| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0082/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 84
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Н-д холбогдох эрүүгийн 1810003180088 дугаартай, 187/2018/0082/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ....... хороолол 1-..... тоотод Б.Б-г далан тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... хороолол 1-..... тоотод хохирогч Б.Б-д “хоёулаа салъя” гэж хэлэн маргалдаж түүнийг түлхэх цохих зэргээр гэрээсээ хөөхөд хохирогч Б.Б хутга авч “өөрийгөө гэмтээнэ” гэхэд нь ноцолдон хутгыг нь булаан авч хохирогчийн далан тус газар нь нэг удаа хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч О.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б бид хоёр муудалцсан. Би түүнээс салж явна гэхэд Б.Б хутга аваад надаас салвал би өөрийгөө гэмтээнэ гэсэн. Би Б.Б-н гараас хутгыг нь авах гэж ноцолдож байх үед санамсаргүй байдлаар түүний далан тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Н надаас сална гээд би үгүй гээд О.Н намайг гэрээсээ яв гэсэн би явах гээд маргалдаад би О.Н-г салах юм бол өөрийгөө гэмтээнэ гээд хутга гартаа барьсан чинь О.Н миний хутгыг булааж авах гэж ноцолдоод миний гараас хутга булаагаад авсан. Тэгсэн миний зүүн талруу О.Н хутгалчихсан...Би нилээн согтуу байсан О.Н бас согтуу байсан бид хоёр 1 шил архи хувааж уусан байсан...О.Н намайг яв гэж хөөгөөд намайг цохиод байсан...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2005/-ний дүгнэлт:
-Б.Б-н биед зүүн даланд шарх, зүүн нүдний зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Б.Б-н биед зүүн даланд хатгагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 23/
4. Яллагдагч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Б-д салъя гэж хэлсэн тэрнээс болж маргалдсан. Тэрнээс болж Б.Б хутга бариад салах юм бол би өөрийгөө гэмтээнэ гэхээр нь хутгыг нь булааж аваад санамсаргүй байдлаар Б.Б-н дал орчим хутгалж гэмтэл учруулсан...Хар иштэй жижиг хутгаар гэмтэл учруулсан...Би хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2005/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч О.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ...... хороолол 1-...... тоотод хохирогч Б.Б-д “хоёулаа салъя” гэж хэлэн маргалдаж түүнийг түлхэх цохих зэргээр гэрээсээ хөөхөд хохирогч Б.Б хутга авч “өөрийгөө гэмтээнэ” гэхэд нь ноцолдон хутгыг нь булаан авч хохирогчийн далан тус газар нь нэг удаа хутгалж биед нь “...зүүн даланд шарх, зүүн нүдний зовхи, нүдний алиманд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Б-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 16-17/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. О.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР