2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00396

 

2025 01 20 192/ШШ2025/00396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, 4 хороолол хасбаатар гудамж, ******* байр, 1 тоот хаягт оршин суух, Боржигин овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, гэрч И.Болдбаатар, Г.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989.09.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Монгол электрон фирм /Монел фирм/-д зохион бүтээгч инженер, программистаар, Монтел ББХК-д 1992.01.01-ний өдрөөс 1995.01.15-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 336688 тоот хөдөлмөрийн дэвтэрт дээр дээрх байгууллагад ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа хэдий ч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газраас шаардсаны дагуу Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архиваас дээрх байгууллагуудад ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын лавлагаа хүсэхэд архивын сан хөмрөгт Монел фирм болон Монтел ББХК-ийн баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр дээрх байгууллагуудад ажилласан миний 5 жил 3 сар хасагдахад хүрээд байна. Иймд намайг 1989.09.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Монел фирмд зохион бүтээгч инженер болон программистаар, 1992.01.01-ний өдрөөс 1995.01.15-ны өдрийг хүртэл Монтел ББХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******, И.Болдбаатар, Г.Алтансүх, А.Ганхуяг нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, И.Болдбаатар, Г.Алтансүх, А.Ганхуяг нарын бичгээр гаргасан тодорхойлолт, Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь 1989.09.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Монгол электрон фирм-д зохион бүтээгч инженер, программистаар, 1992.01.01-ний өдрөөс 1995.01.15-ны өдрийг хүртэл Монтел ХК-д ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4, 16 дугаар тал/

4. Д.******* нь 1989.09.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Монгол электрон фирм-д зохион бүтээгч инженер, программистаар, 1992.01.01-ний өдрөөс 1995.01.15-ны өдрийг хүртэл Монтел ХК-д ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан болох нь Д.*******гийн №336688 дугаар хөдөлмөрийн дэвтэрт 05-д 1989.09.01-нд шинээр байгуулагдсан Монгол электрон фирмд зохион бүтээгч инженерээр авч ажиллуулав, 06-д 1991.12.31-нд Монел эрдэм шинжилгээний ахлах программистын үүрэгт ажлаас чөлөөлөв, 07-д 1992.01.01-нд Монтел компанийн ерөнхий инженерээр авч ажиллуулав, 08-д 1995.01.15-нд Монтел компанийн ерөнхий инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд, И.Болдбаатар, Г.Алтансүх, А.Ганхуяг нарын бичгээр гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч И.Болдбаатар, Г.Алтансүх нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, фото зураг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-15 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт ******* ******* /рд:*******/-г 1989.09.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Монгол электрон фирм-д зохион бүтээгч инженер, программистаар, 1992.01.01-ний өдрөөс 1995.01.15-ны өдрийг хүртэл Монтел ХК-д ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН