Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2020/00070    

 

Л.Б- нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00804 дүгээр шийдвэртэй,  Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, Л.Б- нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, А.Е-ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Хундыз, нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч А.Е-, түүний өмгөөлөгч К.Ержан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнийн үлдэгдэл 3400000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Иргэн Е нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б худалдан авах гэрээ байгуулж, Б-ын эзэмшилд байсан NISSAN X-Trial маркийн 06-12 УВХ дугаартай машиныг 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр тооцон худалдан авсан ба А.Е- нь машины төлбөр тооцоог 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд тусгагдсан боловч 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг цувуулан өгсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Мөнгөө нэхэж удаа дараа ярьсан. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзахад машин чинь эвдэрхий байсан, мөнгө байхгүй, өгөхгүй гэх зэргээр машины мөнгө төлөхөөс татгалзаж байсан. Би А.Е-ад бүрэн бүтэн явж байсан тээврийн хэрэгслээ худалдсан бөгөөд төлбөр төлөхдөө хойрго хандаж хүндрэл учруулж байна. Иймд А.Е-ын худалдан авсан машины үлдэгдэл үнэ болох 3400000 /гурван сая дөрвөн зуун мянган төгрөг/-ийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргав.”  гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Иргэн Л.Б- иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд би иргэн Л.Б-ас Nissan X-Trial маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр авсан маань үнэн, гэхдээ тухайн автомашиныг би авсан өдрөөс хойш 24 цаг ч яваагүй эвдэрсэн үүнийг тухайн үед би Л.Б-д хэлж байсан, тэр надад би чамд явж байсан бүрэн бүтэн автомашин өгсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь өгөх мөнгөнөөс 600000 мянган төгрөгийг өгсөн. Дахиад хэлэхэд тэр бас хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь миний бие арга ядаж тэр автомашиныг авто тээврийн үндэсний төвд онош гаргуулахаар үзүүлэхэд Nissan X-Trial маркийн 0612 УВХ улсын дугаартай МТ30025502 аралтай, 2002 онд үйлдвэрлэсэн Монголд 2011 онд орж ирсэн автомашиныг шалгаж үзэхэд “Автомашин асааж шалгаж үзэх боломжгүй, тээврийн хэрэгслийн салхины шил, хойд хаалганы шилнүүд хагарсан, бүх лонжеронууд ашиглах боломжгүй болсон, хөдөлгүүр ажиллагаагүй, радиатор хагарсан, тээврийн хэрэгслийн кабин агрегатууд ханзарч урагдсан, уг суудлын автомашин нь тээврийн хэрэгсэлд тавигдах МNS4598:2007, MNS4599:2007 стандартын шаардлагуудыг хангахгүй байгаа тул цаашид агрегатын их засварт оруулж ашиглах боломжтой гэсэн инженерийн №09 дүгнэлт гарснаар цаашид уг автомашинд их хэмжээний засвар шаардлагатай болсныг Л.Б-д хэлж үлдсэн мөнгийг төлж чадахгүй гэдгийг хэлсэн. Иймд иргэн Л.Б- гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00704 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч А.Е-аас 3400000 /гурван сая дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгохоор шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Л.Б-ас 06-12 УВХ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлэн худалдан авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Гэтэл уг машин надад ирснээс хойш нэг ч хоног яваагүй эвдэрхий аргалаад л миний хашаанд арай ядан орсон асдаггүй гэмтэлтэй биет байдлын доголдолтой машин байсан. Энэхүү гэмтэлтэй байдлыг нэг мөсөн засварлан байж үзлэг оношилгоонд орсны дараа уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр шилжихээр байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл асдаггүй, ассан хэдий ч тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангахгүй байх тул миний нэр дээр ч шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн өдөр тээврийн хэрэгслийн биет байдлын болон эрхийн доголдолтой гэдгийг би мэдээгүй бөгөөд мэдэх ямар ч бололцоогүй байсан. Нэгэнт уг эд хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолтой байсан учир тухайн үед би Б-д энэ талаар хэлж машинаа буцаах авах, эсвэл дээрх биет байдлыг болон эрхийн доголдлыг арилгаж өгөхийг шаардсан боловч Б- элдвээр шалтаглан өнөөдөр маргааш гэсээр өдий хүрсэн. Уг машин Б- манай хашаанд оруулж өгсөн байдалтайгаа одоо хүртэл байрнаасаа ч хөдлөлгүй байгаа бөгөөд Б- сураг чимээгүй алга болсон. Би арга ядан уг машинд авто тээврийн үндэсний төвд хандан дүгнэлт гаргуулахад уг машин авто тээвэрт тавигдах MNS4598:2007, MNS4599:2007 зэрэг шаардлагыг  огт хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Уг тээврийн хэрэгсэл 2017 оноос хойш огт үзлэг оношилгоонд ороогүй, татвар төлөгдөөгүй байх бөгөөд энэхүү байдлаараа уг тээврийн хэрэгсэл 2017 оноос хойш огт хөдөлгөөнд оролцоогүй ашиглаж байгаагүй тээврийн хэрэгсэл гэдэг нь тодорхой байгаа. Ийм байсаар байтал Б- намайг хууран мэхэлж надад биет байдлын болон эрхийн доголдолтой машинаа зарж худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь угаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 243.2-д "Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй”, 251.2- д ”Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Б- энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэлгүй биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан. Нөхцөл байдал ийм байсаар байтал анхан шатны шүүх нэг талыг баримтлан хууль бус шийдвэр гаргаж надаас 3600000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

Зохигчийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “нэхэмжлэгч Л.Б- нь нэхэмжилсэн 3400000.00 төгрөгөөс 1000000.00 төгрөг хасаж, 2400000.00 төгрөгийг авахаар болсныг хариуцагч А.Е- зөвшөөрч, 2400000.00 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулж өгөхөөр” харилцан тохиролцов гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч А.Е- нар “нэхэмжлэгч Л.Б- нь нэхэмжилсэн 3400000.00 төгрөгөөс 1000000.00 төгрөг хасаж, 2400000.00 төгрөгийг авахаар болсныг хариуцагч А.Е- зөвшөөрч, 2400000.00 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулж өгөхөөр” харилцан тохиролцож, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй.

 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарлах нь зүйтэй байна.

 

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулахад хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан байлцаж, хууль зүйн туслалцаа үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хуульд зааснаар Л.Б- нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69350.00 төгрөгийг, хариуцагч А.Е-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69350.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00804 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэгч Л.Б- нь нэхэмжилсэн 3400000.00 төгрөгөөс 1000000.00 төгрөг хасаж, 2400000.00 төгрөгийг авахаар болсныг хариуцагч А.Е- зөвшөөрч, 2400000.00 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулж өгөхөөр” харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б- нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69350.00 төгрөгийг, хариуцагч А.Е-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69350.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ