Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 92

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

           улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.Д-д холбогдох эрүүгийн 1710010420049 дугаартай, 187/2018/0075/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Т овогт Э.Д

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...............-ийн спорт зааланд Б.Б-н нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........-ийн спорт зааланд “..........” ХХК-ийн зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эсрэг багийн тоглогч хохирогч Б.Б-г “та нар аятайхан тоглооч” гэж хэлэхэд нь “та нар өөрсдөө аятайхан тогло, юу яриад байгаа юм, зүгээр байгаарай” гэж маргалдан түүний зүүн нүд орчим гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Э.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээний үед багууд хоорондоо тоглож байтал хохирогч Б.Б-н баг хожигдсон. Хохирогч Б.Б манай багийн нэг залуу руу дайраад байсан болохоор би өмөөрч маргаан үүссэн. Би хохирогч Б.Б-н нүдэн тус газар цохьсон...Би хохирогчид эмчилгээний зардал 2.000.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би “...............” ХХК-д ................ ажилтай юм. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................-ийн спорт зааланд ажлын хүмүүстэй 20 цагаас 22 цагийн хооронд заал авсан юм. Мөн манай компанид харъяалагддаг компанийн хооронд тэмцээн явагдахаар болсон юм. Ингээд манай баг өөр нэг багтай өрсөлдөн тоглож байтал эсрэг талын багийн нэг залуу намайг түлхсэн юм. Тэгэхээр нь би түүнийг “та нар аятайхан тоглооч” гэж хэлтэл тэдний багт тоглож байсан миний зүс таних Э.Д гэх залуу хажуу талаас “та нар өөрсдөө аятайхан тогло, юу яриад байгаа юм, зүгээр байгаарай” гэх мэтээр уурласан юм. Ингээд маргаан дуусаад тоглоомоо үргэлжлүүлэн тоглож байтал Э.Д над дээр ирээд намайг биеэрээ түлхээд байхаар нь би түүнийг “чи аятайхан тогло” гэж хэлээд түүнийг гараараа бие рүү нь нэг удаа түлхсэн чинь зөрүүлээд миний зүүн нүд орчим гараараа нэг удаа цохьсон...Миний зүүн нүдний доторх ухархайн хана гүн цөмөрч мөн тархи доргилттой байна гэж нэгдүгээр эмнэлгийн эмч нар хэлсэн...Э.Д нь миний ажиллаж байгаа “....................” ХХК-д харъяалагддаг Хархорингийн ......................... газарт ажилладаг...Намайг Э.Д гараараа...зүүн нүд орчим газар цохиж байхыг манай компанийн .................. ажилтай Г.Б...нь харж байсан...Э.Д надад эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөг бэлнээр өгч намайг гомдол саналгүй болгосон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 38-39/

            3. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллага ажилчдынхаа дунд сайн дураараа сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулаад манай баг буюу Б.Б-н баг, Д-н /Э.Д/ багтай таарч тоглосон. Тоглолт дуусах үеэр Б.Б, Д /Э.Д/ хоёр хоорондоо маргалдахаар нь тэнд байсан хүмүүс салгах мөчид Д /Э.Д/ Б.Б-н нүүрлүү гараараа 2-3 удаа цохьсон, араас нь нэг удаа гараараа савж цохьсон тэгээд тэр цохилт нь оносон байж магадгүй. Өөр хүн Б.Б-г цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14697/-ний дүгнэлт:

                        -Б.Б-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах шингэн хуралдалт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

                        -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 25/

            5. Яллагдагч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би “................” ХХК-аас зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд орохоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............-ийн спорт зааланд ирсэн юм. Би ................... газар ажилладаг юм. Манай байгууллага “................” ХХК-д харъяалагддаг юм. Манай байгууллага өөр нэг байгууллагатай тоглож байтал миний зүс таних Б /Б.Б/ гэх хүн тэмцээний үеэр манай багийн нэг тоглогчийг зүгээр тогло гэж хэлээд цааш түлхсэн юм. Тэгэхээр нь би өнөөх Б /Б.Б/ гэх хүн дээр очоод “та өөрөө зүгээр тогло” гэж хэлсэн юм. Тэгээд би Б /Б.Б/ гэх хүнийг зүс таньдаг болохоороо “Б ахаа энэ чинь тоглоом, та зүгээр байгаачээ” гэж хэлсэн...Манайх довтолгооноо алдах үед Б /Б.Б/ ах...илүү алхалт хийгээд бөмбөг хураагаад шүүгч манай багт бөмбөгийг шилжүүлэхэд Б /Б.Б/ гэх ах уурлахаар нь би түүнд “та илүү алхамт хийсэн” талаар хэлтэл Б /Б.Б/ ах над руу уурлаж миний нүүр лүү хоёр гараараа түлхсэн. Түүний хөлстэй гар нь миний нүд рүү орсон. Би доошоо тонгойгоод нүдээ дарж байхад Б /Б.Б/ намайг “чи надад томордог хэн бэ” гээд намайг заамдаад гараараа цохих гэж байхаар нь би түүнээс өрсөөд түүний нүүрний зүүн нүд орчим хэсэгт нь баруун гараараа хоёр удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Д нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14697/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................-ийн спорт зааланд “.................” ХХК-ийн зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эсрэг багийн тоглогч хохирогч Б.Б-г “та нар аятайхан тоглооч” гэж хэлэхэд нь “та нар өөрсдөө аятайхан тогло, юу яриад байгаа юм, зүгээр байгаарай” гэж маргалдан түүний зүүн нүд орчим гараараа цохиж биед нь “зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах шингэн хуралдалт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт“ бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар өөрийн зүгээс идэвхтэй арга хэмжээ авч хохирогч Б.Б-д 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э.Д надад эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөг бэлнээр өгч намайг гомдол саналгүй болгосон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/ болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг намайг цохиж гэмтээсэн Э.Д нь бэлнээр төлж барагдуулсан учир миний бие Э.Д-д ямар нэг гомдол санал байхгүй болно...” гэсэн хүсэлт /хх-ийн 31/, шүүгдэгчийн хувийн байдал /...20 настай, эрэгтэй, ........./ зэргийг харгалзан Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Э.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Э.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Э.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР