| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0172/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Сод холбогдох 1806000140147 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1957 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын … дүгээр сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 65 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О С
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.С нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дүгээр сургуулийн 10в ангид хичээл зааж байхдаа насанд хүрээгүй Г.Б хичээл дээр анхааралтай суусангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Сын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Билгүүний өгсөн: “... Би монитагийнхаа бэлгийг өгөх гээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед 84-р сургууль дээр очиж, хуучин ангидаа орсон, намайг орж байхад математикийн хичээл орж байсан, ангид ороод 2 дугаар салааны хамгийн хойд талын арын ширээн дээр очиж суусан, зааж байсан хичээлийг өмнө нь мэддэг байсан болохоор анхаарал тавиагүй зураг зураад сууж байсан. Зураг зураад сууж байхад багш О.С ирсэн, тэгээд миний заасан хичээлийг чи тэмдэглээгүй байна гээд нүүр лүү баруун гараараа 2-3 удаа цохисон, миний нэрийг асуугаад оноо хасна гээд өөрийнхөө журнал руу очсон, очихоор нь би энэ сургуулийнх бишээ гэсэн, гэтэл багш О.С намайг өөр сургуулийн хүүхдүүд доромжилдог болжээ гээд буцаж ирээд зодож эхэлсэн. Буцаж цохиод байсан, хамгаалахаар нөгөө тал руу цохиод байсан. Энэ үед манай ангийнхан зугатаад гар гээд байсан. Хана руу шахаад цохиж байхдаа ханатай толгой хавсарч цохисон, тэгээд цохиж байгаад буцаж яваад загнаж байснаа ширээн дээрээ юмаа хурааж аваад гараад явсан. Би нүдний шил, цагаа янзлаад байж байтал өмнөх анги удирдсан багш Б.Нямлхагва орж ирээд юу болсоныг асуусан, гэр лүүгээ харих гээд явж байхад, багш Б.Нямлхагва ээж Ж.Болормаа руу утасдаж хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн байцаалтад О.Сын гэрчээр өгсөн: “... Би нийслэлийн 84 дүгээр сургуульд математикийн багш ажилтай бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 15 минутаас 13 цаг 15 минутын хооронд тус сургуулийн 10 В ангид хичээл орсон юм. Тэгтэл миний хичээл дээр энэ ангид урьд нь сурч байсан, одоо сурахгүй байгаа Г.Билгүүн гэж хүүхэд суучихсан, хичээл хийж байгаа хүүхдүүдтэй юм яриад байсан юм. Тэгэхээр нь би чөлөөтэй байж байгаад ирсэн юм уу, хаашаа юм бэ? хүн хэлж байхад ойлгохгүй байна, мал шиг зан гаргаад байвал би ч бас мал шиг байж болно шүү, мод чулуу гаргах юм уу яах юм бэ? гэж уурлаад эцэг эхээ авчир гэж хэлсэн ба дахиад хичээлээ зааж байсан чинь үймүүлээд байсан юм. Тэгэхээр нь би уурлаад чи 60 гарсан настай хүнийг элэг барилаа. Чамайг өвтгөж чадахгүй гэж бодоогүй юу, би ч бас өвтгөж чадна гэж хэлээд уурандаа тэр хүүхдийг цохисон юм. Мөн чи зөвшөөрөлгүй орж ирчихээд, зүгээр сууж болно шүү дээ гэж хэлсэн. Тэр хүүхдийг зодсон бол бол миний буруу …” гэх мэдүүлэг /хх.42/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 542 дугаартай:
“1. Г.Билгүүний биед дээд уруулд шарх, баруун 2,3, 4-р хуруу, зүүн бугуй, зүүн сарвуунд зулгаралт, духанд цус хуралт, дух, зүүн чихний ард зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.С нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дүгээр сургуулийн 10в ангид хичээл зааж байхдаа насанд хүрээгүй Г.Билгүүнийг хичээл дээр анхааралтай суусангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Билгүүний өгсөн: “... Зураг зураад сууж байхад багш О.С ирсэн, тэгээд миний заасан хичээлийг чи тэмдэглээгүй байна гээд нүүр лүү баруун гараараа 2-3 удаа цохисон, миний нэрийг асуугаад оноо хасна гээд өөрийнхөө журнал руу очсон, очихоор нь би энэ сургуулийнх бишээ гэсэн, гэтэл багш О.С намайг өөр сургуулийн хүүхдүүд доромжилдог болжээ гээд буцаж ирээд зодож эхэлсэн. Буцаж цохиод байсан, хамгаалахаар нөгөө тал руу цохиод байсан. Энэ үед манай ангийнхан зугатаад гар гээд байсан. Хана руу шахаад цохиж байхдаа ханатай толгой хавсарч цохисон, тэгээд цохиж байгаад буцаж яваад загнаж байснаа ширээн дээрээ юмаа хурааж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн байцаалтад О.Сын яллагдагчаар өгсөн: “... Тэр хүүхдийг зодсон бол бол миний буруу …” гэх мэдүүлэг /хх.42/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 542 дугаартай дүгнэлт /хх.23/,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт О.Сод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд О.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Сын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа О.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
О.Сод ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Сод оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Болормаа нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Сод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Сод мэдэгдсүгэй.
5. О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Болормаа нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Сод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР