2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00341

 
 

2025 01 17

192/ШШ2025/00341

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******, *******, 6 дугаар хороо, Наадамчдын ******* хаягт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс,

  

Гуравдагч этгээд: *******, *******, *******, ******* *******, ******* хаягт оршин суух, Тайж овогт Гаашингийн Хатанбаатар /*******/,

 

захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Г.Хатанбаатар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон гэртээ агсам тавьдаг бөгөөд надад зөрчлийн 2 хэрэг үүссэн байгаа. Сүүлийн 6 сарын хугацаанд архи ууж ар гэрээс нь цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага гомдол гаргасан. 2024 оны 10 сард согтуурах зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож шүүхийн шийдвэрээр жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хассан. 2025 оны 01 сарын 14-ний өдөр гэртээ согтуу байх үедээ ахтайгаа муудалцаж, дүү нь дуудлага өгсөн. Өсвөр насны 3 хүүхэдтэй, согтуурсан үедээ эхнэр хүүхдээ гэр орноосоо хөөдөг. 2024 оны 12 сард мөн согтуу эхнэр, хүүхдээ хөөгөөд эхнэр нь аргагүйн эрхэнд гэрээсээ явж айл амьтнаар явж байсан. Хүүхдүүд нь бага насных бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ юу хийсэн болохоо санахгүй ...би зүгээр гэртээ байсан... гэдэг. Дуудлагаар гэрт нь очиход цагдаагийн алба хаагч нартай маргалдаж, тавьсан шаардлага биелүүлдэггүй. Согтууруулах ундаа хэрэглэх донтолттой бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдах чадваргүй болдог. Гадаа цаг агаар хүйтэрч байгаа тул өөрийнх нь амь нас болон бусдын амь нас хохирох аюултай нөхцөлд байна. Энэ хүнийг саяхан харуулын ажилд орсон гэсэн ч тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого байхгүй. Эхнэр нь дэлгүүр ажиллуулж, ар гэрээ авч явдаг бөгөөд сүүлийн 2 сарын хугацаанд хүсэлт гаргаж, ...надад маш их дарамттай байна, архины эмчилгээнд хамруулж өгнө үү гэж ирдэг. Иймд архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Хатанбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би архи уудаг байдлаа үгүйсгэхгүй. Өмнөговь аймгийн цагаан хаданд том оврын автомашин барьдаг бөгөөд сүүлийн 3 жил ажиллаж байна. Өмнө нь Сэлэнгэ аймагт ажилладаг байсан. 2024 оны 12 сарын 29-ний өдөр намайг архи уусан гээд дуудлага өгсөн байсан. Тэрнээс өмнө дуудлага өгсөн, цагдаа дээр очсон зүйл байхгүй. Би сард 4,000,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд сүүлд 0,4 хувьтай согтуугаар жолоо барьж яваад баригдаж, жолоодох эрхээ хасуулсан. Одоогоор Бэст буйданд харуул хамгаалалтын ажил хийж байгаа. Би цагдаа нарыг ирэхээр нь эсэргүүцэж байсан удаагүй, за гээд л дагаад гараад явдаг. Гэртээ болон *******инд архи уусан удаа байхгүй. Сард 10 удаа харуулын ажилд гардаг бөгөөд өдөрт 90,000 төгрөгийн цалин л авдаг юм билээ. Эхнэртэйгээ муудалцаад л гэрээсээ хөөсөн болохоос хүүхдүүдээ хөөсөн удаа байхгүй. Би 2025 оны 03 сарын 01-ний өдрөөс сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажил хийхээр ярьсан тул цахим хуудсаар сурталчлаад байгаа архинаас гаргах эмийг авч уухыг хүсэж байгаа. Тийм учраас архины албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь  захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

Г.Хатанбаатар нь Хан-Уул дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, өөртөө болон бусдад, гэр бүлийн хүмүүстээ аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд архинаас хамааралтай болох нь түүний өөрийн тайлбар, удаа дараа эрүүлжүүлэгдсэн гэх Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, эхнэр Б.Сарантуяагийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, мэдүүлэг, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, гэмт хэрэг зөрчлийн талаарх цагдаагийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн комиссын дүгнэлтээр Г.Хатанбаатар нь согтуурах мансуурах донтой болох нь тогтоогдож байх ба түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болох талаар комиссын гишүүд шийдвэрлэжээ.

 

Нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Хатанбаатар нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч, архины хамааралтай болох нь тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*******, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тайж овогт Гаашингийн Хатанбаатар /*******/-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ