Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эд холбогдох 1706019470198 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1980 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 415 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б Э

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Тэлмэн” пабын гадна иргэн Ж.Савилаг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “…Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой хамт явж байсан 2 хүн манай найзыг нэлээн зодож цохисон. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Савилагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой ... бид нар хамт ширээнд суухгүй гэдэг шалтгааны улмаас маргалдсан... такси барих гээд байж байсан чинь нөгөө 2 залуу ардаас ирээд намайг барьж аваад түлхэж газар унагаасан. Миний гар тулсан байдалтай, олон газар хөхөрсөн, нүүрний орчим хөхөрсөн, хэл хазагдсан байна... намайг түлхэж унагаасан залуу нь бол зугатаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхзаяагийн өгсөн: “... Савила сууж байхад нөгөө 2 залуугийн нэг нь Савилаг цохиод зугатахаар нь би машинаас гарахад жижиг туранхай залуу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 1807 дугаартай дүгнэлтэд: “1. Ж.САВИЛА-н биед дух, зүүн хацар, зүүн өвдөгт, хамрын нуруу, хамрын доод хэсэгт зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний үзүүр, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.      Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Отгондуламын өгсөн: “... Савилаг суух гэж байхад нөгөө намхан залуу ирээд цохичихоод зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.23-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тэлмэн” пабын гадна Ж.Савилаг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Савилагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой ... бид нар хамт ширээнд суухгүй гэдэг шалтгааны улмаас маргалдсан... такси барих гээд байж байсан чинь нөгөө 2 залуу ардаас ирээд намайг барьж аваад түлхэж газар унагаасан. Миний гар тулсан байдалтай, олон газар хөхөрсөн, нүүрний орчим хөхөрсөн, хэл хазагдсан байна... намайг түлхэж унагаасан залуу нь бол зугатаад явчихсан...” гэх мэдүүлэ г/хх.10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхзаяагийн өгсөн: “... Савила сууж байхад нөгөө 2 залуугийн нэг нь Савилаг цохиод зугатахаар нь би машинаас гарахад жижиг туранхай залуу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 1807 дугаартай дүгнэлтэд: “1. Ж.САВИЛА-н биед дух, зүүн хацар, зүүн өвдөгт, хамрын нуруу, хамрын доод хэсэгт зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний үзүүр, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.      Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Отгондуламын өгсөн: “... Савилаг суух гэж байхад нөгөө намхан залуу ирээд цохичихоод зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Ж.Савила нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Б.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Б Э “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эд мэдэгдсүгэй.

5. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Савила нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР