| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00005/И |
| Дугаар | 192/ШШ2025/00234 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/00234
2025 01 15 192/ШШ2025/00234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, ******* орон сууц 3 гудамж, 156 тоот хаягт бүртгэлтэй, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох
Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.******* нь олон нийтийн газар бүлэг, бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурдаг. Энэ асуудлаас болж Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгсөн. Миний бие Хан-Уул дүүргийн 2 дугаар хороог хариуцаж ажиллаад 3 жил болж байна. Уг хугацаанд М.*******ыг Өлзийт асрах газар болон Төрийн өмчит байгууллага, архинаас гаргах сургалт зэрэгт хамруулсан боловч архи уух асуудал нь шийдэгдээгүй. М.******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн амь нас, эрүүл мэнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2024 онд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж ухаан санаа нь самуурч, галзуу хүн шиг болж би хүн алсан гэх зүйл ярьж над дээр ирсэн асуудал гарч байсан. Өнгөрсөн жилийн 4 сард архины албадан эмчилгээнд яваад 6 сар болоод ирсэн боловч архинаас гарахгүй байгаа тул М.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: 2024 оны 4 сард шүүхээр орж албадан эмчилгээнд 7 сар яваад 11 дүгээр сарын 08-нд гарч ирсэн. Түүнээс их олон зүйл ойлгосон. Дахиж архи уухгүй, архинаас татгалзах бодолтой болсон. 12 дугаар сарын 15-ны өдрөөс Өнө Ээл ХХК-д түгээгчээр ажилд орсон. Уржигдар буюу 1 дэх өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байдаг хуурай ахындаа ирж амрахдаа архи уусан. Энэ үйлдэлдээ харамсаж байна, миний буруу, цаашид архи хэрэглэхгүй. Би архины эмчилгээнд явах сонирхолгүй байна. Ажлаа хийж сайхан амьдармаар байна. Би ганц охинтой, дараа жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Тэр үед нь хэдэн төгрөг цуглуулж өгөх бодолтой ажил хийж байгаа. Энэ удаа архины эмчилгээнд явуулахгүй нэг удаа боломж өгөөч, дахин архи уух асуудал гарвал маргаангүй явна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан баримтыг бүрдүүлж М.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.
Хэрэгт авагдсан Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, талуудын тайлбараар М.******* архинд донтох эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01627 дугаар шийдвэрээр архины албадан эмчилгээнд хамрагдаж, эмчилгээг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгасан бөгөөд уг хугацаанаас хойш өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд гуравдагч этгээд М.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг үндэслэн ******* овогт ******* ******* /рд:*******/-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН