Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0716

 

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар0221/МА2017/0716

Улаанбаатар хот

 

С.Н, С.Д, С.Д, Э.У

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарын өмгөөлөгч П.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Н, С.Д, С.Д, Э.У нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Н, С.Д, С.Д, Э.У нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Н, С.Д, С.Д, Э.У нар 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201027369, Г-2201027371 дугаарт бүртгэгдсэн Ц.О газар өмчлөх эрхийн 000305809, 000341702 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201027369, Г-2201027371 дугаарт бүртгэгдсэн Ц.О газар өмчлөх эрхийн 000305809, 000341702 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргагч этгээдүүдийн эрх зөрчигдсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй, бид ядуу учраас бусдын хашиж хамгаалсан, олон жил ашигласан газрыг нууцаар, төрийн байгууллагыг хууран мэхэлж, хуйвалдаж авсан нь хууль зөрчөөгүй үйлдэл” гэсэн утга агуулга бүхий тайлбар өгч, үүнийгээ шүүхийн мэтгэлцээний шатанд хүлээн зөвшөөрсөөр байтал үүнийг шүүх анхаарч үзээгүй.

Төрийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг гуравдагч этгээд Б.Г, Г.Н хууран мэхэлж газар эзэмших хүсэлт гаргасан, эсхүл хуйвалдаж түүнийг нь хүлээн авсан төрийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд нягталж шалгаагүй нь хэний буруутай үйлдэл вэ?

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг буруугаар хэрэглэсэн.

Тус хуулийн заалт нь өмч хөрөнгийг шударгаар хуулийн дагуу олж авсан хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцах учиргүй гэсэн утга агуулгатай заалт юм.

Бусдын ашиглаж байгаа газрыг авахаар санаархаж буй этгээд болох Б.Г, Г.Н нар нь эхлээд их хэмжээгээр хашсан талбайг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаар чөлөөлүүлж, хэний ч хууль бус эзэмшилгүй болсны дараа газар эзэмших өргөдлөө гаргаж үүний дараа газар эзэмших эрх үүсэх учиртай байсан.

Нэхэмжлэгч нар 2001 онд тус хашааг хашиж өнөөдрийг хүртэл харж, хамгаалж, ашиглаж байгаатай хэн ч маргахгүй, тэр тусмаа гуравдагч этгээдүүд болох Б.Г, Г.Н нар зөвшөөрч байх бөгөөд захиргааны шүүх бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг дэмжих, хорооны Засаг дарга, Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Арванзургадугаар зүйлийн 3-д заасан иргэний үндсэн эрх, үүрэг болох “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах” эрхийг үгүйсгэж Б.Г, Г.Н нар ядуу учраас бусдын өмч хөрөнгийг төрийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга, Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг хууран мэхэлж, эсхүл хамтран хуйвалдаж өмчтэй болох замаа засаж, энэхүү хууль бус үйлдлээ захиргааны шүүхээр хамгаалуулах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй.

2.Нэхэмжлэгч нарыг газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэж буруутгахын оронд бусдын газрыг Б.Г, Г.Н нь яагаад өөрөө олж авсан, хашаалсан, ашиглаж, амьдарч байсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, эзэмших, өмчлөх эрх олж авсан гэдгийг шалган тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан захиргааны шүүхийн үүрэг юм.

Б.Г, Г.Н нар нь амьдрал хүнд учир бусдын гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 18-5 тоот хаягт эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүртгүүлээд, улмаар тэр газрыг өмчилж авсан байгаа нь нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл мөн гэдэгт эргэлзэж байна.

Хэрэв нэхэмжлэгч нар тухайн маргаантай газрыг хашиж, хамгаалж, ашиглаж байгаагүй бол өөр хэн нэгэн хүн аль хэдийн өмчлөөд авах байсан нь тодорхой.

Гэтэл маргаантай газарт Б.Г, Г.Н нар 1 ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, огт амьдарч байгаагүй, хашааг хатгаагүй ба эдгээр этгээдүүд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Э.У хөрөнгөөр барьсан 10 сая төгрөгийн эд зүйл болох 4 тал хашаа, ногооны талбай, 5 метрийн гүн ухсан жорлон зэргийг захиран зарцуулах эрх нээгдэж байгаа нь хир шударга вэ гэдэгт эргэлзэж, шүүхээр залилангийн үйлдлээ баталгаажуулсныг зөвшөөрөхгүй.

3.Шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д заасныг баримтлан эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй Б.Г, Г.Н нар давуу эрхтэй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь тус заалт анх газар эзэмших эрхээ Б.Г, Г.Н нар нь өмчлөх эрхийг шударгаар, хуульд нийцүүлж авсан байхыг шаардсан заалт болохоос төрийн байгууллагыг хуурч, хуйвалдаж бусад этгээдүүдийг хохироож газар эзэмших гэрчилгээ авах нь зөв гэж үзэж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Газрын албатай хуйвалдсан гэдэг нь Сонгинохайрхан дүүргийн Газрын алба бодит байдал дээр нь хүсэлт гаргасан газрыг очиж, шалгаж үзээд, хэрэв хашаа хатгаагүй байвал гэрчилгээ олгохоос татгалзах, том хашаа байвал уг хашааг хамарлуулж хувааж хатгуулсны дараа газар олгох эсэхийг шийдэх учиртай байсан гэж үзнэ.

Захиргааны шүүх газар эзэмших хүсэлт гаргахдаа Б.Г, Г.Н нар нь яагаад огт амьдраагүй, ашиглаагүй, хөрөнгө оруулаагүй байж шударга бусаар өмч хөрөнгө олж авсан эсэх, төрийн байгууллага хуульд нийцүүлж газрыг эзэмшүүлж өмчлүүлсэн эсэхийг шалгахгүй байгаа нь захиргааны шүүх хэргийг үнэн зөв, эргэлзээгүй шийдэж чадаагүйг илтгэнэ.

4.Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга н.Төмөрбаатар болон хэсгийн ахлагч нар гэрчийн мэдүүлэг өгсөн ба шүүхэд удаа дараа тодорхойлолт гаргаж өгсөн.

Шүүхэд өгсөн мэдүүлэг болон тодорхойлолтоор “...Б.Г, Г.Н нар нь огт амьдарч байгаагүй, өрхийн бүртгэлгүй, уг хашаа олон жил урт үргэлжилсэн, том хашаа байсан” гэдгийг тодорхойлж хэлээд байхад шүүх үзэхдээ “...ямар нэг аргаар газрын гэрчилгээ авсан нь хуульд нийцсэн” гэж үзсэн байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.

Мөн гуравдагч этгээд нар бусдын эд хөрөнгө болох хашаа, жорлон зэргийг өөрөө бий болгож, ашиглаж амьдарч байсан мэтээр баримт бүрдүүлж аваад, маргаантай газраа нууцаар өмчилж, уг залилангийн үйлдлээ хаацайлахын тулд Ц.О гэгч этгээдэд зарсан үйлдэл нь мөн зөвтгөж болох үйлдэл эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нарын хөрөнгөөр барьсан хашаа, түүний дотор 17 жил ашиглаж байгаа жорлон, ногооны талбайг Б.Г, Г.Н нар хууль бусаар өмчилж аваад Ц.О зарсан байх бөгөөд бусдын хөрөнгө байгаа гэдгийг Ц.О мэдсээр байж, худалдаж авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсоор байхад шүүх дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

5.Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй бүрдүүлж чадаагүй. Шүүхэд гуравдагч этгээд нарын хаягийн бүртгэлийг бүртгүүлсэн баримт болон Геодези, зураг зүйн газраас 2001 оноос хойш сансрын зургийг гаргуулах хүсэлтийг хангаагүй тул нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

6.Газрын алба газраа мэдэж, иргэн хүн эзэмших газраа сонгодог зарчмыг зөрчиж, бусдын ашиглаж байсан газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гуравдагч этгээд нарын өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба газар дээр нь очиж шалгаагүй, тодруулаагүй үйлдлийг нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болгож гаргасныг шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй.

Газрын алба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон газар эзэмших хүсэлтийг хүлээн аваад тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нягтлаад, хэрэв шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргаагүй, хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлүүлснээр дараагийн хүн болох Б.Г, Г.Н нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн бол Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д заасан хууль ёсны эрхийн гэрчилгээтэй гэсэн заалт нь алдаа мадаггүй үйлчлэх ёстой байсан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус харин хариуцагчдаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүй бөгөөд хуулийн энэхүү шаардлага нэхэмжлэгчдийн тухайд хангагдахгүй байгаа нь ойлгомжтой, мөн гуравдагч этгээд Б.Г, түүний хүү Г.Н нарын 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-5, Зээлийн 18-5а тоот хаягт дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар тус бүрт нь 464 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байгаа мэт боловч энэ нь 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна” гэсэн шаардлагад бүрнээ нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна.

            Тухайлбал өөрсдийн эзэмшиж, өмчилсөн газарт огт амьдарч байгаагүй, мөн одоогийн байгаа хашааг санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан анхнаасаа бариагүй болохыг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрдөг, мөн нэхэмжлэлд ч энэ талаар тодорхой дурдсан байгаагаас үзэхэд 2014 онд эзэмшихээр хүсэлт гаргах үед тухайн газарт хашаа баригдсан бодит нөхцөл байдал тогтоогдож байна.

            Газар эзэмших эрх бодит байдлын хувьд ч, мөн хууль зүйн хувьд ч зөрчилгүй байх тохиолдолд бүрэн хамгаалагдах атал энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын тухайд тухайн газрыг бодитоор олон жил эзэмшиж байгаа атлаа зохих зөвшөөрөл, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, харин гуравдагч этгээд нарын тухайд бодит байдалд анхнаасаа газраа эзэмшиж, ашиглаж байгаагүй, одоо ч эзэмшиж чаддаггүй төдийгүй эзэмшил газраа бусдаас тусгаарлах хашаа, хайс огт бариагүй байдаг.

Өмчилж авсан газартаа гуравдагч этгээд Б.Г, Г.Н нар амьдарч байгаагүй нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 24/31 дүгээр албан бичиг, 24 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тодорхойлолт, гэрч Л.Т, А.Б нарын мэдүүлгээр тус тус нотлогддог.

Гэтэл Б.Г, Г.Н нараас 2014 онд газар эзэмших хүсэлт гаргах үед тухайн барьсан хашаа хэнийх болох, магадгүй зөвшөөрөлгүй бөгөөд уг хашаалсан газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлэх байсан тохиолдолд Сонгино-Хайрхан дүүргийн Газрын албанаас яагаад Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу зөвшөөрөлгүй буюу дур мэдэн эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, газрыг чөлөөлөлгүйгээр бусдын хашаалсан газрыг тэдгээрт эзэмшүүлснээс шалтгаалан одоогийн маргаан үүсэх нөхцөлийг бий болгожээ.

Нэхэмжлэгчдээс “...үерийн ус урсдаг байсан учраас газрын зөвшөөрөл өгдөггүй байсан гэх атлаа Газрын албанд газар хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, энэ нь ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14/343 дугаар албан бичгээр батлагддаг боловч хэрэгт авагдсан агаарын 2005 оны байдлаарх зурагт хэдий нь тухайн орчимд гудамж үүссэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын урд, хойд талд цуваа гудамласан хашаатай байх бөгөөд энэ нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлэх үеийн 2014 оны зурагт ч энэ байдлаараа байсан болох нь тодорхой тусгагджээ.

Түүнчлэн уг хашааг хаягжуулсан байх бөгөөд 2014 онд гуравдагч этгээд Г.Н газар эзэмших хүсэлт гаргах үед оршин суугаа хаягийн тодорхойлолтыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн гудамжний 5 тоот, Б.Г хаягийн тодорхойлолтыг тус гудамжний 5а тоот гэж, тэдгээрийн иргэний үнэмлэхэд ч уг хаягууд бичигдсэн байх боловч тухайн газраа амьдраагүйгээс гадна хаягжуулсан хашааг бариагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрх бодит байдлаар бус зөвхөн бичиг баримтын хувьд хангагдсан талаас нь маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. 

Үндсэндээ хаягжуулах гол үндэслэл болсон хашааг гуравдагч этгээдүүд бариагүй байхад чухам ямар үндэслэлээр тэдгээрт хүний хашаа барьсан газрыг эзэмшүүлэх болсон нь тодорхой бус, гэтэл бодит байдал дээр нийт 1600 м.кв талбай бүхий нэгдсэн нэг хашааны хойд талын хэсгийн 700 м.кв газрыг нэхэмжлэгч нартай төрөл садангийн холбоотой Б.Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 155 тоот захирамжаар Зээлийн 18-6 тоот хаяг гэдгээр эзэмшүүлсэн байдаг.

Гуравдагч этгээд Ц.О одоогийн нэхэмжлэгч С.Д, С.Д нарт холбогдуулж гаргасан “Газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрийн үндэслэл хэсэгт “...газар дээр баригдсан хашаа, эд зүйлсийн өмчлөлийн талаар талууд маргадаггүй, ...нэхэмжлэгч Ц.О өмчлөлийн газар дээр баригдсан хариуцагч С.Д, С.Д нарын өмчлөлийн хашааг буулгаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй...” гэж дүгнэснээс үзэхэд хашааг нэхэмжлэгч нар барьсан болохыг үгүйсгээгүй байна.

Харин нэхэмжлэгчид үнэхээр л Б.Ч хамтарч хашаалсан гэх газраа эзэмшихийг хүссэн тохиолдолд Б.Ч нэгэн адил 2012 онд, эсхүл гуравдагч этгээд нарт үлдсэн 900 м.кв газрыг 2014 онд хуваан эзэмшүүлэхээс өмнө эзэмших хүсэлтээ гаргаагүй нь гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарт тухайн газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх нөхцөлийг бий болгосон байх магадлалтай. 

 Улмаар Б.Г, Г.Н нар нь Газар худалдах, худалдан авах гэрээгээр 2015 оны 3 дугаар сарын 16, 4 дүгээр сарын 3-ны өдөр газраа Ц.О худалдсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхийн нотлох баримт цуглуулах хүрээнд энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас тухайн газрыг чухам хэн эзэмших эрхтэйг дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг нарийвчлан судлан үзсэний үндсэн дээр тогтоох, магадгүй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх ашиг аль аль байх тохиолдолд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байдлаар дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай, харин гарсан актыг үндэслэн эхлээд нийслэлийн Засаг даргаас өмчлүүлэх шийдвэр гаргаж, дараа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус дахин гаргах байдлаар шүүхийн магадлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Д тухайд Б.Ч эзэмшүүлсэн 700 м2 газрыг Сонгино-Хайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/447 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшсэн байгааг хариуцагчдаас дахин шинэ акт гаргахдаа анхаарвал зохино.

Иргэн Б.Ч энэхүү нэхэмжлэлтэй адил шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн боловч эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал нь одоогийн нэр бүхий нэхэмжлэгчдийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн тул дээрх байдлаар маргааныг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн болон нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201027369, Г-2201027371 дугаарт бүртгэгдсэн Ц.О газар өмчлөх эрхийн 000305809, 000341702 дугаар гэрчилгээг тус тус хариуцагчдаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН