Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

Т.Б-д холбогдох

                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Шүүгдэгч Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Т.Б-д холбогдох эрүүгийн 2316000670081 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н овгийн Т.Б нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ... , эгч, хүргэн ах, зээ нарын хамт Говь-Алтай аймгийн .......... сумын .............. тоотод оршин суудаг, ДЮ........... регистрийн дугаартай.

 

Урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

2. Прокуророос шүүгдэгч Т.Б-г 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ............... сумын ............ багийн ... - ... тоотод байх хохирогч Д.Б-ийн эд зүйлээ хадгалдаг монгол гэрээс 10 литрийн баллон, газаар ажилладаг плитка, түүний холбогч хоолой зэргийг авсан үйлдэлд буруутгаж, шүүгдэгчийн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

 

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н ургийн овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд энэ ял нь түүний амьдралд хүнд тусч байна.

Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Тиймээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

5. Шүүгдэгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн гэмт хэрэгтээ уучлалт гуйж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж, надад боломж олгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

6. Прокурор Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шийдвэр байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж байгаа хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд хэрвээ ингэж шийдвэрлэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмууд хэрэгжих боломжгүй болох юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Хэргийн үйл баримтын талаар:

 

8.1. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн ............. сумын ......... багийн ... - ... тоотод байрлах, хохирогч Д.Б эд зүйлээ хадгалдаг монгол гэрээс 10 литрийн газын баллон, газаар ажилладаг плитка, түүний холбогч хоолой зэргийг авч явсан байна.

8.1.1. Энэ үйл баримт нь: Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Говь-Алтай аймгийн ........... сумын .......... багийн ... - ... тоотод байрлах монгол гэрээсээ 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 10 литрийн газын баллон, газаар ажилладаг плитка, түүний холбогч хоолой зэргийг алдагдсан” тухай мэдүүлэг /хх 24/,

8.1.2. Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 02-ны шөнө дүү Т.Б нь газын баллон, цэнхэр хайрцагтай плитка зэргийг хашаанд нь авч ирж тавьсныг өглөө нь мэдэж энэ талаар асуухад хүнээс худалдаж авсан гэж хэлсэн” тухай мэдүүлэг /хх 28/,

8.1.3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн ... - ... тоотод 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-гөөс улаан өнгийн газын баллон, холбогч хоолой бүхий цэнхэр өнгийн төмөр хайрцагтай газын плитка зэргийг хураан авсан тэмдэглэл /хх 12/,

8.1.4. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т.Б-гөөс хураан авсан улаан өнгийн газын баллон, холбогч хоолой бүхий цэнхэр өнгийн төмөр хайрцагтай газын плитка зэргийг хохирогч Д.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/,

8.1.5. Алдагдсан 10 литрийн газын баллон, хайрцагтай холбогч хоолой плитка аялалын ком зэрэг эд зүйлсийг 446,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 35-37,

8.1.6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/,

8.1.7. Шүүгдэгч Т.Б-гийн уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлэг /хх 48-49, 134 шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

9. Нотлох баримтын талаар.

 

9.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

9.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

9.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, шүүгдэгчийн уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

10. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

 

10.1. Шүүгдэгч нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны нэг төрөл бөгөөд агуулахын зориулалтаар ашиглаж байсан, хохирогчийн эзэмшлийн илүү гэрт шөнийн цагаар зөвшөөрөлгүйгээр нэвтэрч 10 литрийн газын баллон, холбогч хоолой бүхий хайрцагтай газын плитка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10.2. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

10.3. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, эд мөрийн баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

11. Давж заалдах гомдлын талаар:

 

11.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

11.2. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн үйл баримтыг уг үйл баримтад өгсөн прокурор, анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн замаар авсан эд зүйлсээ хохирогчид буцаан өгч хохирлыг барагдуулсан байна.

11.3. Тиймээс эдгээр байдлуудыг харгалзан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэв.

11.4. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл 63 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг журамлан” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 63 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

 

            ШҮҮГЧИД                             Ш.Б

 

                                                   Ч.Э