2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00336

 

2025 01 17 192/ШШ2025/00336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, чингэлтэйн 2 гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй, ******* Бааст овогт *******гийн *******баатар /РД:ШЕ79*******1619/

Хүсэлт гаргагчийн шаардлага: Э.*******баатарыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Очирбат, гуравдагч этгээд Э.*******баатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Даваажаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороог хариуцан хэсгийн байцаагч хийгээд 6 сар болж байна. Гуравдагч этгээд Э.*******баатарын эхнэр 6 сарын өмнө харвалт өгсөн байсан. Харвалт өгсөн шалтгаан нь Чингэлтэй дүүрэгт амьдардаг байхдаа гуравдагч этгээдээс болсон гэж хэлсэн. Одоогоор эхнэр болон охины хамт амьдардаг хэдий ч өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг. Эхнэр нь өдөр бүр над руу ярьдаг бөгөөд ар гэр нь өөрсдөө хүсэлт өгсөн байгаа. Иймд Э.*******баатарыг архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.*******баатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр маань надаас болж харвасан гэдгийг би эсэргүүцэж байна. Бид 2 амьдарч байсан орон сууцаа их хэмжээний өр зээлд тавиад алдсан тул эхнэр маань өвдсөн. Би нэг уухаараа 4 хоног тасралтгүй уудаг. 7 хоног өнжөөд 1 архи уудаг. Гэхдээ гэртээ архи уудаггүй. Эхнэртээ хоолыг нь бэлдэж өгдөг. Би өмнө нь архи уулгүй 1 сар тэвчсэн. Мөн сэтгэц наркологийн эмнэлэгт хүсэлтээрээ хэвтээд гарсан бөгөөд 1 сар л архи уугаагүй. Түүнээс хойш архи ууж байсан гэв. Гэхдээ архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, 2025.01.16-ны өдрийн С.Очирбатад олгосон итгэмжлэл, З.Баярчимэг, Б.Цэвэгмэд нарын Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Э.*******баатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын Асап санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь Э.*******баатарыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

Э.*******баатар нь архинд донтох өвчтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлтээр, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэл, З.Баярчимэг, Б.Цэвэгмэд нарын Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар Э.*******баатарыг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* Бааст овогт *******гийн *******баатар /РД:ШЕ79*******1619/-г захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.

2. Гуравдагч этгээд Э.*******баатарыг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарласугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН