ц.******* нь 2007 оны 10 сарын 01-нд даргын 14 тоот тушаалаар бичиг хэрэг, няраваар ажиллаж байгаад 2014 оны 3 сарын 17-нд энэ албан тушаалд томилогдсон байдаг.Миний бие Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор томилогдсон.Энэ албан тушаал нь миний ажил үүргээс тэс өөр салангид албан тушаал биш, энэ албан тушаалд томилсон нь боломжтой гэж үзэж байна.Байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрч ажиллах ёстой, мөн хэн нэгнийг ажлаас халаагүй, хэн нэгний цалинг бууруулаагүй байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн төсөвтөө багтааж ажиллаж байгаа болно гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаалын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбаатар нь  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.*******ийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтэнээр томилсон шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “хот суурин дэд бүтэц, газрын төлбөр” хариуцсан мэргэжилтэн, 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16 дугаар тушаалаар “газрын төлбөр, татвар, үнэлгээ” хариуцсан мэргэжилтэнээр тус тус томилогдон ажиллаж байсан болох нь   Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2014 оны 31 дүгээр, 2015 оны 16 дугаар тушаалууд, төрийн албаны зөвлөлийн 2014 оны 52 дугаар тогтоол, тогтоолын хавсралт зэрэг баримтуудаар  нотлогдож байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбаатар нь  2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын  2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан байх ба энэхүү тушаалын хавсралтаар нэхэмжлэгч  Ц.*******ийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтнээр томилж, албан тушаалын ТЗ-5 ангилалаар, гуравдагч этгээд Б.*******ыг газрын төлбөр, татвар,үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан бодогчоор, ТЗ-5 ангилалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Ц.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, хууль бус шийдвэр болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын  2015 оны Б/65 дугаар тушаал, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын  2016 оны  Б/******* дугаар тушаал, хавсралтад Ахлах нягтлан бодогч ТҮ-8, газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 гэж тус тусын ангилал, зэрэглэл тусгагдан батлагдсан,  газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо хэвээр, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөөгүй  байхад энэ албан тушаалыг эрхэлж байсан Ц.*******ийг өөр албан тушаал болох  мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтнээр томилон,  гуравдагч этгээд Б.*******ыг газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах нягтлан бодогчоор томилсон нь  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэх ажиллуулах ...” гэж заасныг зөрчиж,  Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-д “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1-д “ ... хууль дээдлэх нь төрийн албаны зарчим мөн”, 4.2.5-т “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчимтай  нийцээгүй байна.

Гуравдагч этгээд Б.Алтантогос нь 2007 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн байх ба Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 16 дугаар тушаалаар ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ТҮ- 8 ангилалаар цалинжиж, энэхүү үүрэгт ажлаа өнөөдрийг хүртэл хийж байгаа, газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр томилсон шийдвэр гарснаас хойш энэ мэргэжилтний албан тушаалаа эрхлээгүй, хүлээн аваагүй ажиллаагүй болох нь  хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаалын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.*******ийг тус газрын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүрэгт  ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                   

ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын  2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Б/******* дугаар тушаалын Ц.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.*******ийг тус газрын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                                                                                     

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.НАРАНТУЯА