Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Тт холбогдох 1806007430175 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Эко жигүүр” ХХК-ий захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 41 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Ц Т

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Г.Алтантуяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тын өгсөн: “...Манай компани халаалтын компани учраас би хэд хоног ажил ихтэй 2-3 хоног гэртээ оройтож очсон. Би эхнэртэй машин авч өгсөн байсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлээгүй байсан. Манайх халаалтын компани болохоор айлууд байнга залгаж эвдрэл гэмтэл гарлаа гэж хэлдэг болохоор ажил ихтэй байдаг. Тухайн үед эхнэрийг залгаад байхаар нь утсаа унтраагаад ажлаа дуусчихаад гэртээ яваад очтол эхнэр уурлаад хардаад байсан. Тэгээд би гэртээ орохдоо машиндаа утсаа орхисон байсан учраас утсаа авахаар машин руу гараад гэртээ буцаад ортол эхнэр гараад явсан байсан. Эхнэр маань жолоо муу барьдаг. Би араас нь дагаж яваад гүйцэт түрүүлээд цонхийг нь цохитол улам хаазаа нэмээд Жуков хүртэл нэлээн хурдтай явахаар нь хүн амьтан дайрчихаж магадгүй гэж айгаад урдуур нь шахаж зогссон. Тэгээд уурлаад нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Алтантуяагийн өгсөн: “... хэрүүл хийхээрээ шөнөжин хэрэлддэг болохоор би эгчийндээ очъё гэж бодоод араас нь гараад 2 давхарын коридорт нөхөрийгөө гэр лүү орохыг хүлээж байгаад гараад машиндаа суусан. Тэгтэл Офицеруудын ордоны тойрог өнгөрөөд явж байтал араас өөрийн машинтайгаа гүйцэж түрүүлж зүүн тал руу шахаад толь руу цохиод, зогс гээд зам хааж зогсоод бууж ирээд шууд хаалга онгойлгоод машины түлхүүр булааж аваад миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад цохиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.5/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 1618 дугаартай дүгнэлтэд: “... Г.Алтантуяагийн биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.12/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Г.Алтантуяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Алтантуяагийн өгсөн: “... хэрүүл хийхээрээ шөнөжин хэрэлддэг болохоор би эгчийндээ очъё гэж бодоод араас нь гараад 2 давхарын коридорт нөхөрийгөө гэр лүү орохыг хүлээж байгаад гараад машиндаа суусан. Тэгтэл Офицеруудын ордоны тойрог өнгөрөөд явж байтал араас өөрийн машинтайгаа гүйцэж түрүүлж зүүн тал руу шахаад толь руу цохиод, зогс гээд зам хааж зогсоод бууж ирээд шууд хаалга онгойлгоод машины түлхүүр булааж аваад миний зүүн нүд рүү гараа зангидаж байгаад цохиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 1618 дугаартай дүгнэлт /хх.12/,

Шүүгдэгч Ц.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт Ц.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Г.Алтантуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Тын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ц.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Ц.Тт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Тт оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. С овогт Ц Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Тт мэдэгдсүгэй.

5. Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Алтантуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Тт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР