Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс:114/2016/0064/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч “*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.*******

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт  холбогдох

            Нэхэмжлэлийн “*******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны архивын баримтуудыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хадгаламж банкны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны буюу байнга хадгалах 251 хадгаламжийн нэгж, түр хадгалах 5495 хадгаламжийн нэгж, устгах 254 хадгаламжийн нэгж, нийт 6000 хадгаламжийн нэгж архивын баримтуудыг тус аймгийн Архивын тасагт хүлээн авахыг даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгон-эрдэнэ, өмгөөлөгч Д.Гантөмөр

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанзул, Л.Алтанчимэг  нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгон-эрдэнэ болон өмгөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:- 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А/153 дугаартай тушаал, А/157 дугаартай тушаал гаргаж *******ыг татан буулгасан. *******ны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч дахин 6 сарын хугацаагаар сунгаж, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  болгосон. ******* нь улсын хэмжээнд 509 салбараар үйл ажиллагаа явуулж байсан том банк байсан юм. Эдгээр   банкнуудын   архивын   бичиг   баримтыг   2013   оны  07 дугаар сарын 22-ны өдрөөс аймгуудын архивт хүлээлгэн өгөх үүрэг өгсөн. Энэ ажиллагаа бүх аймгуудад амжилттай                                 зохион байгуулагдсан боловч зөвхөн Дархан-Уул аймагт хэрэгжээгүй өдий хүрсэн байна. Тус аймгийн архивын тасагт удаа дараа энэ асуудлыг тавьж хандаж байсан. 2014 оны  03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Архивын тасагтай архивын баримт хүлээлгэн өгөх гэрээ байгуулж, архивын нэгжүүдийг эмхэлж дуусаад 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нягтлан шалгах комиссын хурлаар баталсан байдаг. Энэ гэрээний дагуу талууд харилцан үүрэг хүлээсэн. Манай тал гэрээний үнэ болох 2,374,000 төгрөг, 2 ком 10 секц тавиурыг хүлээлгэн өгсөн боловч Дархан-Уул аймгийн Архивын тасаг өөрсдөө үүргээ биелүүлээгүй байгаа. 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэл Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Архивын тасаг, холбогдох бүх байгууллага албан тушаалтанд нийт 12 удаа энэ талаар шаардлага өгч байсан боловч авч хэрэгжүүлээгүй. Бид Үндэсний архивын газар хандахад Үндэсний архивын газрын улсын байцаагч 2016 онд  Дархан-Уул аймгийн Архивын газарт *******ны архивын баримтыг хүлээж авах талаар албан шаардлага хүргүүлсэн. Архивын нэгж хүлээн авах үндсэн заавар журмын 9.9-д зааснаар “Хувийн аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд архивын баримтуудыг төрийн архивт шилжүүлнэ” гэсэн байгааг үндэслэн хандаж ирсэн. Архивын Ерөнхий газрын Улсын байцаагчаас архивын баримтуудыг хүлээн авах талаар албан шаардлагыг  хүргүүлсэн, үүнийг заавал биелүүлэх ёстой байтал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Архивын тасаг  архивын барит бичгүүдийг хүлээн авах арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхгүйгээ үргэлжлүүлсээр байна. *******ны эрх хүлээн авагчийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын  22-ны өдөр хүртэл байсан учир энэ асуудлыг шийдвэрлэгдэхгүй бол иргэдийн архивын үйлчилгээ авах эрх зөрчигдөх тул мөн эрхийг 6 сараар сунгасан. Энэ сунгасан хугацаа дуусах бол яахав гэдэг асуудал тулгараад байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, нэхэмжлэгчээс итгэмжлэлдээ эвлэрэх талаар эрх олгоогүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанзул, Л.Алтанчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  *******ны эрх хүлээ авагчаас манай Архивын тасагт хүлээлгэн өгөх архивын баримтыг хүлээн авах боломжгүй. Энэ баримтууд нь төрийн архивын нэгж биш юм. Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан байгууллагуудын архивын баримтаар үндэсний архивыг баяжуулна” гэж заасан байдаг. Архивын баримтыг байнгын хадгаламжид шилжүүлэх, заавар хууль байгаа. Төрийн болон орон нутгийн өмч татан буугдсанаар түний архивын баримтыг Төрийн архивт хүлээн авна гэж хууль болон журамд заасан байдаг. Харин хувийн байгууллагын архивын баримтыг Төрийн архивт хүлээн авна гэсэн зохицууллалт байдаггүй. *******ны эрх хүлээн авагчтай баримт хүлээн авах тухай гэрээ гэж байгаа зүйл нь архивын баримтыг эмхлэх, цэгцлэж өгөх талаар гэрээ юм. Түүнээс Төрийн архивт баримтуудыг нь хүлээн авна гэж гэрээ байгуулаагүй. Энэ гэрээ нь баримт бичиг нягтлан шалгах комиссоор хэлэлцэгдэж, улсын байцаагчаар хянуулах ёстой байсан. Манай тал энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эдгээр баримтуудыг хүлээн авъя гэхэд архивын байрны бололцоо байхгүй, энэ асуудал хүнд байна. Бид 2015, 2016 оны нөхөн баяжилтыг хийж чадахгүйд хүрээд байгаа. Банк бол хувийн байгууллага, Архивын тухай хуулийн 6.1-д “Үндэсний архивын сан хөмрөг нь төрийн архивын баримтаас бүрдэнэ” гэж заасан байгаа. Төр өөрийн хөрөнгөөр бүтээсэн байгууллагын гадаад дотоодын баримт, банкны байгууллагын архив нь төрийн архивын нэгжид хамрагдахгүй. *******тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр биш 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Юра дарга ажиллаж байгаагүй. Юра дарга Аравзэд гэдэг хүнтэй байгуулсан гэрээг хэрэгт өгсөн байна. ******* нь хувийн байгууллага болж байгаа, тэр байгуулсан гэрээ нь Архивын тухай хуулийг бариагүй хууль зөрчсөн гэрээ байна гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ манайх авах бол байнга хадгалах 254 хадгаламжийн нэгжийг хүлээн авах боломжтой байна гэв.           

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “*******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны архивын баримтуудыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Хадгаламж банкны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны буюу байнга хадгалах 251 хадгаламжийн нэгж, түр хадгалах 5495 хадгаламжийн нэгж, устгах 254 хадгаламжийн нэгж, нийт 6000 хадгаламжийн нэгж архивын баримтуудыг тус аймгийн Архивын тасагт хүлээн авахыг даалгах” шаардлагын тухайд:

 “*******” ХХК-ийн пассив нь актив хөрөнгөнөөсөө хэтэрсэн буюу алдагдал нь хувь нийлүүлсэн хөрөнгө болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч өөрийн хөрөнгө нь алдагдсан гэсэн үндэслэлээр *******инд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жил хүртэл хугацаагаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчаар Ч.*******ийг томилж,  2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс “*******” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгасан болох нь  Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153, А/157 дугаар тушаалаар нотлогдож байгаа бөгөөд  банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дүгээр тушаалаар 1 жил, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар тушаалаар 1 жил,  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаар тушаалаар 6 сар тус тус сунгаж шийдвэрлэснээр нотлогдож байна.

“Хадгаламж Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.******* нь банкны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх архивын баримтуудыг эмхлэн цэгцэлж, архивт шилжүүлэх талаар  “Архивын баримт бичигт эмхлэн цэгцлэлт хийж, төрийн архивт шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ”-г 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Архивын тасгийн дарга Б.Аръяатай байгуулж, уг ажлыг гүйцэтгэж дуусгавар болсон болох нь хариуцагчаас нотлох баримтаар өгсөн дээрх гэрээ болон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэглэл, шүүхээс архивын баримт бичгийг хадгалж байгаа Төрийн банкны архивт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож  байна.

Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-д “Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь төрийн ба төрийн бус гэсэн 2 хэсэгт хуваагдана”,  6.5-д “Төрийн бус архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ”, 6.5.3-д “хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт”,  7 дугаар зүйлийн 7.3-д “Төpийн бус аpхивын сан хөмpөгийн баpимт нь энэ хуулийн 6.5-д  заасан этгээдийн өмч байна”, 7.4.-т “Төрийн бус аpхивын сан хөмpөг нь өмчлөгч байгууллагын үйл ажиллагаа дуусгаваp болсон ...бол тэдгээрийн архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулна” гэж зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар “*******” ХХК-ийг татан буулгаж үйл ажиллагаа нь дуусгавар болсоноор нэхэмжлэгч *******ны эрх хүлээн авагч Ч.*******ээс *******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх архивын баримтыг хүлээж авах талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Архивын тасаг, Архивын Ерөнхий газар, Хууль зүйн Сайдад удаа дараа хүсэлтээ илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтүүдээр нотлогдож байх бөгөөд Архивын Ерөнхий Газрын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот “*******ны баримтыг хүлээн авах” талаар албан шаардлагыг хариуцагч биелүүлээгүй зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч нь *******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх архивын баримтуудыг хүлээн захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь  хууль бус болох нь  тогтоогдож байна.

 Иймд хариуцагчийн  эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээрх хуульд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас *******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртлэх хугацааны 6000 хадгаламжийн нэгж архивын баримтуудыг хүлээн авах талаар захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу архивын баримтуудыг хүлээн авах  захиргааны акт  гаргахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт  даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

1. Архивын тухай хуулийн 6 дугар зүйлийн 6.3, 6.5, 6.5.3, 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас *******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх архивын баримтуудыг хүлээн авах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, *******ны 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны байнга хадгалах 251 хадгаламжийн нэгж, түр хадгалах 5495 хадгаламжийн нэгж, устгах 254 хадгаламжийн нэгж нийт 6000 хадгаламжийн нэгж архивын баримтуудыг хүлээн авах захиргааны акт гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлого  болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА