Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин,

Улсын яллагч Д.Цолмон,

Хохирогч Я.Долгорсүрэн,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  С.Эд холбогдох 1706037700151 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 07 дугаар сарын 31-ний өдөр  төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Онцгой байдлын 14 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороо Хувьсгалчдын 11 дүгээр гудамжны 57 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй,  Ц овогт С Э,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкын автобусны буудлын орчимд Я.Долгорсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн: “..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Долгорсүрэнгийн өгсөн: “...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Долгорсүрэнгийн өгсөн: “... би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөөний 06 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е март худалдааны төвийн хойд талын зам дээрээс өөрийн найзууд болох Мандуул, Үүрийнтуяа болон түүний найз залуу болох Наранжаргал нарын хамт дөрвүүлээ такси бариад 01-80 УНЭ улсын дугаартай автомашинд суусан. Тэгээд тэндээсээ Сансарын колонкын тийшээ явсан. Бид нар явж байх замдаа эхлээд намайг хүргэж өгөхөөр болсон. Тэгэхээр нь би өөрөө буугаад явчихья гэж хэлээд таксины жолоочийг зогсчих гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч зогсохгүй яваад байсан. Тэгэхээр нь би жоохон уурласан маягтай, зогссонгүй гэж хэлсэн чинь уг таксины жолооч зогссон бөгөөд би автомашинаас нь буух үед хаалгыг нь жоохон хүчтэй савсан юм шиг байна лээ. Тэгээд намайг автомашинаас нь бууж амжаагүй байсан чинь уг автомашины жолооч миний хажуу талаас баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед нь цохиулсанаас болоод юу болоод байгааг ойлгоогүй, миний нүдэнд гал бадраад л явчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Наранжаргалын өгсөн: “… Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөөний үүрээр 05 цаг өнгөрч байхад өөрийн эхнэр болох Б.Үүрийнтуяаг авах гээд Урт цагаан дээр очсон юм. Тэнд намайг очиход манай эхнэрийн ажлын газрын 2 эмэгтэй хамт байсан. Тэгээд тэндээсээ бид 4 такси бариад Сансарын түнель рүү явж байгаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е март” худалдааны төвийн хойд талын зам дээр эхнэрийн ажлын хүн болох н.Мандуул эгч бөөлжих гээд байна гэхээр нь бид нар зогсоод уг таксинаасаа буусан юм. Тэгээд тэр такси хөдлөөд явсан. Улмаар Мандуул эгчийг бөөлжиж дууссаны дараа бид нар нэг таксинд гар өргөж суусан. Тэгэхдээ эхнэрийн ажлын эгч болох н.Долгорсүрэн гэж хүн уг таксины урд талын суудал дээр  жолоочийн хажуу талд суусан. Харин бид 3 болохоор ард нь суугаад явсан. Бид нар эхлээд Долгорсүрэн эгчийг Зайсанд байдаг гэрлүү нь хүргэж өгөх гэж байсан юм. Тэгсэн чинь Долгорсүрэн эгч би гэртээ харихгүй ээ, Мандуулын гэрт очиж хононо гэж хэлэхээр нь Мандуул эгчийн гэр лүү явсан, тэдний гэр Хом плазагийн тэнд байдаг юм. Ингээд бид нар суусан такситайгаа Сансарын колонк руу  хойшоогоо эргээд явсан. Явж байх замдаа таксинд дотор Мандуул эгч Долгорсүрэн эгч хоёр хоорондоо юм ярьсан юм. Тэгсэнээ Долгорсүрэн эгч би бууя гэж хэлсэн. Тэгсэн чинь таксины жолооч зогсоогүй бөгөөд Долгосүрэн эгч дахиад зогсооч гэж хэлэхэд уг таксины жолооч зогссон. Ингээд Долгорсүрэн эгч таксины хаалгыг хүчтэй түлхээд савчихсан юм. Тэгтэл жолооч нь юу ч яриагүй шууд л Долгорсүрэн эгчийн баруун нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Үүрийнтуяагийн өгсөн: “… Би 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажлынхантайгаа шинэ жил тэмдэглэсэн юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөөний үүрээр 05 цаг өнгөрч байхад манай нөхөр болох Т.Наранжаргал Урт цагаан дээрээс намайг авсан. Тэр үед манай ажлын газрын эгч нар болох Мандуул, Долгорсүрэн нар хамт такси бариад явсан юм. Тэгсэн замд явж байгаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е март” худалдааны төвийн хойд талын зам дээр Мандуул эгч бөөлжих  гээд байна гэхээр нь бид нар зогсоод уг таксинаасаа буусан юм. Тэгээд тэр такси хөдлөөд явсан. Улмаар Мандуул эгчийг бөөлжиж дууссаны дараа бид нар өөр таксинд гар өргөж суусан. Уг таксинд суухад Долгорсүрэн эгч урд талын суудал  дээр буюу жолоочийн хажуу талд суусан. Харин бид 3 болохоор ард нь сууж явсан. Бид нар эхлээд Долгорсүрэн эгчийг Зайсанд байдаг гэр рүү нь хүргэж өгөх гэж байсан юм. Тэгсэн чинь Долгорсүрэн эгч би гэртээ харихгүй ээ, Мандуулын гэрт очиж хононо гэж хэлээд Долгорсүрэн, тэр 2 хоорондоо юм ярьж байсан. Тэгсэнээ Долгорсүрэн эгч би өөрөө такси бариад харьчихья, жолоочоо зогс гэж хэлсэн. Гэвч жолооч нь эхлээд хэлэхэд нь зогсоогүй юм. Тэгсэн чинь Долгорсүрэн эгч зогсооч гээд орилсон чинь тэр жолооч зогссон бөгөөд Долгорсүрэн эгч хаалгыг нь онгойлгохдоо савчихсан юм. Тэгсэн чинь жолооч нь шууд Долгорсүрэн эгчийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед Долгорсүрэн эгч орилж автомашинаас нь буугаад урд талд нь гарч зогссон бөгөөд нөгөө автомашины жолооч хөдлөх гээд байхаар нь Долгорсүрэн эгч гэрэлийг нь хөлөөрөө цохиод хагалчихсан юм” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 11-ны өдрийн 15132 дугаартай дүгнэлтэд:

“1. Я.Долгорсүрэнгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдер Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын шатахуун түгээх газрын дэргэдэх автобусны буудлын орчимд Я.Долгорсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Долгорсүрэнгийн өгсөн: “... Тэгэхээр нь би өөрөө буугаад явчихья гэж хэлээд таксины жолоочийг зогсчих гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч зогсохгүй яваад байсан. Тэгэхээр нь би жоохон уурласан маягтай, зогссохгүй гэж хэлсэн чинь уг таксины жолооч зогссон бөгөөд би автомашинаас нь буух үед хаалгыг нь жоохон хүчтэй савсан юм шиг байна лээ. Тэгээд намайг автомашинаас нь бууж амжаагүй байсан чинь уг автомашины жолооч миний хажуу талаас баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед нь цорхиулснаас болоод юу болоод байгааг ойлгоогүй, миний нүдэнд гал бадраад л явчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Наранжаргалын өгсөн: “… Тэгсэнээ Долгорсүрэн эгч би бууя гэж хэлсэн. Тэгсэн чинь таксины жолооч зогсоогүй бөгөөд Долгорсүрэн эгч дахиад зогсооч гэж хэлэхэд уг таксины жолооч зогссон. Ингээд Долгорсүрэн эгч таксины хаалгыг хүчтэй түлхээд савчихсан юм. Тэгтэл жолооч нь юу ч яриагүй шууд л Долгорсүрэн эгчийн баруун нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Үүрийнтуяагийн өгсөн: “… Тэгсэнээ Долгорсүрэн эгч би өөрөө такси бариад харьчихья, жолоочоо зогс гэж хэлсэн. Гэвч жолооч нь эхлээд хэлэхэд нь зогсоогүй юм. Тэгсэн чинь Долгорсүрэн эгч зогсооч гээд орилсон чинь тэр жолооч зогссон бөгөөд Долгорсүрэн эгч хаалгыг нь онгойлгохдоо савчихсан юм. Тэгсэн чинь жолооч нь шууд Долгорсүрэн эгчийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед Долгорсүрэн эгч орилж автомашинаас нь буугаад урд талд нь гарч зогссон бөгөөд нөгөө автомашины жолооч хөдлөх гээд байхаар нь Долгорсүрэн эгч гэрэлийг нь хөлөөрөө цохиод хагалчихсан юм” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 11-ны өдрийн 15132 дугаартай дүгнэлт /хх.16/,

Шүүгдэгч С.Эийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд С.Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Долгорсүрэн нь эмчилгээний зардалд 303.900 төгрөг, толгой бариулсан төлбөрт 200.000 төгрөг, нийт 503.900 төгрөг нэхэмжилсэн боловч С.Э нь 305.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд толгой бариулсан гэх төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа С.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

С.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Эд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Ц овгийн С Э “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Эд мэдэгдсүгэй.

5. Хохирогч Я.Долгорсүрэн нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох С.Эөөс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР