Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2020/00080         

 

  У.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00874 дугаар шийдвэртэй,  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух У.Е-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух С.Е-, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хамтран хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшлийн газраас С.Б-ын барьсан гэх Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У.Е би Өлгий сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт С-ы хашааны дээд талд нэгж талбайн 031303836 дугаар бүхий 750 /0,075/ м2 газрыг 50 жилийн хугацаагаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр авсан, гэрчилгээний дугаар 0305229 юм.

 

Энэ газартаа бид 2011 оны хавар 28 м.кв талбай бүхий 3 өрөө сууц барьсан ба ногоон төмрөөр эргэн тойронд хашаа босгосон. Гэр бүлээрээ өвлийн сууц, үүдний блокон амбаар хашаатай сайхан амьдарч байхад сумын 4-р багийн Шар тохойд гэх газрын Улаан толгой гудамжинд харьяалалтай БЕ:66012911 регистрийн дугаартай Б.Г- ирж худалдахыг хүсэхэд би эхнэртэйгээ ярилцаад 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хашаа байшин газраа тохиролцсон үнээр худалдсан юм. Б.Г ах байшинг өөрийн дээрээ буулгаж авсан байсан. Би 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар Б.Г- ахад газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Гэхдээ улсын бүртгэлээр Б.Г-гийн нэр дээр газар шилжээгүй юм. Б.Г- ахын байшин өвлийн сууцанд үерээр ус бууж, байшинд ан сав хашаа байр нурсан гэж хэлж явсан ба хэдэн жил өвөлжиж чадалгүй нурсан, байрны хогийг цэвэрлэж байсныг харсан. Гэтэл Б.Г- ахын эхнэрийн элэг нь 3-4 удаа Улаанбаатар хот эмчилгээнд явж ирэхэд С.Б- гэгч нь Б.Г-д шилжүүлсэн газарт ахмадын чөлөөт амралтын талбай гэгчийг барьчихсан байжээ.

 

Нэгэнт газар нь эзэмших эрх нотариатаар гэрчилж Б.Г-д шилжсэн хэдий ч улсын бүртгэлийн газраас шилжүүлэг хийгдээгүй тул газар маргаантай байна гээд эзэмших, өмчлөх гэрчилгээ олгоогүй болохоор газрын эзэн би эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байгаа юм. Б.Г-д гэрээгээр шилжүүлсэн боловч уг газар нь улсын бүртгэлээр албан ёсоор Б.Г-гийн нэр дээр шилжээгүй тул газрын эзэмшигч нь У.Е- би мөн болохоор хариуцагч С.Бгазрыг минь чөлөөл гэж шаардах эрхтэй билээ.

 

Иймд У.Е миний Өлгий сумын 4 дүгээр багийн С-ы хашааны дээд талд байрлалтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй 750 /0,075/ м2 газраас С.Б-ын Ахмадын чөлөөт талбай гэх барилга байгууламжийг албадан нүүлгэж газрыг минь чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Б-аас гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч У.Е-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Уг нэхэмжлэлийн хариуцагч би биш байгаа. Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай гэх байгууламжийн захиалагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газар бөгөөд Худалдах, худалдаж авах үйл ажиллагааны тухай дагуу тендер зарлагдаж, тендерийн шаардлагад төрийн бус байгууллага нь нийцсэн компани тендерийг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад ороод 3 жил болж байгаа бөгөөд уг хугацаанд ямар ч мэдэгдэл гаргаагүй байна. Миний бие тендерийн гишүүнээр суусан болно. Иймд уг нэхэмжлэл надад ямар ч хамаагүй бөгөөд уг талбайд миний ямар ч хариуцах юм байхгүй болно. Иймд У.Е-н нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна  гэжээ.

Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж баталсан билээ. Энэхүү ажлын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих газрын зөвшөөрлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авч, газрын даамлуудын гаргаж өгсөн кадастрын дагуу энэхүү талбай баригдсан юм. Тус газарт зөвшөөрөл олгохдоо хэн нэгний эзэмшилгүй, нийтийн эзэмшлийн газар хэмээн олгосон билээ.

Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих тендерт ялалт байгуулсан Ёлт констракшн ХХК энэхүү талбайг барьж гүйцэтгээд улмаар энэхүү барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч Хала-Өркени ОНӨААТГ-т бүртгэлд авахыг даалгасны дагуу бүртгэлд авсан болно. Иймд Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих газрын зөвшөөрөл өгч, газрын кадастр гаргаж өгсөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар энэхүү маргааны хариуцагч хэмээн үзэж байгаа тул Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г- би 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах төмөр хашаатай, 3 өрөө модон байшинг 750 м.кв газрын хамтаар Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн У.Е-гаас худалдаж авсан. Бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар газар эзэмших гэрээг хийлгэсэн. Гэхдээ улсын бүртгэлээр би нэр дээрээ шилжүүлээгүй байсан юм. Тухайн үедээ миний эхнэр Д.Энхтуяа нь элэгний хавдраар өвдөж Улаанбаатар хотод удаа дараа явж эмчлүүлсэн. Мөн үер бууж байшингийн үүдний амбаар нурж байшингийн ханад ан цав гарч хүн амьдрах ямар ч боломжгүй болсон тул буулгаж дахин барих шаардлага гарсан юм. Ингээд байшингаа буулгаж эхнэр Д.Энхтуяаг Улаанбаатар хотод 3 сар эмчилгээ хийлгээд яваад ирэхэд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тухайн үед Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Б- нь дур мэдэн миний газар дээр Ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг байгуулсан юм. Ингэхдээ аймгийн Газрын алба, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас зохих зөвшөөрөл аваагүй болно. Иргэн С.Б-ад 2 жил хэлж ярьсан боловч ямар арга хэмжээ авч асуудлыг минь шийдвэрлэж өгөлгүй худал хэлж ирсэн учир шүүхэд хандаж гомдлоо барагдуулахыг хүсэж байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00874 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан У.Е-н эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 750 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Б-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хамтран хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00874 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Үүнд:

Ахмадын талбай барих тендерийг “Ёлт констракшн” ХХК гүйцэтгэхээр авч бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба талбай барих газрын зөвшөөрлийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар олгосон байгаа. Энэхүү талбай барих газрын зөвшөөрлийг олгохдоо Газрын тухай хуульд заасны дагуу олгосон газар нь бусдын газартай давхардсан эсэхэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас маргаан үүсээд байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад талбай барих газарт зөвшөөрөл олгогдсон эсэх, олгогдсон бол хуулийн дагуу олгогдсон эсэхэд дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00874 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны шийдвэр биш байх тул дахин хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч У.Е- нь хариуцагч С.Б- болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...У.Е- би Өлгий сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар нэгж талбарын 031303836 дугаар бүхий 750 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг уг газарт С.Б- гэдэг хүн ахмадын чөлөөт амралтын талбай гэх объект барьсан байна. С.Б- нь уг объектыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр барьж ашиглалтад оруулсан. Иймд эзэмшлийн газраас минь ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү ” гэж тайлбарлаж, хариуцагч С.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай гэх байгууламжийн захиалагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газар бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлагдаж, тендерийн шаардлагад нийцсэн компани уг тендерийн ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Иймд уг нэхэмжлэлийн хариуцагч би биш...” гэж, хамтран хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас эс зөвшөөрсөн үндэслэлээ “...ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх талбай барих газрын зөвшөөрлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  газраас авч, газрын даамлуудын гаргаж өгсөн кадастрын зураг дахь газарт энэхүү талбай баригдсан юм. Уг газрыг олгохдоо хэн нэгний эзэмшлийн бус, нийтийн эзэмшлийн газар гэж олгосон. Энэхүү барилга, байгууламжийг улсын комисс хүлээн авч “Хала-Өркени” ОНӨААТГ-т бүртгэлд авахыг даалгасны дагуу бүртгэлд авсан болно. Газрын зөвшөөрлийг олгохдоо Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газар нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас маргаан гарч байгаа. Иймд уг хэргийн хариуцагч нь манай байгууллага биш..” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан талуудын тайлбар, Өлгий сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/563 дугаартай албан бичиг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 387 дугаар албан бичиг, Өлгий сумын 11 дүгээр багт ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайн схем зураг, ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай баригдсан гэх газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зураг, зэрэг нотлох баримтуудаар иргэн У.Е-н эзэмшлийн 031303836 нэгж талбарын дугаартай газарт ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай баригдсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалт, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын Тамгын газрын захиалагаар баригдсан Ахмдын чөлөөлөт цагийг өнгөрүүлэх талбайг Хала-Өркени ОНӨААТГазрын өмчлөлд шилжүүлсэн талаар нотлох баримтгүй тул У.Е-н эзэмшлийн газарт баригдсан Ахмдын чөлөөлөт цагийг өнгөрүүлэх талбай бүхий байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газар мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул У.Е-н эзэмшилийн 750 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хамтран хариуцагч С.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч У.Е-н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, хамтран хариуцагч С.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:     

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00874 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хамтран хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       М.НЯАМБАЯР

                                                                                                            Д.КӨБЕШ