Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/944

 

 

 

 

 

 

 

     2023           9            21                                           2023/ДШМ/944

 

Б.О, Ж.Б, Л.О, Г.Э

Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор А.Дүүрэнбилэг,

          шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, М.Пүрэвлхам,

          шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

          шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

          шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

          шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б, мөн шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, Ж.Б, Л.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох 201501000187 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон ботт овгийн Б.О, 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэлийн 36 дугаар байрны 14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧН63020609/,

Ядамжав овгийн Ж.Б, 1972 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, англи хэлний багш мэргэжилтэй, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, одоо Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байрны 13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:АЭ72031574/,

Боржигон овгийн Л.О, 1973 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, одоо Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаа, ам бүл 3, эгч, охины хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 52 дугаар байрны 21 тоотод оршин суудаг, /РД:С373110201/

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 196а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Олхнуд овгийн Г.Э, 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлагын мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 12 дугаар гудамжны 149а тоотод оршин суудаг, /РД:ТБ69060811/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Бор овгийн Ц.Б, 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гаалийн 17 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ЗЗа байрны 30 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:КЮ69021075/,

1. Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б, Л.О нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн,

Ц.Бийн ажлын байраа өөрчлөх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Даариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, Ц.Бийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай тушаалууд гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Ж.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Л.О нартай бүлэглэн Г.Эын Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Гаалийн ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Л.О нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Ж.Б нартай бүлэглэн Г.Эын Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Гаалийн ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Г.Э нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ж.Б, Л.О нартай бүлэглэн Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 1.000.000 төгрөгийн хахуулийг Л.О, Ж.Б нараар дамжуулан өгсөн буюу Эрүугийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Даариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Боржигон ботт овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Олхнуд овогт Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Боржигон овогт Л.О, Ядамжав овогт Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Бор овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос шүүгдэгч Боржигон ботт овогт Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Бор овогт Ц.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Олхнуд овогт Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ядамжав овгийн Ж.Б, Боржигон овгийн Л.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Оийг албан тушаалтад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Ж.Б, Л.О нарыг хээл хахууль өгч, авахад зуучилсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Оийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 65 /жаран тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.480.000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 /тавин тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 /арван сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.Б, Л.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 /гуч/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.760.000 /таван сая долоон зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 12.480.000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Б, Г.Э нарт тус бүр оногдуулсан 10.560.000 /арван сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Ж.Б, Л.О нарт тус бүр оногдуулсан 5.760.000 /таван сая долоон зуун жаран мянга/ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Оийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын энэ хэргийн улмаас сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж, шүүгдэгч Б.О, Ц.Б, Л.О, Г.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг сиди болон DVD-г, мөн шүүгдэгч Б.Оээс гарган өгсөн үзэг 1 ширхэг, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэр бүлийн дундын өмчлөлийн “Раnasonic” загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, 6 ширхэг сандалтай ширээ 1 ширхэг, Sharp загварын хөргөгч 1 ширхэгийг шүүгдэгч Б.От буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх худал мэдээллээр, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны зарчимд нийцээгүй үйл ажиллагаа хийж, үүнийгээ нотлох зорилгоор Авлигатай тэмцэх газарт эрүүдэн шүүж хүний нэр, мөнгөн дүнг хэлж өгч өөрсдийн хийсэн бичлэгээ 3 удаа шинжлүүлэх нэрээр, өөрчилж хувирган “гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн танилцуулга” гэх утга агуулга нь зөрүүтэй зүйлийг хэрэгт хууль зөрчин нөхөн хийж, “эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” гэгчийг 3 өөрөөр бүрдүүлэн, гэрч Тэгшээ хэрэгт хийлгэсэн. Миний ажил үүрэгт хамааралгүй “Гаалийн ерөнхий газрын дүрэм, Захиргааны зөвлөлийн хуралдааны дэг" -ийг барьж үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, ажлаас түдгэлзүүлэн, хилийн хориг тавиад 8 дахь жилдээ “гүтгэж” байгаа үйл баримтууд хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүхийн шүүгч мөн эрүүдэн шүүсэн баримтыг хэрэгт хийлгэх хүсэлтийг хангалгүй шүүхэд шилжүүлж “гэрч олдохгүй байна” гэж 5 сар, түдгэлзүүлээд жил шахам болсноо гэнэт сэргээж анхнаасаа өмгөөлсөн өмгөөлөгч минь корона туссан байхад ч өмгөөлүүлэх эрхийг минь эдлүүлэлгүй хурал хийж, баримтыг няцааж үгүйсгээгүй, дан ганц өөрийн үзэл, итгэлээр шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Шивээ хүрэн дэх гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Г.Эын оронд, захиргааны санаачлагаар өөр хүн томилох удирдлагын шийдвэр гарсан ба энэ нь дуу, дүрсний бичлэгээр тогтоогддог. Энэ шалтгааны улмаас Г.Эыг өөр ажилд шилжүүлэх шаардлага үүссэн байдаг. Хүний нөөцийн зохистой хувиарлалт, том боомтын чадавхийг сайжруулах бодлогын хүрээнд, 20 гаруй жил хөдөө орон нутагт ажилласан дээр нь IT-ийн мэргэжилтэй тул Замын-Үүд гаалийн газарт ажиллуулах нь зүйтэй талаар Хүний нөөцийн хэлтсийн дарга Батсайханы санал танилцуулагдаж, төсөл боловсруулагдсан нь дуу дүрсний бичлэгт авагдсан. Г.Эын хувьд өөрөөс нь шалтгаалахгүйгээр хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Г.Эыг Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн ажиллуулсан нь хавтаст хэрэгт авагдсан.

Намайг буруутгаад байгаа баримт нь Г.Эын шилжсэн цаг хугацаанаас хойшхи үйл баримт яригддаг ба Оргилмаа Алтангадас одонг минь мялааж бэлэг орхиод явсныг Баттогтох өгч, дан ганц ажил хэрэг ярьж байгаа үйл баримт байдаг.

2. Ц.Бийг сэлгэн ажиллах хугацаа нь болоогүй, ээлжийн амралттай байхад нь Буянт-Ухаа гаалийн газарт сэлгээн ажиллуулах тушаал гарсан байдаг. Энд мөн л хууль  ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд зогсохгүй зүрхний хүнд өвчны улмаас тухайн томилогдсон газарт ажиллах боломжгүй байгаа талаар хүсэлтээ Гаалийн Ерөнхий газрын даргад гаргаж “асуудлыг шийд” гэсэн цохолттой, Хүний нөөцийн хэлтсийн дарга Батсайхан судалгаанд үндэслэж даргад танилцуулан, хууль журмын хүрээнд Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар Батбилэг, Даариймаа нар Улаанбаатар гаалийн газарт шилжин ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл Гаалийн Ерөнхий газрын дарга гадаад томилолттой байсан учир тамгын даргын хувиар надтай уулзаж, учир шалтгаанаа тайлбарлан зүрхний өвчтэйг нотлох баримтаа өгснийг нь би ажлын ширээний шургуулганд хийсэн үйл баримтаар биднийг буруутгадаг. Би сэжигтнээр мэдүүлэхдээ “Батбилэг орж ирээд өөрөө л хоолонд орчихоорой гээд цүнхэнд мөнгө хийчээд шууд гараад явсан” гэж хэлсэн ийм үйл баримт болоогүй нь дуу, дүрсний бичлэгээр тогтоогддог. Бодит байдал ийм байхад шүүх, баримтад түшиглээгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

3. Би албан тушаалтан биш гэж маргаагүй. Харин хахууль аваагүй гэж маргаж байгаа. Миний бие нь гэрчүүдийн л адил, захиргааны зөвлөлийн гишүүн. ТЗХАГ-ын даргын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хувиарт, гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй талаар нэг ч үг байхгүй. Энэ үүрэг надад хамааралгүй талаар Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтэс, ТЗУГ-аас ирүүлсэн 2 албан тоот хавтас хэрэгт авагдсан. Мөн Гаалийн Ерөнхий газрын дарга Цэнгэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд мэдүүлэхдээ “...гаалийн байцаагчийг шилжүүлж, сэлгээн ажиллуулахдаа эхлээд зарчмаа тохирсны үндсэн дээр, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй шууд тушаал гаргадаг байсан...Бүрэн эрх нь надад бий. ...Захиргаа удирдлагын хэлтэс хүний нөөцийн асуудлаа 100 хувь хариуцаж судалдаг... Гаалийн Ерөнхий газрын дарга дангаараа тушаал шийдвэр гаргах эрхтэй. ...” Өмгөөлөгчийн “Оюундэлгэр тушаал гаргуулсан, гаргуулахын тулд гээд байгаа талаар асуухад ихэд уурлаж... би гаргадаг гэж хэлээд, бүр тодорхой жишээн дээр тайлбарласан нь хэрэгт авагдсан. /1хх- 147-148, Зхх-5, 2023.05.01-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг.

Б.О миний бие нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан Гаалийн байгууллагын бодлого, шийдвэрийн төслийг зохих түвшинд бэлтгүүлэх, шийдвэрлүүлэх талаар зохион байгуулалтын бүтцийн нэгж, удирдлагад чиглэл өгөх, энэ асуудлаар Гаалийн ерөнхий газрын даргад бодлогын зөвлөлгөө өгөх” үүргээ л хэрэгжүүлэн ажилласныг, зөвхөн төсөөллөөрөө мушгин гуйвуулж ирсэн. “Тушаал гаргуулсан, гаргуулахын тулд” гээд буруутгаад байгаа талаар авагдсан баримт хавтаст хэрэгт огт байхгүй байхад шүүгч баримтад тулгуурлалгүй дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн яллах дүгнэлтэд бичигдсэн 12 гэрчүүд буюу ажлын газрын хамт ажиллагсад өөрийн бодол, таамаглалаа хэлсэн байдаг ба ийм хууль журмын дагуу гэх мэтчилэн баримт нотолгоотой нэг ч мэдүүлэг байхгүй.

Жишээ нь гэрч Г.Батсайхан эрх мэдэлгүй, ажилд оролцож байгаагүй талаараа мэдүүлсэн. Гэтэл ажлаа хэвийн хийж байснаар зогсохгүй, гаалийн байцаагчийн эрх олгож томилох асуудал миний оролцоогүйгээр Батсайхан судалж танилцуулан, дарга тушаал гаргаж байсан баримтууд нь хэрэгт авагдсан нь худал ярьсныг тогтоосон. Захиргааны зөвлөл нь шийдвэр гаргадаггүй, зөвлөх үүрэгтэй гэдгийг шүүгч буруу ойлгосон буюу ойлгохыг хүссэнгүй гэж үзэж байна.

4. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд нь миний болон бусад оролцогчдын эрхийг ноцтой зөрчиж өглөөнөөс шөнө хүртэл 16 цаг хоол унд өгөлгүй, хаашаа ч гаргалгүй, хууль сануулахгүй, өмгөөлүүлэх эрхийг минь эдлүүлэлгүй бие сэтгэлийг шаналган зовоосон.

Цаашлаад сэжигтнээр мэдүүлэг авчихаад ч явуулалгүй “Баттогтоход ингэж хэлээрэй” гэж хэлж гаргаад, коридорт байлгаж байгаад буцааж оруулах зэргээр хүнлэг бус хэрцгий хандаж эрүүдэн шүүсэн. Эрүүдэн шүүгдээгүй ганц хүн Эрдэнэцэцэг цагаадсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон бидний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс 2 сар шалгаад Улсын ерөнхий прокурорын газарт албан тоот хүргүүлсэн ч шалгалтын ажиллагаа явуулаагүй.

Ерөнхийлөгчид хандсанаар Улсын ерөнхий прокурорын газраас шалгалт явуулж 466 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “дахин шалгалтын ажиллагаа явуул” гэсэн. Гэтэл энэ 466 тоот тогтоолыг бариад л эрүүдэн шүүсэн нь тогтоогдоогүй гээд 4 жил ялласан. Дахин шалгахдаа мөн л эрүүдэн шүүгээгүй гэдгийг баримтаар тогтоогоогүй, эрүүдэн шүүгчдэгчдээс мэдүүлэг аваад л, тухайн газрын албан тоотыг хавсаргах, хохирогчдийн хүсэлтийг хангахгүй зэргээр шалгаж тогтоох хүсэлгүй байсныг шүүх анхаарсангүй. Хамгийн гол нь мөрдөгч шүүхэд хэрэгт ач холбогдолтой баримтыг ирүүлэлгүй, хэлбэрийн төдий баримт ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Миний бие нь эрүү шүүлтийн хэрэгт хяналт тавьсан прокурор Мөнхгэрэлд “хавтаст хэрэгтээ танилцах” хүсэлт гаргаж танилцсан. Ингэхэд эрүүдэн шүүсэн нь мөрдөгч Бат-Олзвой, гүйцэтгэх ажилтан Баярхүү, болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар хангалттай нотлогдсон нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймээс шалгасан баримтыг бүхэлд нь буюу эсвэл хүсэлтэд дурьдагдсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгнө үү гэдэг хүсэлтийг мөрдөгч, прокуроруудад гаргасан ч хүлээж аваагүй шүүхэд шилжүүлсэн.

Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч Дарьсүрэнд “эрүү шүүлтийг шалгасан баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулж, давж заалдах шатны шүүхийн тогтоолын заалт болон бидний хүсэлтийг хангаж өгнө үү” гэдэг хүсэлт гаргахад мөн хүлээж авалгүй шүүхэд шилжүүлсэн. Гүйцэтгэх ажилтнууд хүний нэр, мөнгөн дүнг хэлж өгсөн талаар би Бат-Олзвой мөрдөгчид өөрт нь хэлсэн бөгөөд үүнээс хойш солигдоод алга болсон. Ийм байтал хахууль авсан гэдгийг эрүүдэн шүүж авсан сэжигтний мэдүүлэгт үндэслэн яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнээс харахад шүүгч, өмгөөлөгч корона туссан, би өмгөөлөгчтөйгөө хуралд орно гээд байхад өмгөөлүүлэх эрхийг минь эдлүүлэлгүй хуралдсан нь ч анхнаасаа хувийн сонирхолтой байсан, хүний эрхийн мэдрэмжгүй, зөвхөн хувийн итгэл үнэмшлээр шийдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй тул, эрүүдэн шүүсэн баримтыг Хүний эрхийн комисст өгөхөөр Нийслэлийн прокурорын газрын архивт хандахад “тогтоол болон таны мэдүүлгээс өөр баримт хувилж өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

5. Эцэст нь 15136, 15145, 15167 дугаартай гурван тогтоол хэрэгт авагдсан 15136, 15167 тогтоол нь хэн зөвшөөрсөн нь тодорхойгүй, гарын үсгийн зөрчилтэй. Гүйцэтгэх ажиллагаа хийх зөвшөөрөл нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс байхад 7 дугаар сарын 16, 17-ны үйл баримтууд дуу, дүрсний бичлэгт авагдсан. Түүгээр ч зогсохгүй яллах үндэслэлээ болгоод байгаа утга агуулгын зөрүүтэй гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хууль бусаар нөхөн хийгдсэн баримт ба уг танилцуулгад бичигдсэн 15145 тоот зөвшөөрөл нь гүйцэтгэх ажлын зааврын 8.2.13-т заагдсан арга хэмжээг явуулах зөвшөөрөл байна. Энэ нь зөвхөн “утсан харилцааг хянах” зөвшөөрөл гэдэг нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Г.Азжаргал, гүйцэтгэх ажлын хэлтсийн орлогч дарга ахлах комиссар П.Лхагвасүрэн нарын ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон.

Түүнчлэн, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” нь 3 янзаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хийгдсэн нь тодорхой байхад шүүх үнэлсэнгүй. Эхний баримт нь хавтаст хэргээс алга болсон. Улсын яллагч Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт “Баттогтох, 1 нь Эрдэнэбаатарынх 2 нь Эрдэнэцэцэгийнх гэж хэлж байгаагаар тогтоогдоно” гэж хэлсэн. Би эцсийн үгэндээ “бичиг баримтыг алга болгоод, сольж хийгээд байгаа, таны хэлсэн чинь одоо байхгүй, солигдсон гэж хэлж байгаа нь хэрэгт авагдсан. Алга болсон “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” үйлдэгдсэн цаг үед, энэ хэрэг дээр прокурор Амарсанаа хяналт тавьж байсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Батжаргал бас л “1 нь Эрдэнэбаатарынх 2 нь Эрдэнэцэцэгийнх” гэж хэлсэн нь хэрэгт авагдсан. 2 дахь нь 2016 оны 10 дугаар сарын 5, 11-ний өдөр, 3 дахь нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр.

Энэ нь эрүүдэн шүүж авсан сэжигтний мэдүүлэгтэйгээ тааруулах гэж олон янзаар үйлдээд байгаа нь тодорхой байхад, шүүгч нотлох баримтыг яагаад олон янзаар үйлдээд байгаа, алийг нь үнэлээд байгаадаа тайлбар хийгээгүй. Шүүгч дээрхи баримтуудыг яллах үндэслэлээ болгож “эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үйл баримтыг хангалтгай тогтоож чадсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба баримтад түшиглээгүй зөвхөн өөрийн үзэл, итгэлээр шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Б.Оийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хийсний төлөө хахууль авсан гэж буруутгаж ялласан. Харин шүүхээс Б.Оийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө хахууль авсан гэм буруутай гэж ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл, ялласан болон шийтгэсэн үндэслэл өөрчлөгдлөө. Шинэчлэн найруулсан 2008 оны Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д “Гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...”-аар гаалийн байгууллагын удирдлагад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/308, Б/313, Б/348 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалууд гарсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг хууль бус гэж үзсэн, хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Цэнгэл болон бусад эрх бүхий албан тушаалтнаас тухайн үед дагаж мөрдөж байсан хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар өгсөн мэдүүлгээр гаалийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах болон сэлгэн ажиллуулах нь ялгаатай шийдвэр болохыг тодруулсан, Гаалийн ерөнхий газрын даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлэж байсан, уг зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын бэлтгэлийг дангаар хариуцдаг байсан нь эргэлзээгүй тогтоогджээ. Харин Б.Оийг хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “...Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. ...” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/106 тоот тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам” нь хэргийн үйл баримттай холбоогүй бөгөөд алба хаагчийн санал, хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилохоос эрс ялгаатай, гаалийн байцаагчийн саналыг урьдчилж авдаггүй, ажил олгогчийн санаачлагаар хэрэгждэг онцлог ажиллагаа юм. Иймд Б.Оийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх буруу шийдвэрлэлээ.

Хэргийн холбогдогч нарт эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандсан, зохиомол хэрэг хүлээлгэсэн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн гомдол, хүсэлт гаргасаар ирсэн. Хэргийн оролцогчдын гомдолд дурдсан зүйлсийг нэг бүрчлэн шалгах, холбогдох шалгалтыг бүрэн дүүрэн явуулах талаарх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 267 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 691 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 588 дугаар тогтоолын заалтыг мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд огт хангаагүй явдал нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх зөрчил мөнөөс мөн. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөн байцаах алба хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд прокурорын тогтоолоор уг хэргийг хааж шийдвэрлэснийг дээд шатны прокурорууд хянасан гэх процессийн шинжтэй өнгөц дүгнэлт хийж улмаар шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг, бусад хууль бус баримтыг нотлох баримтаас хасуулах, нотлох баримтад тооцохгүй байх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу боллоо.

Нотлох баримтыг шалгах, үнэлэх асуудал нь хийсвэр таамаглал, хувийн үзэмжийн асуудал биш бөгөөд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгаж байж сая хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл эрүү шүүлтийн талаар гомдол гаргагч, гомдолд холбогдогч хоёроос мэдүүлэг авсанаар ажиллагааг хязгаарлаж, дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын заалтыг хэлбэрийн хувьд хангуулсан мэтээр ажилласан нь буруу болохыг тогтоолгохыг хүснэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч болон шүүгдэгчээс эрүү шүүлтийн асуудлыг бүрэн гүйцэт шалгуулах, тодорхой мөрдөн шалгах ажиллагааг нэрлэн зааж хийлгүүлэхээр хүсэлт гаргасныг мөн л хүлээн авалгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй бол гүйцэтгэх ажил явуулна” гэж заасан. Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд гүйцэтгэх ажлын үр дүнд авагдсан баримт сэлтийг нотлох баримтаар үнэлж болох заалт үйлчилж байсан. Эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд гүйцэтгэх ажил явагдсан гэж прокурор тайлбарладаг ч үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд явагдаагүй, түүнийг нөхөн гүйцэтгэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх буруу дүгнэлээ.

Прокурор 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд дахин ирүүлэхдээ “гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга” гэх баримтыг нөхөн үйлдсэн байна. Зөвхөн яллах зорилгоор зөвшөөрөл гэх 3 хуудас баримтыг хэрэгт нэмж хавсаргасан байна. Эдгээр холбогдолтой баримтыг шинжлэн судалбаас, прокурорын зөвшөөрөлд заасан хугацаанаас өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулсан, зөвшөөрөлд зааснаас өөр төрлийн арга хэмжээ явуулсан, зөвшөөрөлд олгосон хугацааг зааж бичээгүй, нэг этгээдэд чиглүүлэн хэдэн төрлийн арга хэмжээг нэг цаг хугацаанд давхардуулан явуулсан гэж үзэхээр хууль бус, хяналтгүй, туйлын бүдүүлэг нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн дуу, дүрсний бичлэгт тусаагүй нөхцөл байдлыг “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д тусгаж өөрчилсөн, засварласан, түүнийг хөндлөнгийн гэрчээр оролцсон Авлигатай тэмцэх газрын үйлчилгээний хоёр ажилтан гэрчилсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр үйлдэл болсон. Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахдаа тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн нь илэрсэн. Гэвч анхан шатны шүүх эдгээр асуудлыг бүхэлд нь хуульд нийцсэн гэсэн агуулгатай ерөнхий дүгнэлт хийж өмгөөлөгчийн саналдаа дурдаж буй хувийн болон албаны ашиг сонирхлын зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэр тухай хуулийн ноцтой зөрчил зэргийг үгүйсгэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтээр няцааж чадаагүй гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоол (хөөн хэлэлцэх хугацааны албан ёсны тайлбар)-д холбогдуулан маргаан үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн шийдвэрээ гэнэт үндэслэлгүйгээр өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Хэдийгээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрийн санаачлагаар сэргээн явуулах эрхтэй боловч түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад гэнэтийн ойлгомжгүй шалтгаанаар сэргээсэн төдийгүй шүүх хуралдааныг хойшлуулахаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхад үргэлжлүүлэн хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. Өмгөөлөгчдийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг урьд хэргийн оролцогчийн хүсэлтээр татгалзан гаргасан шүүгч шийдвэрлэсэнд давхар гомдолтой. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжилсэн шалтгааныг ойлгож мэдэж байгаа боловч дагаж мөрдөж байгаа хууль, зарчмыг зөрчсөн гэж үзэж буй учир үйлчлүүлэгч Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тухай үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 2 дахь заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хуулийн хүрээнд гэмт хэрэг хийснийг нотлож чадалгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд “Хээл хахууль зуучлах” бие даасан гэмт хэрэг нь шинээр мөрдөж эхэлсэн. Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохоо байсан тул сэжигтэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, сэжигтэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн үндэслэлээр түүний холбогдон шалгагдаж байсан үйдэл буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэл бүхий 49 тоот прокурорын тогтоол гарсан.

Гэтэл энэхүү тогтоол хүчин төгөлдөр болж, хэрэгжээд 3 жил өнгөрсний дараа, уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан /5 жил өнгөрсний дараа/ уг үйлдэл нь өөрөө гэмт хэрэгт тооцохоо больж хэрэгсэхгүй болсон хэргийг Нийслэлийн прокурорын орлогч Н.Насанбат “Эрүүгийн хэргийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-д заасан “...хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах”- тай адилтган, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн, сэжигтэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан, хууль буруу хэрэглэж эрүүгийн хэргийг сэргээсэн бөгөөд үйлчлүүлэгчийн гомдол гаргах эрхийг хуулийн аргаар хааж, яллагдагчаар татах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан /5 жил өнгөрсөн/ байхад яллагдагчаар татсан тогтоолд хууль зөрчин өөрчлөлт оруулан, нэн яаралтай байдлаар хуулийн үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Зарим шүүгдэгч нарын энэ хэрэгт анханаас нь явсан өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй байхад шүүгч шүүх хурал хийх шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр гаргах магадлалтай болсон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нар бүгд хуулийн дагуу шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан боловч өмнө нь уг хэргийн шүүх хурлаас “татгалзан гаргуулж байсан” шүүгч Оюунчимэг хууль зөрчин шүүгчээс татгалзан гаргах шийдвэрийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын хууль зөрчин авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргасан юм. Гэвч шүүхээс энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж авсан мэдүүлэг болон бусад шүүгдэгчдийн хувьд өөрийнх нь эсрэг, эрүү шүүлт тулгаж өмгөөлөгчгүйгээр авсан мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж чадаагүй гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хүчин төгөлдөр биш болсон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг журамлан Ж.Б намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн одоо бие даасан гэмт хэрэгт тооцогдохоо байсан 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 /гуч/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.760.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, миний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу хэрэглэж ял халдаан гэм буруутайд тооцсон хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Энэхүү шийдвэр нь 2015 оны Эрүүгийн хуулиар хахууль авах, өгөхөд зуучилсан үйлдэл нь өөрөө гэмт хэрэгт тооцогдохгүй болсон ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно", 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууулийг төсөөтэй харэглэхгүй”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэх заалтыг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж гэм буруутайд тооцсон бөгөөд уг шинжлэн судалсан нотлох баримтуудад орсон нь нотлох баримтыг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хууль зөрчиж, эрүүдэн шүүж, энэ хавтаст хэрэгт холбогдсон бүх сэжигтэн, яллагдагч нарын өмгөөлөгч авах эрхийг нэгэн зэрэг хааж, удаан хугацаанд /8-24 цагийн хооронд/ үргэлжлүүлэн төрөл бүрээр дарамтлан, заримыг нь хуурч мэхлэх замаар хууль зөрчин мэдүүлэг авсан үйл явц шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад түүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэн, дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Анх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Ж.Б миний бие эмнэлэгт хэвтэхээр шинжилгээ өгч явахад нь нэг эрэгтэй хүн ирж, Авлигатай тэмцэх газрын ажилтны үнэмлэх үзүүлэн түүнийг хүчээр Авлигатай тэмцэх газарт авч очиж, хяналтын камераар тоноглогдсон шилэн хана бүхий өрөөнд оруулан, мухар модон сандал дээр суурган, өглөөнөөс оройн 24 цаг хүртэл удаан хугацаагаар байлган, хэд хэдэн байцаагч дамжуулан, олуулаа ээлжлэн төрөл бүрээр дарамтлан, алдар нэр, нэр хүндийг нь гутаан доромжилж, айлган сүрдүүлж, ятгах, тулгах байдлаар мэдүүлэг гаргуулахаар шаардан “шаардсан мэдүүлгийг л өгчих, чамайг мэдүүлгээ өгчих юм бол ямар нэг асуудал үүсэхгүй, хэрэгт холбогдуулахгүй, гэр рүү чинь явуулна” гэх зэргээр хуурч, бусдыг гэмт хэрэгт холбогдуулах худал мэдүүлэг өгөхийг санал болгож, Б.Оийг санамсаргүй мэтээр саатуулж байсан өрөөнд нь оруулж, тааралдуулах, ятгуулах, өлсгөх, байнгийн чанга дуутай сурталчилгааны материал /шторик/ сонсгон ядрааж, сэтгэн бодох, шийдвэр гаргах чадварыг нь алдагдуулан тулгаж, хөтөлж, хууль зөрчин урьдчилан бэлтгэсэн мэдүүлгээ авсан.

Өөрөөр хэлбэл, уг хэрэгт холбогдон шалгагдсан бүх оролцогчийг бүгдийх нь өмгөөлөгч авах эрхийг хязгаарлан, төрөл бүрээр дарамтлан, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд хохирол учруулан, эрүүдэн шүүх байдлаар зохиож авсан мэдүүлгээр буруутгахыг оролдон, миний эрх зүйч хүний хувьд хуулийн дагуу эрх, үүргээ ярьж, хуулийн дагуу гомдол гаргана гэсний төлөө бусдаас илүүтэй дарамтлан “Цагдан хорьж, ажлаас түдгэлзүүлэн, бусдын батлан даалтад нэртэй боловч Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн аман занаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, Улаанбаатар хотоос гарсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг чинь өөрчилнө” хэмээн байнгийн дарамтад байлгаж ирсэн юм.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч шаардлага хангахгүй, хууль бусаар цуглуулсан нотлох баримтаа баталгаажуулах зорилгоор Авилгатай тэмцэх газрын үйлчлэгч Б.Амаржаргал, С.Оюун-Эрдэнэ нарыг эд мөрийн баримтаар хураагдсан сидинд хийхдээ хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.” гэж заасан байхад анхан шатны шүүх эдгээр хөндлөнгийн гэрч гэх хүмүүсийг “тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдүүд байна” гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна гэж үзэж байна. Энэ нь хөндлөнгийн гэрч бол аль ч утгаараа тухайн хэрэгт болон мөрдөгчтэй ямар нэгэн байдлаар холбогдолгүй хүн байна гэж үзнэ. Мөрдөгчийн зүгээс нотлох баримтыг өөрөө бүрүүүлж буй субьектийн хувьд нотлох баримт бүрдүүлэхдээ, хувийн сонирхлоор ашиглаж болох бүрэн боломжтой этгээд бөгөөд нотлох баримт бүрдүүлэхдээ ямар ч тохиолдолд хуулийг ягштал биелүүлж, хөндлөнгийн гэдэг тэс хөндлөнгийн хүнийг нь хөндлөнгийн гэрчээр оролцуулах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт нотлох баримтыг хэдийд хууль зөрчөөд нөхөн бүрдүүлсэн байхыг хэн ч мэдэхгүй юм.

Анхан шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлах явцад яллагдагч нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай өмнө нь танилцах явцдаа хувилж, бэхжүүлж авсан нотлох баримтын хавтас болон дугаарласан байсан хуудасны дугаар өөрчлөгдсөн, зарим нь олдохгүй байсан тохиолдол цөөнгүй гарсан нь шүүх хурлын бичлэгт тодорхой байгаа. Эндээс Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын зүгээс нотлох баримтыг нөхөж хийсэн, хуурамчаар бүрдүүлсэн байх магадлал харагдаж байна. Харамсалтай нь шүүгч нотлох баримтыг үнэлэх, дүгнэлт гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Миний тухайд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдолгүй болсон байсан ч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийн дараа дээд шатны прокурор “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол”-ыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хууль зөрчсөн талаар миний өмгөөлөгч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан боловч шүүх энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хууль зөрчсөн шийдвэр гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Л.Ог гэртээ байхад нь нэг эрэгтэй хүн ирж, өөрийгөө Авлигатай тэмцэх газрын ажилтан гэж танилцуулан, улмаар түүнийг Авлигатай тэмцэх газарт  авч очиж, өглөөнөөс оройн 22 цаг хүртэл өрөөндөө удаан хугацаагаар байлган, хэд хэдэн байцаагч дамжуулан мэдүүлэг гаргуулахаар шаардан “Г.Эаас авсан мөнгөө яасан, чи мөнгө дамжуулсан гэдгээ л хэлчих, чамайг энэ мэдүүлгээ өөрчлөхгүй байх юм бол ямар нэг асуудал үүсэхгүй, гэр рүү чинь явуулна” гэх зэргээр тулгаж хөтөлж, хууль зөрчин мэдүүлэг авсан байдаг. Энэхүү мэдүүлэг авсан ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар дээрх хууль зөрчин авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргасан юм. Гэвч шүүхээс энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж авсан мэдүүлэг болон бусад шүүгдэгчдийн хувьд өөрийнх нь эсрэг, эрүү шүүлт тулгаж өмгөөлөгчгүйгээр авсан мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж чадаагүй гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаар энэ үйлдэл 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр болсон байдаг. Одоо хүчин төгөлдөр байгаа 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн. Иймээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Л.Од холбогдох үйлдлийг /Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол/ Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл уг хэрэг үйлдэл болсон гэх 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 5 жил 16 хоног өнгөрсөн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байхад Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор хяналтын прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг хүчингүй болгож уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн хэрэг үйлдэл болсон гэх өдрөөс даруй 5 жил 1 сар 19 хоног өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 506 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан байдаг. Яллагдагч Л.О тухайн үедээ прокурорын хууль хэрэглээний энэ асуудлаар дээд шатны прокуроруудад нь удаа дараа гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан.

Л.Огийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийн дараа дээд шатны прокурор “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол”-ыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай өмгөөлөгч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан боловч шүүх энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улаанбаатар хот дахь Гаалийн улсын байцаагнаар зохих хууль журмын дагуу сэлгэн ажилласан байдаг.  Ийнхүү сэлгэн ажиллахдаа ямар нэг хууль, журам зөрчөөгүй зохих журмаар шилжсэн болох нь өөрийн өргөдөл, удирдлагын хянаж шийдвэрлүүлэхээр холбогдох албанд шилжүүлсэн шийдвэр, мэргэжилтний судалж танилцуулсан танилцуулга, уг танилцуулгатай Гаалийн ерөнхий газрын дарга танилцаад гаргасан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаал, мөн гэрч Цэнгэл, Энхцог нарын шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Лхагвасүрэнгийн үйлдсэн танилцуулга, түүний мэдүүлэг, гэрч Хулангийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдог. Мөн Ц.Б, Оюундэлгэр нарын тайлбар болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, дуу, дүрсний бичлэгээр давхар нотлогддог.

Ц.Б нь 2009 оноос хойш эмнэлгийн оношилгоо шинжилгээгээр “Зүрхний баруун титэм судас нарийсалттай” гэсэн оноштойгоор 2015 оны 01 дүгээр сард БНСУ-ын “АНАМ” эмнэлэгт эмчилгээ хийлгэж, одоо байнгын эмийн болон дэглэмийн эмчилгээтэй байдаг тул Улаанбаатар хот дахь гаалийн газарт ажиллах хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан, Улаанбаатар хот дахь Гаалийн улсын байцаагчаар сэлгэн ажиллах хүсэлтийг харгалзан, Гаалийн Ерөнхий газрын дарга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Ийнхүү хэрэгт холбогдуулан шалгахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй....” гэснийг ноцтой зөрчсөн.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд “...Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно...” гэж тунхагласныг, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн тухайд: 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухай хүн буюу гуравдах этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ...” гэснийг зөрчиж мэдүүлэг болон бусад нотлох баримтыг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Ц.Батдэлгэр, Б.О нарыг 14-өөс 16 цаг хоол унд өгөлгүйгээр Авлигатай тэмцэх газарт цагдан саатуулж залхааж, хүнлэг бус харьцаж дарамталж, хорино, нэгжинэ, эхнэрийг чинь татна гэх зэргээр айлган сүрдүүлж, өмгөөлөгч авах эрхийг нь хангахгүйгээр Ц.Батбилгээр 100.000 төгрөг Б.От өгсөн, Б.Оээр Ц.Б надад 500.000 төгрөг өгсөн гэсэн тоо хэмжээ, процессийн талаар илт зөрүүтэй, дуу дүрсний бичлэгт огт байхгүй сэжигтний мэдүүлэг гэх зүйлийг эрүүдэн шүүж бүрдүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлж яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн мэргэжилтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “Бидэнд ирүүлсэн DVD дэх бичлэг нь цонхоор гэрэлтэх нарны гэрлийн тусгал ихтэйгээс орчиндоо гэрлийн нөлөөлөл ихтэй буюу дүрс бичлэгийн дүрслэл тухайн орчиндоо алдагдсан байснаас цонхны наана зогсож буй хүмүүсийн үйл хөдлөлийн нарны гэрлийн тусгал хурц илэрсэн хэсэг дэх хөдөлгөөний илэрцийг тодруулах боломжгүй байсан.” гэх мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Улаан өнгийн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цагаан дугтуйтай зүйл өгөв, мөнгө бололтой” гэж DVD-нд бичигдсэн бичлэгийг өөрчилж буулгасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэсэн байгаа нь дугтуйтай мөнгө бололтой гэсэн таамаглал хийж өөрчилнө гэсэн үг биш гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №35 дугаар шүүх хуралдааны үед явагдсан мэтгэлцээнээр гэрч Б.Амаржаргалын “Би яг мөнгө харсан гэж хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч С.Оюун-Эрдэнийн “Би мөнгө гэж мэдэхгүй байна”, “Цагаан дугтуй шиг зүйл харагдаж байсан”, “Надад дөрвөлжин цагаан цаас харагдсан” гэх мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сонгосон ялыг өөрчилөх тогтоолд “...яллагдагч Ц.Бийн хээл хахуульд дугтуйнд хийж өгсөн 500.000 төгрөгийн үйлдлийг шалгаж эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч тогтоогдохгүй, 100.000 төгрөгийн хээл хахуулийн мөнгийг Б.От өгсөн нь тогтоогдож байх тул” гэсэн байхад, Сонсгосон ялыг өөрчлөх тухай прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолд 500.000 төгрөгийн мөнгөн дүнг үндэслэл болгосон байна. 100.000 төгрөг болон 500.000 төгрөг гэсэн мөнгөн дүн нь хууль зөрчин мэдүүлэг авсан мэдүүлгийн үед гарч ирсэн бөгөөд яллах дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь Ц.Бийн нугалж өгсөн өвчний түүх бүхий цаасыг дугтуйтай мөнгө хэмээн хар ухаанаар, хэт нэг талыг баримталж гаргасан дүгнэлт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэснийг зөрчсөн байдаг. Эдгээрээс гадна гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга гэх хууль зөрчиж нөхөн бүрдүүлсэн баримтыг яллах отлох баримт болгож үнэлсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурьдсан эрүүдэн шүүлт болоод нотлох баримтыг хуурамчаар, хууль бусаар нөхөн бүрдүүлсэн асуудлыг шалгаж үнэн зөвийг тогтоох талаар заасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолын заалтыг хангаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.

Хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь хууль ёсны дагуу түдгэлзүүлсэн хэргийг үндэслэлгүй сэргээж, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын заалтыг хангаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэх байдлаар хэрэгт шууд ба шууд бусаар хувийн сонирхолтой хандсан ба энэ үндэслэлээр оролцогчдоос түүнийг татгалзан гаргах санал гаргахад өмнө нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ажилагаанд шууд ба шууд бусаар хувийн сонирхолтой хандаж оролцогчдоос татгалзан гаргах хүсэлт гаргаж, ерөнхий шүүгч хангаж шийдвэрлэж байсан шүүгч Ц.Оюунчимэгт хандаж, оролцогчдын хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргуулж, улмаар хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүгч нь өмгөөлөгч нарын гаргасан саналыг шийтгэх тогтоолд тусгаагүй, няцааж үгүйсгээгүй, зөвхөн өөрийн үзэл итгэлийг батлах байдлаар шийтгэх тогтоол гаргасан нь мэтгэлцээний зарчмыг үгүйсгэж, өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Шүүхийн тухай хууль зөрчсөн асуудлыг хянаж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг тус тус хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад өмгөөлөгч, оролцогч нарын саналыг дэмжиж оролцож байна. Энэ хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нотлох баримт болгож авч хэлэлцсэн баримтууд нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажил хийсэн баримтууд нь хууль зөрчсөн. Прокурорын хяналтын дор гүйцэтгэх ажил явагдах ёстой. Эхэлсэн, дууссан сар, өдөртэй хамт прокурорын байгууллагад илтгэх хуудас ирэх ёстой байтал 2 жилийн дараа баримт ирснийг “хууль зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаас хасаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч хангагдаагүй. Дээд шатны шүүхүүдийн дүгнэлт, буцаасан үндэслэлийг харахгүй, юу ч хийхгүй, нэмэхгүй, биелүүлдэггүй. Хууль зөрчиж авагдсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтаас хасах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийг нэг бол 1.000.000 төгрөг өгсөн, эсхүл 500.000 төгрөг өгсөн гэдэг. Гүйцэтгэх ажлын материалд ч тэр мөнгө хараагүй, хэргийн материалд ч эд мөрийн баримт болж хураагдан ирсэн мөнгө байдаггүй. Гэтэл өөр зөрүүтэй тоо, хэмжээ яригддаг учраас нотолж чадаагүй гэж үзэж байна. Гүйцэтгэх ажлын баримтад хууль зөрчсөн асуудал байхад өнөөдөр шүүгдэгчдийг ямар баримтаар яллаж байна вэ гэхээр өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр яллаж байгаа юм. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангадаггүй. Иймд нотолж, шалгаагүй, эргэлзээтэй байх тул үйлчлүүлэгчид минь ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б намайг прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар ажлын байраа өөрчлөх гэсэн ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн гэж ялладаг. Би өмнө нь Буянт-Ухаа гаалийн газарт 4 жил орчим ажиллаж байхдаа өвчний улмаас Буянт-Ухаа гаалийн газраас шилжсэн байдаг. Сүүлд шуудангийн гаалийн газарт ажиллаад 1 жил хүрээгүй, шилжих хугацаа болоогүй, мөн ээлжийн амралттай байхад гэнэт Буянт-Ухаа гаалийн газарт шилжих тушаал гарснаар миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж би үздэг. Буянт-Ухаа гаалийн газраас зүрхний өвчний улмаас Гаалийн Ерөнхий газарт шилжих өргөдөл өгч, хууль, журмын дагуу шилжсэн. Надад ямар ч ашиг сонирхол байхгүй, Б.От ямар ч хээл хахууль өгөөгүй. Мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан нар айлган дарамталж, тулган шаардаж, сүрдүүлж, хууран мэхэлж, зүрхний болон даралтын улмаас уух ёстой эмийг уулгахгүй, хоол ундгүй олон цаг байлгаж, хүнлэг бус эрүү шүүлт тулгасан. Эм уух гэхэд уулгахгүй, шаналган зовоох маягаар надаас мэдүүлэг авсан. Эрүү шүүлт тулгасан баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан тул энэ талаар нэмж хэлэх тайлбар байхгүй. Мөн мөрдөгч, прокурор нарын бүрдүүлсэн нотлох баримт болох “цагаан дугтуйтай цаас өглөө, мөнгө бололтой, мөнгө өглөө” гэх мэтээр бүрдүүлсэн хуурамч нотлох баримтыг цаг хугацааны хувьд нөхөж хийсэн, хууль ноцтой зөрчсөн талаар бүх шатны шүүх тогтоосон байдаг. Энэ талаар миний өмгөөлөгч хангалттай ярьсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Оргилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн шалгагдаад явж байна. Анх үүссэн нөхцөл байдлын хувьд миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сандарсан байдалд Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын сүрдүүлэг, дарамт, эвээр харьцах байдалд автаж, буруу мэдүүлэг өгсний улмаас өдий хүртэл явлаа. Үнэндээ миний амнаас 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөг гэх тоо, үг, үсэг гараагүй. Энэ нь Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын өөрсдийнх нь надад тулгасан үгээр мэдүүлэг авагдсан. Миний хувьд өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж оролцож байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч М.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх 2015 онд эрүүгийн хэрэг үүссэн цаг хугацаанаас эхлэн өөрийн үйлчлүүлэгчдээ хууль эрх зүйн туслалцаа үзүүлэн шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд оролцоход тухайн өдрийн нөхцөл байдал буюу биеийн байдал муудсан, мөн корона вирусын халдвар авсан байх магадлал бүхий өндөр халууралттай байгаа талаараа хүсэлт гаргасан байхад өгсөн хүсэлтийг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тухайн хувь хүн буюу яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгч авсан байхад өмгөөлөгч нар хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж оролцох ёстой. Хуульд 2 өмгөөлөгч авсан тохиолдолд 1 нь оролцож болно, нөгөө нь болохгүй гэсэн ямар нэгэн заалт байдаггүй гэдгийг аливаа шүүхийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй...” гэх дүгнэлтийг гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зөрчсөн, хэрэгт авагдсан баримтууд нь үндэслэлгүй, хуурамчаар бүрдүүлсэн баримтыг үндэслэн ялласан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Шүүгч Ш.Бат-Эрдэнээс “...эрүүдэн шүүсэн гэх баримт байна уу, шалгасантай холбоотой баримт байна уу...” гэж асууж байна. Хавтаст хэрэгт эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг шалгасан мэтээр хэлбэрийн төдий оруулж ирж, шалгасан гэвч тогтоогдоогүй гэдэг нөхцөлийг үүсгэдэг. Б.Оийг “яагаад өмгөөлөгчгүйгээр асуусан бэ, үүнтэй холбоотой бичлэгийг оруулаад өгөөч” гэхэд эрүүдэн шүүсэн 1 цаг 30 минутын бичлэгийг 27 секундийн бичлэг болгож оруулж ирэхдээ “өмгөөлөгч авах уу, үгүй юу” гэдгийг тодруулаагүй бөгөөд эхлэлгүй буюу төгсгөлгүй мөнгө авсан, өгсөн гэх хэсгийг тасалж оруулсан. Энэ нөхцөл байдал нь анхнаасаа айлган сүрдүүлж, хууль зөрчиж мэдүүлэг авч, эрүүдэн шүүсэн гэдэг нь хангалттай нотлогддог төдийгүй, хавтаст хэрэгт авагдсан Хүний эрхийн Үндэсний комиссын “...эрүүдэн шүүсэн байх үндэслэл, нөхцөл байдал бүрдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт хүртэл авагдсан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн даргалагч Алдар, шүүгч Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч Батжаргал нэмэлт тайлбар хэлэхдээ “...Гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 30 хоног, 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 30 хоног, 3 тогтоол авагдсан байдаг, би танилцсан. Тухайн тогтоол хэрэгт авагдахгүй. Иймд гүйцэтгэх ажлын танилцуулга гэж явагддаг...” гэж хэлснээр 15136 дугаар тогтоол нь 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 30 хоног нь хэрэгт хамааралгүй цаг хугацаа юм. 15145 дугаар тогтоол нь 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 30 хоног зөвшөөрөлтэй байсан. Түүнчлэн 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэсэн 3 тогтоол авагдсан гэсэн заалтууд нь хоорондоо таарч байдаг. 15145 дугаар тогтоол буюу дан ганц утсан харилцааг хянах зөвшөөрөл авагдсан байгаа. Гэтэл дуу, дүрсний бичлэг хийж, уг бичлэгээ сидинд буулгаж оруулахдаа огт байгаагүй зүйлийг байсан мэтээр, яриагүй зүйлийг ярьсан мэтээр гаргасан гэх нөхцөл байдал байдаг учраас бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, ямар ч зөвшөөрөлгүйгээр өрөөнд нь дуу, дүрсний бичлэг хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүйгээр тогтоосон, зөрчсөн гэх нөхцөл байдлыг зөрчсөн. Хэрэв үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол үндэслэл, журмынх нь дагуу шийдвэрлэгдсэн баримтын хүрээнд яллагдах ёстой болохоос магадлалын хүрээнд хэзээ ч яллагдагч болохгүй. Огт үйлдэгдээгүй гэмт хэргийг үйлдэгдсэн мэтээр нотлох баримтыг хуурамчаар оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэг дэх гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга гэх баримт нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэж огноо болгож хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл уг баримт 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 530 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны үндэслэн хэргийг прокурорт буцаасан хэргийн материалд байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн яллах дүгнэлтэд гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга гэх баримт байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж оруулж ирэх ёстой байтал он, сарыг нь урагшлуулж байгаад хэргийн материалд хавсаргасан байдаг. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн та бүхнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүхийн байгууллага дүгнэлтийг зөв зүйтэй хийснээр прокурорын байгууллага сайжирч, мөрдөн байцаалтын ажиллагаа ул суурьтай явагдах бөгөөд ямар ч зөвшөөрөл, баримтгүйгээр шүүгдэгчдийг 5 жил яллаж, гэм буруутай болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд өөрийн үйлчлүүлэгч Б.О, өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Хашбаатарын хянаж, Улсын ерөнхий прокурорын газрын туслах, хууль цаазын итгэмжит зөвлөх Чулуунбаатарын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгосон 15145 дугаар тогтоолд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын зааврын 8.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг гэж зөвшөөрөл олгосон байдаг. Гүйцэтгэх ажлын хэлтсийн орлогч бөгөөд албаны дарга ахлах комиссар Лхагвасүрэнгийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 100 тоот албан бичигт 15145 дугаартай харилцаа, холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох арга хэмжээ явуулах тухай мөрдөгчийн тогтоолын хуулбарыг хүргүүлэв. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Азжаргалын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 137 тоот албан бичигт 8, 2, 13-т утсан харилцааг хянах, гүйцэтгэх ажлын арга хэмжээг журамласан гэж тодорхойлсон зэргээр зөвхөн утсан харилцааг хянах зөвшөөрөл гэдэг нь хөдөлшгүйгээр нотлогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч П.Одонтунгалаг  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний үйлчлүүлэгч Ж.Бын өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Өглөөний 8 цаг өнгөрч байхад дуудаж, орой 22 цагийн үед байцаан шийтгэх ажиллагааны хугацаа дуусахаас өмнө миний үйлчлүүлэгчийн өмгөөлөгч авах эрхийг нь хангалгүйгээр олон цагаар байцаасан. Мөн мэдүүлэг авахдаа эрхийг нь зөрчиж, 4 цагаас илүүгүй мэдүүлэг авах ёстой байтал өглөө ирүүлж, орой гаргаж байгаа үйл баримтууд тайлбар авч байгаа холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Олон цагаар буюу 4 цагаас илүү хугацаагаар байцаасан, байцаалтад Бат-Олзвой, гүйцэтгэх ажлын байцаагч нар байсан болох нь хавтаст хэргийн эхний материалуудад судлахаар байгаа. Миний үйлчлүүлэгчийн өмгөөлөгч авах эрх, эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус харьцсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн холбогдох заалт зөрчигдсөн байгаа нь нотлогддог. Миний үйлчлүүлэгч Ж.Б баривчлагдаж эхэлснээсээ хойш өмгөөлөгч надаас хууль, эрх зүйн туслалцаа авсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурор Бадамцэцэгт холбогдох баримтуудыг гаргадаг боловч ажиллагаа явагдаагүй үйл баримт байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу тухайн үеийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хууль ёсны байж явагдсан эсэх талаарх үйл баримт байдаггүй. Мөрдөгч нь эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан, эрүү шүүлт тулгасан үйл баримтууд удаа дараагийн мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндсэн заалтыг мөрдөгч, прокурор уг ажиллагаанаас буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажлын нотлох баримтууд нь холбогдох гүйцэтгэх ажиллагааны заалтыг хангасан эсэх, Б.Оийн халдашгүй дархан эрх буюу хэргийн бодит байдлыг тогтооход хүний халдашгүй байх эрхэд халдах эрхийг прокурор тухайн цаг хугацаанд олгосон эсэх зэрэг үйл баримтууд удаа дараагийн шүүхийн буцаасан заалтууд болон нөхөн гүйцэтгэсэн байх болзошгүй байдлаар 3 магадлал орж ирсэн. Гүйцэтгэх ажлын танилцуулгаас харахад шинэ хуулийг хуучин хуультай харьцуулсан байгаа нь хэр хуульд нийцэх вэ. Хүний халдашгүй дархан эрхэд халдаж байгаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх байдлаар прокурор Чулуунбаатарын эрх олгосон 3 магадлал нь далд аргаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдсон уу, тухайн үед авагдсан нотлох баримт байсан уу гэдэг талаар энэ хэргийн оролцогч, өмгөөлөгч нар удаа дараагийн мэтгэлцээнээр хэлдэг. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлох баримтаас хасуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэл байна гэдэг талаар мэтгэлцдэг. Анхан шатны шүүх нотлох баримтаар тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Халдашгүй дархан эрхэд халддаг нь Улсын Ерөнхий прокурорын газрын эрх олгосон прокурор олгож байгаа ч 3 магадлалын үндсэн дээр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан уу. Зөвхөн харсан юм уу, сонссон юм уу. Хэрэв 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаа бол өмнөх үйл баримтуудаараа Б.Оийн халдашгүй дархан эрхэд халдаж байсан бол тухайн дугтуйтай үйл баримтыг яагаад эд мөрийн баримтаар хурааж авсангүй вэ гэх зүйл яригдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээгүй тогтох ёстой гэсэн заалт зөрчигдөж байгаа юм. 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөг гэх үйл баримтууд яагаад хөдөлбөргүй тогтоогдоогүй, зөвхөн өмгөөлөгчгүйгээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох болсон бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны дагуу явагдсан үйл баримтууд уг үйл баримтаар няцаагдана. Гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан нотлох баримтууд, дугтуйтай өгч байсан эд зүйлийг тухайн цаг хугацаанд тогтоохгүй яасан бэ. Эд зүйлийг тогтоогоогүй учраас эд мөрийн баримтаар тооцсон буюу гүйцэтгэх ажиллагаанд тооцсон сидинд буулгасан бичлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байдаг. Хөндлөнгийн гэрчээр Авлигатай тэмцэх газрын үйлчлэгч нарыг мөрдөн байцаалтад оруулж ирсэн. Хэдий хөндлөнгийн гэрч гэж байгаа боловч эд мөрийн баримтаар тооцсон нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэх үү гэдэг асуудал байх ёстой. Анхнаасаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байсан асуудал байгаа юм. Улсын Дээд Шүүхийн тогтоолд дэлгэрэнгүй байдлаар бичсэн байдаг. Гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтууд нэмэлтээр орж ирсэн гэж эргэлзээтэй байдлаар буюу хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс няцааж байгаа. Үүнтэй холбоотой эд мөрийн баримтаар авагдсан нотлох баримтууд хэр хуульд нийцэх вэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд гаргасан давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэж бичсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 49 тоот прокурорын тогтоолд “...Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулахгүй байх нөхцөл байдал тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэл байгаа учраас Ж.Бын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон учраас Эрүүгийн хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн...” гэсэн. Гэтэл шинээр хууль батлагдсантай холбоотойгоор прокурор Насанбат нь прокурор Бадамцэцэгийн шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 8 дугаар сарын 27-ны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ өдрөөс эхлэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож эхэлнэ. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, дордуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүй гэсэн хуульд заасан заалтыг прокурор Насанбат зөрчсөн. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурор Энхболдын яллагдагчаар татаж байгаа үндэслэл нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны 507 дугаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь хууль зөрчсөн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад эрх зүйн байдлыг дордуулж, яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх хэдийгээр хуучин хуулийг хэрэглэж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн ч ял халдааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байгаа. Энэ байдлаар миний үйлчлүүлэгч Ж.Быг удаа дараа, нийт 8 жил 2 сар 19 хоног энэ хэрэгт холбогдуулж, хөдөлбөргүй, тогтоогоогүй нотлох баримтаар ажил, гэр бүл, бүх зүйлээр нь хардаж, сэрддэг. Ж.Б нь хэдийгээр хорих ялаар шийтгүүлээгүй ч бие, сэтгэлээрээ хохирч байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Ийм учраас миний үйлчлүүлэгч Ж.Бын зөрчигдсөн эрхийг сэргээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гүйцэтгэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болох сиди 5 ширхэг, үзэг гэх нотлох баримтууд тухайн үед авагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх буюу үндсэн заалтыг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцуулахгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Нотлох баримтууд нь хөдөлбөргүй тогтоогдохгүй үйл баримт байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор өмгөөлөгч Одонтунгалаг, Баяраа, Мэргэн нар гомдол гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа, шийдэгдээгүй, үүссэн үндэслэл нь хэргийн материалд авагдсан. Тийм учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр сэргээж шийдвэрлэсэн шүүгч Дарьсүрэнгийн гаргасан захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Холбогдох заалтуудаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн зөрчлүүд байгаа учраас миний үйлчлүүлэгч Ж.Бод ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаарх баримтуудыг, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө тодорхой үйл баримт, мөнгөн дүнг илэрхийлж мэдүүлэг өгдөг боловч үүнээс хойш эрүү шүүлт байсан гэх асуудлыг ярьж эхэлдэг. Гэтэл эрүү шүүлт байсан эсэх талаар зохих шатны мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага ажиллагаа явуулсан. Прокуророос дүгнэлт хийсэн баримтууд хэргийн материалд байгаа. Тухайлбал, Ц.Бийг эрүүдэн шүүсэн гэх гомдолд Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 60 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гаргасан нь хэргийн материалд авагдсан. Б.О, Ж.Б нар эрүү шүүлт тулгуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Уг эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 134 дугаартай прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн. Энэ баримт нь хэргийн материалд авагдсан. Зохих шатны прокурорын байгууллагуудад гомдол гаргасан, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эрүүдэн шүүсэн гэх агуулга бүхий гаргасан гомдлуудыг зохих шатны прокурорууд шийдвэрлэсэн. Эдгээр баримтуудаас үзэхэд өнөөдрийн шүүгдэгч нарын яриад байгаа эрүүдэн шүүсэн гэх асуудал нотлогдон тогтоогдоогүй. Мөн гүйцэтгэх ажлын баримтуудыг хууль бус, хуурамч гэж хоёр агуулгаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар яриад байгаа. Гүйцэтгэх ажлын баримтуудыг хуурамч гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байна вэ. Гүйцэтгэх ажлын танилцуулгын юу нь хуурамч вэ, бичсэн агуулга нь уу, бичсэн хүн нь үү, эсхүл албажуулсан гарын үсэг нь хуурамч юм уу. Нууц мөрдөн шалгах ажиллагааг явуулах зөвшөөрөл олгосон прокурорын 3 тогтоол авагдсан. Шат шатны шүүхийн тогтоол, магадлалд заасны дагуу хийсэн ажиллагаанууд байгаа. Гэтэл прокурорын зөвшөөрөл хуурамч уу, гарын үсэг зурсан нь хуурамч уу, үйлдсэн нь хуурамч уу гэдгийг нотолсон баримт байхгүй. Гэтэл шүүх хуралдаанд хуурамч гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хууль ёсны гэж үзэж байна. Прокурор зөвшөөрөл олгож, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үр дүнд нь танилцуулга гарсан. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын ярьж байгаагаар цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Шүүхээс даалгасны дагуу уг баримтууд хэрэгт орж ирлээ гэж байгаа. Тухайн цаг хугацаанд хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд “үр дүнг ашиглаж болно” гэсэн хуулийн зохицуулалттай. 2015 онд батлагдаж 2017 оноос хэрэгжиж эхэлсэн хуультай уялдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан журмаар практикт биеллээ олсон асуудал нь нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг тусад нь хавсаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулна гэсэн зохицуулалттай. 2018 онд батлагдсан журмын дагуу байх ёстой гэсэн зүйлийг өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралдаан болон анхан шатны шүүх хуралдаанд ярьж байгаа юм. Гэтэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар зохицуулагдаж байсан асуудал юм. 2002 онд батлагдсан хуулиар зохицуулагдаж байсан асуудлыг 2015 оны Эрүүгийн хууль, уг хуультай уялдуулж гаргасан 2018 онд батлагдсан журамтай уялдуулж, өнөөдрийн шүүх хуралдаанд танилцуулах нь зохимжгүй бөгөөд боломжгүй юм. 2018 онд батлагдсан журмын дагуу өмнө хийсэн 2014, 2015 оны ажиллагаануудыг бэхжүүлж оруулна гэсэн боломж байхгүй. Мөн Б.Оийн хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хийсний төлөө хахууль авсан гэж буруутгаж ялласан ч анхан шатны шүүхээс Б.Оийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө гэм буруутай гэж ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл, ялласан болон шийтгэсэн үндэслэл нь өөрчлөгдлөө гэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж прокуророос ялласан. Шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийг хэрэглэсэн учраас прокурорын ялласан хуулийн зүйл, заалт, агуулгаас зөрсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн мөрдөн шалгах нууц ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд авагдсан нотлох баримтыг эвлүүлсэн, хуурамчаар хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй. Тухайн гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа учраас түдгэлзүүлж, хэргийг буцаагаад үндэслэлгүй сэргээлээ гэсэн асуудлыг ярьж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Дээд Шүүхэд нийт шүүгчдийн хуралдаан нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан албан ёсны тайлбарт маргаан үүсгэсэн болохоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалттай холбоотой асуудал биш. Харин Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбартай холбоотой асуудлаар маргаан үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөн баримтууд эргэлзээтэй гэсэн давж заалдах гомдол гаргасан. Тухайлбал, сидид үзлэг хийхдээ Авлигатай тэмцэх газрын үйлчлэгчийг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэж байна. Энэ асуудал нь анхан шатны шүүх дээр нэлээдгүй яригдсан, 2 хөндлөнгийн гэрч тухайн шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг, тайлбараа өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөндлөнгийн ашиг сонирхол байгаа эсэх талаар шалгахад хөндлөнгийн ашиг сонирхолгүй байдаг. Хийж байгаа ажил, албан тушаалынх нь төлөө ажиллагаанд оролцож болохгүй, нэг байгууллагад ажилладаг учраас ашиг сонирхолтой гэж үзэж болохгүй. Иймд анан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б, Л.О нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн,

Ц.Бийн ажлын байраа өөрчлөх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Даариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, Ц.Бийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай тушаалууд гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг,

2. Шүүгдэгч Ж.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Л.О нартай бүлэглэн Г.Эын Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Гаалийн ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг,

3. Шүүгдэгч Л.О нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Ж.Б нартай бүлэглэн Г.Эын Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Гаалийн ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг,

4. Шүүгдэгч Г.Э нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ж.Б, Л.О нартай бүлэглэн Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 1.000.000 төгрөгийн хахуулийг Л.О, Ж.Б нараар дамжуулан өгсөн буюу Эрүугийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг,

5. Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Даариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /2хх 238, 3хх 83, 4хх 227/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 80-81, 84/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 72-81/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /5хх 121/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 77-78/, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга /4хх 225/, Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн гүйцэтгэх ажлын арга хэмжээгээр тогтоосон нөхцөл байдлын танилцуулга /4хх 226/, эрүү шүүлт тулгасан гэх хэргийг хаасан тухай прокурорын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаар тогтоол /8хх 43-45/ зэрэг нотлох баримтууд болон,

            сэжигтэн, яллагдагчаар Л.Огийн “...Эрдэнэбаатар л өөрөө “байгаа нь л 1.200.000 төгрөг” гэж хэлсэн болохоос би тэр гялгар ууттай зүйлийг нь задлаж, тоолж үзээгүй, тэр чигээр нь л Баттогтох ахлахад дамжуулан өгсөн. ...Тайлбар авахдаа “чи Эрдэнэбаатараас 1.200.000 төгрөг аваад Баттогтох, Оюундэлгэр нарт өгсөн” гэж тулгасан болохоор тэгэж хэлсэн. ...” /1хх 106-108, 2хх 84, 4хх 208-210, 8хх 224-225, 9хх 55-56/,

сэжигтэн, яллагдагчаар Г.Эын “...Халааснаасаа 1.200.000 төгрөг гаргаж ирээд Оргилмаад өгсөн. ...Оргилмаатай хамт алхаж явангаа “дэмжсэнд талархлаа, байгаа нь 1.200.000 төгрөг байна” гээд түүнийгээ өгсөн. ...1.200.000 төгрөг гялгар уутанд боогоод Оргилмаад өгсөн. Оргилмаа нь “шийдвэр гаргасан хүнд нь өгчихье” гээд авсан. ...” /1хх 110-111, 113-114, 2хх 88-89, 4хх 203-207, 9хх 60-61/,

сэжигтэн, яллагдагчаар Ц.Бийн “...Түрүүвчинд байсан мөнгөө өгчихсөн. Нугалсан эмнэлгийн шинжилгээний бичгээ өгсөн нь үнэн. ...Намайг “хорино” гээд айлгаад байсан. Оюундэлгэрт “хоолонд ороорой гээд 100.000 төгрөг өгсөн” гээд хэлчихвэл хорихгүй байх гэж бодоод тэгэж хэлсэн. ....” /1хх 116-117, 121-122, 2хх 85-87, 4хх 211-212/,

сэжигтэн, яллагдагчаар Б.Оийн “...Тоолоход 3.000.000 төгрөг байсан. “20.000”-ын дэвсгэртээр байсан. Энэ мөнгийг би хувьдаа зарцуулаад дууссан. ...Хорино гэж айлгасан. ...Хуулийн зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /1хх 124-125, 127-128, 2хх 90-92, 3хх 188-189, 9хх 45-46/,

 сэжигтэн, яллагдагчаар Ж.Бын “...Оргилмаагийн өгсөн гялгар ууттай мөнгийг халаасандаа хийхэд 3 хэсэг хатуу хайрцагтай болов уу гэмээр юм байсан. Эрдэнэбаатарын Оргилмаад өгсөн гэх зүйлийг Оюундэлгэрт дамжуулж өгсөн нь үнэн. ...” /1хх 130-134, 136-137, 3хх 3-4, 8хх 220-221, 9хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд түүнчлэн,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Оюундэлгэр 2015 он audio гэсэн тэмдэглэгээ бүхий улаан өнгийн DVD дискэнд бичигдсэн дуу авианы бичлэгүүдээс “2015.07.28 oyundelger, batbilegt nariin yria”, “2015.07.31 oyundelger, batbilegt nariin yria” гэсэн нэртэй дуу, авианы бичлэгүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Оюундэлгэр 2015 он audio гэсэн тэмдэглэгээ бүхий улаан өнгийн DVD дискэнд бичигдсэн дуу, авианы бичлэгүүдээс “2015.07.28 oyundelger, batbilegt nariin yria”, “2015.07.31 oyundelger, batbilegt nariin yria” гэсэн нэртэй дуу, авиа нь харьцуулах загвараар авсан ЧН63020609 регисрийн дугаартай Б.Оийн дуу, авиатай, Ц.Бийн гэх дуу, авиа нь харьцуулах загвараар авсан КЮ69021075 регистрийн дугаартай Ц.Бийн дуу, авиатай тус тус дуу, авианы үндсэн шинжүүд болох ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэргээрээ тохирч байна.  ...” гэсэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4183 дугаар /2хх 240-246/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “hp гэсэн бичигтэй “2015.08.11” гэсэн тэмдэглэгээ бүхий хөх өнгийн СD  дискенд бичигдсэн дуу, авианы “Video 03-11 Aug 15, 14h27-Segment1 /00_12_30.673-00_14_29.982/”, “Video 04-11 Aug 15, 15h19-Segment1 /00_03_28.166-00_06_07.613/” гэсэн нэртэй дуу, авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “hp” гэсэн бичигтэй “2015.08.11” гэсэн тэмдэглэгээ бүхий хөх өнгийн СD  дискенд бичигдсэн дуу, авианы “Video 03-11 Aug 15, 14h27-Segment1 /00_12_30.673-00_14_29.982/”, “Video 04-11 Aug 15, 15h19-Segment1 /00_03_28.166-00_06_07.613/” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Б.Оийн дуу, авиатай, Ж.Бын гэж дуу, авиа нь харьцуулах загвараар авсан АЭ72031574 регистрийн дугаартай Ж.Бын дуу, авиатай дуу, авианы үндсэн шинжүүд болох ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэргээрээ тохирч байна.  ...” гэсэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4571 дугаар /2хх 247-250, 3хх 1/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдсон ба дээрх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Оийг “Хахууль авах” гэмт хэрэгт, Ж.Б, Л.О, Г.Э, Ц.Бт нарыг “Хахууль өгөх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн Б.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.О, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Б, Л.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Оийг албан тушаалтад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Ж.Б, Л.О нарыг хээл хахууль өгч, авахад зуучилсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б болон шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд нар гаргасан давж заалдах гомдлууддаа “...хээл, хахууль өгч, аваагүй, эрүүдэн шүүлт тулгасан, татгалзан гаргасан шүүгч хэргийг шийдвэрлэсэн, Авлигатай тэмцэх тэмцэх газрын үйлчлэгчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.О, Ж.Б, Л.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, эрүү шүүлт тулгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэгдгээрийн гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б, мөн шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1402 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.Оюунчимэгийг томилж /9хх 122/, хэргийн оролцогчдийн зүгээс даргалагч шүүгчээс татгалзсаны дагуу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч С.Оюунчимэгийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргажээ. /9хх 177-178/,

Тухайлбал, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 52 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Д.Дарьсүрэнг томилсон /9хх 179-180/ ба хэргийн оролцогчдийн зүгээс даргалагч шүүгчээс мөн татгалзсаны дагуу 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 672 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Д.Дарьсүрэнг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгч Ц.Оюунчимэг нь ерөнхий шүүгчийг түр эзгүйд орлон ажиллах шүүгчээр томилогдсон бөгөөд хэргийн оролцогчдийн зүгээс гаргасан шүүгчийг татгалзан гаргах татгалзалын асуудлыг шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хугацааны дотор яллагдагчаар татсан байх ба энэхүү процессын хэм хэжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөгдөж байсан зохицуулалтыг буцаан хэрэглэхгүй тул өмгөөлөгч нараас “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болохоор гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй. ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/469 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б болон шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/469 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б, мөн шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ