Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 496

 

                                                         А.Хонгорзул, Т.Намуундарь нарт холбогдох

                                                                          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Батбаяр,

            ялтан А.Хонгорзулын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

            ялтан Т.Намуундарийн өмгөөлөгч Б.Мянган, 

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан А.Хонгорзул, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан Т.Намуундарь, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Хонгорзул, Т.Намуундарь нарт холбогдох 201525011499 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бүрэн овогт Алтанхуягийн Хонгорзул, 1997 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, УС-н 30-ын 15 тоотод оршин суух  /РД:УК97011909/,

2. Боржигон овогт Төрмандахын Намуундарь, 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 17 тоотод оршин суух /РД:УИ97010942/,

А.Хонгорзул, Т.Намуундарь нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны өдөрт шилжих шөнө 00 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны цахилгаан шатан дотор хохирогч С.Отгонжаргалын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж /А.Хонгорзул нь хохирогч С.Отгонжаргалын үснээс татаж газар унагааж амыг дарсан, Т.Намуундарь нь хохирогч С.Отгонжаргалын цүнхийг ухаж эд зүйлийг авсан/ “IРhone-5с” загварын гар утас, бэлэн 60.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Хонгорзул, Т.Намуундарь нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Намуундарь, А.Хонгорзул нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.Хонгорзул, Т.Намуундарь нараас тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Т.Намуундарь, А.Хонгорзул нарын тус бүр цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, А.Хонгорзул, Т.Намуундарь нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан А.Хонгорзул гаргасан давж заалдах гомдолдоо: “...цахилгаан шатанд ороход Т.Намуундарь урд зогсож байсан эгчийг буух үед нь гэнэт хойш нь татахад би яг ард нь зогсож байсан тул намайг налаад унахаар нь цочсондоо хальт хүрчихсэн. Түүнээс биш би санаатайгаар хохирогч С.Отгонжаргалыг тэврээгүй. Намайг юу болоод байгааг сайн ойлгож амжаагүй байхад Т.Намуундарь цахилгаан шатныхаа товчлуурыг дараач гэхээр нь би айсандаа дарчихсан. Тухайн үед найзыгаа болиулаагүй нь миний буруу, энэ үйлдэлдээ гэмшиж байна. Би олон цаг гавтай сууж байцаагчийн амыг дагуулан байцаалт өгсөн. Хохирогч С.Отгонжаргал нь намайг ам дарсан, дараагүй гэж зөрүүтэй мэдүүлж, Т.Намуундарь намайг хамжилцсан мэтээр мэдүүлсэнд гомдолтой байна. Иймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Т.Намуундарь гаргасан давж заалдах гомдолдоо: “...нэрийг нь үл мэдэх эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар намайг айлгаж зодон, тулгаж байцаалт авсан. Би 10 гаруй цаг гавтай сууж байгаад байцаагчийн амыг дагуулан байцаалт өгсөндөө гомдолтой байна. Болсон явдлын талаар үнэнийг мэдүүлэхэд 2015 оны 7 дугаар сарын 24-ний шөнө тус байрны 10 давхарт бие засахаар орсон. Тэр үед хохирогч С.Отгонжаргал бид хоёртой цуг цахилгаан шатанд суусан. Би хохирогчийг хойноос нь татаад газар суулгаж, цүнхнээс нь 20.000 төгрөг, гар утас зэргийг авч, түүнийг 7 давхарт буулгасан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Шүүхийн мэдүүлэгт намайг хохирогчийг үсдсэн гэж бичсэнд гомдолтой байна. Би найз А.Хонгорзултай энэ хэргийг хийх талаар ярилцаж тохироогүй. Тухайн үед А.Хонгорзул нь айж цочирдсон байдалтай зогсоод байхаар нь доошоо буухын тулд түүнд “Цахилгаан шатныхаа товчлуурыг дараач” гэж хэлсэн. Би айсандаа худал мэдүүлэг өгч өөрийн найзыгаа гомдоож, хохироож байгаадаа гэмшиж байна. Дахин алдаа зөрчил гаргахгүй. Иймээс надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг маань багасгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан А.Хонгорзулын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар зүйлийн 26-ны өдрийн 13 тоот тогтоолд “Дээрэмдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа үйлдлийг ойлгоно”, “Амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гэдэгт хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдлийг ойлгоно” гэжээ. А.Хонгорзул энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 Мөн хохирогч С.Отгонжаргал нь мөрдөн байцаалтын шатанд “...үснээс татсан, ... хашгирсан чинь ам дарсан, ... өндөр охин нь бол надад гар хүрээгүй, ... 8 давхарт зогссон чинь намайг босгоод лифтны хаалга онгойсон чинь буу гэсэн, ... тэр 2 охин тухайн үед намайг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй бөгөөд ам дарах явцдаа нүүр ам маажсан...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...2 охин надтай хамт лифтэнд ороод би 7 давхар, тэр 2 охин 10 давхарын товчлуурыг дарсан. Буух гэхэд нэг нь миний араас үсдэж дарсан, ... нэг нь миний дээрээс босгохгүй, ... нэг охин нь товчлуурыг дараач гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд А.Хонгорзул энэ гэмт хэргийг Т.Намуундарьтай бүлэглэж үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо “...А.Хонгорзул гараараа араас нь хүзүүгээр нь оруулж бариад хашгирахаар нь амыг нь дараад, Т.Намуундарь цүнхийг нь ухаж эд зүйлийг нь авсан гэж мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байгаа...” гэж бичжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч анх орохдоо өндөр нам хоёр охин байна гэдгийг харсан болохоос өөрийг нь хэн үсдээд амыг нь хэн дарж байгааг өөрөөр хэлбэл нам нь үсдсэн үү, өндөр нь үсдсэн үү гэдгийг харах боломжгүй юм. Хохирогчийг анх тааралдаад харахад нэг нь нэгнээсээ арай өндөр харагдсан болохоор өндөр нам гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс биш мөрдөн байцаачийн хэмжээд гаргаад өгсөн зурган дээр үндэслээд өндөр нам гэж мэдүүлэг өгөөгүй болох нь хэрэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээс харагдаж байна...” гэжээ.

Т.Намуундарь нь хэдийгээр хуульд зааснаар өөрийнхөө гэм бурууг хүлээн мэдүүлэх үүрэггүй ч гэлээ хийсэн үйлдлээ үнэн зөвөөр буюу би үсдсэн, цүнхийг нь ухаж эд зүйлийг авсан гэдгээ тодорхой мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн “...би хохирогчийн үснээс татаад газар суулгаж, цүнхнээс нь 20.000 төгрөг, гар утас зэргийг авч түүнийг 7 давхарт буулгасан...” гэсэн байгаа. Энэ бүх байдлаас дүгнэхэд А.Хонгорзул нь хохирогч С.Отгонжаргалд яаж ямар аргаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр магадлалаар А.Хонгорзул, Т.Намуундарь нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч энэ талаар мөрдөн байцаалтаар нарийн тогтоож чадаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул А.Хонгорзулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Т.Намуундарийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Т.Намуундарьд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, А.Хонгорзул нь гэмт хэрэг үйлдээгүй учир түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч, хохирогч нарын илтэд зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн хүлээн авахаас татгалзсан. Мөрдөн байцаалтын шатанд ялтан Т.Намуундарь нь “...лифт 7 давхарт зогсоод тэр эгч буух гэж байхад нь би түүний ар талаас хувцаснаас нь татан буцаж оруулаад цүнхэн дотроос нь гар утас, 20.000 төгрөгийг нь авсан. Намайг эд зүйлийг нь авч байхад тэр эмэгтэй явган суусан байдалтай байсан. А.Хонгорзул гайхсан байдалтай хараад зогсож байсан...” гэж, ялтан А.Хонгорзулын “...тэр эгчийг лифтнээс буух гэж байхад нь Т.Намуундарь үсдээд хойш нь татаад буцаж оруулсан. Би яг ард нь зогсож байсан болохоор тэр эгч миний урд ирсэн. Тэгээд миний цээжинд хүрэхээр нь би сандарсандаа хоёр гараараа тэвэрч аваад 3 секунт болоод буцааж тавьсан. Тэр үед уг эгч нүүрээ дараад доошоо явган суусан, цүнхээ тэвэрсэн байдалтай байхаар нь Т.Намуундарь цүнхийг нь булааж аваад доторх эд зүйлийг нь ухаж байсан, юм авсан эсэхийг нь хараагүй. Би тэр хооронд лифтны хаалганы хажууд товчлуурны урд нь сандраад юу ч дуугаралгүй зогсож байсан...” гэж тус тус мэдүүлдэг. Эдгээрээс үзэхэд хохирогч С.Отгонжаргалын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдлийг ялтан Т.Намуундарь дангаараа гүйцэтгэсэн ба уг үйлдэлд ялтан А.Хонгорзул оролцсон болох нь нотлогдохгүй байна. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр магадлалаар А.Хонгорзул, Т.Намуундарь нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч энэ талаар мөрдөн байцаалтаар нарийн тогтоож чадаагүй.

Иймд ялтан Т.Намуундарийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ялын доод хэмжээг оногдуулан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг гарсан байдлын талаар харсан гэрч байдаггүй. Хохирогч С.Отгонжаргал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу хохирогч, яллагдагч нараас дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан. Прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллагдагч А.Хонгорзул, Т.Намуундарь нарын гэмт хэрэгт оролцсон байдал, тэдний үйлдэл оролцоог зааглан ялгаж бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

А.Хонгорзул, Т.Намуундарь нарт холбогдох хэргийг урьд нь мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт биелэгдээгүй, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. 

Хэргийн материалыг судлахад, Прокуророос А.Хонгорзул, Т.Намуундарь нарыг бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны өдөрт шилжих шөнө ... 23 дугаар байрны цахилгаан шатан дотор хохирогч С.Отгонжаргалын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж А.Хонгорзул нь хохирогч С.Отгонжаргалын үснээс татаж газар унагааж амыг дарсан, Т.Намуундарь нь хохирогч С.Отгонжаргалын цүнхнээс “IРhone-5с” загварын гар утас, бэлэн 60.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнө нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 129 дүгээр магадлалд, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхой бичээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 218.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй,

хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд нь ойлгомжгүй, уншигдах боломжгүй, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92-93 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүйн /хх-ийн 22-30,162-171/ гадна шүүгдэгч Т.Намуундарь нь гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийн дийлэнх хэсгийг дангаар авсан шалтгаан нөхцлийг, мөн хохирогчийн алдагдсан эд зүйлийн үнэ, мөнгөний тоо хэмжээг шалгах шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байжээ.

Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч, хохирогч нараас тус бүр нэг удаа мэдүүлэг авч, шаардлага хангахгүй байсан нотлох баримтуудыг тодруулж зөвтгөн бэхжүүлсэн байх боловч магадлалд заасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бусад асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Үүнд: шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг агуулгаараа илт зөрүүтэй байхад хэний мэдүүлэг үндэслэлтэй, үнэн зөв болохыг хуульд заасан аргаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

 Хохирогч С.Отгонжаргал өмнөх мэдүүлэгтээ гар утсаа эгүүлэн авч хохиролгүй болсон гэж мэдүүлж байсан боловч сүүлчийн мэдүүлэгтээ “…гар утасны төлбөрт 320.000 төгрөг аваад хохирол арилсан” гэж мэдүүлжээ. Иймд дээрэмдүүлсэн гэх гар утасны үнийг тогтоохдоо анх худалдан авч байсан үеийн үнээс гадна, одоогийн “IРhone-5с” загварын гар утасны зах зээлийн үнэ ханш болон түүний эдэлгээний байдлын талаарх баримтыг шалган тогтоож хэрэгт хавсаргах, мөн яг хэдэн төгрөг алдагдсан болохыг хөдөлбөргүй тогтоох, шүүгдэгч Т.Намуундарь нь 10.000 төгрөгөөс бусдыг авсан байдалтай байгааг харгалзан үзэх нь гэмт хэрэгт шүүгдэгч нарын оролцсон оролцоо, санаа зорилго, гэм бурууг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан А.Хонгорзул, Т.Намуундарь нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, гэм буруу болон ял шийтгэлийн талаар гаргасан ялтан А.Хонгорзул, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, ялтан Т.Намуундарь, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхилоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Хонгорзул, Т.Намуундарь нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорын газарт очтол А.Хонгорзул, Т.Намуундарь нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

                                          ШҮҮГЧИД                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                              Д.МӨНХТУУЛ