| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00010/И |
| Дугаар | 192/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00292
2025 01 16 192/ШШ2025/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ******* парк хотхон 10 байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигин овогт *******ийн ******* /рд:ЕЙ*******18/
Хүсэлт гаргагчийн шаардлага: Б.*******ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганболд, гуравдагч этгээд Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнгөн-Эрдэнэ нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ******* парк хотхон 10 байр, ******* тоот хаягт оршин суух Б.******* нь согтуурсан мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон. 2024.09.16-ны өдрөөс хойш тус хэсгийн байцаагчаар ажиллаж байна. 102 байрны ******* тоот хаягт гомдлууд их гардаг. 4-өөс 5 удаа очиход доод тал нь 4 хүн түүнээс дээш 10 хүмүүс архидаж байдаг. Тэр айлд өөр хорооны иргэд мөн ирж архиддаг. Сарын 4-5 хоног ямар нэгэн дуу чимээ гаргахгүй бусад үед дан архиддаг. Б.******* нь согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 сард эхнэр маань нас барсан. Тэр цагаас хойш хааяа архи ууж эхэлсэн ба тэр хавийн архи уудаг олон хүмүүсийг таних болсон. Нөгөө хүмүүс архи авч ирэн, хаалга үүд тогшдог болсон. Нэг уухдаа 3-аас 5 хоног уугаад 5 хоног завсарлаад дахин уудаг. Өмнө нэг удаа архинаас гаргах суулгац тавиулсан, өөр сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Ар гүнтэд барилга барих ажилтай. Удахгүй ажилдаа явна. Тиймээс эмчилгээнд явахыг хүсэхгүй байна. Архины албадан эмчилгээнд яваад ирсэн хүмүүсээс сонсоход эмчилгээнд яваад олон найзтай болдог, мөн илүү их архи ууж эхнээсээ өнгөрсөн хүмүүс бас байгаа гэж сонссон. Иймд би архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэв.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, 2024.12.27-ны өдрийн О.Ганболдод олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын хүсэлт, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөдөл, Цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхтунгалаг, А.Сувд-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Б.*******ын өгсөн мэдүүлэг, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн байгууллагын Асап санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.30-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь Б.*******ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Б.******* нь архинд донтох өвчтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлтээр, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэл болон гуравдагч этгээдийн . . . 2024 оны 4 дүгээр сард эхнэр маань нас барснаас хойш их уух болсон . . . нэг уухдаа 3-аас 5 хоног уугаад 5 хоног завсарлаад дахин уудаг . . . тэр хавийн архи уудаг олон хүмүүсийг таних болсон. . . тэдгээр хүмүүс архи авчран, хаалга үүд тогшдог болсон гэх тайлбараар, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан болох нь . . . өмнө нэг удаа архинаас гаргах суулгац тавиулсан, өөр сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаагүй. . . гэх тайлбараар тус тус нотлогдож байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар Б.*******ыг архины албадан эмчлэх үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан Боржигин овогт *******ийн ******* /рд:ЕЙ*******18/-г захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.
2. Гуравдагч этгээд Б.*******ыг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарласугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН