| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00504/И |
| Дугаар | 192/ШШ2025/01764 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01764
2025 03 10 192/ШШ2025/01764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* харш, 28 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:ХЛ*******06/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод Гадаад хэлний дээд сургуулийг төгсөөд 1993.09.01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн (хуучнаар хороо) 8 жилийн сургуульд гадаад хэлний багшаар хуваарилагдаж, тус сургуульд 1994.09.01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд ажиллаж, жирэмсэн болоод ажлаас гарсан. Түүний дараа өөр сургуульд шилжиж ажилласан. Тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай материал бүрдүүлэх зорилгоор тухайн ажиллаж байсан байдлын үеийн архивын лавлагаа авах хүсэлтийг Өвөрхангай аймгийн Архивын газраас лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан боловч миний ажилд орсон болон гарсан тушаал олдоогүй. Харин Архивын газраас 1993.09.01-ний өдрөөс эхлэн 1994.09.01-ний өдөр хүртэлх нэг жил буюу 12 сарын хугацаанд тус сургуульд ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа 1993 оны 09 дүгээр сар, 1994 оны 05, 06 дугаар сарын цалингийн цэсийн хуулбар, 1994 оны 07, 08 дугаар сарын амралтын мөнгийг 06 сарын цалингийн цэсэд бичилт хийж суутгасан зэрэг Архивын лавлагааг өргөдөлд баримт болгон хавсаргасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс 1993.09.01-ний өдрөөс эхлэн 1994.09.01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн 8 жилийн сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ш.*******, Ч.Лхамноргим, Д.******* нарын бичгээр гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дөлгөөн хорооны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.01.19-ний өдрийн №02 дугаар Хүүхдээ асрах чөлөө олгох тушаал, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025.01.17-ны өдрийн 14 дугаар тодорхойлолт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, Ч.*******, Ш.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, бүс нутгийн хөгжил сонин зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь 1993.09.01-ний өдрөөс 1994.09.01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн 8 жилийн дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.
3. Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4,5 дугаар тал/
4. Ч.******* нь 1993.09.01-ний өдрөөс 1994.09.01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн 8 жилийн дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан болох нь Ч.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хөлсний мэдээ, Ш.*******, Ч.Лхамноргим, Д.******* нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024.10.30-ны өдрийн 121 дугаар архивын лавлагаа Ч.*******гийн ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, Дөлгөөн 8 жилийн сургуулийн цалингийн тодорхойлолт, Д.*******, Ч.Лхамноргим нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6-23, 36-38 дугаар тал/
5. Иймд, нэхэмжлэгч Ч.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /рд:ХЛ*******06/-г 1993.09.01-ний өдрөөс 1994.09.01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн багийн 8 жилийн дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН