2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01770

 

2025 03 10   192/ШШ2025/01770

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Буянт ухаа, **-р гудамж, ** тоотод оршин суух Т овогт Д-ийн Ц /РД:СЗ********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Т хотхон, **-р байр, ** тоотод байрлах С ХХК /РД:******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Б /РД:СЭ*********/ нарт холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Д.Ц нь "С " ХХК хүсэлтийн дагуу Ерөнхий захирал Б.Б-тай 2018-03-26 ны өдөр хөрөнгө оруулалтын гэх гэрээ байгуулж түүний Д аймгийн Да сумын Элбэгийн уурхайгаас нүүрс авч БНХАУ-ын Нанчанг хотод байх ДЦС-т нийлүүлэхэд шаардлагатай гэрээ байгуулах, баталгаажуулахад урсгал зардалд зориулан 50.000.000 төгрөг бэлнээр 2 сарын хугацаатай оруулахаар тооцож, энэ нь түүний оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувь байхаар тооцож, буцаан төлөх " С " ХХК түүнд энэ хөрөнгө оруулсан мөнгөний чинь хариуд гэрээнээс олох ашиг хэд байхаас үл хамааран экспортолсон нүүрсний тонн тутмаас 5 юаны ашиг өгөхөөр тохиролцож , мөнгөө бүрэн оруулж , гэрээ байгуулсан боловч дээрх хугацаандаа авсан мөнгөө өгөхгүй , нүүрс гаргах хугацаа хойшилсон, хөрөнгө оруулалт орж ирнэ , гм хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн ийнхүү мөнгө зээлж намайг хохироосон байх тул дээрх гэрээний 3.2, 3.3-д заасны дагуу хөрөнгө оруулалтын гэх гэрээгээр намайг хууран мэхэлж хийсэн байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулан хөрөнгө оруулсан 50.000.000 төгрөгөө буцаан авах хохирлоо төлүүлэх үндэслэлтэй тул нэхэмжлэл гаргаж байна. Энэ хугацаанд шүүхэд удаа дараа нэхэмжлэл гарган иргэн Б.Б болон "С ХХК" нь хариуцагчаар татагдсан боловч тэрээр суугаа болон өөрийн байгаа гэх хаягтаа байхгүй оргон зугатааж удаа дараа ХУД болон БЗД-ийн шүүхээр улс даяар эрэн сурвалжлагдаж хамгийн сүүлд БЗД-ийн ИХАШ-ны 2022-05-19-ны өдрийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж дээрх хаягтай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Д.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээгээр С ХХК захирал Б.Б-д 50,000,000 төгрөгийн хөрөнгө 3 сарын хугацаатай оруулснаас авч чадаагүй хохирсноос үүдэн ББСБ болон бусад зээлд 2018 оны сүүлч буюу 12 сараас эхлэн 750,000-1,500,000 төгрөгийн хүү, алданги төлж ирснээс үүдэн гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэл гарган нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд банк бусад газраас зээл авч, 3 сарын хугацаанд эргэн төлөгдөх байсан боловч ноцтой төөрөгдөл, хууран мэхлүүлсний улмаас хариуцагч Б.Б 50,000,000 төгрөгөө алдаж өнөөг хүртэл төлүүлж чадаагүй хугацаа алдаж, дээрх этгээд энэ хугацаанд сураггүй алга болсны улмаас банк бус О ХХК 50,000,000 9****6 дугаарын утсаа барьцаалж 20,000,000 төгрөгийн зээл авсны улмаас сар бүр хүү, торгууль алдангид орж төлж чадахгүйд хүрч улмаар утасны дугаараа алдсан, одоог хүртэл хүү, зээл төлж байгаа юм. Иймд гэм хорын хохиролд зөвхөн 1 жил, 3 сарын хүү буюу 1,500,000 төгрөг 12 сарын хугацааны хүү 20,000,000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энд 2024-2021 он хүртэлх хүү, зээл, алданги ороогүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээг хууран мэхэлж хийсэн учраас гэрээний үнийн дүн болох 50 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад хууран мэхэлж хийсэн хэлцэл бэ? гэхээр богино хугацаанд ашиг олж өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл хууран мэхлэх үйлдэл гэдэг маань амаар бичгээр итгэл төрүүлэх үйлдэл санаатай хийсэн. Хууран мэхэлж хийсэн хэлцэл, тухайн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж мөнгөө гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Б.Б тухайн үед Ерөнхий захирал гэж гарын үсэг зурж хийсэн боловч ерөнхий захирал нь өөрөө биш байж төлөөлөн гарын үсгийг зурсан. Тухайн үед ерөнхий захирал нь н.С гэх хүн байсан. Мөнгөө бол Б.Б-ийн хувийн дансаар 5 удаагийн гүйлгээр хийсэн байдаг. Хариуцагчаар Б.Б болон С ХХК татсан бэ? гэхээр бичиг баримтын хувьд бол ерөнхий захирал бус, нөгөө талаар иргэний хувьд хариуцах ёстой гээд иргэнээр нь хуулийн этгээдээр нь татсан. С-ыг татсан шалтгаан нь хууран мэхэлж хийсэн хэлцлийн баримт буюу түүний үйлдлийг баталсан учраас тухайн компани хариуцлага хүлээх шаардлагатай. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2018 оноос хойш учирсан гэм хорын хохирлыг нэхсэн. Банкнаас зээл авч өөрийн байраа зарсан, мөн 9911 дугаараа зарсан, банк бус байгууллагаас учирсан хүүгийн хохирол. Тэгэхдээ 20 сая төгрөгөөс давсан хохирол амссан. Энэ 20 сая төгрөг бол зөвхөн 1 жилийн хугацааны хүү. Баримтаар эдгээр зүйл нь нотлогдож байгаа гэв.

 

2. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ...хэлцлийг хууран мэхэлж хийсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн 20.000.000 төгрөгийг С ХХК нь хэрэгт байгаа баримтаар өөр хүнд шилжүүлсэн тул хариуцах ёстой, жинхэнэ хариуцагч нь Б.Б тул хамтран хариуцагчаар сольж, нэхэмжлэл гаргасан болно... гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, сольсон хариуцагч нь аль нь болох. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ №3 гэсэн гэрээний 3.2-т заасан 50.000.000 төгрөг нь С ХХК-нд хөрөнгө оруулалтаар орж ирээгүй, хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Д.Ц-аас манай компани аваагүй. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 20.000.000 төгрөгөөр ихэсгэхдээ С ХХК хохирол учруулсан гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд С ХХК нь хөрөнгө оруулалт аваагүй байхад хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Д.Ц нэхэмжлэлтэй С ХХК, Б.Б нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нь ИХШХШтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, хамтран хариуцагчийг тодорхойлох бүрэн эрхтэй боловч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчийг үнэн зөв тодорхойлох, өөрөө нотлох үүрэгтэй юм. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой гэх баримт материалуудаас үзэхэд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, нэхэмжлэгчийн тодорхойлсноор хамтран хариуцагчийн хариуцлагын хэлбэр, тавигдах нөхцөл шаардлага нь ойлгомжгүй байна. Энэ талаар хэрэгт авагдсан материалаас үзэхэд хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардсан боловч энэ талаар нэхэмжлэгч нь тодорхой үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна. Иймд шүүхээс өмнө шийдвэрлэсэн хүсэлтийг миний бие дахин гаргах шаардлагагүй гэж үзсэний дагуу талуудын хэргийн материалд авагдсан баримт материалуудыг үндэслэвэл Д.Ц нэхэмжлэлтэй Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр буст тооцуулж 70 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.11.01-ний өдрийн албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.03.26-ны өдрийн 08 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Ц, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын баримт, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020.02.06-ны өдрийн ** дугаартай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.19-ний өдрийн 101/ШШ2022/0*** дугаартай шийдвэр, О ББСБ ХХК-ийн 2018.04.02-ны өдрийн 17 дугаартай зээлийн гэрээний дагуу хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай акт, 2018.07.19-ний өдрийн Ф-180719/2 дугаартай фидуцийн гэрээ, Д.Ц-ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.12.26-ны өдрийн №2018/93 дугаартай зээлийн гэрээ, 2018.04.02-ны өдрийн 2018/17 дугаартай зээлийн гэрээ, 2019.02.11-ний өдрийн 19/24 дугаартай зээлийн гэрээ, шилжүүлгийн баримт, Гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Ц, П.Г нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ц.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч С ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, С ХХК-ийн 2025.03.07-ны өдрийн 01/12, 01/13 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Б-аас иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Б-д олгосон итгэмжлэл, Б.Б-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Шүүхээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б, Д.Ц нарын БНХАУ руу хамт зорчсон талаарх төрийн эрх бүхий байгууллагын тодорхойлолт, онгоцны нислэгийн тийз, БНХАУ-д буусан буудал, тээврийн зардал, БНХАУ-ын Жянси мужийн замын цагдаагийн газраас авсан зам тээврийн ослын талаарх баримтыг гаргуулж, нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б-тай 2018-03-26 ны өдөр хөрөнгө оруулалтын гэх гэрээ байгуулж түүний Д аймгийн Д сумын Элбэгийн уурхайгаас нүүрс авч БНХАУ-ын Нанчанг хотод байх ДЦС-т нийлүүлэхэд шаардлагатай гэрээ байгуулах, баталгаажуулахад урсгал зардалд зориулан 50.000.000 төгрөг авсан боловч хугацаандаа авсан мөнгөө өгөхгүй, нүүрс гаргах хугацаа хойшилсон, хөрөнгө оруулалт орж ирнэ, гм хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн ийнхүү мөнгө зээлж намайг хохироосон байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулан хөрөнгө оруулсан 50.000.000 төгрөгөө буцаан авах хохирлоо төлүүлнэ. Иргэн Д.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээгээр С ХХК захирал Б.Б-д 50,000,000 төгрөгийн хөрөнгө 3 сарын хугацаатай оруулснаас авч чадаагүй хохирсноос үүдэн ББСБ болон бусад зээлд 2018 оны сүүлч буюу 12 сараас эхлэн 750,000-1,500,000 төгрөгийн хүү, алданги төлж ирснээс үүдэн гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэл гарган нэмэгдүүлээд нийт 70,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

3. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С ХХК-нд хөрөнгө оруулалтаар орж ирээгүй, хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Д.Ц-аас манай компани аваагүй. С ХХК нь хөрөнгө оруулалт аваагүй байхад хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хэргийн материалд авагдсан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой гэх баримт материалуудаас үзэхэд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, нэхэмжлэгчийн тодорхойлсноор хамтран хариуцагчийн хариуцлагын хэлбэр, тавигдах нөхцөл шаардлага нь ойлгомжгүй байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 03 дугаар сарын 26- ний өдөр Д.Ц, С ХХК нар нь гэрээний 2 тал болж, Д.Ц нь нүүрс экспортлох үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчаар, хөрөнгө хүлээн авагчаар С ХХК-г төлөөлж захирал Б.Б гарын үсэг зурж, тус хуулийн этгээдийн тамга дарагдсан байна. Уг гэрээгээр хөрөнгө оруулагч нь 50,000,000 төгрөгийг оруулахаар, уг мөнгийг 2 сарын дотор хөрөнгө хүлээн авагч тал буцаан төлөхөөр, мөн нэмээд тонн тутмаас 5 юанийн ашиг өгөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 т зааснаар Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэсний дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.

Улмаар гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц нь Б.Г-ийн ХААН банкны 5******3 тоот данс руу 2018-03-29 ний өдөр 2,0000,000 төгрөгийг, 2018-04-04 ний өдөр 6,000,000 төгрөгийг, 2018-04-14 ний өдөр 4,000,000 төгрөгийг , 2018-04-19 ний өдөр 18,000,000 төгрөгийг, 2018-03-26 ний өдөр 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэх замаар гэрээний үүргээ биелүүлжээ. Б.Г нь хариуцагч Б.Б-ийн төрсөн дүү, мөн С ХХК-н хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2019-2022 онуудын хооронд ажиллаж байсан бол гэрээ байгуулах цаг хугацаанд тухайн хуулийн этгээдийн захирлаар Ж.С ажиллаж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг 2020 оны 02 дугаар сарын 6-ний өдрийн 206 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын тогтоолоор хааж шийдвэрлэсэн байна. Тодруулбал 2018-03-26 ний өдөр 50,000,000 төгрөгийг С ХХК нь хөрөнгө оруулалт гэж залилан авсан гэх үйлдлийг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлгийг дурдсан байх ба тэрээр ... миний хувьд 06/14 ний өдрөөс 11/20 нийг хүртэл Хятад руу нийт 8 удаа явсан бөгөөд ...шүүхээс цуцлах шийдвэр гарсан тохиолдолд би энэ хүний мөнгийг өгнө...тэгэхгүй бол цуцлаагүй байхад мөнгө өгчихөөр надаас дахиад ашиг нэхээд байсан юм .. гэжээ. Түүнчлэн 2022-05-19 ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс С ХХК, Б.Б нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан байна.

 

5. Нэхэмжлэгч Д.Ц нь гэрээг хууран мэхэлж хийсэн, мөн Б.Б захирал биш байсан гэх шалтгаанаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг, хохирол 20,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг бол хариуцагч С ХХК нь ..манайд ийм мөнгө орж ирээгүй.. гэх шалтгаанаар хүлээн зөвшөөрдөггүй, харин Б.Б нь ...нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй гэх шалтгаанаар мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 сарын 26-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэх нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь хариуцагч С ХХК-н гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2018-03-26 ний өдөр буюу 2017-2019 онуудад Ж.С гэх хүн гүйцэтгэх удирдлагыг буюу захирлын үүрэгт ажлыг эрхэлж байсан тул гэрээ хэлцэл байгуулахад Б.Б нь зөвшөөрөл буюу түүнээс итгэмжлэл авах ёстой. Тодруулбал Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.8-т зааснаар хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэснийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон эсхүл хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Б-аас 50,000,000 төгрөгийг гаргуулах ба гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцох шаардлага нь С ХХК-д хамааралтай талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр тайлбарладаг тул хариуцагчаас чөлөөлөөгүй болно. Хөрөнгийг олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүргийн харилцаа хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд тухайн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үүрэг буцаагдах үр дагавартай тул нэхэмжлэгч Д.Ц-ын хувьд мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 50,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас шаардах эрхтэй. 

Харин нэмэгдүүлсэн шаардлага 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдах үед зээл бусдаас авсан нь цаг хугацааны хувьд тохирч байх боловч 20,000,000 төгрөг хүүд төлж хохирсон гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгт, банк бус санхүүгийн байгууллагад мөнгө шилжүүлсэн баримтууд байх боловч тэдгээр баримтаас зээлийн хүүд хэдэн төгрөг төлөгдсөн нь ойлгомжгүй байх тул хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 407950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. "Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Д.Ц, С ХХК нарын хооронд 2018 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ гэх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 50,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 407950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ