| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/02142/И |
| Дугаар | 192/ШШ2025/01010 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/01010
2025 02 05 1*******/ШШ2025/01010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, *******хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, ******* давхар, *******01А тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Авга овогт *******гийн ******* /рд:*******0861/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,523,782.53 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хонгорзул, З.Буян-Арвижих
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2021.11.11-ний өдөр L00300470 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 2022.11.05-ны өдөр 7800519436 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,002,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 106600442498 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,002,000 төгрөг, шимтгэл 20,040 төгрөг, хүү 408,486.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,755.95 төгрөг, нийт 1,507,282.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 16,500 төгрөг, нийт 1,523,782.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тус мөнгийг өөрийн өрхийн хэрэгцээнд хэрэглээгүй. Хаан банк болон pocket аппликейшинд хакардуулсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021.11.11-ний өдрийн L00300470 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт, ******* ******* ББСб ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,523,782.53 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Үүнд: Талууд 2021.11.11-ний өдөр L00300470 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, нэхэмжлэгч покет /pocket/ аппликейшнээр 2022.11.05-ны өдөр 1,002,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлэхээр хүсэлт гарган, зээлдүүлэгч зээлдэгчийн 106600442498 дугаар бүхий дансанд шилжүүлсэн боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ зээлийг өөрөө аваагүй, зээлийн аппликейшнийг ашиглан өөр этгээд авсан гэх агуулгаар маргажээ.
4. ******* ******* ББСБ ХХК болон Б.******* нар 2021.11.11-ний өдөр L00300470 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ гэх баримт үйлджээ. /хэргийн 6-14 дүгээр тал/
5. Зохигчдын үйлдсэн баримтын хэлбэрээс үзэхэд Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан цахим хэлцэл, покет аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлж, зээлийн эрх нээх шалгуурыг ханган, зээл олгогчоос зээлдэгчид цахим зээлийн эрх, зээлийн дэд эрхийг нээснээр зээлжих эрхтэй болохоор тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан болзол тавьж хийсэн хэлцэл байна.
Тодруулбал, дээх болзолыг хангасан тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулахаар тохирчээ. Мөн Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 2.6.3-т Зээл олгогчоос зээлийн мөнгөн дүнг зээлдэгчийн цахим зээлийн хүсэлтийн дагуу зээлдэгчийн нэр дээрх банкны данс руу, эсхүл аппликейшн дахь цахим покет руу шилжүүлсэн өдрөөр зээлийг олгосонд тооцно гэснээс дүгнэхэд мөнгө олгосон нөхцөлд гэрээ бодитой хийгдэхээр тохирчээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох үүргийн зарчим ёсоор нэхэмжлэгч шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ түрүүлж нотлох үүрэгтэй бөгөөд зээлдэгч покет аппликейшнд хэрэглэгчээр бүртгүүлсэн, зээлийн эрх нээх шалгуур хангасан, зээлдүүлэгч 2022.11.05-ны өдөр 1,002,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, эсвэл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласан болохыг нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй. Хэрэгт зээлийн дансны хуулга гэх баримт гаргаж өгсөн боловч уг баримтыг зээлдүүлэгч өөрөө дангаараа үйлдсэн байх тул дээрх дурдсан нөхцөлийг эргэлзээгүй нотолсон гэж үзэх боломжгүй. /хэргийн 15 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Иймд хариуцагч Б.*******гээс 1,507,282.53 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 1,507,282.53 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 39,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН