Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох 1706038560120 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их засаг олон улсын их сургуулийн Дурслэх урлаг дизайнер технологийн сургуулийн архитекторын 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул, 5 дугаар баг, Өлзийтийн 5 дугаар гудамжны 4-1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Р овогт Б  Б

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь иргэн Б.Бат-Эрдэнийн 5041390686 дугаартай данс руу шилжүүлэх 400.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Хаан” банкны АТМ-ээр өөрийн 5381054794 дугаартай дансаар шилжүүлсэн боловч уг мөнгө нь 5041390686 дугаартай дансанд ороогүй, Б.Б нь 400.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цагаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын Хаан банкны экспресс банкны АТМ-ээс 5041390686 тоот дансанд 400.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байсан учраас АТМ-д үйлчлүүлж байсан үл таних 20 орчим насны залуугаас гуйж байгаад бэлэн 400.000 төгрөгийг тэр залуугийн картанд шилжүүлсэн. Ингээд шилжүүлсэн 400.000 төгрөгөө 5041390686 тоот данс руу АТМ-ээр шилжүүлүүлсэн, тэр залуу надад хэлэхдээ мөнгө чинь орчихсон гэж хэлсэн. Тэгээд дансны эзэн Аззаяа руу утсаар залгаад мөнгө чинь орсон уу? сая хүний картаар мөнгө хийлгэсэн гэсэн. Аззаяа миний Мобайль банк ажиллахгүй байгаа, чи шилжүүлж байгаа юм чинь орсон байлгүй дээ гэсэн, данс руу нь мөнгө орсон эсэхээ шалгаагүй байсан. Тэгээд тэр өдөртөө хөдөө ажлаар явчихаад 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгсэн Аззаяа над руу залгаад над руу шилжүүлсэн мөнгө чинь миний данс руу ороогүй байна, чи наад шилжүүлсэн мөнгөө дахин лавлаад өгөөч гэж хэлсэн тэгээд шилжүүлсэн газрын Хаан банкин дээр ирээд шалгуулах гэсэн чинь цагдаагийн бичиг шаардлагатай гээд өгөөгүй ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн: “... Би Батмөнхийн Билэгдэлгэрийн төрсөн эгч нь байгаа юм. Б.Б нь 1996 оны 12 дугаар сарын 21-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн, доороо 2 эмэгтэй дүүтэй. Б.Б нь Дорнод аймгийн 1-р сургуулийг 2014 онд төгссөн. Б.Б нь одоо эхнэр хүүхэдгүй, Их засаг их сургуулийн 4-р курсийн оюутан, сургуульдаа нэр хүндтэй, морин хуур тоглодог, дуулдаг, хөгжим тоглодог, зун урагшаа Хөх хотод урилгаар явж ажиллаж өөрөө сургалтын төлбөрөө хийж байсан. Б.Б нь 2017 оны сургуулийнхаа шинэ жилээр Их засаг алдрын одон гэх хамгийн том шагналыг нь авсан. Одоогоор Б.Б нь сургуулийнхаа ойролцоо нийтийн байр түрээслэн амьдарч байгаа. Манай ээж аав Дорноговь аймгийн төвд хоёр дүүтэй маань амьдардаг...” гэх мэдүүлэг /хх.41/,

Мөрдөн байцаалтад Б.Бийн гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь баригдаж байгаа шинэ байрны доод талын Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд очсон тэгсэн намхан биетэй залуу мөнгө шилжүүлээд өгөөч, надад карт байхгүй байна, чиний карт руу хийгээд буцаагаад ондоо хүний данс руу явуулья гэсэн, тэгээд би зөвшөөрөөд тэр залуу бэлнээр надад 400.000 төгрөг өгөөд өөрийнхөө данс руу уг мөнгийг хийсэн. Тэгээд тэр залуугаас явуулах хүнийнхээ дансны дугаар болон овог нэрийг нь аваад 400.000 төгрөгийг хийсэн чинь гүйлгээ амжилттай хийгдсэн гэсэн АТМ-ны дэлгэцэн дээр нь гарсан, тэгээд би тэр залууд гүйлгээ амжилттай хийгдсэн гэсэн бичгийг нь харуулаад би явсан. Түүнээс нэлээн хэд хоногийн дараа АТМ-ээс мөнгө авах гээд очсон чинь дансанд 400.000 төгрөг байсан, тэгээд мөнгө нь ороогүй гэдгийг нь мэдсэн. Тухайн залуугийн овог нэр утасны дугаарыг нь мэдэхгүй учраас картандаа хадгалж байгаад бага багаар хэрэглээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх.15/,

Эд мөрийн баримт сиди  нэг ширхэг /хх.07/,

“Хаан” банкны зарлага болон мөнгөн шилжүүлгийн баримт /хх.8-9/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.42/,

“Хаан” банкны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29/188 дугаартай албан бичиг /хх.19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь Б.Бат-Эрдэнийн 5041390686 дугаартай данс руу шилжүүлэх 400.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Хаан банк”-ны АТМ-ээр өөрийн 5381054794 дугаартай дансаар шилжүүлсэн боловч уг мөнгө нь 5041390686 дугаартай дансанд ороогүй байтал 400.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Эрдэний өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цагаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Асайт” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын Хаан банкны экспресс банкны АТМ-ээс 5041390686 тоот дансанд 400000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байсан учраас АТМ-д үйлчлүүлж байсан үл таних 20 орчим насны залуугаас гуйж байгаад бэлэн 400000 төгрөгийг тэр залуугийн картанд шилжүүлсэн. Ингээд шилжүүлсэн 400000 төгрөгөө 5041390686 тоот данс руу АТМ-ээр шилжүүлүүлсэн тэр залуу надад хэлэхдээ мөнгө чинь орчихсон гэж хэлсэн. Тэгээд дансны эзэн Аззаяа руу утсаар залгаад мөнгө чинь орсон уу? сая хүний картаар мөнгө хийлгэсэн гэсэн. Аззаяа миний Мобайль банк ажиллахгүй байгаа чи шилжүүлж байгаа юм чинь орсон байлгүй дээ гэсэн данс руу нь мөнгө орсон эсэхээ шалгаагүй байсан. Тэгээд тэр өдөртөө хөдөө ажлаар явчихаад 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгсэн Аззаяа над руу залгаад над руу шилжүүлсэн мөнгө чинь миний данс руу ороогүй байна, чи наад шилжүүлсэн мөнгөө дахиад лавлаад үзээд өгөөч гэж хэлсэн тэгээд шилжүүлсэн газрын Хаан банкин дээр ирээд шалгуулах гэсэн чинь цагдаагийн бичиг шаардлагатай гээд өгөөгүй ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөн байцаалтад Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх.40/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Б.Бийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Б.Бт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавттаст хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Р овогт Б Б “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бт мэдэгдсүгэй.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавттаст хэрэгт нь үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР