| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0241/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Д.Ширэндэв,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1702 00188 0024 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 4 дүгээр байрны 34 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, Г овогт Б Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Д нь 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 4 дүгээр байрны 34 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенциийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй, уутны хамт нийт 760.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн: “... мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх.1/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.10-11/,
Б.Дын оршин суух Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 4 дүгээр байрны 34 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.12-20/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.24-27/,
Мөрдөн байцаалтад Г.Даваажавын гэрчээр өгсөн “... Би уг өвсийг Улиастайн гүүрний наана Дүнжингарав худалдааны төвийн цаана шинэ замын хажуунаас түүсэн... надад уг өвсийг тэнд ургадаг гэдгийг хэн ч хэлээгүй... надад энэ өвсний талаар хэн ч зааж өгөөгүй ба би тийм өвс байдаг талаар кино болон интернет дээрээс мэдэж авч байсан... би хамгийн анх 2012 онд энэхүү каннабис гэдэг өвсийг хэрэглэж үзэж байсан... өвсийг яг хаанаас олж авч байсан талаараа санахгүй байна... хамгийн сүүлд одоогоос 2-3 хоногийн өмнө ганцаараа байрныхаа хойд талд гарч байгаад тамхины нимгэн цаасанд ороож байгаад татаж байсан... би уг өвсийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн хадгалж, хэрэглэж ирсэн... би уг өвсийг ямар нэгэн хүнд худалдаалж борлуулж байгаагүй... уг өвсийг ганцаараа л хэрэглэдэг байсан... учир нь уг өвсийг хэрэглэхээр тайвшраад унтаад өгдөг юм... уг өвсийг гэртээ хадгалдаг талаар манай хуучин найз охин Нинжин мэдэж байгаа... Нинжин бол миний энэ хэрэглэдэг мансууруулах бодисонд огт хамаагүй, хэрэглээд байдаггүй, манай найзууд дунд уг мансууруулах бодисыг хэрэглэдэг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Нинжингийн “... Би Даваажавтай 2017 оны 06 дугаар сараас эхлэн үерхэх болсон... би гэрт нь хааяа очдог, хонодог байсан... 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Даваажавын зан ааш нь өөрчлөгдөж их ууртай уцаартай болсон... 09 дүгээр сарын үед гэрт нь очиход нэг гялгар ууттай арц шиг зүйл байсан... тэгэхээр нь Даваажаваас энэ ямар учиртай өвс юм, чи арай янз бүрийн юм хэрэглээд байгаа юм биш биз гэж асуухад Даваажав надад хэлэхдээ наад өвс чинь янз бүрийн буруу зүйл биш зүгээр л өвс байгаа юм гэсэн... тэгээд 11 дүгээр сард Даваажав бид хоёр маргалдсан... миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн юм... гэхдээ би анх дуудлага өгөхдөө Даваажавыг гэмт хэрэгтэн болчихно гэж бодоогүй, зүгээр Даваажавыг тэр муу зуршлаас нь салгах санаатай дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10545 дугаартай дүгнэлтэд:
“Шинжилгээнд ирүүлсэн “Ургамал” гэж хаягласан цайвар ногоон өнгөтэй, ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
“Ургамал” гэж хаягласан цайвар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлд тетрагидроканнабинол илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх дүгнэлт /хх.44-45/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай дүгнэлтэд:
“Б.Д нь “Шизофрений хэв шинжит эмгэг, шинж тэмдэгийн каннабисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байна.
Одоо Б.Д нь “Шизофрений хэв шинжит эмгэг, шинж тэмдэгийн каннабисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
Б.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
Б.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.
Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б.Дт мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Харин Б.Д нь “Шизофрений хэв шинжит эмгэг, шинж тэмдэгийн каннабисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
Б.Дт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна” гэх дүгнэлт /хх.53-64/,
Мөрдөн байцаалтад Б.Дын яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ганцаараа Улиастайн гүүрнээс урагшаа зам дагуу явж байхад замын хажууд ууттай зүйл байсан юм, би уг ууттай зүйлийг авч доторхыг нь үзэхэд каннабис гэдэг өвс байсан юм... тэгээд цүнхэндээ хийгээд аваад явсан... өвсөө татахад миний оюун санаа тайвширдаг юм, мөн хий юм сонсох, хий юм харах нь өвс хэрэглэхээр байхгүй болчихдог юм...” гэх мэдүүлэг /хх.132-133/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.77/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.85/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Д нь 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 4 дүгээр байрны 34 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенциийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй, уутны хамт нийт 760.6 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.10-11/,
Б.Дын оршин суух Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 4 дүгээр байрны 34 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.12-20/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.24-27/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Нинжингийн “... 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Даваажавын зан ааш нь өөрчлөгдөж их ууртай уцаартай болсон... 09 дүгээр сарын үед гэрт нь очиход нэг гялгар ууттай арц шиг зүйл байсан... тэгэхээр нь Даваажаваас энэ ямар учиртай өвс юм, чи арай янз бүрийн юм хэрэглээд байгаа юм биш биз гэж асуухад Даваажав надад хэлэхдээ наад өвс чинь янз бүрийн буруу зүйл биш зүгээр л өвс байгаа юм гэсэн... тэгээд 11 дүгээр сард Даваажав бид хоёр маргалдсан... миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн юм... гэхдээ би анх дуудлага өгөхдөө Даваажавыг гэмт хэрэгтэн болчихно гэж бодоогүй, зүгээр Даваажавыг тэр муу зуршлаас нь салгах санаатай дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10545 дугаартай дүгнэлт /хх.44-45/,
Мөрдөн байцаалтад Б.Дын яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ганцаараа Улиастайн гүүрнээс урагшаа зам дагуу явж байхад замын хажууд ууттай зүйл байсан юм, би уг ууттай зүйлийг авч доторхыг нь үзэхэд каннабис гэдэг өвс байсан юм... тэгээд цүнхэндээ хийгээд аваад явсан... өвсөө татахад миний оюун санаа тайвширдаг юм, мөн хий юм сонсох, хий юм харах нь өвс хэрэглэхээр байхгүй болчихдог юм...” гэх мэдүүлэг /хх.132-133/,
Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч Б.Д нь сэтгэцэд нөлөөт бодисыг байнга хэрэглэсний улмаас “Шизофрений хэв шинжит эмгэг, шинж тэмдэгийн каннабисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх сэтгэцийн эмгэгтэй болсон байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Иймд Б.Дыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Б.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Дын “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Шизофренийн хэв шинжит эмгэг, шинж тэмдгийн каннабисын хэтрүүлэн хэрэглээ” хэмээх сэтгэцийн эмгэгтэй буюу хэрэг хариуцах чадваргүй байсан нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх.53-64/-р тогтоогдсон, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сайн дураар эмчилгээ хийлгэж байгаа, сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байх учир шүүгдэгчийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй, уутны хамт нийт 760.6 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Б Д “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Дыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй, уутны хамт нийт 760.6 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР