2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/00611

 

2025 01 24 192/ШШ2025/00611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс

Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, ******* хороолол, *******-р байр ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Жагардоржийн Адилбиш /рд:А*******/

Хүсэлт гаргагчийн шаардлага: Ж.Адилбишийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Элдэв-Очир, гуравдагч этгээд Ж.Адилбиш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Адилбиш нь 2017 оноос хойш архи ууж байгаа, Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршин сууж байгаад Улаанбаатар хотод оршин сууж, ажил хийхээр ирсэн. Бага насны 5 хүүхэдтэй, том хүү нь дүү дээр нь дунд талын 3 хүүхэд нь аав, ээж дээр нь, бага хүүхэд нь ээжтэйгээ байдаг. Гэвч эхнэртэйгээ нийлээд архи уудаг. Түүний төрсөн дүү нь гомдол гаргаж, ахыгаа архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргасан. Ж.Адилбиш нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3, 4, 5, 8 дугаар зүйлийг үндэслэн тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Адилбиш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлж байгаа үнэн. Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хотод ажил хийх гээд ирсэн. 1 дүгээр сарын 18-нд архи уугаад, 19-ний өдөр эхнэрээ дуудаж хамт уусан. Энэ хугацаанд 6 сартай хүүхдийг маань дүү харж байсан. Ер нь архины эмчилгээнд хамрагдаж архинаас гарах хүсэлтэй байна гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, зүрхний цахилгаан бичиг, тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээний дүн, Ж.Алтанганжуурын гаргасан хүсэлт, Ж.Адилбишээс авсан мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн байгууллагын Асап санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Ж.Адилбишийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

Ж.Адилбиш нь архинд донтох өвчтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлтээр, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэл болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар Ж.Адилбишийг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдсэн байна. Мөн эмчилгээнд хамруулахад хориглох нөхцөл байдал тогтоогдоогүй тул захиргааны журмаар эмчлэх газар явуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* овогт Жагардоржийн Адилбиш /рд:А*******/-ийг захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.

2. Гуравдагч этгээд Ж.Адилбишийг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарласугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН