Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02374

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ийн хариуцагч У ХХК, Ч.О нарт холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 500 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д,

Хариуцагч: Ч.О,

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дөл хоршоог бага хувьчлалын ягаан тасалбараар хувьчилж авсан болох нь тухайн үеийн дуудлага худалдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Дөл хоршоог 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тулга ББХ хоршоо болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн 1994 он хүртэл иргэн Д.Лийлэнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан. 1994 онд Баян-Уул ХХК-ийг байгуулж, Тулга хоршооны үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгөө Д.Лийлэнд үлдээгээд өөрөө Баян-Уул ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан. Тухайн үед Тулга хоршоог байгуулах гэхэд 4 дээш хүний бүрэлдэхүүнтэй байхыг хуулиараа шаардсан тул 1991 оны 11 сарын 15 нд Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нарыг оролцуулан гэрээ хийсэн. Дамиранжав, Цоож нар надад бусад иргэдээс хувьцаа олж өгч үнийг нь тэр дор нь авч худалдсан нь үнэн болно. Бодит байдал дээр Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар Тулга хоршоонд ямар ч хөрөнгө, хувьцаа нийлүүлээгүй. Иргэн Д.Лийлэн миний худалдаж авсан Тулга хоршооны байранд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн бөгөөд уг байрыг өөрийн эзэмшлийн У ХХК-ийн өмч болгон бүртгүүлсэн болохыг хожим мэдсэн. Иргэд хоорондын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах мөн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувиар тооцож 500 000 000 төгрөг нэхэмжилсэн. Улсын бүртгэлийн газар нь 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр У ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байна. Үүний дараа Улсын бүртгэлийн хэлтэст хууль бус гэрчилгээ гарсан гэдэг байдлаар хандахад шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн чиглэл өгсөн. 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулиар асуудлыг шийдэх боломж нээгдсэн байдаг. Тухайн гаргасан зааварчилгаан дээр 4-с доошгүй гишүүнтэй бүрэн бус хариуцлагатай хоршоо байхыг зааж өгсөн байдаг. Дуудлага худалдаанд орсны дараа н.Дамиранжав надад 285 ширхэг хувьцаа, Н.Ц 420 ширхэг хувьцааг надад тус тус өгсөн. Анх гэрээг албан ёсоор хувьцаа нийлүүлж албан ёсоор оролцоогүй хүмүүсийн нэр бичигдсэн учраас нэхэмжлэл гаргасан. Тулга хоршоог татан буулгах үед хуваарьт хөрөнгийг ийм шударга бусаар хуваарилж болохгүй гэдгийг хэлсэн. Тухайн үед хурал хийсэн хурлын протокол хийгдсэн. Тэр хурлаас гарсан тогтоол гэж байх л ёстой. Гэтэл хурлын тэмдэглэл хийгдсэн хэрнээ тогтоол гэсэн зүйл огт байдаггүй. Хоршооны хөрөнгийг хуваасан нь буруу байна гэдгийг би урьд өмнө нь Д.Лийлэн, Ч.О нарт хэлж байсан. Иймд Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах У ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д, Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар нь хувь тэнцүү хувьцаа нийлүүлэн Дөл хоршоо, Зоог гуанзыг худалдаж авахаар тохиролцож биднийг төлөөлөн С.Д дуудлага худалдаанд орсон. 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тулга ББХХ-г улсын бүртгэлд бүртгүүлж, 1994 он хүртэл С.Д, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар хамтран худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Тулга хоршооны гишүүд хоорондоо байгуулсан гэрээний 13-т гэрээлэгч талууд уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гишүүдийн аль нэг нь цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг цааш үргэлжлүүлнэ гэж заасан боловч С.Д 2 жил болоод өргөдлөө өгч гэрээнээс гарснаар гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа. С.Д нь Тулга хоршооны бүрэн хариуцлагатай гишүүдэд 1994 оны 01 дүгээр сарын 10-нд гаргасан өргөдөлдөө анхны нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг хуваана гэсний дагуу хоршооны гишүүд хуралдаж анх худалдаж авсан үндсэн хөрөнгийг 4 хувааж, түүнээс хойш бий болсон хөрөнгийн 43,8 хувийг хуваахаар тохирч хөрөнгийг тасдаж өгсөн. Энэ хөрөнгөд Зоог гуанз, 250 м.кв агуулахын барилга зэрэг үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө багтсан. С.Д нь 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хоршооны гишүүнээс гарах өргөдлөө бичиж, хоршоонд хандсанаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. С.Дэд нийт 4 828 329 төгрөгний үндсэн ба эргэлтийн хөрөнгө олгосон. Тулга ББХ хоршоог 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн санхүүгийн хэлтсийн татварын албанд бүртгүүлж үйл ажиллагаа явуулаад дуусгавар болоод 26 гаруй жил болсон дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д 3 жил гэж заасан байна. У ХХК нь 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш дэлгүүр уурын зуух, хашааны хууль ёсны өмчлөгчөөр 26 жил тасралтгүй илээр эзэмшин ашиглаж 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 20 жил өмчилсөн учир С.Дэд мөнгө төлөх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Д.Лийлэн, Н.Ц, н.Дамиранжав, С.Д нар нь аман байдлаар дуудлага худалдаанд оролцох талаар ярьсан. Тулга хоршоог хуулийн дагуу байгуулсан. Дүрмээрээ хоршоонд ажиллах хүмүүс нь хамтран ажиллах гэрээ гэж хийсэн. Тухайн үед Мандалговь хотын нотариатчаар батлуулж бүгд зөвшөөрсөн байдаг. Ардын депататутын хурлын захиргааны татварын тасагт бүртгүүлснээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь дангаараа хувьчилж авсан юм шиг юм яриад байна. Тулга хоршооны 6 зүйлтэй дүрмийг 7 хувь хийсэн байдаг. Хавсралт дүрмийн 1.7-д зааснаар гэрээ байгуулсан гишүүд нь хамтран өмчилнө гэж заасан байдаг. Энэ дүрмийн 8.2-т үндэслэн С.Дийг хоршооны даргаар томилсон юм. Өөрөө тухайн үед баталж гарын үсэг зурчхаад одоо гишүүн нь тэд байх ёстой гээд байгааг ойлгохгүй байна. Тулга хоршооны эрх зүйн чадвар дууссан гэж үзэж байна. Хоршооны бүх гишүүдийн хурлаас тогтоол гарна гэсэн заалт хоршооны дүрэмд байхгүй. Тухайн үед хоршоо тарахад хөрөнгө хуваахад бид бүгд ярилцаад хуваасан. Түүнийг зөвшөөрөөд хоршооны бүх гишүүд гарын үсэг зурсан. Тухайн үеийн эхлэлтийн баланс дээр тодорхой харагдаж байдаг. Тухайн үед ашиглаж байсан эд хөрөнгө татварын хөрөнгийн бүртгэлд байгаа. Эдгээрт тодорхой заасан байдаг. С.Д байхгүй, түүнд оролцохгүй байж байгаад бид хөрөнгөө хуваасан зүйл байхгүй. Энэхүү маргаад байгаа зүйлийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Бид нараас ийм хэмжээний хөрөнгө мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбартай байна гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч С.Д-ийн хариуцагч У ХХК, Ч.О нарт холбогдуулан гаргасан 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХ-тай хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт У ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ 500 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар 1650 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан нь нотлогддог. С.Д, Д.Лийлэн, Ч.О, Л.Дуламжав нар 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХ хоршоог хамтран байгуулсан болгож иргэд хоорондын гэрээ гэх зүйлийг байгуулж, татварын албанд бүртгүүлсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ Аж ахуй нэгжийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.3, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бөгөөд Тулга ББХХ-г татварын албанд бүртгүүлэхдээ бүрэн хариуцлагатай гишүүдийг нэг зааглаж, бүрэн бус хариуцлагатай гишүүдийг нэг зааглаж бүртгүүлж байж бүрэн хариуцлагатай хоршоогоо бүртгүүлэх ёстой байхаар тухайн үеийн хуулиар ойлгогддог байсанг зөрчсөн. Тулга хоршоог Тулга БХХ-оор бүртгүүлэх байсныг ББХХ гэж буруу нөхцөлөөр бүртгүүлсэн. Мөн Л.Дуламжав, Ч.О, Д.Лийлэн нар нь хувьцаа огт нийлүүлээгүй байхад иргэд хоорондын гэрээнд оролцуулсан нь хүчин төгөлдөр бус үйлдэл болсоныг шүүгч анхаараагүй. Н.Ц 420 ширхэг, мөн Ц.Дамиранжав 285 ширхэг хувьцаа олж өгч тусалж, хувьцааныхаа үнийг надаас авсан. 1991 оны 10 дугаар сарын 04-нд Дөл хоршоог худалдан авахад хэдэн хувьцаа оруулсан тухай нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн Дөл хоршоог худалдаж авахад С.Дийг дуудлага худалдаанд оруулахаар томилсон гэх шийдвэр, нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй болно. Аймгийн өмч хувьчлалын комисст өмч хувьчлалын ягаан тасалбарыг дуудлага худалдаанд оролцсоны дагуу хувьцаагаа тушаахад Л.Дуламжав, Ч.О, Д.Лийлэн нар нь огт оролцоогүй байгаа нь хамтарч Дөл хоршоог авсан гэсэн тайлбар нь үгүйсгэгддэг. Бүрэн хариуцлагтай гишүүн гэх Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 136/ШТ2020/00005 тоот тогтоол гарсан гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд дээр Дөл хоршоог худалдан авах үйл ажиллагаанд би оролцоогүй, Н.Ц, Д.Лийлэн нар л оролцсон гэж тайлбарласан нь өмч хувьчлалд оролцоогүй, тухайн Дөл хоршоог авах хүсэл зориггүй байсныг илтгэж байна. Тухайн хуралдааны хурлын тэмдэглэлд тодорхой байдаг. Ер нь Тулга ББХХ-г байгуулахад Дөл хоршоог 1650 ширхэг хувьцаагаар, Зоог гуанзыг 598 ширхэг хувьцаагаар бүгд 2248 ширхэг худалдаж худалдан авсан байгаа нь Тулга хоршоог байгуулсан дүрмэнд тодорхой заасан. Тулга ББХХ-ны өмчийг хуваахдаа би зөвхөн 598 ширхэг хувьцаагаар худалдан авсан Зоог гуанзыг, эргэлтийн хөрөнгийн хамт авсан. Харин У ХХК-ны дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийг Л.Дуламжав, Ч.О, Д.Лийлэн нарт олгохыг хүлээн зөвшөөрсөн. Дэлгүүрийн барилгыг зөвхөн өөрийн хүч хөрөнгөөр байгуулсан 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, бусад тоног төхөөрөмж, 62 м урттай тоосгон хашаа зэргийг эдгээр нөхдөд эзэмшүүлэхийг зөвшөөрөөгүй. Ч.О нь Тулга хоршоог байгуулсан Иргэд хоорондын гэрээнээс намайг хасуулах тухай хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоол, мөн өмч хөрөнгө хуваасан тухай бүх гишүүдийн хурлын тогтоол зэргийг бичгийн машинаар бичиж, надаар гарын үсэг зуруулах гэж ирсэн боловч би зураагүй. Яагаад гэхээр барилгын тухай асуудал хөндөгдсөн учраас зураагүй.

Нэхэмжпэгчид хувиаралсан гэх хөрөнгө хариуцагчид үлдэх гэх хөрөнгийг 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэргийн материалд байхгүй байгаа нь маргаантай байжээ гэдэг нь харагдаж байна.

Шүүгч дүгнэхдээ 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг шийдвэр гэж андуурч дүгнэсэн байна. Аливаа шийдвэр нь тогтоол, тушаалаар баталгааждаг гэдэг асуудал урьд өмнө ч өнөөдөр ч хэвээр мөрдөгдөж байгаа билээ. Гэтэл тогтоол, тушаалаар баталгаажаагүй зүйлийг шийдвэр гарсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь өмч хувьчлалын комисоос зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, дэлгүүрийн барилгыг авах, хувьцаа тушаах зэрэгт дангаараа оролцож Дөл хоршоог дуудлага худалдаагаар худалдаж авсан болох нь Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 3-ны өдрийн 180 дугаартай шийдвэрээр тогтоогдсоор байхад дээрх өмчийг хамтарч авсан гэж өрөөсгөл дүгнэлт хийжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ 1963, 1994, 2002 онуудад батлагдсан Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дурдаж, 1994 оноос хойш талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан үүсээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гол үндэс болгож хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Дөл хоршоог дуудлагын худалдаагаар худалдсан тухай протокол баримт, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бага хувьчлалын тасалбар хүлээн авсан акт бусад баримтыг үндэслэн Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг Дөл хоршоог төрөөс худалдан авсан болохыг тогтоосон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан байх бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай шийдвэр гарснаар нэхэмжпэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. Хэрвээ шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгчийн шаардах эрх үүсээгүй бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар 1994 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь үндэслэлтэй болно. Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр 2019 онд гарч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болно. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэл гаргасныг бодитойгоор шийдээгүйгээр үл барам Тулга ББХХ-ны иргэд хоорондын гэрээтэй хамааралтай Зоог гуанзыг худалдан авахад иргэдээс хувьцааг худалдаж авсан тухайг бодитойгоор тогтоох боломж байсаар байтал уг асуудалыг нэхэмжлэлд хамааралгүй гэж шүүгч үзсэн тул энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэж байж хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч У ХХК болон Ч.О нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт У ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ 500 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Дундговь аймгийн Сайнцагаан сум дах Дөл хоршоо, Зоог гуанзыг 1991 онд хувьчилж дуудлага худалдаагаар худалджээ. Уг дуудлага худалдаанд С.Д оролцон 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дөл хоршоог 1650 ширхэг ягаан тасалбараар, 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зоог гуанзыг 598 ширхэг ягаан тасалбараар тус тус худалдан авсан үйл баримт хэргийн нэгдүгээр хавтасны 14-17, 98-101 дүгээр тал дах баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дуудлага худалдааны дараа С.Д, Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар нь 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дөл ББХХоршоо, Зоог гуанзыг нийлүүлж худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Тулга ББХХоршоог байгуулж тус хоршооны дүрэм болон хоршоог хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг тус тус баталсан байна. Дээрх гэрээнд хоршооны хөрөнгө нь гишүүдээс хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгө болон хууль тогтоомжийн дагуу бүрдсэн эд хөрөнгөөс бүрдэхээс гадна хоршооны гишүүн бүр 562 000 төгрөг дүрмийн санд хувь нийлүүлэх, талууд гэрээг 3 жилийн хугацаатай байгуулах, гишүүдийн аль нэг нь цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг цааш нь үргэлжлүүлэхээр тохиролцжээ./хэргийн нэгдүгээр хавтасны 59-60 дугаар тал/

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 55-57 дугаар тал дах баримтаар С.Д нь Дөл хоршоо, Зоог гуанзыг хувьчилж авсны дараа Тулга Бүрэн бус хариуцлагатай хоршоо болгон өөрчлөн бүртгүүлэхдээ иргэн Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нарын хамт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 4 гишүүнтэй болж шинэчилсэн бүртгэлийг хийлгэхээр 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны санхүүгийн хэлтсийн татварын тасагт өргөдөл гаргаж улмаар бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Тулга ББХХоршоонд хувьчилж авсан Дөл хоршооны дэлгүүрийн барилга, Зоог гуанз, агуулах зэрэг үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө, гишүүдээс хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгө нийлүүлсэн тул 1994 оны Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хоршооны гишүүдийн дундын хөрөнгө бий болсон байна.

 

Ийнхүү хоршооны гишүүд хамтарч худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байтал 2 жилийн дараа С.Д нь 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хоршооны гишүүдэд гомдолгүй цаашид хамтран ажиллахгүйгээр тохиролцсон тул анх нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг тасалж авна гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ. /хх-65 дугаар тал/

 

Дээрх өргөдлийн дагуу тус хоршооны гишүүд 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж хоршооны гишүүдийн байгуулсан гэрээ болон дүрмийг үндэслэн үндсэн хөрөнгийг 4 хувааж С.Дэд өгөхөөс гадна бий болсон эргэлтийн хөрөнгийн 43.8 хувийг хувиарлахаар шийдвэрлэсэн болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 65 дугаар талын ар тал дах бичгийн баримт болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

 

Ийнхүү хөрөнгийг хуваахдаа С.Дэд Зоог гуанз, 250 м.кв агуулахын барилгыг оролцуулан 4 828 329 төгрөгний үндсэн ба эргэлтийн хөрөнгө өгч тэрээр Баян-Уул ББХХоршоог байгуулсан бол үлдсэн хоршооны 3 гишүүн Ч.О, Д.Лийлэн, Л.Дуламжав нар дэлгүүрийн барилгыг оролцуулан 8 951 771 төгрөгний үндсэн болон эргэлтийн хөрөнгийг авч Ундрам ББХХоршоог тус тус байгуулсан болох нь Тулга ББХХоршооны 1993 оны жилийн эцсийн тайлан баланс, Баян-Уул ББХХоршоо, Ундрам ББХХоршооны эхлэлтийн тайлан баланс зэрэг баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хэргийн нэгдүгээр хавтасны 128-130 дугаар тал/

 

Иймээс 1994 оны Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1, 178.6 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг энэ үеэс цуцлагдсан уг гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

 

Талууд зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх талаар маргажээ.

 

Иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, мэдэх ёстой байсан, эсхүл гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 1994 оны 01 дүгээр сарын 14-нд Тулга ББХХоршооноос гарсан үеэс эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан бөгөөд 26 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсвэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2019/00180 дугаартай шийдвэр гарсан үеэс эрх зөрчигдсөнийг мэдсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэх тайлбар үндэслэлгүй болно. /хх-11-13/ Учир нь, уг шийдвэрээр С.Дийг 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дөл хоршоог өмч хувьчлалын 1650 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан талаарх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоожээ. Ийнхүү шүүхийн шийдвэрээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон нь хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хууль баримтлаагүй байгааг залруулж 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. гэсний дараа 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2 728 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ