Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/001067

 

Х.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/1196 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1005 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Х.Отгонсүрэн,           

Хариуцагч: ЦЭЭБ ХХК,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд : Б.Сүхтуяа,

Нэхэмжлэлийн шаардлага:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 хорооны Цагдаа хотхоны F блокийн 11 давхрын 113 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны F блокийн 11 давхрын 113 тоот 51,27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний эрхээ Л.Цэвэлмаа, Б.Сүхтуяа нарт худалдсан болохыг тогтоолгох, уг гэрээний гүйцэтгэлийг хангуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, Б.Сүхтуяа нь 113 тоотын эхний 2 шатны урьдчилгаа төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.9.13 -ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай, хариуцагч ЦЭЭБ ХХК-д холбогдох Б.Сүхтуяагийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Гомбосүрэн, хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн Б.Бадраххүү, гуравдагч этгээд Б.Сүхтуяа, түүний өмгөөлөгч Б.Лхамсүрэн, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Отгонсүрэн нь 805 дугаар ангид хүний нөөц албан тушаалд ажиллаж байхад ЦЭЭБ ХХК нь Цагдаагийн Ерөнхий газартай ажилчдын орон сууц барих гэрээ байгуулсны дагуу 2012.9.18-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу урьдчилгаа төлбөрт 2012.12.09-ний өдөр 15 сая төгрөг төлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны F блокийн 2 дугаар орц, 11 давхар, 113 тоот, 51,27 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалсан. Үлдэгдэл мөнгийг графикийн дагуу 2013.07.01-ний өдөр 11сая төгрөг, 2013.9.12-ны өдөр 17.323.150 төгрөг, нийт 43.323.150 төгрөг төлсөн. Байр 2014.02.01-ний өдөр ашиглалтад орох байсан. Би өөрийн хүсэлтээр 2014.05.01-ний өдөр ажлаас гарсан. Байрны гэрчилгээ гарсан эсэх талаар ЦЭЭБ ХХК-иас очиж асуутал уг байр Б.Сүхтуяа гэдэг хүний нэр дээр ЦЭЭБ ХХК-ийн компьютерийн бүртгэлд орсон байсан. Гэрээний дагуу бүх төлбөрийг төлж үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээний нэг тал ЦЭЭБ ХХК гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй. Б.Сүхтуяа, Л.Цэвэлмаа нар нь Цагдаагийн Ерөнхий газрын харьяа байгууллагад ажилладаггүй учраас орон сууцны квотыг авах эрхгүй. Байрны төлбөр төлөхөд бусдаас тодорхой хэмжээний мөнгө зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөө өгье гэтэл эдгээр улсууд мөнгөө авахгүй байгаа. Л.Цэвэлмаа нь өөрийн квотын дагуу гэрээ байгуулж, орон сууц авсан байгаа. Иймд ЦЭЭБ ХХК-иас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон F блокийн 2 дугаар орц, 11 давхар, 113 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦЭЭБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газар ажилчдаа орон сууцаар зах зээлийн ханшаас хямд үнээр хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байгууллагын эзэмшил газар дээр орон сууцны барилгууд бариулах шийдвэр гаргаж, улмаар манай компанитай 2012.07.31-ний өдрийн 87 тоот Орон сууц захиалгаар барьж, ашиглалтад оруулах гэрээг байгуулсан. Х.Отгонсүрэнтэй түүний нэр дээр урьдчилгаа төлсөн баримтад үндэслэн 2012.9.18-ны өдөр F-113 тоот гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр орон сууцны төлбөрийг нийт 5 үе шаттайгаар тусгасан бөгөөд иргэн Х.Отгонсүрэнгийн нэр дээр 1 дүгээр үе буюу 2012.9.14-ний өдөр 15 сая төгрөг, 2 дугаар үе буюу 2013.06.28-ны өдөр 10 сая төгрөг, 2013.07.01-ний өдөр 1 сая төгрөгийг тус тус төлсөн бөгөөд төлбөрийн баримтанд иргэн Л.Цэвэлмаа /Б.Сүхтуяа/-гаас гэсэн нэр бичигдсэн байсан. Б.Сүхтуяа нь Х.Отгонсүрэнгийн өмнөөс 26 сая төгрөг буюу нийт үнийн 60 хувийн төлбөрийг төлж тус барилгын ажлыг эхнээс нь санхүүжүүлсэн байна. Харин 3 дугаар шатны төлбөр төлөх үед иргэн Х.Отгонсүрэн нь өөрийн биеэр байгууллага дээр ирж бэлнээр үлдэгдэл төлбөр 17.323.150 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээгээ хаяж гээгдүүлсэн гээд дахин шинээр бичүүлж авсан. Иргэн Б.Сүхтуяагийн бичсэн өргөдөл дээр төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч хурандаа П.Батбаатарын цохолт хийсэн материал 2013.01.31-ний өдөр манай байгууллага дээр ирсэн.Уг материалд F-113 тоот гэрээг иргэн Б.Сүхтуяагийн нэр дээр шилжүүлэх тухай шийдвэр, мөн иргэн Х.Отгонсүрэнгийн гарын үсэг бүхий Л.Цэвэлмаагийн /Б.Сүхтуяагийн ээж/ нэр дээр гэрээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай тодорхойлолт, Х.Отгонсүрэнгийн хаяж үрэгдүүлсэн гээд байсан гэрээ эх хувиараа хавсрагдсан байсан. Эдгээр материалыг үндэслэн манай байгууллага Х.Отгонсүрэнтэй байгуулсан гэрээг цуцлан, иргэн Б.Сүхтуяатай гэрээ байгуулсан. 2013 оны 4 дүгээр сард байрыг хүлээлгэн өгч, төлбөр төлсөн захиалагч нар байрандаа орсон. Х.Отгонсүрэнгийн сүүлд нөхөж авсан гэрээ нь өмнөх гэрээтэйгээ үг үсгийн зөрүү байхгүй юм.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Б.Сүхтуяа шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:  Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагдаа хотхоны F блокийн 113 тоот, 51,27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч нь би юм. Уг байрыг захиалах эрх буюу квотыг анх Дотоодын цэргийн 0805 дугаар ангид ажилладаг ахлагч Ч.Тоднэргүйгээр зуучлуулан ахлагчаас авсан. Х.Отгонсүрэнтэй харилцан тохиролцон 2012.9.14-ний өдөр орон сууц худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхон" орон сууцны барилгын F блокийн давхрын 113 тоот, 51,27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг худалдан авагч Х.Отгонсүрэнгийн нэрийн өмнөөс хийх, уг орон сууцыг Х.Отгонсүрэн "ЦЭЭБ" ХХК-тай байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийж байрны захиалгын гэрчилгээг Б.Сүхтуяа надад хадгалуулах, байр ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Сүхтуяа миний нэр дээр гаргуулахаар тус тус тохиролцсон. Би Х.Отгонсүрэнд гэрээний үнэ болох нь 1,8 сая төгрөг өгч, Х.Отгонсүрэнгийн нэр дээр барилга захиалгын гэрээ хийсэн. Би энэхүү тохиролцоонд итгэж 2 өрөө орон сууцны үнэ 43.323.150 төгрөгөөс Х.Отгонсүрэнгийн нэр дээр орон сууцны эхний төлбөр болох 15сая төгрөгийг 2012.9.14-ний өдөр Голомт банкны ЦЭЭБ ХХК-ийн дансанд, орон сууцны хоёр дахь төлбөр болох 10сая төгрөгийг 2013.6.20-ны өдөр Хаан банкны ЦЭЭБ ХХК-ийн дансанд, орон сууцны гурав дахь төлбөр болох 1 сая төгрөгийг 2013.07.01-ний өдөр Хаан банкны 5084191910 тоот ЦЭЭБ ХХК-ийн дансанд тус тус шилжүүлсэн.  Үлдэгдэл төлбөр 17.323.150 төгрөгийг төлөх гэтэл би орон сууцаа авна та мөнгөө ав гэж ярьж эхэлсэн. Энэ тухай бүх баримт болон холбогдох материалыг цуглуулж тухайн ажлын хэсэгт өргөдөл гаргасан. Ажлын хэсгээс Х.Отгонсүрэнг дуудаж энэ тухай лавлахад өөрийн бурууг ойлгож тухайн байрыг манай ээж Л.Цэвэлмаад шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т гэрээг цуцалж, гуравдагч этгээдэд шилжүүлж болох талаар заасан байна. Б.Сүхтуяа, Х.Отгонсүрэн нарын хооронд амаар харилцан тохиролцсон зүйл байсан. Б.Сүхтуяа /Л.Цэвэлмаа/, Х.Отгонсүрэн нарын хооронд квот шилжүүлэх гэрээ бодит үйлдлээр хийгдсэн, эхлээд Х.Отгонсүрэнгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, Б.Сүхтуяагийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан. Х.Отгонсүрэн нь н.Цэвэлмаагийн нэр дээр орон сууцыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тодорхойлолт бичиж өгсөн нь өмнөх гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзнэ. ЦЭЭБ ХХК, Б.Сүхтуяа нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд бүх төлбөрийг төлсөн. Х.Отгонсүрэн нь гэрээний 3.2-т зааснаар гэрээнээс татгалзсан байна. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны F блокийн 11 давхрын 113 тоот 51,27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний эрхээ Л.Цэвэлмаа, Б.Сүхтуяа нарт худалдсан болохыг тогтоолгох, уг гэрээний гүйцэтгэлийг хангуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, Б.Сүхтуяа нь 113 тоотын эхний 2 шатны урьдчилгаа төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.9.13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай, хариуцагч ЦЭЭБ ХХК-д холбогдох Б.Сүхтуяагийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/1196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦЭЭБ ХХК-иас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон F блок байрны 2 дугаар орц 11 давхрын 113 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох мөн уг орон сууцыг гаргуулах нэхэмжлэгч Х.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Отгонсүрэнд холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 11 давхрын 113 тоот 51.27 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч Б.Сүхтуяа болохыг тогтоолгох, Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 11 давхрын 113 тоотын эхний 2 шатны урьдчилгаа төлбөрийг Б.Сүхтуяа төлсөн болохыг тогтоолгох, Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд байгуулсан барилга захиалгын гэрээ дуусгавар болсонд тооцуулах  гаргасан гуравдагч этгээд Б.Сүхтуяагийн бие даасан  шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр дахин байгуулсан Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 11 давхрын 113 тоотын байр захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Сүхтуяа нь Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 11 давхрын 113 тоотын өмчлөгчөөр тогтоолгох, ЦЭЭБ ХХК-д Б.Сүхтуяагийн нэр дээр Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 11 давхрын 113 тоотын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1005 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Отгонсүрэнд холбогдох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны F блокийн 11 давхрын 113 тоот 51,27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний эрхээ Л.Цэвэлмаа, Б.Сүхтуяа нарт худалдсан болохыг тогтоолгох, уг гэрээний гүйцэтгэлийг хангуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, Б.Сүхтуяа нь Цагдаа хотхоны F блокийн 11 давхрын 113 тоотын эхний 2 шатны урьдчилгаа төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай, хариуцагч ЦЭЭБ ХХК-д холбогдох Б.Сүхтуяагийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай гуравдагч этгээд Б.Сүхтуяагийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Цагдаагийн ажилчиддаа хямд байшин авах квотыг өнөөдрийн хүртэл хэнд ч шилжүүлээгүй. 2012.9.18-ны өдөр гэрээг байгуулж 100 хувь төлбөрийг төлсөн. Харин Б.Сүхтуяа цагдаагийн байгууллагад ажилдаггүй байсан учир энэ байрны квотыг авах эрх байгаагүй, түүний ээж Л.Цэвэлмаа нь олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан ба энэ байранд бас өөр тоотод гэрээ байгуулсан. Б.Сүхтуяа нь нэхэмжлэгч Х.Отгонсүрэнд 26 сая төгрөг залилуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байгаа. Эндээс үзэхэд байрны өмчлөгчийн тухай ирэгний хэрэгт Б.Сүхтуяа ямар ч холбогдолгүй нь 2015.02.12-ны өдрийн 201525001520 дугаар тогтоолоор харагдаж байна. Хариуцагч ЦЭЭБ ХХК-ийг шүүх хуралд оролцуулаагүй, хуурамч, сүүлд нөхөж хийсэн гэрээгээр шийдсэн. Нэхэмжлэгч Х.Отгонсүрэнгийн хариуцагчид байрны төлбөрт төлсөн мөнгийг хэрхэн шийдэхийг заагаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Отгонсүрэн нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон F блок байрны 113 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ЦЭЭБ ХХК эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сүхтуяа Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон F блок байрны 113 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг, орон сууцны эхний 2 шатны төлбөрийг төлсөн болохыг, Х.Отгонсүрэн нь байр захиалгын гэрээний эрхээ Л.Цэвэлмаа, Б.Сүхтуяа нарт худалдсан болохыг тус тус тогтоолгох, Х.Отгонсүрэн болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тэдний хооронд байгуулсан гэрээг дуусгавар болсонд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч ЦЭЭБ ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Х.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг  хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...орон сууц авах эрхийг  /квотыг/ хэнд ч шилжүүлээгүй... орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн... Б.Сүхтуяагийн ээж Л.Цэвэлмаа энэ байранд өөр тоотод гэрээ байгуулсан байгаа... Б.Сүхтуяа нь Х.Отгонсүрэнд 26 сая төгрөг залилуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлсэнээс үзвэл энэ хэрэгт Б.Сүхтуяа ямар ч холбогдолгүй байна... ЦЭЭБ ХХК-ийг шүүх хуралд оролцуулаагүй, хуурамч, сүүлд нөхөж хийсэн гэрээгээр шийдсэн... байрны төлбөрт төлсөн мөнгийг хэрхэн шийдэхийг заагаагүй...” гэжээ.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Х.Отгонсүрэн, ЦЭЭБ ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, ашиглалтад оруулах гэрээ байгуулсан, гэрээний зүйл нь Цагдаа хотхон орон сууцны барилгын F блокийн 113 тоот орон сууц болох нь тогтоогджээ. Хоёр шатны шүүх Х.Отгонсүрэн, ЦЭЭБ ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу тухайн орон сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй нь нотлогдсон, энэ тухай шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрхийг Б.Сүхтуяа, Л.Цэвэлмаа нарт шилжүүлсэн ба ЦЭЭБ ХХК нь Б.Сүхтуяатай 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж, ашиглалтад оруулах” гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна. ЦЭЭБ ХХК Б.Сүхтуяа нар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар гэрээний талууд маргаагүй, Б.Сүхтуяа орон сууцыг эзэмшиж байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, шүүх энэ талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. 

Х.Отгонсүрэн, ЦЭЭБ ХХК гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлээгүйгээс гадна гэрээ байгуулах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн, Б.Сүхтуяа болон ЦЭЭБ ХХК-ийн хооронд шинээр гэрээ байгуулагдсанаар Х.Отгонсүрэн, ЦЭЭБ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. Иймд “...орон сууц авах эрхийг /квотыг/ хэнд ч шилжүүлээгүй... орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн... сүүлд нөхөж хийсэн гэрээгээр хэрэг шийдсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

3. Х.Отгонсүрэн нь Б.Сүхтуяад бус, харин ЦЭЭБ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан учир Л.Цэвэлмаа өөр орон сууцтай эсэх, Б.Сүхтуяагийн гомдлоор Х.Отгонсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ тухай  гомдлыг хангах боломжгүй байна.

4. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоос өөр шаардлага шүүхэд гаргаагүй байна. Нэхэмжлэлд дурдаагүй шаардлагыг шүүх шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 115-118 дугаар зүйлд нийцэхгүй тул  “...орон сууцны төлбөрт өгсөн мөнгийг хэрхэн шийдвэрлэхийг шүүх заагаагүй орхисон...” гэх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул ЦЭЭБ ХХК-ийг шүүх хуралд оролцуулаагүй асуудал шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй. 

5. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг дурдах шаардлагатай гэж үзлээ.

Тухайлбал, гэрч Т.Пүрэвсүрэн, Ч.Тоднэргүй, Л.Цэвэлмаа, Х.Түвшинжаргал нараас шүүгч бус, харин шүүгчийн туслах мэдүүлэг авсан /хх1-ийн 136-142, 161/ байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл гэрчээс мэдүүлэг авч болох бөгөөд энэ ажиллагааг шүүгч явуулна. Харин шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэх нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-г зөрчихгүй.

Хоёр шатны шүүх дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэдий ч /хх 2-ын 82, 109/ энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байв. Учир нь:

а/. Гэрч Ч.Тоднэргүй /хх 1-ийн 138-139/ болсон асуудлын талаар “...Х.Отгонсүрэн байр авах бэлэн мөнгө байхгүй квот оо зармаар байна гээд Б.Сүхтуяатай Х.Отгонсүрэнг уулзуулаад ЦЭЭБ ХХК дээр очиж гэрээ байгуулаад 15 сая төгрөгийг Б.Сүхтуяа ЦЭЭБ ХХК-ийн данс руу хийгээд тэгээд Б.Сүхтуяагаас Х.Отгонсүрэн нь квот зарсны мөнгө 1,5 сая төгрөг авсан... нотариатаар батлуулах уу гэхэд дүүдээ итгэхгүй байхдаа яадаг юм гээд батлуулаагүй... энэ хэлцэл хийх үед Л.Цэвэлмаа байсан...” гэж мэдүүлсэн ч уг мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэвч хэргийн 1-р хавтас, 38-39-р талд нотлох баримтын шаардлага хангасан, Ч.Тоднэргүйн тодорхойлолт авагдсан. Иймд Х.Отгонсүрэн нь өөрийн орон сууцны эрхийг 1,5 сая төгрөгөөр Б.Сүхтуяа, түүний эх Л.Цэвэлмаа нарт зарсан, байрны урьдчилгаа төлбөр 15 сая төгрөгийг авч ЦЭЭБ ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

б/. Гэрч Л.Цэвэлмаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг нь /хх 1-ийн 140-142 тал/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар, мэдүүлэг өгсөн тул шүүх түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 102, 109-р зүйлд нийцжээ. /хх2-ийн 71-75/

в/. “...Л.Цэвэлмаад 17 сая төгрөг зээлүүлсэн... ЦЭЭБ ХХК-ийн данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн... 2 сая төгрөгийн 1.5 сая төгрөгийг Х.Отгонсүрэнд өгсөн...” талаарх гэрч  Т.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх 1-ийн 136-137/ шийдвэрийн үндэслэл болохгүй ч энэ үйл баримт гэрч Л.Цэвэлмаагийн мэдүүлэг, Ч.Тоднэргүйн тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

г/. Гэрч Х.Түвшинжаргал /хх 1-ийн 161-162 тал/ нь мэдүүлэгтээ “...болсон үйл явдлын тухай Л.Цэвэлмаа өргөдөл өгөх үед мэдсэн...” гэх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зайлшгүй биш бөгөөд хэрэгт байгаа бусад баримтаар хэргийн нөхцөл байдал тогтоогджээ. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 375.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ