| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0231/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Од холбогдох 1806 00000 0223 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, “Өгөөмөр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-68Б тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д О
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.О нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус-20 загварын автомашиныг зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч иргэн О.Буджаваас 550.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюун-Эрдэний өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Буджавын өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сард Дорнод аймагт хадлангийн ажил хийсэн бөгөөд тэнд ажил хийж байх хугацаандаа Оюун-Эрдэнэ гэх залуутай танилцсан, найз нөхдийн харилцаатай явдаг байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Бичигтийн боомт дээр байхдаа мөнгө дутчихлаа 130.000 төгрөг зээлчих гээд бэлнээр надаас авсан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Оюун-Эрдэнэ рүү залгаад Шар хаднаас намайг ирж аваад унаанд хүргээд өгөөч гэсэн чинь хүрээд ирсэн. Над дээр ирэхдээ Оюун-Эрдэнэ саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай ирсэн ба намайг Нарантуул захын зүүн талд Шунхлай колонканы хажууд хүргэж өгсөн бөгөөд замдаа явж байхдаа өөрийнхөө унаж явсан саарал өнгийн приус-20 маркийн авто машиныг зарах гэж байгаа чи худалдаж авбал ав гэж хэлсэн. Ингээд би машиныг нь 8.500.000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд урьдчилгаа болгоод 300.000 төгрөг Шунхлай колонкын хажууд бэлнээр өгсөн. Тэр машиных нь дугаар 63-49 УБН байсан санаж байна. Тэр 300.000 төгрөгийг авахдаа би жолооны багшийн эрхийн үнэмлэхээ авах гэж байгаа. Энэ мөнгөнөөс чинь машиныхаа банкыг дүүргээд, үлдсэнээр нь жолооны эрхийн үнэмлэхээ авна гэж хэлсэн. Маргааш нь ахиад Оюун-Эрдэнэ утсаар яриад жолооны багшийн үнэмлэх авах мөнгө дутчихлаа ахиад 100.000 төгрөг өгчих гээд 5630331531 дугаартай данс өгөхөөр нь тус данс руу 100.000 төгрөг Сүхбаатар аймгийн Хаан банкнаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. 2017 оны 12 сарын 14-ны өдөр шөнө Оюун-Эрдэнэ над руу залгаад 100.000 төгрөгний хэрэг болчихлоо гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Оюун-Эрдэнэ жоохон халамцуу ирээд би Хаан банкны АМТ-с 100.000 төгрөг авч өгөөд явуулсан. Энэ надаас авсан мөнгөнөөсөө нэгийг нь ч надад буцааж өгөөгүй ...” гэх мэдүүлэг /хх.9/,
Мөрдөн байцаалтад Д.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Би сүүлийн 3 жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хятадын хадлан дээр үйлчилгээнд явдаг байсан бөгөөд хадлан дээр ажиллаж байхдаа Буджав гэх залуутай танилцсан. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Буджав залгаад намайг зах руу хүргээд өгөөч гэхээр нь би Энхцэцгийн машиныг унаж очоод Нарантуул зах руу хүргэж өгсөн. Хүргэж өгч байх явцад Буджав машинаа зарчихсан машин авна гэж ярихаар нь би унаж явсан Энхцэцэгийн машиныг зарах гэж байгаа гэж хэлсэн бөгөөд тэр машиныг өөрийнхөө машин гээд хэлчихсэн. Тэгээд Буджав тэр машиныг сонирхоод авъя гэхээр нь би за чи хөдөө явж ирчихээд аваарай, урьдчилгаа болгоод 300.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд Буджав Нарантуул захын Шунхлай колонкын хажууд буугаад надад бэлэн 300.000 төгрөг тоолж өгсөн. Ингээд Буджав хөдөө Сүхбаатар аймаг руу явсан бөгөөд би маргааш нь залгаад мөнгөний хэрэг гарчихлаа нөгөө машины мөнгөнөөс энэ мөнгөнүүдийг хасаад тооцчихоо надад 100.000 төгрөг шилжүүлчих гээд би өөрийн Хаан банкны 5630331531 дугаартай дансыг Буджавд өгөөд Буджав надруу шилжүүлсэн. Тэгээд Буджав удалгүй Сүхбаатраас ирсэн бөгөөд надтай уулзаад машинаа авъя гэсэн бөгөөд Буджав 8.500.000-д авъя гээд байсан бөгөөд мөнгө нь бэлэн биш гэж хэлж байсан. Би Энхцэцэгийн машин учраас заръя гэж бодоогүй. Тэр өдрийн орой нь санаж байна. Би 2 найзтайгаа хамт уугаад мөнгөний хэрэг гарахаар нь Буджав руу яриад 100.000 төгрөг өгчих машиныхаа мөнгөнөөс хасаад тооцчихоорой гээд хуучин Натур төвийн Буджавын гэрийн гадаа ирж авсан бөгөөд Буджав АТМ-с надад мөнгө авч өгсөн. Тухайн үед би Батхүлэг авто сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд миний унаж явсан жолооны машины 5-н бул нь дуугарчихаар нь 1000-н оюутны байрны баруун талд байдаг засварын газар засуулсан. Уг нь сэлбэгийг нь авсан байсан бөгөөд жолооны курсээс өөрөө сольчих гэсэн бөгөөд солих гэсэн чинь багаж байхгүй болохоор нь дээрх засварын газар очиж засуулсан. Тэр засварын 50.000 төгрөгийг нь Буджаваас гаргуулаад машиныхаа мөнгөнөөс хасаад тооцчих гэж хэлсэн. Ингээд мөнгийг нь өгч чадалгүй өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Энхцэцэгийн өгсөн: “... Би Оюун-Эрдэнэ гэх залууг 2017 оны 09 дүгээр сараас хойш таньдаг болсон бөгөөд Оюун-Эрдэнэ манай гэрээр хааяа орж гардаг болсон. Оюун-Эрдэнэ бид хоёр ямар нэгэн хамтран амьдрагч биш. Мөн хааяа нэг миний машиныг гуйн унаж явдаг байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Оюун-Эрдэнийн найз Буджав гэх залуу над руу залгаад 63-49 УНТ улсын дугаартай приус 20 маркийн машин таны машин юм уу гэж залгаад, Оюун-Эрдэнэ энэ машиныг надад зарна гэж хэлээд мөнгө авсан юмаа гэж хэлэхээр нь би очиж уулзаад энэ машин миний машин байгаа юм. Энэ машиныг 2016 оны 11 дүгээр 24-ний өдөр худалдаж авч өөрийн нэр дээрээ шилжүүлсэн бөгөөд би энэ машиныг зарна гэж огт зар тавиагүй. Би хэнд ч тэгж яриагүй. Ингээд тэр залуу цагдаад хандсан ...” гэх мэдүүлэг /хх.13/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх.14/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.О нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Энхцэцэгийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 63-49 УБТ улсын дугаартай автомашиныг зарна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч О.Буджаваас 550.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч О.Буджавын өгсөн: “...Нарантуул захын зүүн талд Шунхлай колонканы хажууд хүргэж өгсөн бөгөөд замдаа явж байхдаа өөрийнхөө унаж явсан саарал өнгийн приус-20 маркийн авто машиныг зарах гэж байгаа чи худалдаж авбал ав гэж хэлсэн. Ингээд би машиныг нь 8.500.000 төгрөгөөр авахаар тохирсон бөгөөд урьдчилгаа болгоод 300.000 төгрөг Шунхлай колонкын хажууд бэлнээр өгсөн. Тэр машиных нь дугаар 63-49 УБН байсан санаж байна... Маргааш нь ахиад Оюун-Эрдэнэ утсаас яриад жолооны багшийн үнэмлэх авах мөнгө дутчихлаа ахиад 100.000 төгрөг өгчих гээд 5630331531 дугаартай данс өгөхөөр нь тус данс руу 100.000 төгрөг Сүхбаатар аймгийн Хаан банкнаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. 2017 оны 12 сарын 14-ны өдөр шөнө Оюун-Эрдэнэ над руу залгаад 100.000 төгрөгний хэрэг болчихлоо гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Оюун-Эрдэнэ жоохон халамцуу ирээд би Хаан банкны АМТ-с 100.000 төгрөг авч өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.09/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Энхцэцэгийн өгсөн: “... Мөн хааяа нэг миний машиныг гуйн унаж явдаг байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Оюун-Эрдэний найз Буджав гэх залуу над руу залгаад 63-49 УНТ улсын дугаартай приус-20 маркийн машин таны машин юм уу гэж залгаад Оюун-Эрдэнэ энэ машиныг надад зарна гэж хэлдээд мөнгө авсан юм аа гэж хэлэхээр нь би очиж уулзаад энэ машин миний машин байгаа юм. Энэ машиныг 2016 оны 11 дүгээр 24-ний өдөр худалдаж авч өөрийн нэр дээрээ шилжүүлсэн бөгөөд би энэ машиныг зарна гэж огт зар тавиагүй. Би хэнд ч тэгж яриагүй...” гэх мэдүүлэг /хх.13/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх.14/,
Шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оюун-Эрдэнийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Д.Оюун-Эрдэнийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” “гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч О.Буджавт учирсан эд хөрөнгийн нийт 550.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.О нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Оюун-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Д.Од ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.Од оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдвэл зохино.
Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д О “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Од мэдэгдсүгэй.
5. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 550.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР