Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2020/00075 

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00784 дүгээр шийдвэртэй,  аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, М.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Турдыбек нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халсны улмаас төрд учирсан хохирол 9.614.080.00 төгрөгийг төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 19 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд тус аймгийн Баяннуур сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан М.Х нь бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.М-ыг ажлаас халсан нь хууль бус болж шүүхээр эцэслэн тогтоогдож, шүүхийн шийдвэрээр Т.М-ы ажилгүй байсан хугацааны цалин болох 9614080 төгрөгийг сумын ЗДТГ-ын төсвөөс гаргуулсан, уг хохирлыг барагдуулахаар акт тогтоосон боловч гарын үсэг зурахаас татгалзаж байгаа талаар дурдаж, төрд учирсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүссэн байна. Аймгийн Санхүүгийн хяналтын, аудитын албанаас ирүүлсэн материалтай танилцахад тус аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай Т.М-ы 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй, тус сумын ЗДТГ-ын дарга М.Х-д холбогдох иргэний хэргийг аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын нэхэмжлэгч Т.М-д холбогдох хэсгийг, Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.М-ыг Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ. Үүнийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 00106 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00232 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00106 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ. Дараа нь Т.М-ы нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00297 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-г баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор 9118980 төгрөг, урамшуулал 300000 төгрөг, нийтдээ 9418380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгохоор шийдвэрлэж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 438 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.М-ы ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас учирсан хохирол болох 9418380 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу олгожээ. Үүнээс харахад Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Х-н хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан байх тул уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Миний бие М.Х Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагын талаар тодорхой зохицуулж өгсөн бөгөөд энэхүү зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна арилгана гэж тус тус зааснаас үзэхэд төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлснээс үүссэн эрсдэл, ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусдад гэм хор учруулсан нөхцөлд намайг ажиллуулж байгаа ажил олгогч ЗДТГ эсвэл төр хариуцахаар тусгасан байна.

2. Мөн хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд илт санаатайгаар эсвэл болгоомжгүй байдлын улмаас гэх хоёрхон тохиолдлоор бусдад гэм хор учруулсан нөхцөлд л энэхүү заалт хэрэгжих учиртай. Мөн энэхүү заалтаас үзэхэд дээрх хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд хохирлоо төлүүлэх шаардах онцгой эрх Баяннуур сумын ЗДТГ-т олгогдсон бөгөөд аймгийн Прокурорын газарт ямар нэгэн гэм хохирол учраагүй.

3. Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах ёстой. Захиргааны байгууллага акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримталж хяналт шалгалтыг баталсан удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.9.1, 5.9.2, 5.9.3-т заалтуудыг баримтлах ёстой байтал уг ажиллагаануудыг зөрчиж акт гаргасны дараа гарын үсэг зур гэж тулган шаардсан тул миний бие гарын үсэг зураагүй бөгөөд уг төлбөрийн актыг хуулийн хүчин төгөлдөр акт биш гэж үзэж байна.

4. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж төрийн албаны үндсэн зарчимд тусгаж өгсөн байна.Харин Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хэдий ч дээрх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дангаараа хэрэгжих ямар ч бололцоогүй. Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж тодорхой тусгаж өгсөн байх ба харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд нийцсэн буруутай этгээдээр төлүүлэх ямар ч зохицуулалт байхгүй байсан тул төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа болон бүх асуудал Төрийн албаны тухай хуулийн зарчмаар зохицуулагдах тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байсан.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болж, шинэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн , түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж тусгаж өгснөөр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш л хэрэгжих нөхцөл үүссэн. Иймд аймгийн прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00784 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч М.Х-гаас төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсны улмаас төрд учирсан хохирол 9614080 /есөн сая зургаан зуун арван дөрвөн мянга наян/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын төрийн сан дахь 100020355001 дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Магси овогтой Хонай би Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халсны улмаас төрд учирсан хохирол 9614080 төгрөгийг төлүүлэх тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцох ёстой байсан. Тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00784 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1 .Миний бие Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00784 тоот шийдвэрийг 2020 оны 08 сарын 07-ны өдрийн 10:00 цагт сумын шуудан хүргэгчээс гардан авсан бөгөөд гардан авснаас хойш 14 хоногт багтаан давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

2.Миний бие Баяннуур сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр хугацаагаар томилогдсон Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байсан ба иргэн Т.М-ы шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн хариуцагчаар би оролцоогүй миний бие ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно.

3.Уг хэргийн нэхэмжлэгч нь аймгийн Прокурорын газар байх ёсгүй. Нэхэмжлэгч Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч нь буруу гэж үзэж байна.

4.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.5 дахь заалт болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 4.3.7.дахь заалтуудыг тус тус буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын  газар нь хариуцагч М.Х-д холбогдуулан “Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсны улмаас  төрд  учирсан хохирол 9.614.080.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Т.М-ыг ажлаас чөлөөлж,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 212/МА2017/00106 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 232 дугаар тогтоолоор М.М-ыг ажилд эгүүлэн тогтоож,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00297 дугаар шийдвэрээр  М.М-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.418.380.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор ... шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж, 21 дүгээр зүйлийн /Шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх/ 21.1.12 дугаар заалтад “шүүхэд нэхэмжлэл, ... гаргах;” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... нэхэмжлэл, ... гаргана.” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана.” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж тус хуульчилснаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь төрийн байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын газрын хүсэлтээр, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Х-д холбогдуулж шүүхэд мэдүүлэх замаар нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

           

Анхан шатны шүүх хариуцагч М.Х-гийн сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогч Т.М-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул төрийн албан хаагчийг хууль бусаар халсан шийдвэр буюу шууд санаатай үйлдлийн улмаас иргэнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй, иймээс иргэнд учирсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтан болох сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Х-гаар буцаан төлүүлэх нь хууль ёсны байна гэж дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.

 

             Прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 18-01/83 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актыг үндэслэл болгосноос үзвэл, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн байгууллагад учирсан хохирлыг арилгуулахаар, төрийн эрх ашиг хохирсон гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаар аудитын актад “Үндэсний аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/170 албан тоот болон аймгийн аудитын газрын 2019 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрийн 03/80 дугаар албан шаардлагаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан М.Х-н тушаалаар буруу халагдсан сургуулийн ня-бо Т.М-д олгосон 9614080 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж, хохирлыг арилгах талаар чиглэл өгөгдсөн” гэж дүгнэжээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Х-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан байна” гэж дурдсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шууд санаатай үйлдэлд хамаарах эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч М.Х- нь гүйцэтгэж байсан ажил үүргийн хувьд ямар үндэслэлээр, ямар хэмжээгээр хариуцлага хүлээх талаар ажил олгогчтой хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, ажилтныг ажлаас чөлөөлсөнд тэрээр гэм буруутай болох нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлснөөс байгууллагад учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуульд тусгасан байх ба дээрх хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул хариуцагчийн үйлдэл тухайн хуулийн заалтад хамаарахгүй юм.

Хариуцагч М.Х- нь Сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэрээр ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй нь түүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан хохирлыг төлөх үндэслэл болохгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлээс үзвэл, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ажил олгогчтой биш, харин тодорхой ажил үүргийн онцлог бүхий ажилтантай байгуулахаар заасан байна.

 

            Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00784 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нь Харахас овогт М.Х-д холбогдуулан гаргасан “9.614.080.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт заасан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.775.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР                                                            

                                                                                                            Д.КӨБЕШ