| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2024/0024/З |
| Дугаар | 122/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 122/ШШ2025/0002
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Очоос, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Амартүвшингийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0250421 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч А.Очийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа шүүхэд ирүүлсэн гомдолдоо: А.Оч миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Лаг” гэдэг газарт “Чин берри” ХХК-ийн хадлан дээр 2023.08.01-ээс 2023.10.16-ны өдрийг хүртэл 2 сар ажиллах хугацаанд 2023.09.24-ний өдөр хоолны газрын будаа агшаагчид богино холболт үүссэнээс гал гарч улмаар компанийн хадлан хадаж буй гэрээт талбайн өвс шатсан түймэр гарсан болно.
Гал түймрийг унтраасны дараа болон биднийг ажиллах хугацаанд аймаг сумын эрх бүхий байгууллагаас ажлын талбар, гал тогооны газарт ямар нэгэн үзлэг шалгалт хийгээгүй, акт дүгнэлт гараагүй, надаас асууж мэдүүлэг аваагүй, ямар нэгэн торгууль, төлбөр надад оногдуулаагүй болно.
Гэтэл 2024.10.25-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэлийн газраас намайг дуудаж гал түймрийн торгууль төлбөрийг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Б.Амартүвшингийн 2023.11.11-ний өдрийн 0250421 дугаар бүхий шийтгэлийн хуудас, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяагийн 2024.08.29-ний өдрийн 122/Ш32024/0106 тоот захирамж, 122/ГХ2024/033 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн надаар төлүүлж шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх болсныг хэлсэн юм.
Гал түймрийн улмаас торгууль, төлбөр тавигдсаныг мэдэж байсан бөгөөд хуульд заасны дагуу гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч хохирлыг төлж, гэрээт талбайнхаа өвсийг шатааж хадлангаа бүрэн авч чадаагүй давхар давхар хохирч байна гэж бодож байсан.
Өнгөрсөн хугацаанд ч байгууллага 3 удаа төлбөр хийсэн, 2024 оны 11 дүгээр сард 20,0 сая төгрөгийг “Чин берри” ХХК-аас Шийдвэр гүйцэтгэлийн газарт мөн төлсөн.
Харин надад шийтгэл оногдуулж, торгууль төлбөр тавьсныг урьд нь мэдээгүй, улсын байцаагч шийтгэл оногдуулж шийтгэх хуудас өгөөгүй, би гарын үсэг зураагүй. Энэ шийтгэлийн хуудсыг 2024.10.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 151-р тойргийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт анх удаа олж үзсэн.
Надтай нэг ч удаа уулзаж асууж шалгаагүй атлаа торгууль оногдуулж, хохирол бүрэн төлүүлэхээр шийтгэх хуудас хуурамчаар үйлдсэн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Амартүвшингийн 2023.11.11-ний өдрийн 0250421 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Очийн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан гаргасан гомдлыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024.12.18-ны өдөр гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн А.Очтой холбоотой хэргийн талаарх тайлбарыг Нийслэлийн Онцгой байдлын газрын гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Амартүвшингээс бичгээр авсан бөгөөд түүний гаргасан тайлбарыг үндэслэн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0250421 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход хариуцагч талаас татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Очоос Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Амартүвшингийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0250421 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0250421 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах оролцогчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Очоос, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Амартүвшингийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0250421 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Очид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД