Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103

 

 “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Х.Батсүрэн,

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

            Нэхэмжлэлийн шаардлага: “нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0099 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Я.Л, Ж.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.Н нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 249 дүгээр зүйлийн 249.3, 249.4, 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, 2691.1 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.3 2691.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0099 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0099 дугаар магадлалыг “В”' ХХК 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.5 дахь хэсгийн дагуу, мөн хуулийн 123.2-т заасан үндэслэлээр дээр дурьдсан шийдвэр болон магадлалыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гаргаж байна.

4. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт зааснаар “бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно. “В” ХХК нь Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч нарын шалгалтанд хамрагдсан. Хялбаршуулсан журмаар тухайн зөрчлийг болон дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудаст заасан хариуцлагыг хүлээсэн.

5. Дээрх байдлаар бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох гэсэн Гаалийн тухай хуулийн 249.3 дахь хэсэгт заасан нөхцөл тодорхой байхад шүүх уг хуулийг хэрэглэхгүй байна. Энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно гэсэн мөн хуульд заасан илт тодорхой нөхцөлийг хэрэглэхгүй байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байна. Маргааны гол зүйл болоод байгаа Гаалийн тухай хуулийн 249.3 дахь хэсгийн агуулгын талаар, үндэслэлийн талаар, уг хэсгийг даган мөрдөх нөхцөлийн талаар шүүх ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тайлбар өгөөгүй, ямар хуулийн аль зүйл, заалтад үндэслэсэн нь тодорхойгүй, хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглэхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/18 тоот Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Гаалийн төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.Оюунгэрэл, Д.Нямсүрэн, Д.Эрдэнэбилэг, Г.Өнөрцэцэг нар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж торгууль ногдуулсныг манай компани 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүрэн барагдуулсаар байтал нөхөн бүрдүүлэлт хийлгүй манай компанийг хохироосоор байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацааныд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэдгээр нэхэмжлэгчийн буюу аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

6. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Гаалийн төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийн дагуу хийгдсэн шалгалт нь хууль болон удирдамжид заасан хугацааг хэтрүүлсэн байдаг. Хяналт шалгалтыг сунгасан талаар ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсгийг удирдлага болгож гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад хандсан боловч 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 01-2/2945 тоот албан бичгээр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон нь “нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй” гэсэн хариу авсан.

7. Гаалийн ерөнхий газрын даргаас, түүнээс эрх олгосон албан тушаалтнаас өнөө хүртэлх хугацаанд ямар нэгэн хариу аваагүй байна. Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга нь Гаалийн ерөнхий газрын даргын чиг үүргийг гүйцэтгэх талаар хавтаст хэргийн материалд ямар нэгэн тушаал, шийдвэр, тодорхой нэг хууль, дүрмийн заалт байхгүй байна. Гаалийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Гаалийн байгууллага, албан тушаалтан нь Гаалийн тухай хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр үйлдэнэ. Батлагдсан загварын дагуу үйлдэгдсэн шийдвэр байхгүй, “В” ХХК-д байна. Гаалийн тухай хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар дээрхи шийдвэр дараахь бүрдүүлбэртэй байна: 23.2.1.гомдлыг хянан шийдвэрлэсэн гаалийн байгууллагын нэр; 23.2.2.гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гаалийн байгууллагын албан тушаалтны овог, нэр, албан тушаал; 23.2.3 гомдол            гаргагчийн овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр; 23.2.4.гомдлын товч агуулга; 23.2.5. гомдлыг шийдвэрлэсэн байдал; 23.2.6.шийдвэрийн үндэслэл; 23.2.7.шийдвэрт гомдол гаргах журмын тухай мэдээлэл.”

8. Дээрх бүрдүүлбэртэй шийдвэр Гаалийн ерөнхий газраас гараагүй болно. Татгалзаад байгаа үйлдэл шийдвэрийн хэлбэртэйгээр бус, албан тоотын хэлбэрээр гарсан байдаг. Өмнө нь дурьдсанаар хуульд заасан хугацаанд, дээр дурьдсан бүрдүүлбэртэй шийдвэр “В” ХХК-д ирээгүй болно. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаарын тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.5 дахь хэсэг, 25.5.5 дахь заалтын дагуу Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга Гаалийн ерөнхий газрын даргын эрх олгосноор олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй Гаалийн ерөнхий газрыг төлөөлөн харилцах эрхтэй. Мөн ГБ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1 дэх заалтын дагуу Гаалийн ерөнхий газрын даргын эзгүйд албан үүргийг дэд дарга түр орлон гүйцэтгэнэ. Дэд дарга орлох боломжгүй бол албан үүргийг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түр орлон гүйцэтгэж болно. 2.2.3 дахь заалтад, Энэ журмын 2.2.1, 2.2.2 дахь зүйлд заасан албан тушаалтан тухайн нэгжийн даргын албан үүргийг ажлын 15 өдрөөс дээш хугацаагаар түр орлон гүйцэтгэх бол Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргана. Ийнхүү Гаалийн ерөнхий газрыг төлөөлөх эрхгүй албан тушаалтнаас нөхөн бүрдүүлэлт хийхээс татгалзсан хариу бичгээр ирсэн байна. Нэгэнт албан ёсоор, шийдвэрийн хэлбэртэйгээр Гаалийн ерөнхий газраас, түүний эрх бүхий албан тушаалтнаас хариу ирээгүй учир “В” ХХК-ийн гомдол, хүсэлтийг Гаалийн ерөнхий газар хүлээн зөвшөөрсөнд тооцогдохоор байна.

9. Гаалийн ерөнхий газрын нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа эс үйлдэхүй болон татгалзсан албан бичиг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх заалтад заасан тодорхой зардлыг хасч тооцох, үүнд зориулах санхүүгийн баримтыг бүрдүүлэх боломжгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцоход зохих баримтаар нотлох боломжгүй болгож байна. Гаалийн тухай хуулийн 272.2 дахь хэсгийн дагуу гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх үүрэгтэй. Харин нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаагийн улмаас “В” ХХК нөхөн бүрдүүлэлт хийх, зохих зардлыг хасч тооцуулах боломжгүй болж алдагдалд ороод байна.

10. Гаалийн тухай хуулийн 2.1-д зааснаар Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Гаалийн тухай хуулийн 10.1 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид “шийдвэр” гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Гаалийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй. Хуульд заасан нөхцөлийг гаалийн байгууллага хангаагүй, тайлбар, үндэслэл, шалтгаанаа ч мэдэгдээгүй болно. Хуульд заасан хугацаанд хариуг өгөөгүй тул, зохих шийдвэр гараагүй тул нөхөн бүрдүүлэлтийн хүсэлтийг Гаалийн ерөнхий газар зөвшөөрсөн гэж үзэж байна.

11. Нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг” тогтоож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж, зохих шийдвэрийг гаргуулж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “В” ХХК-ийн санал гомдлыг Гаалийн ерөнхий газар зөвшөөрсөнд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулах энэхүү гомдлыг гаргаж байна.

12. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0099 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4 дахь заалтын дагуу тус тус хүчингүй болгож, “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхийг даалгаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч “В” ХХК нь “...нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

15. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нь Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/18 тоот удирдамжийн дагуу “В” ХХК-ийн 2013-2017 онуудын санхүүгийн болон гадаад худалдааны бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0240244 дүгээр шийтгэлийн хуудсаар, гадаадын барааг монголын бараа гэж татваргүй гаалийн горим сонгон гаальд мэдүүлж татвар төлөөгүй 500,632,655.37 төгрөгийн зөрчилд гаалийн  нөхөн татвар, НӨАТ, торгуулийн нийт 100,877,480 төгрөгийн төлбөр, 0240245 дугаар шийтгэлийн хуудсаар, импортоор оруулсан барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн 1,435,835,734.42 төгрөгийн зөрчилд нийт 289,320,901 төгрөгийн төлбөр тогтоосныг тус компани хүлээн зөвшөөрч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, нэхэмжлэгч уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох гэсэн Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт заасан нөхцөл тодорхой байхад шүүх уг хуулийг хэрэглэхгүй байна. Энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно гэсэн хуульд заасан илт тодорхой нөхцөлийг хэрэглээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байна” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

17. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно”, 249.4-т “Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж тус тус заасан.    

18. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, Гаалийн ерөнхий газрын дарга нь 2015 оны 134 дүгээр тушаалаар “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ыг баталсан байх бөгөөд энэ журмын 6.2-т “Гаалийн мэдүүлгийг дараах тохиолдолд нөхөн бичиж болно”, 6.2.1-д “хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан”, 8 дугаар зүйлийн 8.1.5.2-т “гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гаргасан тохиолдолд гаалийн байгууллагад сайн дураар залруулах хүсэлт гаргах эсхүл бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө гаалийн байгууллагад мэдэгдэх” гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.  

19. Хууль, журмын дээрх заалтуудаар, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гаргасан тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө, сайн дураараа гаалийн байгууллагад хандаж нөхөн бүрдүүлэлт хийлгэх, алдаагаа залруулах талаар хүсэлт гаргаж болохыг тусгайлан журамласан байна.

20. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

21. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “В” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/06-040 тоот албан бичгээр нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломж олгохыг хүсч Гаалийн ерөнхий газрын даргад хандсан байх ба Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын даргаас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01-2/2945 тоот албан бичгээр “нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.  

22. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “В” ХХК нь бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ гаалийн байгууллагад гаргаагүй, харин гаалийн улсын байцаагч нар зөрчлийг илрүүлсний дараа хүсэлт гаргасан учир хариуцагчаас “нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй” гэсэн хариу өгсөн нь дээр дурдсан хууль, журамд нийцсэн хууль ёсны байна.

23. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд шүүхүүд Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3, 249.4-д заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0735 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0099 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА