Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 122/ШШ2025/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК, РД:*******

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Бат-Очир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сагсай, өмгөөлөгч Г.Батцэцэг нар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжаар Эрдэнэцагаан сумын ******* боомтод 10 га талбай бүхий газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай “*******” ХХК-д эзэмшүүлсэн.

1.2. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 дугаар захирамжаар  Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй тул тус сумын 1 дүгээр багийн нутаг ******* боомтод байрлалтай “*******” ХХК-д өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн  2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.3. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргад холбогдуулан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:                        

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа “*******” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000304074 дугаартай гэрчилгээтэй, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Уг компани нь авто машинаар ачаа тээвэрлэх, бөөний худалдаа, автомашин засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, геологийн суурь судалгаа, зөвлөгөө, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй.

Тус компаниас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ******* боомтод бүс нутагт хадлан бэлтгэх, бэлтгэсэн хадлан болон экспортод гаргах өвс ургамлыг ариутгах зорилгоор өвсний экспортын зориулалтаар терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах төсөл боловсруулж ажиллаж байна. Уг төслийн хэрэгцээнд ариутгалын байгууламж барих, нөөц өвс хадгалах агуулах барихад шаардагдах 10 га газрыг ******* боомтод олгож бидний ажилд туслахыг хүсэж 2023 онд тус сумын Засаг даргад албан ёсоор хүсэлт гаргасан юм.

Компаниас гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарч, уг тогтоолыг үндэслэн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Эрдэнэчулуун 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамж гаргаж, тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 10 га газрыг өвсний экспортын зориулалтаар терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зорилгоор “*******” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай захирамж гаргасан юм.

Дээрх захирамжийн дагуу тус олгогдсон газарт манай компани төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж, хөрөнгө оруулалт оруулсан байсан юм. Үүнд: Өвс тэжээлийг өндөр температурт, өндөр даралтаар халдваргүйжүүлэх зориулалт бүхий лаборатори, Өндөр даралтын уурыг сэнсээр хуйлруулан ариутгах байгууламж 25.5м*30.5м хэмжээ бүхий 600 м.кв сэндвичин барилга, 20 метрийн урт 150 тонн ачаа даах Авто пүү /жин/, өвс ачиж буулгах машин
техникүүд /6 ширхэг 25 маркийн ковш/, 6 метрийн өргөнтэй, 15 метрийн урттай 90
м.кв талбай бүхий ажилчдын амрах байр, гал тогоо, 5м*3м хэмжээ бүхий 15 м.кв
талбай бүхий гал командын байр, 14м*4м хэмжээ бүхий 56 м.кв талбай бүхий 2
оффисын байр, 6м*4м хэмжээ бүхий 24 м.кв талбай бүхий 1 оффисын байр,
6м*3м хэмжээ бүхий 18 м.кв талбай бүхий харуулын байр, 80000 м.кв /8 га/ газарт
төмөр хашаа, 6 км газраас эрчим хүчний эх үүсвэрийг татаж дэд бүтэц бий
болгосон, нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн болно.

“*******” ХХК-д 10 га газар олгосон сумын засаг даргын захирамж
гарсны дараа газрын цахим систем, газар ашиглах гэрээ хийх, газрын гэрчилгээ
олгох ажлыг улсын хэмжээнд зогсоосон Засгийн газрын шийдвэр гарсан гэж сумын
засаг даргын тамгын газраас манай компанитай газар ашиглах гэрээ хийж, газрын
гэрчилгээ бичиж олгоогүй байсан юм.

Гэтэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар “*******”
ХХК-д 10 га газар эзэмшүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

Манайд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь “газрын
цахим системээр шийдвэрлэгдээгүй тул” гэсэн ганцхан үндэслэл зааж хүчингүй
болгожээ.

“*******” ХХК-д олгосон газрыг цахим системд бүртгэх нь Засаг дарга,
түүний тамгын газар, газрын даамлын эрх, үүргийн хүрээнд хамаарах асуудал
бөгөөд манай компанийн зүгээс газрыг цахим системд оруулах, бүртгэх ямар ч эрх
мэдэл байхгүй юм.

“*******” ХХК нь дээрх газрыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж
буй хууль тогтоомжийн хүрээнд төсөл боловсруулж, албан ёсны хүсэлтээ тавьж,
сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын засаг даргын захирамжийн
дагуу авсан бөгөөд уг газрыг авахдаа, авсан газар дээрээ хашаа барих, цогцолбор барилга байгууламж барих болон бусад үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомж зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, хууль бус үйлдэл огт гаргаагүй болно.

Харин ч Монгол Улсад урьд нь хэрэгжиж байгаагүй, одоо ч байхгүй цорын
ганц төсөл болох “өвсний экспортын зориулалтын терминал ариутгах байгууламж
бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж
эхэлсэн юм. Манай компанийн ашиглаж буй газрыг 2024 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд оруулж дахин баталсан байна.

Үүнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор сумын 2024 оны
газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан бөгөөд хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан юм. Энэхүү тогтоолын
хавсралтын 19-рт Эрдэнэцагаан сумын 1-р багт хуучин манайд олгосон координат
нэгж талбар) болох Х=5075066,299; Х=5075410,708; Х=5075526,929;
Х=5075186,411; Ү=437474,892; Ү=437256,160; Ү=437471,318; Ү=437692,089 дугаартай газрыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, газрын тосны бүтээгдэхүүн, импортлох, хадгалах агуулах барих 10 га газрыг олгохоор төлөвлөгөөнд тусгасан байна. Ийнхүү манай компанийн эзэмшилд авсан газрыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж, батлагдсан учир манай эзэмшилд үлдээж, бид ашиглах боломжтой юм байна гэж үзэж байсан юм.

Гэтэл 2024.06.07-ны өдрийн 01/710 дугаартай албан бичгээр аймгийн Засаг
дарга М.******* нь “*******” ХХК-д мэдэгдэл ирүүлж, “Сумын Засаг дарга
танай компанид 15 жилийн хугацаатай 10 га газрыг эзэмшүүлэхээр хууль бус
захирамж гаргасан байна. Уг хууль бус захирамжийг хүчингүй болгох талаар
Эрдэнэцагаан сумын Засаг даргад албан тоот хүргүүлж, 2023 оны 10 дугаар
сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/235 дугаартай
сумын Засаг даргын захирамж гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.3 (зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан,
эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл,
дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө), 57.4
(Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл,
дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох
зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.) гэсэн заалтын дагуу тус газрыг 2024
оны 6 сарын 15-ны дотор чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг
ирүүлсэн юм.

“*******” ХХК нь Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 сарын
31-ний өдрийн А/235 дугаартай Захирамжийг манайд албан ёсоор ирүүлээгүй
боловч, нэгэнт аймгийн Засаг даргын албан бичиг ирсэн тул сумын Засаг дарга
Г.Эрдэнэчулууны 2023 оны 10 сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй
болгох тухай” А/235 дугаартай захирамж, газар албадан чөлөөлөх шийдвэрийг эс
зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай үндэслэлээ дурдаж Газрын тухай хуулийн 60
зүйлийн 60.1.1, 60.3, 61.1-т заасныг үндэслэн аймгийн Засаг даргад 2024 оны 6
сарын 17-ны өдөр гомдол гаргасан юм.

Аймгийн Засаг дарга М.******* нь манай гомдлын хариуг 2024 оны 7 сарын
9-ний өдрийн 01/872 дугаартай албан бичгээр ирүүлснийг 2024 оны 7 сарын 16-ны
өдөр хүлээн авсан юм. Аймгийн Засаг даргын “Гомдлын хариуг хүргүүлэх тухай”
албан бичигт Эрдэнэцагаан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох
шаардлагыг хангах боломжгүй тухай дурдаж, үндэслэлээ бичиж хариу ирүүлжээ.
Аймгийн Засаг даргын уг хариуг эс зөвшөөрч, Эрдэнэцагаан сумын Засаг даргын
А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.1-т
заасныг үндэслэн танай шүүхэд хандан дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж
байна. Үүнд:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 сарын
31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь:

А. Манай компани нь сумын Засаг даргад албан ёсоор бичгээр хүсэлт
тавьж, төсөл хөтөлбөрөө боловсруулан өгч, хууль тогтоомжийн хүрээнд тус
сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын 2023 оны 8
сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийн дагуу ашиглахаар авсан юм. Энэ шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд манай компанийн зүгээс ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хууль зөрчөөгүй болно.

Б. Манай компани гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгож, ашиглуулах нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, хуулийн хүрээнд олгогдсон ажиллагаа гэж бид үзэж байна.

В. Тус компани нь уг ашиглуулахаар олгосон газар дээр хашаа татах, агуулах, терминал барих зэргээр 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монгол улсад урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй, бүс нутагт хадлан бэлтгэх, бэлтгэсэн хадлан болон экспортод гаргах өвсийг ариутгах зорилгоор “өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах төслийн хүрээнд ажлуудаа хийж” уг газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Компанийн хүч хөдөлмөр шингэсэн, асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, өчнөөн зардал гаргасан, Монгол улсад онцгой чухал хэрэгцээтэй төслийг таслан зогсоож байгаад бид гомдолтой байна.

Г. Газрын тухай хуульд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 зүйлд нэг бүрчлэн заасан байна.

... “*******” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан долоон үндэслэлээс алийг нь ч огт зөрчөөгүй, хууль зөрчсөн ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулаагүй юм. Гэтэл сумын Засаг дарга нь дээрх долоон үндэслэлийн аль нь ч байхгүй байхад манай компанид өөрөө газар олгоод, уг газар олгосон захирамжаа өөрөө Газрын тухай хууль зөрчиж хүчингүй болгож байгааг хууль бус үйл ажиллагаа, Газрын тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Д. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заажээ. Дээрх хуулийн 40.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй, тийм үндэслэл байхгүй байхад манай компанид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосныг хууль бус учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа.

Нөгөө талаар сумын Засаг дарга нь 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг манай байгууллагад ирүүлээгүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, бидэнд мэдэгдээгүй өдийг хүрсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, бидний гомдол гаргах эрхийг хангаагүй хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Бид энэ асуудлыг газар албадан чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын албан бичиг ирснээр мэдэж, түүнийг үл зөвшөөрч, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай гомдлыг
аймгийн Засаг даргад гаргасан байгааг шүүх анхаарч үзнэ гэдэгт найдаж байна.

Е. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамж гаргаж манайд газар олгосон 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо “Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрыг “цахим системээр шийдвэрлэгдээгүй тул” гэх үндэслэл зааж, өөрийн захирамжийг хүчингүй
болгожээ. Энэ үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь:

    - Аж ахуйн нэгжид олгосон газрыг “газар ашиглах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх” асуудлыг Засгийн газраас уг тогтоолоор төрийн байгууллага болох Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, бүх шатны нэгжийн засаг дарга нарт өөрт нь даалгасан тэдний өөрсдөө хийж, гүйцэтгэх ажил, үүрэг байна. Ийм учраас сумын Засаг дарга, түүний тамгын газар, газрын даамлын хийж гүйцэтгэх ёстой, эрх хэмжээнд хамаарах, чиг үүрэгт багтаж байгаа асуудлыг өөрсдөө хийж хэрэгжүүлээгүй байж, захирамжаа хүчингүй болгож, аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь хууль бус шийдвэр гэж үзнэ.

Тус сумын Засаг дарга газар олгохдоо дээрх цахим системээр шийдвэрлэх ёстой байсан нь аж ахуйн нэгжид хамааралгүйгээс гадна газар эзэмших эрх олгосны дараа ч гэсэн уг системд бүртгэх, баталгаажуулах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нь Засаг даргын хийх, хариуцах ажил бөгөөд уг ажлаа хууль тогтоомжийн хүрээнд хийгээгүй, хэрэгжүүлээгүй байж, манай компанийн эрх ашгийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

- “*******” ХХК-ийн хувьд Засаг даргын хүчин төгөлдөр захирамж гарч, манайд 10 га газар олгосон хууль ёсны шийдвэртэй учир уг газарт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ захирамжийг хүчингүй болгох шийдвэрт манай компанийн гэм буруу, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа огт байгаагүй байхад хүчингүй болгох шийдвэр гаргасан байгааг зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргаж байна.

Ё. Эрдэнэцагаан сумын Засаг дарга газар эзэмших захирамжийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн аль нь ч байхгүй байхад хуулиа зөрчиж, зөвхөн Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна гэж үзнэ. Учир нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хувьд хууль бол үйлчлэх хүчин чадлын хувьд Засгийн газрын тогтоолоос илүү хүчин чадалтай, үйлчлэлтэй эрх зүйн акт юм. Ийм учраас
сумын Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн
заалтыг биш Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгож байгаа нь хууль бус байна. Уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, зөвшөөрөгдсөн газар тул захирамжаа хүчингүй болгохгүйгээр цахимд бүртгэж, улсын бүртгэлд оруулж баталгаажуулах боломж нь засаг даргад өөрт нь бүрэн байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурдагдсан дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

... Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулууны гаргасан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сагсай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ захирамжаар “*******” ХХК-ийн 10 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон бөгөөд хүчингүй болгосон үндэслэл нь тухайн газар олгосон захирамжийг цахим системд бүртгэгдээгүй гэж үзсэн. Ингэж хүчингүй болгосныхоо дараа “*******” ХХК-д огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч газрын зөвшөөрлөө хүчинтэй байгаа гэж ойлгож байсан. Дээрх захирамжийг манай тал үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Сүхбаатар аймгийн Засаг даргаас газрын зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдэл ирж урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга дахин зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан. Монгол улсын дээд удирдлага гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар бодлого хэрэгжүүлж байгаа. Гэтэл орон нутгийн дээд болон дунд шатны ажилтнууд хуулийн үндэслэлгүйгээр газрын зөвшөөрлийг цуцалсан нь буруу буюу төр засгийн бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. 

“*******” ХХК-д газар олгосны дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 21 аймагт газрын цахим бүртгэлийг зогсоосон юм байна лээ. Ингээд шинээр газар олгохыг түр зогсоосон. Гэтэл манайх энэ шийдвэрээс өмнө зөвшөөрлөө авчихсан байсан. Дээрх чиглэлд хуучин зөвшөөрөл олгогдсон газрын зөвшөөрлийг цуцал гэсэн чиглэл дээд байгууллагаас нь ирээгүй байсан. Иймээс цахим бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзэж манай газрын зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй байгаа юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол газрын зөвшөөрлийг хүчингүй болгодог. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 тоот захирамжид энэ үндэслэлүүдийн алийг ч дурдаагүй. “*******” ХХК энэ газрыг эзэмшсэнээс хойш гаалийн хяналтын цогцолборыг байгуулсан. “*******” ХХК нь өвс тэжээл, хадлан бэлтгэх цогцолбор байгуулж өөрийн хөрөнгийг зарцуулсан. Өвс бол байгалийн сэргээгддэг баялаг бөгөөд Эрдэнэцагаан сумын нутаг дахь олон уурхай шиг газрын баялгийг ухаж, байгалийг сүйтгэхгүй, байгальд зохистой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж юм.

Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компанийг газар ашиглуулахыг зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлбол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 захирамжийг хүчингүй болгож, газрын цахим системд захирамжийг бүртгэх, газрын гэрээ хийх, газар эзэмших гэрчилгээ олгох зүйтэй гэж үзэж байна гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой ярилаа. Үүн дээр нэмж хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,  27 дугаар зүйлийн  27.1, 27.5-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлүүд байна гэж үзэж байна. Захиргаа газрын зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа энэ талаар ямар нэгэн сонсгох ажиллагаа хийгээгүй. Энэ нь захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын  2013 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөр эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэсэн байна. Иймээс тус захирамжийн “эзэмшүүлэх” гэдгийг “ашиглуулах” гэж засах боломжтой бөгөөд үүнийг засаг даргад даалгах хүсэлтэй байна.

Мөн хариуцагч талаас зөвшөөрөлгүй газарт барилга барьж, үйл ажиллагаа явуулсан гэдэг. Захиргааны байгууллагын зарчмын талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд үүний тайлбарыг хуульд “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж заасан байна. “*******” ХХК нь 2.2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтыг тус газарт хийсэн бөгөөд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно гэв.

 

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            3.1. Хариуцагч Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компаниас 7 дугаар сарын 29-ний өдрийн 07/06 дугаартай албан бичгээр Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт  өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар газар хүссэн хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжаар тус сумын 1-р багийн нутагт 10 га газрыг хүсэлтэд дурдсан зориулалтын дагуу “*******” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргасан.

Уг захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох”, “газар эзэмших хүсэлт гаргах эрх зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид байх”, “...газар эзэмшүүлэх асуудлыг ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ ... Газрын тухай хууль тогтоомжийг ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”-ийг үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай “*******” ХХК-д газар эзэмшүүлэх боломжгүйн зэрэгцээ 10 га газрыг эзэмшүүлэхдээ шийдвэр гаргах журам зөрчигдсөн тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байсан.

Иймд “*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нэхэмжлэлээ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Шүүхээс хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж 2024 оны 12 сарын 17-ны өдрийн шүүгчийн 143 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ийнхүү ихэсгэхдээ “Сумын засаг даргын газар олгосон 2013 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийн дагуу “*******” ХХК-д 10 га газар олгосон захирамжид өөрчлөлт оруулан, хүчин төгөлдөр болгож батламжлахыг сумын засаг даргад даалгах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулах, олгосон газрыг улсын бүртгэлийн цахим бүртгэлд бүртгэхийг сумын засаг даргад даалгах” гэсэн шаардлага гаргасан.

“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуулийн этгээдэд олгож шийдвэрлэсэн уг газрыг манайд ашиглуулах, эзэмшүүлэх  үндэслэлтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд нэмэлтээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна уу хэмээн албан тоот гаргасан. Үүний дагуу тодруулахдаа “Эрдэнэцагаан сумын засаг даргын газар олгосон 2013 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг газрын тухай хуульд нийцүүлэн эзэмшүүлсүгэй гэдгийг ашиглуулсугай гэж өөрчлөн засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн байдал, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, холбогдох хууль тогтоомжийн үндэслэлүүдээс харахад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гол үндэслэл нь Эрдэнэцагаан сумын засаг дарга 2013 оны 08 сарын 15-нд А/188 дугаар захирамжаар анх газар олгохдоо хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар хүсэлтийг хуульд заасан журмаар бүртгэж аваагүй. Зөвхөн “*******” ХХК-ийн 2023 оны 7 сарын 07, 06 тоот албан бичгийг үндэслэн захирамж гаргасан. Захирамж гаргахдаа Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 09 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан гэх үндэслэлүүдээр захирамжаар газар олгосон. 

Анхнаасаа бичиг баримтын бүрдэлгүй захирамж гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Цахим санд бүртгэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, газрын даамлаас холбогдох бичиг баримтуудыг олж авч чадаагүй байгаагаас харахад хууль бусаар газар олгосон гэх үзэх үндэслэлтэй. Аймгийн газрын албаны 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 1/467 тоот албан бичгээр мөн энэ талаар тодорхой дурдсан байдаг.

Газрын тухай хууль болон Засгийн газрын журмаар тогтоосноор газрыг аж ахуйн нэгжид олгохдоо төсөл сонгон шалгаруулалт эсвэл дуудлага худалдаагаар олгох ёстой. Гэтэл аль аль нь хийгдээгүй. Энэ байдлаар хууль зөрчсөн. “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд ийм компанид газар эзэмших эрх олгохыг хуулиар хориглосон. Гэтэл эзэмшүүлэх захирамж гарсан. “*******” ХХК-ийн хүсэлт мөн эзэмшүүлэх агуулгаар гаргасан. Гэтэл хуулиар зөвхөн ашиглуулах эрх олгох боломжтой.

Газар эзэмшүүлэх захирамж гаргаснаас хойш газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллага 90 хоногийн дотор байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ёстой. Энэ үнэлгээг үндэслээд гэрчилгээ авах зэрэг бусад асуудлууд шийдвэрлэгддэг. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй. Терминал нь ******* боомтын ойролцоо байдаг. Эрдэнэцагаан сумын 1-р багийн иргэд “*******” ХХК-д газар олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр тогтоолоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 сард шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл хилийн бүсэд дээрх газрыг байгуулсан. Хилийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмуудаар хилээс дотогш 15 км-т гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах зөвшөөрөл олгохыг хориглох тухай зохицуулалт бий. 

Нэгэнт хувийн хэрэг байхгүй, хуулийн дагуу олгогдоогүй тул газрын мэдээллийн цахим санд бүртгэгдээгүй, газрын мэдээллийн цахим санд бүртгэгдээгүй учраас гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал орхигдсон. Ингээд газар олгох асуудлууд хууль тогтоомж зөрчсөн учраас Эрдэнэцагаан сумын Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 10 сарын 31-ний өдөр А/235 дугаартай захирамжийг гаргасан. Нэхэмжлэгч талаас төр үүргээ биелүүлээгүй гэдэг. Гэтэл анх газар олгохоосоо эхлээд хууль зөрчсөн гэдгийг тайлбарлалаа. Эрдэнэцагаан сумын Засаг дарга А/235 тоот захирамжийг гаргахдаа Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг үндэслэл болгосон. Хэрэв сумын Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн бол өөрөө хүчингүй болгох эсхүл дээд шатны захиргааны байгууллага хүчингүй болгох тухай дээрх хуулиар зохицуулсан. Нэгэнт ийн зохицуулсан тул бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захирамж гэж ойлгож байна. Мөн тус захирамжид Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримталсан. Ингэж өөрийн алдааг засах эрхийг хуулиар олгосон.

Даалгах шийдвэрийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэж үзэж байна. Сумын Засаг даргын А/188 тоот захирамжийг өөрчлүүлэхээр хандсан үгүй нь тодорхойгүй байна. Сумын Засаг дарга тус захиргааны актадаа өөрчлөлт оруулах эсэх талаар харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй. Ийм баримт хэрэгт авагдаагүй байгаа тул захиргааны байгууллага акт гаргахаас татгалзсан эсхүл гаргахгүй байна гэсэн эс үйлдэхүй байгааг тогтоох боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгчээс, шүүх хуралдааны явцад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 дугаар захирамжийг[1] хүчингүй болгуулах, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулууны  2023 оны 8 дугаар сарын 15-ны “Газар эзэмшүүлэх тухай” А/188 дугаар захирамжийн[2] 1 дэх хэсгийн “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөн батламжлахыг тус сумын Засаг даргад даалгах, “*******” ХХК-д 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр олгосон 10 га газрыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан тул дээрх газрыг “*******” ХХК-д ашиглуулах хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

            3.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот тогтоол[3] гарч, уг тогтоолыг үндэслэн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 10 га газрыг өвсний экспортын зориулалтаар терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зорилгоор “*******” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг газарт манай компани төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж ... үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл газар олгосон захирамжийг газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаар захирамжаар хүчингүй болгосон” гэж тодорхойлдог.

            4.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох”, “ газар эзэмших хүсэлт гаргах эрх зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид байх”, “... газар эзэмшүүлэх асуудлыг ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ ” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар газар олгосон дээрх захирамжаа хүчингүй болгосон гэж маргадаг.

            5. “*******” ХХК-ийн захирал Д.Бат-Очир Эрдэнэцагаан сумын Засаг даргад 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07/06 тоот албан бичгээр[4] *******ийн боомтод 10 га газар олгохыг хүсэж, хүсэлт гаргасан.

            6.Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 09 тоот тогтоолоор тус сумын 1 дүгээр багт өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалттай 10 га газар аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгасан.

            7. “*******” ХХК-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун “Газар эзэмшүүлэх тухай” 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.17, 59 дүгээр зүйлийн 59.1.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 тоот тогтоолыг үндэслэн тус сумын 1 дүгээр багийн нутагт 10 га газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

            8.Сумын Засаг дарга болон газрын алба нь захирамж гарсны дараа “*******” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй болох нь үйл баримтаар тогтоогддог.

            9.Тус компани нь дээрх газар дээр хашаа татах, агуулах, терминал барих зэргээр 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүс нутагт хадлан бэлтгэх, бэлтгэсэн хадлан болон экспортод гаргах өвсийг ариутгах зорилгоор өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах төслийн хүрээнд ажлуудаа хийж уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж тайлбарладаг.[5]

            10.Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “Захирамж хүчингүй болгох тухай” 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэлээр “*******” ХХК-д 10 га газар эзэмшүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            11.Дээрх захирамжууд гарах үед “*******” ХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан болох нь нэхэмжлэл,[6] шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдоно.[7]

            12. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг “Газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэсэн хуулийн илт тодорхой хэм хэмжээг Эрдэнэцагаан сумын засаг дарга зөрчиж, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “*******” ХХК-д Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутагт 10 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоно.

            13. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.16-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор  ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэсэн зохицуулалтаас үзэхэд 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалтай “*******” ХХК нь зөвхөн газрыг ашиглах эрхтэй этгээд юм.

            14.Шүүхээс Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас маргаан бүхий газрын хувийн хэргийг нотлох баримтаар ирүүлэхийг шаардаж албан бичиг явуулахад, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1/467 тоот албан бичгээр “Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин манай газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдаагүй, төлөвлөлтийн нэгж талбарын дугааргүй, манай газраас танилцуулсан төсөл дээр байхгүй, газрын цахим биржийн системээр дамжиж дуудлага худалдаагаар олгогдоогүй, газрын кадастрын цахим системээр дамжин олгогдсон бүртгэлгүй тул тус газартай холбоотой хувийн хэрэг үүсээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

            15. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Эрдэнэцагаан сумын Засаг дарга өөрийн урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон нь хуульд нийцнэ.

            16. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан бөгөөд Эрдэнэцагаан сумын Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 тоот захирамж гаргахдаа эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу “*******” ХХК-д мэдэгдэж, энэ талаар тайлбар гаргах боломжоор хангаагүйгээс гадна, уг захирамжийн хувийг ч хүргүүлээгүй, танилцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хэдий ч зөвхөн сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-иас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын газар олгосон А/188 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлсүгэй” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөн хүчин төгөлдөр болгож батламжлахыг Эрдэнэцагаан сумын Засаг даргад даалгах, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуулийн этгээдэд олгож эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсэн уг газрыг манайд ашиглуулах хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[3] Хавтас хэргийн 27-28 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 22-24 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 21, 35-62 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 1-9 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 32 дугаар тал