Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2025/0001

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Л..........

Хариуцагч: Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Т.А...... нарын хоорондын Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 02, 08 дугаар тогтоолууд хууль бус эсэх тухай маргааныг  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.........., хариуцагчийн төлөөлөгч Г.Н....... /онлайнаар/, гуравдагч этгээд Т.А....... /онлайнаар/, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Б.......... /онлайнаар/, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн ”Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Х.Л....... нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд давхар нэр дэвшиж, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дотор Х.Л....... хамаарч "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 дугаартай тогтоолоор аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүний дараа Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ба Х.Л. аймгийн иргэдийн.......... Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллах боломжгүй гэж үзэж, 02 дугаар тогтоолоор түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...Дээд шатны захиргааны байгууллага ...байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02, 08 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дээрх хуульд заасан хугацааны дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч тал: Завхан аймгийн Баянтэс сумын Сонгуулийн хорооны тогтоолоор 1 дүгээр тойрогт сонгогдсонд тооцогдож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох гэсэн боловч намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн гэж үзэж сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байна гэж

5. Хариуцагч тал: Нэхэмжлэгч Х.Л......... нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 дугаартай тогтоолоор батлагдсан 35 төлөөлөгчийн хавсралтын 3 дугаарт бичигдэж бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын санал авсан Т.А........г Засаг даргад уламжилсан, МАН-аас П.Х......... өрсөлдөж төлөөлөгчдийн олонхын дэмжлэг аваагүй учраас уг тогтоолууд нь хуульд нийцсэн, сумын Хурал хууль журмын дагуу хуралдсан гэж маргажээ.

6. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

Х.Л.......... нь Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Завхан аймгийн Баянтэс сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10-р сарын 17-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 1-р тойрогт сонгогдсонд тооцогдож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцох гэсэн боловч аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчиж байна гэж үзээд сумын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхийг татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь заалт нь хурлын төлөөлөгчөөр зөвшөөрөгдсөн үйлдлийн дараа буюу хурлын төлөөлөгч болсны дараа хориглох зүйл байх учир хурлын тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэж байна. 2 шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аль хурлаас татгалзах эрх нь төлөөлөгчөөр сонгогдсон хүний эрх байхаар байтал шууд бусад төлөөлөгч нар нь татгалзаж байгаа нь Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхэнд ноцтой халдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баянтэс сумын Хурлын 01 дугаартай хурлын тэмдэглэлээс харахад эхлээд Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн асуудал яригдаагүй байна. Хэлэлцсэн асуудлыг харахаар эхлээд Х.Л............гийн талаар нөгөө 20 төлөөлөгч бүрэн эрх нь зөвшөөрөгдөөгүй байж, эхний асуудлаар гар өргөөд 11 болон 9 харьцаагаар хуралдаад энэ хүнийг төлөөлөгчөөс эхлээд татгалзъя гээд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөөгүй байж татгалзуулсан байгаа. Дараа нь хурлын 20 төлөөлөгчөө хүлээн зөвшөөрүүлсэн байгаа юм. Ийм байдлаар тэмдэглэлд туссан байдаг. Өөрөөр хэлбэл төлөөлөгчийн бүрэн эрхээ эдлээгүй байж, Бужир багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг шууд дур мэдэн хассан байна. Олон хүн санал оруулаагүй, Б. гэд.......эг хүн шууд орж ирээд л санал гаргасан байна. Х.Л......... гэдэг хүн бол хоёуланд нь ажиллах ёстой гэж маргаагүй. Гэхдээ татгалзах эрхээ энэ хүн эдэлж чадаагүй байна. Зөвхөн Х.Л........гийн асуудал биш Бужир багийн иргэдийн асуудал яригдана. Өөрсдөө иргэдээс сонгогдож гарч ирчхээд Х.Л........г жагсаалтаар орсон юм уу? эсвэл хэн нэгний томилгоогоор орсон мэтээр аймгийн төлөөлөгч учир чи татгалз гэж болохгүй. Олонхын шийдвэр зөв гээд байна. Тэгвэл тэр Бужир багийн иргэдийн санал олонх биш юм уу? тэр багийн иргэдийн үзэл санааг яаж дарж чадаж байна. Энэ бол хууль зүйн хүрээнд  буруу байна гэсэн тайлбартай байна.

Түүнчлэн сумын Засаг даргад нэр дэвших эрх хаагдаж улмаар Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн 08 дугаартай сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолоор Т.А......... гэх хүнийг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь  эрхийг нь хязгаарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1, 39.1.3, 39.1.4 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн эрхийг зааж өгсөн бөгөөд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй гэж заасан байна. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргаж санал хураалт явуулж, хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр хуульчилсан байна. Гэтэл хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй нь сумын Засаг даргад өөрийгөө болон бусдын нэрийг дэвшүүлж санал хураалтад оролцуулах талаарх хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчиж, хууль ёсны эрх ашигт ноцтой халдсан байна. Сумын Засаг даргад өөрийнхөө болон бусдын нэрийг дэвшүүлж чадаагүйн улмаас санал хураалтад Т.А........, П.Х.......... нарын нэрийг дэвшүүлж, хурлын төлөөлөгчөөр тооцоогүй учир Х.Л............гийн нэрийг дэвшүүлээгүй болно.

Иймд Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн 02 дугаартай нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай, 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн 08 дугаартай сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагчийн төлөөлөгч Г.Н........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурал дээр эхлээд 20 хүнийхээ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлээд, дараа нь Х.Л............ гэдэг хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргасан. Үнэмлэхээ авсныхаа дараа түдгэлзүүлсэн байгаа

Маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай "Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай" тогтоол гарах болсон үндэслэл нь нэхэмжлэгч Х.Л............ нь Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлэн зөвшөөрөх тухай" 01 дугаартай тогтоолоор батлагдсан 35 төлөөлөгчийн хавсралтын 3-т бичигдэж бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ тухай Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өмнө түүнд мэдэгдэхэд тэрээр энэ талаар маргаагүй бөгөөд нэгэнт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2-т заасан хязгаарлалтыг зөрчсөн тул тус хуулийн 35.1.1-т заасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн дагуу түүнийг хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын санал авсан Т.А........г Засаг даргад уламжилсан байна. Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжигдсэн Т.А...........гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд МАН-аас П.Х....... өрсөлдөж иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй болно.

Иймд захиргааны акт бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн бөгөөд хуулиар олгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан шаардлага тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч С.Б............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хэдэн агуулгаар тайлбар хэлье. Захиргааны акт гарах болсон цаг хугацаа үйл баримтын тухайд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж 01 дугаартай тогтоолоор иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ хурлын тэмдэглэл байгаа, хурал дээр юу яригдсан яасан бэ? гэхээр нэр бүхий төлөөлөгчид Хурал дээр санал гаргаж Ц....., О.........., Т........ гэдэг хүмүүс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 гэсэн хязгаарлалтыг 3 төлөөлөгч зөрчөөд байна, энэ асуудлыг яах вэ? ойлголтоо нэгтгэе гэсэн асуудал яригдаж байна. Энд хууль тайлбарлах эрх хэнд ч байхгүй, төлөөлөгчдөө бол батлаад явна гэдэг саналыг гаргасан. Бусад төлөөлөгчдийн хувьд энэ ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Одоо энгэрийн тэмдэг, батламжаа гардаад авчихвал аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч болно гэж үзнэ. Ийм учраас энэ ойлголтыг нэгтгэх хэрэгтэй гэж яригдсан байдаг. Энэ асуудал нотлогдоод явсан, Х.Л.......... гэдэг хүний төлөөлөгчийн эрх батлагдсан. Тэгэхээр Х.Л........ гэдэг хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хурлаар  сонгогдсон байна. Үүний дараа Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 дугаар сарын 30-ний өдөр хуралдсан. 10 дугаар сарын 30-ний өдөр тухайн асуудлаар төлөөлөгч нар санал гаргаж, аймгийн хурал дээр эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн учир төлөөлөгчийн эрхээ эдэлсэн хүн байна, тэгэхээр аймаг дахь Хурлын төлөөлөгчөөсөө татгалзаж байна гээд ороод ирсэн бол таныг хуралдаа оролцуулах боломжтой. Энэ талаарх саналыг тавьсан боловч би хурлаар орж байж дараа нь энэ асуудлаа шийдвэрлэнэ гэх мэт маргаан болсон байдаг. Энэ дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зүйн ямар тайлбар гаргаж байгаа вэ? гэхээр Нэгжийн тухай хуулийн 35.1.1-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэх хууль эрх зүйн хувьд бүрэн боломжтой, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний хүрээнд энэ асуудлаа тавиад байна. Тухайн асуудлаар санаа шийдэлд хүрэхгүйн улмаас олонхын саналаар энэ асуудлыг иргэдийн Хурлаар шийдээд тогтоол гаргаад явсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан иргэдийн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг дуусгавар болгох эрхтэй учраас сонгогдсон бүх төлөөлөгчдийн олонхын саналаар шийдсэн байна. Хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд Х.Л....... гэдэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөөд байгаа юм бэ. Аймгийн иргэдийн Хурал цаг хугацааны хувьд 9 хоногийн өмнө явагдаад энэ хүн ажлаа авсан байна. Шүүхээр цугларсан нотлох баримтын хүрээнд 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ёс зүй, хүний эрх, хууль эрх зүйн асуудал хариуцсан хөгжлийн хорооны гишүүн болсон учраас ажлаа хийж байгаа байх. Энэ хүний эрх зүйн байдлыг яаж хөндөж, дордуулаад байгаа нь ойлгомжгүй байгаад байна. Энэ хурлын тогтоол шийдвэрлэж байгаа асуудал нь бусад төлөөлөгчийн эрх ашгийг хүндэтгээд явж байгаа ийм асуудал юм. Тэгэхээр дээрх үндэслэлээр 02 болон 08 дугаар тогтоолууд хууль эрх зүйн үндэслэлтэй тогтоол шийдвэр гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн санал дүгнэлт, тайлбартай байна гэв.

9. Гуравдагч этгээд Т.А..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын санал авсан Т.А....... намайг сумын Засаг даргад уламжилсан.Тус хурлын 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжигдсэн Т.А....... миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд МАН-аас П.Х....... өрсөлдөж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын дэмжлэг аваагүй болно. Ийнхүү 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 08 дугаартай сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол хүчин төгөлдөр болж 2 сар орчмын хугацаа өнгөрч байхад Аймгийн Засаг даргын батламжлаагүй байгаа нь нэг хүний эрх, ашгийг үүднээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдаж болохгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай нэр дэвшигчийн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолууд хууль ёсны, бодит нөхцөл байдал, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны актууд юм. 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хурлын даргын 15 тоот бичигтэй 19 хуудас бүхий материалаа 11 дүгээр сарын 04-ний өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газарт албан бичгийг өөрийн биеэр хүргэж өгсөн байгаа. Тухайн үед аймгийн Засаг дарга хот руу томилолтоор явсан гэсэн хариу өгсөн учраас аймгийн Засаг даргатай тухайн үед уулзаж чадаагүй, 2 хоног хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд 11 дүгээр сарын 06-ний өдөр буцсан байгаа.  11 дүгээр сарын 18-ны өдөр материалаа өгөөд 14 хоносны дараа хамт материал өгсөн сумууд батлагдаад ирэхээр нь аймгийн Засаг даргатай өөрийн биеэр очиж уулзсан. Тухайн үед аймгийн Засаг дарга ямар хариу өгсөн бэ? гэхээр танай төлөөлөгч шүүхэд өргөдөл, гомдол гаргасан байгаа учраас хариу өгөх боломжгүй байна. Манай сумын хурлаас 11 дүгээр сарын 15-ний өдөр албан тоот хариу бичгийнхээ хариуг авъя гэсэн бичиг өгсөн боловч мөн хариу ирээгүй. 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргаас манай Хуралд хариу ирсэн. Тэр хариу дээр анхан шатны шүүхийн шийдвэр гаргасны дараа танай хурлын тогтоол дээр Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд шийдвэр гаргах боломжтой болно гэсэн хариу өгсөн. Манай хурал 12 дугаар сарын 27-нд хуралдахдаа аймгийн Засаг даргын хариу бичигт, хариу өгье ямар хариу өгөх талаар төлөөлөгчид хуралдаад 12 хүний саналаар намайг дахин Засаг даргад уламжилсан. Аймгийн Засаг даргын албан бичиг нь хууль зүйн хүрээнд нийцэхгүй байна гэсэн хариу өгчхөөд хүлээгээд байж байна. Би Х.Л........ гээд байгаа хүний гаргаж байгаа асуудлыг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Манай сумын Хурал бол албан ёсны болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан шаардлага байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс энэхүү маргаантай холбоотой эрх ашиг нь хөндөгдөөд байна. Тухайн сум нь удирдлагагүй 3 сар явж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт иргэдийн Хурал юу хийх талаар, тухайн асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэх эрх нь хуулиар тодорхой заасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах эрх зүйн дүгнэлтээр нэхэмжлэгчийн Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай ”Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай”, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай “сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална” гэж заасны дагуу Баянтэс сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт эхлүүлэхээр товлон зарласан байна. /Хэргийн 16-р хуудсанд/

Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, төлөөлөгч М.Б.......... хуралдааныг даргалж явуулжээ.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

Уг эрхийн хүрээнд Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан /цаашид “Хурлын анхдугаар хуралдаан” гэх/ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, нийт 21 төлөөлөгчөөс 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, нийт есөн асуудал хэлэлцэн тухайн асуудлуудаар тогтоолуудыг батлан гаргаж, Хурлын даргаас баталгаажуулжээ. /Хэргийн 5-13-р хуудсанд/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрсдийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байж Х.Л.......ийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь хууль бус гэж маргах бөгөөд Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан тогтоолуудаас харахад 01 дүгээр тогтоолоор 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 02 дугаар тогтоолоор Х.Л.........гийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 5. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь зөвхөн 02, 08 дугаар тогтоолуудын талаар маргаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” тул шүүх дээрх 02, 08 тогтоолуудын тухайд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд тус тус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн маргаагүй бусад тогтоолуудын тухайд дүгнэлт хийгээгүй болно.

6. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Л.......г аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын санал буюу 55 хувийн саналаар сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан байна. /Хэргийн 6-р хуудсанд/

7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж, 28 дугаар зүйлийн 28.6-д “Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл нэр дэвшигч нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид давхар нэр дэвшиж болохоор зохицуулжээ.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 40.1.2-д “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллахыг хориглож, энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

9. Нэхэмжлэгч Х.Л.............нь Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, Баянтэс сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор /хэргийн 14, 15-р хуудас/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт  нэр дэвшин, сонгогдож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор /хэргийн 77, 78-р хуудас/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, тус Хурлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ёс зүй, хүний эрх, хууль эрх зүйн асуудал хариуцсан хөгжлийн хороонд ажиллахаар томилогдсон байна. /хэргийн 84-86-р хуудсанд/

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхлэх бөгөөд тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байна.

11. Нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллахаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцож, дээрх эрх үүргээ хэрэгжүүлж ажилласан болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллах боломжгүй юм.

12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу нэр дэвшигч нь аймаг, сумын Хурлын төлөөлөгчид давхар нэр дэвшиж болох хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг нэгэнт хориглосон байх тул Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

13. Нэхэмжлэгч нь сумын сонгуулийн хорооны тогтоолоор намайг сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тул сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсний дараа би аль нэг Хурлын төлөөлөгчөөс татгалзах байсан гэх тайлбарыг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн тухайд нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, аймгийн иргэдийн Хурлын хуралдаанд оролцож, эрх үүргээ хэрэгжүүлсэн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагаваргүй, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн ч сумын Хурлын хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

14. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно”, 41.1.6-д “энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн”, 41.2-д “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн … 41.1.6 …-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулснаас үзвэл төлөөлөгч нь өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч  байх тохиолдолд дээрх зохицуулалтын дагуу түүний бүрэн эрх хэрэгжихгүй бөгөөд огцруулах асуудлыг Хурлаар хэлэлцэж шийдвэрлэх эрх нь нэгэнт олгогдсон байна гэж үзнэ.

15. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Дээрх тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

16. “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 20 төлөөлөгчдийн 55 хувь буюу 11 хүний санал авсан Т.А..........г сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан байна. /Хэргийн 12 дугаар хуудсанд/

17. Нэхэмжлэгчээс 2 шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аль хурлаас татгалзах эрх нь төлөөлөгчөөр сонгогдсон хүний эрх байхаар байтал шууд бусад төлөөлөгч нар нь татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй нь сумын Засаг даргад өөрийгөө болон бусдын нэрийг дэвшүүлж санал хураалтад оролцуулах талаарх хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчиж миний хууль ёсны эрх ашигт ноцтой халдсан” гэх тайлбартайгаа зөрчилдсөн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, сумын Засаг даргад өөрийнхөө болон бусдын нэрийг дэвшүүлэх ёстой байтал миний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй нь буруу гэж үзэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн шинжтэй байна.

18. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хэрэгжиж эхлэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх, Хурлаар хэлэлцэж байгаа бусад асуудалд саналын эрхтэй оролцож төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэх энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт зөрчигдөхөөр байна.

19. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.4-д “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал … нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасны дагуу Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд 20 төлөөлөгч оролцож, Монгол Ардын намаас П.Х........, Ардчилсан намаас Т.А........... нарын нэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, 20 төлөөлөгчөөс 11 төлөөлөгчийн санал авснаар Т.А......г сумын Засаг даргад уламжилахаар тогтсон байна. /Хэргийн 19-р хуудасны ар тал/

20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн …олонхын саналаар батална” гэж зааснаар Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 08 дугаар тогтоолыг олонхын саналаар баталж, аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг даргад өөрийгөө нэр дэвшүүлж санал хураалтад оролцуулах талаарх хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчиж миний хууль ёсны эрх ашигт ноцтой халдсан” гэх тайлбарын дагуу тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 21. Ийнхүү Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас 02, 08 дугаар тогтоолуудыг гаргах ажиллагаа хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул тэдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ”Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Х.Л.............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АМАРЗАЯА