Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 125/2016/0041/З |
Дугаар | 221/МА2017/0748 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2017/0748
2017 оны 10 сарын 25 өдөр | Дугаар0221/МА2017/0748 | Улаанбатар хот |
Ц.О нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан давж заалдах гомдлоор Ц.О нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.Ог 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.О Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 13.282.360 /арван гурван сая, хоёр зуун наян хоёр мянга гурван зуун жаран/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо урьд Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болгон өөрчилсөн.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нь ахлах түшмэл ТЗ-9 ангилал, аймгийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга ТЗ-7 зэрэглэлд хамаарахаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэл”-д тусгагдсан байдаг.
“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээш бусад албан тушаал хамаарна” гэж Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2-т тодорхойлжээ.
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.О эрхэлж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан юм.
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулагддаг.
Ц.О аймгийн Засаг даргын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохдоо хууль, журмаар тогтоосон шат дарааллыг зөрчин, хууль бусаар томилогдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогддог.
2.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг баримтлан Ц.О “Х” сургуулийн захирлын албан тушаалд томилжээ.
Энэ тохиолдолд Ц.О төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд дахин төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцох шаардлагатай.
3.Нэхэмжлэгч Ц.О аймгийн Засаг даргын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/51 дүгээр тушаалаар хууль бусаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон байдаг.
Хууль бус гэхийн учир нь Ц.О төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцээгүй байхад “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн “а”-д заасныг зөрчиж, дүгнэлт гаргуулж томилогдсон байдаг.
Дээрх байдлаар нэхэмжлэгч Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга /ТЗ-7/ албан тушаалд хууль бусаар томилогдсон атлаа, одоо ангилал, зэрэглэл алгасан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын /ТЗ-9/ албан тушаалд томилуулахаар шаардлага тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь төрийн жинхэнэ албан тушаалд томилуулах шаардлагыг уг албан тушаалд хууль, журмын дагуу томилогдсон этгээд тавих эрхтэй. Хууль, журмын дагуу томилогдоогүй тохиолдолд ийм шаардлага тавих эрхгүй.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А/61 дүгээр тушаал гарган төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хууль, журмын тодорхой заалтуудыг зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.
Хуулийн хэрэгжилтийн хангуулсан тушаал хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй.
4.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх дараалал, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж, үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр сонгон шалгаруулахгүйгээр нэхэмжлэгч Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилуулах дүгнэлт гарсан.
Учир нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гишүүн Д.Н “...Ц.О нь төрийн үйлчилгээний албанаас энэ албан тушаалд томилогдсон байна” гэхэд нарийн бичгийн дарга Ц.О “...өмнө нь төрийн захиргааны албан хаагч байсан тул нөөцөд байгаад тооцно” гэж хууль бус тайлбар хийсэн байдаг.
Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл хамтын зарчмаар, олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гаргахыг хэдэн гишүүн зөвшөөрсөн нь тодорхой бус, санал хураалт ч явагдаагүй, тогтоол дээр ч тэмдэг дарагдаагүй.
5.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “Иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” тусгай зарчмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргад томилогдох Ц.О давуу байдал эдлүүлэх учиргүй.
Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон /ТЗ-7-с ТЗ-9/ тохиолдолд уг албан тушаалын орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шат дарааллын дагуу Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлтээр нөхнө.
Гэтэл Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилуулах дүгнэлт гаргаагүй, томилох эрх бүхий этгээдээс уг албан тушаалд томилсон ямар нэг шийдвэр гаргаагүй болно.
Ийм байхад анхан шатны шүүх Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэсэн бодит байдалд нийцээгүй, нэг талыг баримталсан дүгнэлт хийж, хуулиар өөрт эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргалаа.
Ц.О ТЗ-7 ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалаас ТЗ-9 ангилалд хамаарах албан тушаалд томилох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажил олгогч шийдвэрлэнэ.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.О Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон атлаа Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын ажлын байрны цалин хөлсөөр тооцон хариуцагчаас олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.
6.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй харилцан тохиролцсон байхыг хуулийн дээрх заалт шаардаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлэн ажиллах талаар Ц.Оюунцэцэгтэй хэлэлцэн тохирсны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ойн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн алдааг зассан өөрчлөлт оруулав.
Шүүхээс маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас шилжүүлэн ажиллуулах тухай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч Ц.О тохиролцож, түүнийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй болохыг тогтоожээ.
Давж заалдах гомдолд “...Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль, журамд нийцэж гаргаагүй, өөрөөр хэлбэл Ц.О анхнаасаа Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргад томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй...” гэх боловч үүнд Ц.О буруутгах боломжгүй, харин ч дээрх тушаалаар томилогдсоноос хойш нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан болжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/549 дүгээр захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба уг бүтэц, орон тооны дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Ц.О тус газрын Хяналт үнэлгээ, дотоод аудит, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний ТЗ-5 зэрэглэлтэй албан тушаалд томилсон нь ТЗ-7 зэрэглэлийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон нэр өөрчлөгдсөн ч үндсэндээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зөвхөн албан тушаалын зэрэглэл ТЗ-7-оос ТЗ-9 болжээ.
Мөн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г Ц.О тохиролцож, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт шилжүүлсэн гэх боловч чухам ямар албан тушаалд ажиллуулахаар шилжүүлсэн нь тодорхойгүй байгаагаас үзэхэд Ц.О тус газарт шилжүүлэх албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх боломжгүй.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь албан ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй байхад, мөн нэхэмжлэгч Ц.О харилцан тохиролцолгүйгээр өөр байгууллагад шилжүүлсэн байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрх, хуулт ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Харин анхан шатны шүүх тухайн хэрэгт төдийлөн хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэхь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтласнаас гадна маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар захирамжийн оныг “2017” гэж зөрүүтэй бичсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэг, ...” гэснийг хасч, “...2017...” гэснийг “...2016...” гэж, Төрийн албаны тухай хуулийн “4 дүгээр зүйлийн 4.1...” гэсний дараа “...11 дүгээр зүйлийн 11.6,...” гэж нэмэн тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН