Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2020/00064  

 

  Ж.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00690 дүгээр шийдвэртэй,  Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж.Е-ийн нэхэмжлэлтэй,  Өлгий сумын 5 дугаар баг, Нурданеско-2 байранд оршин суух К.Е-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл, алдангийн хамт 696000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Надаас К.Е- нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12469000 төгрөг зээлдэж авч, бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцаан өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл бүрэн өгөхгүй байна. Тодруулбал, гэрээнд заасан хугацаандаа 12005000 төгрөгийг л төлсөн ба үлдсэн 464000 төгрөгийг өгөөгүй. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн боловч намайг чирэгдүүлж байна. Гэрээнд зааснаар алданги бодвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу хуульд зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарч байгаа учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож нэхэмжилсэн болно. Ингэж алдангийг тооцоход 232000 төгрөг болж байна. Иймд К.Е-аас зээлийн үлдэгдэл 464000 төгрөг, алданги 232000 төгрөг нийтдээ 696000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2015 онд Ж.Е-ээс хувийн лизингээр байр худалдаж авсан. Байрны үлдэгдэл болон 7 сая төгрөгийг алданги тооцуулж 12469000 төгрөг болгож төлөхөөр хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сард бизнесийн зээл дээр нэмж 12000000 төгрөг Хаан банкнаас зээл авч өгсөн. Үлдсэн 464000 төгрөгийг Хятад улс руу наймаанд явж ирээд өгөхөөр хэлэлцсэн. Гэвч Соvid-19 өвчний улмаас хил хаагдаж бизнес зогсож өгөх боломжгүй болсон. Удаа дараа утсаар болон тааралдах үед учир байдлаа ойлгуулан хэлсэн. Надад мөнгийг өгөхгүй гэсэн муу санаа бодол байгаагүй. Банкны зээлээ төлж чадахгүй 6 сар хойшлуулсан. Эхнэр цалингийн зээлтэй. Ганц орлоготой миний бизнес зогссон болохоор одоо хүүхдийн мөнгөөр л амь зууж байна. Иймд алданги болох 232000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх ёстой 464000 төгрөгийг Хятадын хил нээгдэж бизнес явагдаж эхлэхэд өгөх болно.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00690 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч К.Е-аас зээлийн үлдэгдэл, алдангийн хамт 696000 (зургаан зуун ерөн зургаан мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шеруши хурман овогт Ж.Е-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Шеруши хурман овогт Ж.Е-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 690 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн байх тул хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж үзээд Иргэний хуулийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон.

Мөн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдсэн эд хөрөнгөө шилжүүлээгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Ж.Е-, Х.А- нар шүүхийн шийдвэрийн дагуу К.Е-, З.К-, К.Ш- нараас 16,965,000 төгрөг авахаар болж байсан. К.Е- нь Ж.Е-т төлөх төлбөрийнхөө тодорхой хэсгийг бэлнээр өгч үлдэгдэл хэсэгт нь буюу 12,469,000 төгрөгт нь зээлийн гэрээ байгуулан дараа төлж өгөхөөр болж тохиролцсон. Гэтэл К.Е- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 464,000 төгрөгийг төлдөггүй тул гэрээний дагуу алданги тооцож, алдангийн хамт нийт 696,000 /зургаан зуун ерөн зургаан мянга/ төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байгаа. Ямар нэгэн дүр үзүүлсэн зүйл байхгүй. Ж.Е- нь бусдаас авах ёстой мөнгийг түүнд хугацаа тогтоон зээлийн гэрээ байгуулж болно. Хариуцагч К.Е- нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 464,000 төгрөгийг төлнө гэсэн билээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах диспозитив буюу талуудын зарчмыг зөрчсөн явдал болсон. Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх талаар талууд бие даах шийдвэрлэх эрхтэй. Анхан шатны шүүх талуудын зарчмыг зөрчиж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Е- нь хариуцагч К.Е-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 464000.00 төгрөг, алданги 232000.00 төгрөг, нийт 696000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч үлдэгдэл төлбөр 464000.00 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, алданги 232000.00 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Е- нь  хариуцагч К.Е-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12469000.00 төгрөгийн зээлийн гэрээ нэг сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоногт тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний гол нөхцөл болох 12469000.00 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдоогүй байна. Харин дээрх тохиролцоо нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 130/ШШ2019/00166 дугаартай, З.К-, К.Ш-, К.Е- нараас 16965000.00 төгрөгийг гаргуулан Ж.Е-, Х.А- нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад хийсэн нь тогтоогдсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад, тухай шийдвэр нь бодитой биелэгдээгүй байхад зээлийн гэрээг дүр эсгэж байгуулсан буюу тухайн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлээгүй нь тогтоогдсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэн, талуудын хооронд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцоогүй нь үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангажээ. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй нь бодитой тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21254.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

       

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 130/ШШ2020/00690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21254.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯАМБАЯР

 

                                                                                                            Д.КӨБЕШ