Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ед холбогдох 1706028650004 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Live” пабд бармен ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 5А гудамжны 500 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г Е

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Е нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3Б хэсгийн 3040 тоот хашааны гадна байрлуулсан М.Наранчимэгийн эзэмшлийн 39-65 УБЯ улсын дугаартай Пажеро маркийн автомашинаас гар цүнх, бэлэн 2.200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ен өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.Наранчимэгийн өгсөн: “... Алтанцоож машинаа хашааныхаа гадаа байрлуулаад бид 3 гэрт орсон. Машинаас буухдаа би өөрийн 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй гар цүнх үлдээсэн, дотор нь бэлэн мөнгө, гар утас бичиг баримтууд байсан. Гэрт орж 20-25 минут болоод гараад ирсэн чинь машины кабинаас гар цүнхүүдийг хулгайлсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

“... тэгээд машины дэргэд байсан пүүзний мөрийг дагахад хажуу айлынх руу орж хажуу айлын хүүхдийн пүүзний мөртэй ижилхэн байсан... тэгээд 2 цагдаагийн хамт хажуу айлдаа ороход миний цүнхнээс түрийвчийг нь аваад цүнхийг хашаагаар давуулаад шидчихсэн гэрийнх нь хаалганы цоож зүүлтээстэй онгорхой харанхуй байхаар нь орж үзэхэд гэрт нь миний 2.200.000 төгрөгтэй түрийвч үүднийх нь шалан дээр хэвтэж байсан ба нөхрийн шар цүнх гарч ирээгүй, тэгээд манай дүү Б.Амартүвшин явж хулгай хийсэн хүүхдийг хайгаад хойд гудамжнаас олж ирэхэд нөхрийн шар цүнхтэй зүйлийг аваагүй гээд байсан..” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Ууганбаярын өгсөн: “... М.Наранчимэгийг дагуулаад орсон чинь хулгайд алдагдсан гэх хүний түрийвч 2.200.000 төгрөг, бичиг баримт, 1 ширхэг гар утас, гар цүнх зэрэг нь олдсон, харин 1 ширхэг Самсунг Эс-6 олдоогүй, тэгээд Есүхэй гэх залууг хайсан чинь гар утас ломбарданд тавих гээд явж байгаа сураг сонсогдсон. Би олдсон бүх зүйлийг хохирогчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн байцаалтад Г.Ен яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагиин үед гэртээ харих гээд алхаад явж байтал манай гудамжинд улаан хүрэн өнгөтэй дунд гарын жийп машин байх шиг байсан. Жолоочийн эсрэг талын хаалгыг татаад онгойлгосон, тэгээд би сандал дээр нь ил байсан 2 ширхэг гар утас болон түрийвч зэрэг эд зүйлсийг авч явсан. Тухайн үедээ би согтуу архи уусан байсан. Ингээд би гэртээ ирээд шууд унтсан байсан... гэтэл оройхон гэнэт утас дуугарах чимээнээр сэрээд дээрх гар утсыг авч гараад Ботаникийн ломбарданд 140.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ буцаад харих замдаа утасны эзэнд шар дэлгүүрийн орчимд баригдаж тухайн үедээ газар дээр нь үлдсэн 1 ширхэг гар утас болон манай гэрт очиж гэрээс хайж байгаад түрийвчтэй байсан 2.200.000 төгрөгийг олж авсан... гэх мэдүүлэг /хх.28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Е нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3Б хэсгийн 3040 тоот хашааны гадна байрлуулсан иргэн М.Наранчимэгийн эзэмшлийн 39-65 УБЯ улсын дугаартай Пажеро маркийн автомашинаас гар цүнх, бэлэн 2.200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч М.Наранчимэгийн өгсөн: “... Алтанцоож машинаа хашааныхаа гадаа байрлуулаад бид 3 гэрт орсон. Машинаас буухдаа би өөрийн 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй гар цүнх үлдээсэн, дотор нь бэлэн мөнгө, гар утас бичиг баримтууд байсан. Гэрт орж 20-25 минут болоод гараад ирсэн чинь машины кабинаас гар цүнхүүдийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

“... тэгээд машины дэргэд байсан пүүзний мөрийг дагахад хажуу айлынх руу орж хажуу айлын хүүхдийн пүүзний мөртэй ижилхэн байсан... тэгээд 2 цагдаагийн хамт хажуу айлдаа ороход миний цүнхнээс түрийвчийг нь аваад цүнхийг хашаагаар давуулаад шидчихсэн гэрийнх нь хаалганы цоож зүүлтээстэй онгорхой харанхуй байхаар нь орж үзэхэд гэрт нь миний 2.200.000 төгрөгтэй түрийвч үүднийх нь шалан дээр хэвтэж байсан ба нөхрийн шар цүнх гарч ирээгүй, тэгээд манай дүү Б.Амартүвшин явж хулгай хийсэн хүүхдийг хайгаад хойд гудамжнаас олж ирэхэд нөхрийн шар цүнхтэй зүйлийг аваагүй гээд байсан..” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Ууганбаярын өгсөн: “... М.Наранчимэгийг дагуулаад орсон чинь хулгайд алдагдсан гэх хүний түрийвч 2.200.000 төгрөг, бичиг баримт, 1 ширхэг гар утас, гар цүнх зэрэг нь олдсон, харин 1 ширхэг Самсунг Эс-6 олдоогүй, тэгээд Есүхэй гэх залууг хайсан чинь гар утас ломбарданд тавих гээд явж байгаа сураг сонсогдсон. Би олдсон бүх зүйлийг хохирогчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн байцаалтад Г.Ен яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагиин үед гэртээ харих гээд алхаад явж байтал манай гудамжинд улаан хүрэн өнгөтэй дунд гарын жийп машин байх шиг байсан. Жолоочийн эсрэг талын хаалгыг татаад онгойлгосон, тэгээд би сандал дээр нь ил байсан 2 ширхэг гар утас болон түрийвч зэрэг эд зүйлсийг авч явсан. Тухайн үедээ би согтуу архи уусан байсан. Ингээд би гэртээ ирээд шууд унтсан байсан... гэтэл оройхон гэнэт утас дуугарах чимээнээр сэрээд дээрх гар утсыг авч гараад Ботаникийн ломбарданд 140.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ буцаад харих замдаа утасны эзэнд шар дэлгүүрийн орчимд баригдаж тухайн үедээ газар дээр нь үлдсэн 1 ширхэг гар утас болон манай гэрт очиж гэрээс хайж байгаад түрийвчтэй байсан 2.200.000 төгрөгийг олж авсан... гэх мэдүүлэг /хх.28/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Г.Ег холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Ег “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, хохирогч М.Наранчимэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн нийт 2.476.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Ен “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Ен үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Г.Ед ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Г.Ед оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Б овогт Г Е “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ед 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ед оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ед мэдэгдсүгэй.

5. Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 2.476.000 төгрөг нөхөн төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ед урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР