2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00393

 

2025 01 20 192/ШШ2025/00393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* 2, энгельс гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Олгонууд овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагва-Очир, гэрч З.Мөнхдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь 1987.10.05-ны өдрөөс Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын Хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад лаборантаар ажилласан. Уг газар 2 жил ажилласан, хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байна. Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын Хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад ажилд орсон тушаал болон шагнаж, урамшуулж байсан тушаалаас өөр баримт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах насанд хүрэхэд ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1987.10.05-ны өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын Хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад лаборантаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.09.25-ны өдрийн итгэмжлэл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2024.06.20-ны өдрийн 499 дугаар лавлагаа, БНМАУ Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990.03.14-ний өдрийн Шагнах тухай 36 дугаар тушаал, хавсралт, 1987.10.08-ны өдрийн БНМАУ Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 185 дугаар Ажилд томилох тухай тушаал, З.Мөнхдалай, Н.Чулуунхүү нарын бичгээр гаргасан тодорхойлолт, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь 1987.10.05-ны өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 3, 11 дүгээр тал/

4. Ж.******* нь 1987.10.05-ны өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад лаборантаар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990.03.14-ний өдрийн Шагнах тухай 36 дугаар тушаал, түүний хавсралт, 1987.10.08-ны өдрийн БНМАУ-ын Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 185 дугаар Ажилд томилох тухай тушаал, З.Мөнхдалай, Н.Чулуунхүү нарын бичгээр гаргасан тодорхойлолт, З.Мөнхдалайгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6-10 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олгонууд овогт ******* ******* /рд:*******/-ийг 1987.10.05-ны өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу Техникчдийн станцад лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН