Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2020/00058   

 

С.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэртэй, тус аймгийн Дэлүүн сумын 6 дугаар багт оршин суух, Хангелди овогт С.Ж-ийн нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын 6 дугаар багт оршин суух, Т.Н-эд холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч С.Ж-, хариуцагч Т.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.025.060.00 төгрөг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Дэлүүн сумын иргэн Т.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулсан. Би үүний улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарсны дараа бие бүрэн сайжраагүй, толгой байнга өвддөг болсон учир нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид тогтмол үзүүлж амбулаториор эмчилгээ хийлгэж байсан. Гэвч толгойн өвчин намдаагүй учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Тэнд холбогдох эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэж, “Энх ундарга” мэдрэлийн эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. MRI бичлэг хийлгэж, компьютер томографын болон бусад шинжилгээнүүдийг хийлгэсэн. Эмнэлгээс гарсны дараа Өлгий руу буцах гэсэн боловч хөл хорио тогтоосон учир 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн онгоцоор Өлгийд буцаж ирсэн. Энэ хугацаанд нийт 2825060 төгрөгийн зардал гарсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул мал хариулах хүнгүй болж Т.Ж- гэгчийг хоногийг нь 20.000 төгрөгөөр 10 хоног хөлсөлж авч 200.000 төгрөг төлсөн. Би эдгээр хохирлоо эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Н-ийг миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял шийтгэж эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхисон. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учир миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Т.Н-ээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж гэм хор учруулсан хохиролд 3.025.060 /гурван сая хорин таван мянга жаран/ төгрөгийг буруутай этгээд Т.Н-ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ойрын хамаатан болох С.Ж-тэй нийлж архи уугаад маргалдах үед миний төрсөн ах С.К- нь С.Ж-ийг унтуулах гэхэд түүнийг зодсоноос болж ах биедээ гэмтэл авч, улмаар харилцан зодоон үүсэж С.Ж- бид хоёр мөн бие биеэсээ гэмтэл авсан. Түүний дараа С.Ж- нь зөв зүгээр явж байгаад олон хоног өнгөрсний дараа аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 312000 төгрөг, КТГ-ын зардал гэх 95000 төгрөг, нийт 407000 төгрөгийг би төлж өгөхөө илэрхийлээд, шийтгэх тогтоол гарсны дараа төлж барагдуулсан. Тухайн үед болсон харилцан зодооны улмаас Т.Н- би өөрөө С.Ж-ийн үйлдлээс болж миний биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн түүнээс гадна С.Ж- нь зодооныг зогсоох гэж оролдсон миний төрсөн эх болох Х.Ж-, төрсөн ах болох Т.К- нарын биед мөн адил хөнгөн хохирол учруулсан. Гэтэл миний эх Х.Ж- болон Т.Н- миний бие эмнэлэгт ч очиж үзүүлээгүй, хэрүүл маргаан ч үүсгээгүй, түүнээс мөнгө төгрөг ч нэхэмжлээгүй. Гэтэл хэрэг гарснаас хойш хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа буюу 100 хоног өнгөрсний дараа С.Ж- нь эмчид үзүүлнэ гэж Улаанбаатар хот руу явж бичиг цаас цуглуулж ирээд маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д “Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно” гэжээ. Үүнд: “Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан байвал” гэжээ. Энэ нь хүний биед учирсан хөнгөн гэмтэл бол 1 сарын дотор бүрмөсөн эдгэрэх боломжтой гэж үзсэн шинжлэх ухааны аргаар тодорхойлсон нотолгоо юм. Хэрэв түүний биед хүндэвтэр буюу хүнд гэмтлийн аль нэг нь учирсан байвал өөр хэрэг байх байсан. Жишээлбэл: Т.Н- би 2019 оны 11 дүгээр сард гэмтэл авсан түүнийг эмчлүүлнэ гэж эмнэлгийн байгууллагад одоо хандаж, хохирол төлүүлэхээр хандах боломж байна уу гэдгийг харьцуулан бодох ёстой. Яагаад гэвэл би ч гэсэн адилхан харилцан зодолдох явцад биедээ хөнгөн гэмтэл авсан. Мөн С.Ж- нь малчин хөлсөлж авсан гэдэг нь худлаа, сумын төвд байдаг ганц бие архи дарс хэрэглэдэг хүнээр бичиг хийлгүүлж авсан байдаг. С.Ж- нь зодоон болсны дараа зөв зүгээр явж байсан бөгөөд өөрийн хүнд даацын ачааны машинаараа Хотгорын уурхайгаас нүүрс тээвэрлээд явж байсан. Иймд С.Ж-ийн гэм хор учруулсны хохирол 3.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Н-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1468600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1556460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

С.Ж- Т.Н- нар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хоорондоо маргах үед Н-ийн ах нь К- салгах гэхэд Ж- түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулж, улмаар түүний ээж Жазира болон ах К- нарын биед халдаж хөнгөн хохирол учруулсан байдаг. Харилцан зодооны явцад Ж-ийн биед мөн хөнгөн гэмтэл учирсан. Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, шүүхэд шилжүүлээд улмаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ж-ийг 2300 нэгжээр, Н-ийг 900 нэгжээр торох ялаар шийтгэсэн. Хариуцагч Т.Н- нь Ж-ийн тухайн цаг үед 2019 оны 11 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө болох 312,000 төгрөг, КТГ зураг авхуулсны төлбөр болох 95,000 төгрөг, нийт 407,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж бүрэн төлж өгсөн ба харин Т.Н- болон настай ээж Х.Ж- нар С.Ж-ээс нэг ч төгрөг нэхээгүй. Гэтэл С.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад зөв зүгээр явж байснаа хэрэг шүүхэд шилжсэний дараа хот руу эмнэлэгт үзүүлнэ гэж явсан гэж маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тушаалын 1-р хавсралтаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг баталж, уг журмын 2-т “Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинж”-үүдийг тогтоосон байдаг ба Үүнд: Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг “Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заажээ.

Үүнээс үзэхэд Ж-ийн биед учирсан гэмтэл нь 4 долоо хоногийн дотор буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэхэд эдгэрсэн байх боломжтой. Энэ шалгуур шинж бол ШУ-ны аргаар тооцоолж тогтоосон бодит үзүүлэлт гэж ойлгож байна. Гэтэл гэмтэл учирснаас хойш 100 гаруй хоногийн дараа эмчилгээ хийлгэсэн гэдэг нь дээрх журамд цаг хугацааны хувьд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл түүний эмчилгээ хийлгэсэн гэж байгаа нь дээрх журмаар тогтоосон хугацаанаас хол зөрүүтэй буюу шалтгаант холбоогүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмтэл гэдэг нь хөдөлмөрийн чадварыг их буюу удаан хугацаагаар алдаагүй байдаг онцлогтой гэж ойлгож байна. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг сайтар харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, С.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсаныг ойлгоно” гэж заасан боловч нэхэмжлэгчээс гэмтлийн зэрэгт маргаагүй, харин хариуцагч Т.Н-ийн зодсоны улмаас толгой нь байнга өвдөж эмчийн хяналтад байж улмаар эмчийн бичгээр “тархины доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт тул” онош тодруулах шаардлагатай гэж үзэж онош тодруулахаар Улаанбаатар руу явж эмчилгээ хийлгэсэн асуудал нь гэмтлийн зэрэгт хамааралгүй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тэгвэл С.Ж- нь өмнө нь ямар нэгэн байдлаар тархи толгойндоо хүнд буюу хүндэвтэр гэмтэл авч байсан болзошгүй гэж үзэх байдал анзаарагдаж байна. Мөн МRI шинжилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь Т.Н-ийн гэм буруутай, хууль бус үйл ажиллагаанд шууд хамааралтай байна гэж дүгнэсэн байна. Тэгвэл Ж- нь МRI шинжилгээ КТГ хийлгэсэн гэж баримт гаргаж өгсөн боловч шинжилгээ хийлгэсэн талаарх шинжилгээний дүгнэлтийн баримт гаргаж өгөөгүй. Хэрвээ шинжилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгсөн бол шинжилгээний дүнгээр ямар ямар эд эрхтэнд ямар өөрчлөлттэй гарсан эсэх нь тодорхой харагдах байсан. Шинжилгээний дүгнэлт хавтас хэрэгт авагдаагүй байгаа тул түүний бие эрхтэнд ямар голомтот өөрчлөлт, өвчин зовуурь илэрснийг мэдэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг үндэслэхгүйгээр нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч С.Ж-  нь хариуцагч Т.Н-эд холбогдуулж гэм хорын хохирол 3.025.060.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар хариуцагч Т.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед  өөрийн гэрт архидан согтуурсны улмаас хамт архи уусан С.Ж-тэй зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

Хариуцагч Т.Н-ийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Ж-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирснаас болж нэхэмжлэгч шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт авагдсан онгоцны тийз 2 талын, өвчтөн илгээх хуудас, толгойд MRI хийлгэсэн баримт, “Энх ундарга” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, зочид буудалд хэвтсэн баримт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч Т.Н-ээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.468.600.00 төгрөгийг гаргуулж, С.Ж-т олгож, илүү нэхэмжилсэн 1.556.460.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн гаргасан үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон тул Т.Н-ийг гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “нэхэмжлэлийн зарим хэсгийн надаар төлүүлэхээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, С.Ж-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь 4 долоо хоногийн дотор эдгэрсэн байх боломжтой, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад зүгээр явж байснаа хэрэг, шүүхэд шилжсэний дараа хот руу эмнэлэгт үзүүлнэ гэж явсан нь үндэслэлгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.447.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.447.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

           

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                        Д.КӨБЕШ