Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 88

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

           улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн СГ овогт Н.Н-д холбогдох эрүүгийн 1710010430026 дугаартай, 187/2018/0077/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, СГ овогт Н.Намсрай

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” пабад тус пабаар үйлчлүүлж байсан Ч.Х-н өгзгөөс барьсны улмаас түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” пабад үйлчлүүлж байхдаа согтуугаар хохирогч Ч.Х-н өгзөгнөөс барьсны улмаас хохирогч түүний хөл рүү өшиглөхөд нь нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Би тухайн өдөр Ч.Х гэх бүсгүйн өгзөг тус газраас нь бариагүй ба санаатайгаар цохиогүй. Газар унаж байхдаа нүүрэн тус газар нь цохьсон байсан. С.Э, Э.Э гэдэг хоёр найз нь намайг хохирогчийг цохиж байгааг харсан гэдэг боловч мэдүүлэг өгөхдөө хоёулаа ариун цэврийн өрөө явсан байсан гэж хэлдэг. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба согтолттой байсан. Эмэгтэй хүнийг өөдөөс нь харж байгаад цохиогүй гэдэгтээ итгэлтэй байна. Газар унаж байх үед санаандгүй цохьсон байх гэж бодож байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...Хохирогчоос уучлалт гуйхыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ............ пабад найз нар уулзаж би 22 цагийн үед очиход Э.Э, С.Э нар байсан...хүн тус бүрийн 50 грамм виски ундаатай захиалсан. Тэнд үйлчлүүлж байхад гаднаас өндөр нуруутай 50 орчим насны...2 эмэгтэйн хамт гаднаас орж ирээд текний ойроцоох ширээн дээр суусан. Би үйлчлүүлээд ойр орчмоо ажиглахад нөгөө өндөр нуруутай ах өөр ширээн дээр очиж байгаа харагдсан. Хамт явсан 2 эмэгтэй явах гэтэл нөгөө ах явахгүй гээд дургүйцэж байгаа харагдсан. Пабны хаах цаг болж би босоод текэн дээр очоод тооцоо хийгээд ширээн дээр ирээд куртикээ авах гээд тонгойход хойноос өгзөг барьсан. Эргэж харахад нөгөө өндөр нуруутай ах байхаар нь та яаж байгаа юм гээд хөлийнх нь шилбэ рүү өшиглөсөн. Тэр ах миний хамрын зүүн талд гараараа нэг удаа цохьсон. Би хойшоогоо унасан. Босч ирээд ширээн дээр байсан цайны бакел шидсэн боловч оноогүй. Тэр ах надтай зууралдсан ба манай найз охин Э.Э босч ирээд салгасан. Энэ үед найз охин С.Э 00 өрөөнөөс гарч ирсэн. Пабны зөөгч залуу, дуучин эмэгтэй нар ирцгээсэн. Миний уруул тэр даруй хавдаж хамраас цус гарсан. Би цагдаа руу .................. дугаараас...залгаж дуудлага өгсөн. Нөгөө ахыг 2 эмэгтэй нь авч гарах гээд байсан ба найз охин С.Э явуулахгүй гээд хаалга гараараа хашсан. Нөгөө ах С.Э-н нүд рүү гараараа цохьсон. Нөгөө согтуу эрэгтэй хүн текний урд хэвтээд муусайн гичий нар гээд хараагаад байсан...Эмчилгээ хийлгээгүй, ам руу цохьсоны улмаас уруул дотор талдаа язарч одоо эдгэрсэн. Хуулийн дагуу шийднэ үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

            3. Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед Ч.Х, Э.Э бид гурав Хан-Уул дүүргийн ...................-д байрлах ................. бааранд уулзсан...хүн тус бүрийн 50 грамм архи дөнгөж аваад байж байтал зөөгч нь хаах цаг боллоо гэж хэлсэн. Бид нар Ч.Х-н ажил дээр очихоор болоод Ч.Х бид хоёр тооцоо хийх гээд текэн дээр очсон. З /Э.Э/ бие засах гээд 00 өрөө рүү явсан. Ч.Х текний хажууд зогсож байгаад хувцсаа өмсөх гээд буцаад ширээ рүүгээ явсан. 1 орчим минутын дараа би Ч.Х-н явсан зүг рүү эргээд харахад өндөр нуруутай бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн Ч.Х-н нүүр рүү гараараа цохиход Ч.Х ширээний хажуух хашлага даваад унасан. Ч.Х босч ирээд та яаж байгаа юм бэ гээд ширээн дээр байсан аяга авч тэр хүн рүү шидсэн боловч нөгөө хүнийг оноогүй. З /Э.Э/ 00 өрөөнөөс гарч ирсэн ба зөөгч залуу бид гурав нөгөө 2 дээр очсон. Тэгээд би та яаж байна гэхэд өндөр нуруутай өвөө миний үснээс зулгааж толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэр өвөө газар унасан. Хамт явж байсан нэг эгч тэр өвөөг босгосон. Ч.Х-с чамайг яасан юм бэ гэхэд хажуугаар явахдаа өгзөгнөөс базахаар нь би хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Нөгөө өвөөг хамт явж байсан эмэгтэй нь цагдаа дуудсан гэж хэлсээр байхад авч явах гээд байсан учир би явуулахгүй гээд хорьж зогссон. Тэгтэл нөгөө өвөө миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Зөөгч залуу нөгөө өвөөг татаж газар суулгасан. Тэр өвөө нилээн согтуу байсан. Муусайн гичийнүүд гэж хашгичаад байсан...Баруун нүд бага зэрэг хөхөрсөн ба одоо зүгээр. Харин Ч.Х-н уруул нь хавдсан...Бид нар тэр хөгшин өвөөтэй харьцаад байх шаардлага байхгүй, танихгүй хүмүүс шүү дээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

            4. Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сард одоо өдрийг нь санахгүй байна ажил тараад 21 цагийн үед Ч.Х, С.Э бид гурав Хан-Уул дүүргийн ................. пабад уулзацгаасан...Гурвуулаа хүн тус бүрийн 50 грамм виски авсан. Үйлчлэгч 00 цаг өнгөрч байна хаалаа гэж хэлсэн. Авсан вискигээ ууж чадаагүй. Тооцоог Ч.Х текэн дээр очиж хийж би...00 өрөө орсон...Ч.Х тооцоогоо хийж ирчихээд Ч.Х бид хоёр гарах гээд хувцсаа өмсөх гээд зогсож байтал Ч.Х гэнэт зүгээр байгаач яагаад байгаа юм гээд орилоод явчихсан. Би эргээд харахад тэр хавиар ширээ хэсээд яваад байсан өндөр нуруутай, нилээн согтсон, 60 орчим насны ах Ч.Х-г ам руу нэг удаа гараараа цохиход тэрээр хойшоо унасан. Ч.Х босч ирээд ширээн дээр байсан цайны бакел нөгөө ах руу шидсэн боловч оноогүй. Нөгөө ах Ч.Х-г дахин цохих гээд бариад авсан ба салгах гэж голоор нь ороод дийлээгүй. Энэ үед 00 өрөөнөөс С.Э, бармен залуу, дуучин бүсгүй ирцгээсэн. С.Э чи манай найзыг яаж байгаа юм гэхэд С.Э-н үснээс зулгаагаад авсан. Түүнийг салгах  гэж бид нар тал талаас нь татсан боловч бармен залуу тэр хүнийг газар суулгасан. Маргалдах үед 2 хүүхэн эхлээд гарч явсан ба бид нар...маргалдаж байхад ороод ирсэн. Нэг нь наадах чинь манай нөхөр би авч явлаа гээд байхаар нь С.Э явуулахгүй цагдаа дуудсан гэж хэлсэн....Тэр эрэгтэй согтуу ах тал тал тийш хүн болгон руу үсчээд агсагнаад бид нар руу муусайн гичий нар гэж хашгичаад байсан. Нилээн өндөр нуруутай том биетэй хүн байсан....Тэнд үйлчлүүлж байхад тэр эрэгтэй нилээн согтуу миний харахын 2 ч ширээн дээр очиж тарган эгчийг тэвэрч аваад бүжиглээд байсан. Давтиргүй байрын харагдаж байсан. Бид нар архи дарс уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

            5. Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…..... пабад би өдөр бүр 12 цагаас оройны 00 цаг хүртэл ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед үл таних 40 гаруй насны эрэгтэй өөрийн үеийн 2 эмэгтэйн хамт орж ирж үйлчлүүлсэн. Гаднаас орж ирэхдээ тэдгээр 3 хүн халамцуу байсан. 21 цагийн үед мөн 20 гаруй насны 3 эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. Энэ өдөр манай паб нилээн их үйлчлүүлэгчтэй байсан. 00 цаг дөхөж байсан учир 3 охинтой ширээг тооцоогоо хийгээрэй хаах боллоо гэж хэлсэн. Өндөр нуруутай ах 2 эгчтэй үйлчлүүлэгчийн ширээн дээр очиж би тооцоо хийсэн. 3 эмэгтэйн 2 нь текэн дээр ирээд тооцоогоо хийсэн. Тооцоогоо хийгээд буцаад ширээн рүүгээ явж байхад нөгөө согтуу өндөр нуруутай ах цаанаас ирж байгаа нь харагдсан. Текний хойно зогсож байхад нөгөө охин цаашаа тонгойж байсан яаж байгаа юм гээд өндөр нуруутай согтуу эрэгтэйн хөл рүү өшиглөж байгаа харагдсан. Нөгөө согтуу өндөр нуруутай эрэгтэй нөгөө охины нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Нөгөө охин түүн рүү ширээн дээр байсан бакал авч шидсэн боловч хана оносон. Нөгөө охины хамт явсан охин, би, дуучин С /Э.С/ бид нар тэр хоёр хүн рүү очсон. Тэгээд согтуу өндөр нуруутай эрэгтэйг би цааш нь авч явахад муусайн гичий нар гээд хашгичаад байсан. Текний тэнд очоод нөгөө согтуу эрэгтэй газар унасан. Тэнд нилээн хэвтсэн. Дахиж босч ирээд дахин хашгичаад байсан. Хамт явсан 2 эмэгтэй нь юм хэлэхгүй тоохгүй байсан. Цагдаа дуудсан байж бай гэхэд явах гээд байсан. Тэгтэл...явуулахгүй гэсэн охины нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Би...татаад газар суулгасан...Өндөр нуруутай эрэгтэйтэй ширээ 12 шил пиво авсан. Тэд нар гаднаас орж ирэхдээ согтуу орж ирцгээсэн. Наад 3 эмэгтэй нь тус бүрийн 50 грамм виски, кола ундаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            6. Гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…....... бааранд би 4 жил дуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 23 цаг 20 минутын үед нэгдүгээр ширээн дээр 3 охид сууж байгаа нь харагдсан. 5 дугаар ширээн дээр сууж байсан өндөр нуруутай ах нэгдүгээр ширээний охины ам руу гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. Нөгөө охин зөрүүлээд стакан шидсэн боловч багана оносон. Тэгтэл өндөр нуруутай ах нөгөө охиныг үсдээд буйдан дээр унацгаасан. Хамт явсан охин нь та яаж байгаа юм бэ манай найз охиныг яалаа гэж гар хүрч байгаа юм гэхэд нөгөө өндөр нуруутай ах түүний нүүр рүү гараараа мөн нэг удаа цохьсон. Манай бармен Г.Д, тэр охинтой хамт явсан нэг охин мөн өөр үйлчлүүлж байсан 1-2 хүн очиж салгасан. Өндөр нуруутай ах нилээн согтуу байсан ба ална шүү гичий нар та нар юу юм бэ гээд байсан. Өндөр нуруутай учир бид нар дийлэхгүй юм билээ. Бид нар цагдаа дуудъя гэсэн. Бид нар зууралдсаар байгаад үүд хавьцаа ирцгээн нөгөө өндөр нуруутай ах хөлөндөө орооцолдоод газар унасан. Газраас босохгүй 5-6 орчим минут хэвтээд байсан ба хамт явсан эгчид нь та энэ хүндээ хэлээч 2 эмэгтэй хүнийг цохьлоо шүү дээ гэхэд би эхнэр нь байна мэдэж байна бүгдээрээ битгий орилоод бай гэхээр нь би холдоод явсан...Нүүр рүүгээ цохиулсан охин согтуу ахын хөлөн дээгүүр алхаад явахад согтуу ах өшиглөсөн. Нөгөө охин үүд рүү унасан. Уруулаа цохиулсан охин согтуу ахыг гадуур хувцасны юүдэнгээс татсан. Тэгтэл согтуу ах гулжигнаад газар хэвтсэн. Наад хүндээ битгий хүр цагдаа ирнэ гэж хэлээд ойртоогүй. Согтуу ахтай хамт явсан 2 эмэгтэй яах ч үгүй хараад зогсоод байсан...Тэд нар ер нь согтуу байсан. Гаднаас орж ирэхдээ согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Нөгөө 3 охин эрүүл байсан...Би тайзан дээр дуулж байхад тэр өндөр нуруутай ах охид эмэгтэйчүүдийг өдөөд яваад байгаа нь харагдсан. Тэр охин хэлэхдээ эргээд харахад өгзөгнөөс базсан гэж хэлсэн ба түүнийг нь би хараагүй. Би дуулж байхад миний хөхийг барих гээд маяглаад байсан. Өндөр нуруутай ах их давьтаргүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            7. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 18-нд би ................ пабад хамгаалагчаар ажилд орсон юм. Паб 00 цагаас хааж үйл ажиллагаагаа зогсоодог юм. 00 цаг өнгөрч байхад утсаар бармен Г.Д энд маргаан болоод байна гэсэн. 2 дугаар давхарт гараад очиход өндөр нуруутай ах нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй 2 охинтой маргалдаад байсан. Тэр ах цохих гээд 2 охин руу дайраад байсан ба би цохиулахгүй гээд дунд нь зогссон. 2 охин наад хүнээ гаргаж болохгүй шүү цагдаа дуудсан шүү гээд байсан. Согтуу ах гарах гээд байсан ба хамт явсан эмэгтэй нь наад хүнээ тавь одоо явна гэсэн. Би хувцаснаас нь барьж байгаад тавьсан, 2 охины нэг нь явуулахгүй гээд урд нь зогссон. Нөгөө ах охины нүүр рүү гараараа цохьсон. 2 охин хамгаалагч байж хамгаалсангүй гээд байсан. Нөгөө согтуу ах хөл дээрээ тогтож чадахгүй газар унасан. 2 ах гарах гэтэл агсагнаад тэр 2 ахыг өшиглөх гээд согтуу ах хөлөө савчаад байсан. Тэр ах газар хэвтээд босохгүй байсан...Тэр ах урт мөчтэй өндөр хүн байсан...2 охин өгзөгнөөс барьлаа гээд байсан. Тэр 2 охин эрүүл байсан...Тэр ах гичий янханууд гээд хашгичаад байсан...2 охины нэгнийх нь уруул хавдсан, нөгөөгийн нүд нь хавдсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/

            8. Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 19-ний 16 цагийн үед Н.Н бид хоёр Хан-Уул дүүргийн ...................  дээр уулзаж хоолонд оронгоо хүн тус бүрийн нэг шил пиво, 0,5 граммын 1 шил архи гурвуулаа уусан. Манай найз С хөдөөнөөс ирсэн байсан учир хамт явсан юм. Тэндээсээ нилээн орой 22 цагийн үед гарч хажууд байрлах караокед орж хүн бүрийн нэг шил пиво уугаад 1 цаг дуулаад гарсан. Тэндээсээ хажуух ........... бааранд орцгоосон. Тэнд мөн хүн бүрийн нэг пиво авч суусан. Н.Н-н ..... дугаар сургуульд хамт сурч байсан хүн нь тааралдсан. Н.Н тэдний ширээн дээр очсон. С бид хоёр 00 өрөө рүү ороод 3-5 орчим минут болоод гараад ирэхэд зааланд бөөн маргаан болсон байсан. 2 эмэгтэй 4 орчим эрэгтэй хүн Н.Н руу дайраад байсан. Юу болов гэхэд 2 охин хэл амаар доромжилсон гэж байсан. Та нар хүн зодоод байна гээд цагдаа руу .............. дугаараас 102 руу дуудлага өгсөн. Н.Н-г янз бүрээр хэлээд байсан гэсэн. Н.Н юу ч хэлэхгүй суугаад байсан. Залуучууд дайраад байсан учир боль би эхнэр нь жирэмсэн гэж худал хэлсэн...Цагдаа ирээд Н.Н-г авч яваад эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14436/-ний дүгнэлт:

                        -Ч.Х-н биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 24/

            10. Яллагдагч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ................. байрлах .............. пабад найз бүсгүй Л.Г, С нарын хамт 22 цаг өнгөрч байхад орсон. Уг пабад орохоосоо өмнө хажуух нэг газар руу орж хоол идэнгээ 0,5 граммын 1 шил архи ууцгаасан юм. ................. пабад ороод пиво авч ууцгаасан ба хоёр охинтой хэл амаа ололцоогүй муудалцсан. Тэр үед би нилээн согтсон байсан. Ямар ч байсан 2 эмэгтэйтэй маргалдаад байсан. Намайг өгзөгөнд хүрсэн гээд байсан. Би хүрээгүй юм. Сэрэхэд цагдаагийн саатуулах байранд байсан. Тухайн үед 10-н жилд хамт сурч байсан таньдаг хүн тааралдсан ба одоо хаана юу хийдгийг мэдэхгүй. Л.Г-н найз С ................. руугаа явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14436/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ............. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” пабад үйлчлүүлж байхдаа согтуугаар хохирогч Ч.Х-н өгзөгнөөс барьсны улмаас хохирогч түүний хөл рүү өшиглөхөд нь нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эмчилгээ хийлгээгүй, ам руу цохьсоны улмаас уруул дотор талдаа язарч одоо эдгэрсэн. Хуулийн дагуу шийднэ үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, мөн утсаар ярьсан “...Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...уг хүн өөрийн хийсэн үйлдлээ ойлгож ухамсарлаад уучлалт гуйвал гомдол саналгүй...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 77/, түүний хувийн байдал /48 настай/ зэргийг харгалзан Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч СГ овогт Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар СГ овогт Н.Н-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Н.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР