Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 369

 

Ш.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар магадлалтай, Ш.Ад холбогдох 1822004030010 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Үйзэн овогт Ш.А нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Машин механизм ашиглан хууль бусаар авах”, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Аг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, 3 удаагийн үйлдлээр бусдын 12 тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Агийн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч Ш.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Ад холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байна. Давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно.” гэж заасан байхад цагдаагийн газрын мөрдөгч нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн атлаа гомдол, мэдээллийг шалгах хугацаанд нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авах, мөн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаартай магадлалд “...Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах 5 хоногийн хугацаанд гэрч асуух, шинжээч томилох зэрэг ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.” гэсэн заалтад нийцжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөж байгаа боловч нэн даруй шалгах шаардлагатай асуудлыг 5 хоногийн дотор шалгасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай байх хуулийн хуулийн зарчимд нийцсэн байна.” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон үндэслэлээсээ эрс зөрүүтэй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гол үндэслэлээ /өөр үндэслэл уншиж сонсгоогүй/ магадлалд эсрэг байдлаар бичсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан байна. Мөн тус прокурорын газраас 6 тоот магадлалыг хүлээн аваад давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд уг асуудал хэрхэн тусгагдсаныг тогтоох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр очсон боловч хуралдааны тэмдэглэл гараагүй байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйл бүхэлдээ зөрчигдсөнөөс гадна мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан ажиллагаа зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Түүнчлэн Давж заалдан шатны шүүх нь шүүгдэгч Ш.Ад холбогдох хэргүүдэд түүнийг гэрчээр байцаасны дараа сэжигтнээр тогтоож байцаалгүй, сэжигтний эдлэх эрхийг эдлүүлэлгүйгээр шууд яллагдагчаар байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан этгээдийг сэжигтэн гэнэ.” гэж заасан ба сэжигтэн гэдэг ойлголтыг баривчлагдсан эсхүл прокурорын яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан этгээдийг хэлнэ гэж тодорхой заасан бөгөөд сэжигтнээр тооцох тухай асуудлыг хуульд огт тусгаагүй байна. Харин мөн хуулийн 31.11 дүгээр зүйлд заасны дагуу сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаа нь зөвхөн баривчлагдсан сэжигтнээс мэдүүлэг авах зохицуулалт бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Аг баривчилсан болон цагдан хорьж шалгаагүй байхад хуулийг илт буруу тайлбарлаж, хэрэглэжээ. Мөн давж заалдах шатны шүүхээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нь алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилохдоо яллагдагч түүний өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулаагүй, хавтаст хэргийн 28, 65, 88, 120 дугаар хуудсанд шинжээчийн тогтоол, дүгнэлтийг хохирогч болон яллагдагч нарт танилцуулсан тэмдэглэл байгаа боловч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрөх, шинжээчид асуулт тавих, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй.” гэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох зорилгоор цагдаагийн газрын мөрдөгчөөс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн ба улмаар тогтоол болон дүгнэлтийг танилцуулж, холбогдох тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна. Ингэхдээ мөрдөгчөөс шинжээч томилсон шийдвэрт буюу тогтоолдоо “Энэ тогтоолыг оролцогч нарт танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласугай.” гэж тусган хэргийн оролцогч нарт хуульд заасан эрхийг тайлбарлаж, танилцуулсан талаарх баримтыг үйлдсэн байхад эрхээр нь хангаагүй гэсэн нь үндэслэлгүй болжээ. Дээрхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн төрсөн эгч Ш.М, хамтран амьдрагч Д.А, эцэг Ч.Ш нарт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан хэдий ч мөрдөгчөөс тэдгээр хүмүүст хэний эсрэг, ямар асуудлаар мэдүүлэг авах талаар тайлбарлаж, танилцуулаагүй байна гэсэн байна. Гэвч мэдүүлэгт дээрх гэрчүүд нь хуулийг бүрэн ойлгосон, мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгож, мэдсэнээс гадна холбогдох асуудлын талаар мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн болох нь тогтоогдсон байна. Иймд Давж заалдах шатны шүүх нь Ш.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийсэн Я.Бямбатогтох нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2017 оны А/84 тоот захирамжаар Орон тооны бус зөвлөлийн Үнэлгээний ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон. Прокуророос шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах санал гаргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлаж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарт магадлалын үндэслэлийг тайлбарлахдаа “5 хоногийн дотор гомдол, мэдээллийг шалгахдаа нэр бүхий хүмүүсийг гэрч, хохирогчоор байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн боловч магадлал албажиж тараагдахдаа эрс зөрүүтэй гарсан тул магадлал хууль зүйн үндэслэлгүй. Я.Бямбатогтох нь үнэлгээ гаргадаг тусгай мэргэжилтэн биш. Ш.А нь мал услах зориулалттай онгоцыг шунахайн сэдэлтээр аваагүй тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ш.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Мэргэн” гэх газраас иргэн Г.Бын 2 тооны ямаа, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Хөтлийн хүрэн” гэх газраас иргэн Б.Итгэлтийн 6 тооны ямаа /ишиг/, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Булгантолгой” гэх газраас иргэн Ц.Гансүхийн 4 тооны ямааг тус тус хулгайлж, бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.И, Ц.Г, Г.Б, гэрч Д.Б, Д.А, Ш.М, Ц.Г, Б.А, Ц.Ц, Б.Т, Б.А нарын өгсөн мэдүүлгүүд, малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх Ш.Агийн нийт 3 удаагийн үйлдлээр бусдын 12 тооны ямаа хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ш.А нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хадам аав Ч.Шын эзэмшилд бүртгэлтэй 11-20 УБХ дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдсон байхад шүүх уг тээврийн хэрэгсэл, эсхүл түүний үнийг гаргуулж улсын орлогод оруулах асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хамааруулан ойлгохоор хуульчилсан бөгөөд тухайн эд хөрөнгө гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хурааж улсын төсөвт шилжүүлнэ. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байсан, эсхүл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийн үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ш.Агийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Камри загварын 11-20 УБХ дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг /хх-123/ үндэслэн 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Агаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Ш.Ад холбогдох 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг, “Босго” гэх газарт байрлах нийтийн эзэмшлийн худаг дээрх иргэн И.Бы мал услах зориулалттай төмөр онгоцыг түүнд хэлэхгүйгээр зөөвөрлөн авчирч өөрсдийн мал усалдаг худаг дээр авчирч тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ш.А нь Дундговь аймгийн 4 дүгээр багийн нутаг, Босго гэх газарт нутаглаж байсан И.Бд хэлэхгүйгээр түүний малаа усалдаг худаг дээрх онгоцыг дур мэдэн авч өөрсдийн нутаглаж байсан Мэргэн гэх газрын Орго гэх худаг дээр авчирч тавьсан нь тогтоогдсон хэдий ч түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сард мал усалдаг байсан задгай ус хөлдөж мал услах боломжгүй болсон тул бид Дэлгэрхангай  сумын 1 дүгээр багт байх Орго гэх худагт малаа услах болсон. Оргын худгийн онгоц нь хуучин цементэн онгоц байж байгаад хагараад уначихсан, мал услах онгоцгүй байсан юм… Бид мөнгөний бололцоогүй болоод худгийн онгоц хийлгэж чадаагүй. Тухайн үед манай аав Ш Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Би өөрийн эгч Мд худгийн онгоц олж ирье гэж хэлээд өөрийн хүргэн ах Гын эзэмшлийн Калдина маркийн 84-41 УБЛ улсын дугаартай машиныг унаад сумын төв рүү хойд зүгт явж байгаад Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Босго гэх газар нутагладаг Б гэх айлынх худаг дээрээ онгоцоо орхиод өөр нутагт нутаглаж байгааг гэнэт санаад тэдний онгоцыг очиж авъя гэж шийдээд, худаг дээр 3 м орчим урттай төмөр онгоц байсныг машиндаа ачиж, Оргын худаг дээр аваачиж тавьсан юм. Би худгийн онгоцыг авахдаа эзэмшигч нь болох Бд хэлж мэдэгдээгүй, би онгоцыг нь түр хэрэглэж байгаад буцаагаад тавьчихна гэж бодож байсан юм. Би Ба гуайг сайн танина, нэг нутагт нутаглаж байсан...” гэх мэдүүлгийг /хх-40/ үгүйсгэх нөхцөл байхгүй байна.

Шүүгдэгч Ш.А нь И.Бд хэлэхгүйгээр худгийн онгоцыг авч явсан үйлдлээ бусдаас нууж өөрийн үйлдлийг үгүйсгэх, эсхүл уг онгоцыг борлуулж ашиг олох гэсэн үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл И.Бы малаа усалдаг худаг дээрх онгоцыг өөрсдийн мал усалдаг худаг дээр буюу нийтийн эзэмшил газарт аваачиж тавьсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн агуулаагүй байна гэж үзэв.

Иймд прокуророос Ш.Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхээс Ш.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Ш.Ад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа түүнийг сэжигтнээр тогтоох, байцаах зэрэг ажиллагаа хийлгүйгээр шууд яллагдагчаар байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн,

яллагдагч, түүний өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн,

шинжээчийн тогтоол, дүгнэлтийг хохирогч болон яллагдагч нарт танилцуулсан тэмдэглэл гэх баримт хэргийн 28, 65, 88, 120 дугаар хуудсанд байгаа боловч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрөх, шинжээчид асуулт тавих, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийг зөрчсөн,

шинжээч Я.Бямбатогтох нь ямар арга, аргачлалаар үнийг тогтоосон нь тодорхойгүйгээр эд зүйлд үнэлгээ хийсэн акт, дүгнэлт гаргаж шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг тус тус зөрчсөн,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Агийн төрсөн эгч Ш.М /хх-22/, хамтран амьдрагч Д.А /хх-19/, эцэг Ч.Ш /хх-114/ нарт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж өгсөн гэсэн гарын үсэгтэй байгаа боловч мөрдөгчөөс тэдгээр хүмүүст хэний эсрэг ямар асуудлаар мэдүүлэг авах талаар тайлбарлаж, танилцуулаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон хүнийг сэжигтнээр тогтоож, байцаалт аваагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Энэ хэрэгт шинжээчээр томилогдсон Я.Бямбатогтох нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот захирамжаар Орон тооны бус зөвлөлийн Үнэлгээний ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон байх бөгөөд малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах болон нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хуулийн шаардлагад нийцээгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөгч нь хохирлын үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн гаргасан дүгнэлтийг оролцогчдод танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах; шинжээчид нэмэлт асуулт тавих; шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах; мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах; шинжээчийн дүгнэлттэй танилцах” эрхийг тайлбарлаж, холбогдох тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна. Мөн шүүгдэгч Ш.Агийн төрсөн эгч Ш.М, хамтран амьдрагч Д.А, эцэг Ч.Ш нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан болох нь тогтоогджээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Ш.Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ш.Агаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Камри загварын 11-20 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад шүүгдэгч Ш.Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан, уг ялыг нэгтгэсэн, хорих ял эдлүүлэх дэглэм тогтоосон заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Агийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 488 цагийг хасч, үлдэх 232 /хоёр зуун гучин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 болон 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН