| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2216001300023 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
Д.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ц.О, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/136 дугаар захирамжийг прокурорын гаргасан эсэргүүцлээр Д.Э-д холбогдох эрүүгийн 2216001300023 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овгийн Д.Э нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Ховд аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ......... сумын ....... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: ДЮ............. регистрийн дугаартай,
Яллагдагч Д.Э нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А хохирогч О.Н авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Ц 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн үйлдэлд гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Э холбогдох 2216000130023 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Д.Э холбогдох хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/136 дугаартай захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэж заасан байна. Уг шийдвэрийг танилцуулах ажиллагааг шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө хийж шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эдлэх эрхийг хэргийн оролцогч нарт танилцуулах ёстой. Гэтэл уг шинжээчийн дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байхад яллагдагч Д.Э 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан нь түүний шинжилгээ хийлгэх үед эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу шинжээчийн дүгнэлт гарах үед Д.Э-г яллагдагчаар татаагүй байсан. Өөрөөр хэлбэл: яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэж заасан. Иймд Д.Э шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
- Яллагдагч Д.Э-ийн мөрдөгчөөр ажиллаж байх үед ашиглаж байсан компьютерт үзлэг хийх нь ач холбогдолтой гэж шүүхийн шүүгчийн захирамжид заасан.
- Д.Э нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр албанаас чөлөөлөгдсөн. Д.Э-г мөрдөгчөөр ажиллаж байснаас хойш түүний албан хэрэгцээндээ ашиглаж байсан компьютерт үзлэг хийх нь энэ хэргийн тухайд ямар ач холбогдолтой талаар дүгнэлт хийгээгүй гэсэн хэдий ч тухайн үед түүний хэрэглэж байсан компьютер нь тухайн үед авч байсан мэдүүлэг тэр чигтээ хадгалагдаж үлдсэн гэдэгт эргэлзээтэй, түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход учир дутагдалтай байх тул үзлэг хийх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
- 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Э-д нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн байх боловч 201607000042 дугаартай эрүүгийн хэрэг нь тухайн үед мөрдөгчөөр ажиллаж байсан яллагдагч Д.Э ямар албан бичгийг үндэслэж шилжиж ирсэн нь прокуророос шилжүүлсэн хэргийн материалд авагдаагүй байна. Түүнчлэн хэрэгт 201607000042 дугаартай эрүүгийн хэргээс зарим хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуулбарласан нь шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл бүдэг, зарим бичилт нь харагдахгүй байх тул нотлох баримтыг хэмжээнд дахин хуулбарлаж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна гэсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эдгээр баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын шаардлага хангуулах авах бүрэн боломжтой байна. Тиймээс яллагдагч Д.Э холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүхийн эрх тэгш мэтгэлцээний явцад дээрх үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/136 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.А-ий тайлбар:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан, тул хэвээр үлдээж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн оролцогчийн эрхийг хязгаарласан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар Д.Э холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлүүд :
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэж заажээ. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас ) үйлдэгдэх үед Д.Э нь эрх зүйн байдлын хувьд хуульд нэрлэн заасан этгээд биш байсан тул оролцогчийн эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Д.Э 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 128-133 дүгээр хуудас )
2. Нэг гэр бүлийн хүмүүс болох тухайн үед хамтран амьдрагч байсан О.Н, Т.Ц нарын мэдүүлгийг үндэслэж яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай байна гэжээ.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тогтоолд ( ...Иргэн Н 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ хэт хутгаа алдсан гэх боловч хутгаа гэмт хэргийн замаар алдаагүй, хашаан дахь амбаараасаа олсон нь хохирогч О.Н, гэрч Н.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэг бүртгэлийн 201607000042 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д ( гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр) зааснаар хаажээ. ( 2 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас )
2.1 Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд хэт хутгаа алдсан байхад алдаагүй гэж хаасан гэх агуулга бүхий О.Н-ын гомдолд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 115 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ( 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас ) Алдсан гэх хутгаа О.Н та мөн гэрч Т.Ц хэт хутгаа олсон гэж мэдүүлжээ гэж хариу өгчээ.
2.2 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ( 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас ) О.Н-ын цагдаагийн ахмад Д.Э хуурамчаар хавтаст хэрэг үйлдэж хэргийг хаасныг мэдээд өргөдөл гаргаж байна гэх гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газар шилжүүлснийг мэдэгдье Ерөнхий прокурор Б.Б гэжээ.
2.3 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолд...Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Э-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан бичгээр холбогдох мэдэгдлийг хүргүүлэв гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
3. Яллагдагчийн өмгөөлөгч Д.А-ийн яллагдагч Д.Э-ийн мөрдөгчөөр ажиллаж байх үед ашиглаж байсан компьютерт үзлэг хийх, гарын үсгүүдийг принтерлэсний өмнө болон дараа зурагдсан эсэхэд “шинжээчийн дүгнэлт” гаргуулах шаардлагатай байна гэжээ. Яллагдагч Д.Э-ийн мөрдөгчөөр ажиллаж байх үед ашиглаж байсан компьютерт үзлэг хийх нь ач холбогдолтой гэжээ.
3.1 Д.Э нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр албанаас чөлөөлөгдсөн. Д.Э-г мөрдөгчөөр ажиллаж байснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа түүний албан хэрэгцээндээ ашиглаж байсан компьютерт үзлэг хийх нь энэ хэргийн тухайд ямар ач холбогдолтой талаар шүүх дүгнээгүй байна. Мөрдөгч Д.Э-ийн хэрэглэж байсан компьютерт нь хэрэгт хамаарал бүхий мэдүүлэг үлдсэн гэдэгт эргэлзээтэй, хэвлэж гаргасан буюу хэрэгт авагдсан байдлаар хадгалагдах үндэслэлтэй байна.
- 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Э-д нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид хэргийг шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн байх боловч 201607000042 дугаартай эрүүгийн хэрэг нь тухайн үед мөрдөгчөөр ажиллаж байсан яллагдагч Д.Э ямар албан бичгийг үндэслэж шилжиж ирсэн нь прокуророос шилжүүлсэн хэргийн материалд авагдаагүй ба гэрчүүд бусад мөрдөгчийг бус мөрдөгч Д.Э-г нотлох баримтыг өөрчлөн сольж хэргийг хаасан талаар гомдол гаргасны үндсэн дээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байсныг хохирогч О.Н-ын гомдлоор сэргээн шалгаж буй байдалд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А хохирогч О.Н авсан мэдүүлгийг мөрдөгч Д.Э өөрчилж “ О.Н-ын алдсан хэт хутгыг түүнийг амбаараасаа олдсон гэж өөрчилж бичсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. ( 1-р х/х 40-51 дэх хуудас) уг мэдүүлэг дэх мөрдөн байцаагч х/ч Д.А гарын үсэгт харьцуулах шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн 11 дугаартай хуудасны ар хэсэгт зурагдсан гарын үсэг нь 1, 8, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан 3, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүдтэй хөдөлгөөний хурд, зонхилох хэлбэр, налалт, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр гэсэн ерөнхий шинж тэмдэг болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний чиглэл гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна”. гэж дүгнэлт гарчээ. ( 1-р х/х 101-107 дэх хуудас)
Хэрэгт 201607000042 дугаартай эрүүгийн хэргээс, зарим ач холбогдолтой нотлох баримтуудыг хуулбарласан нь шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл бүдэг, зарим бичилт нь харагдахгүй байна гэж дүгнэсэн боловч хэд дэх хуудас дахь, ямар нотлох баримт нь эдгээр шаардлагыг хангаагүй болохыг шүүгч тодорхой дурдаагүй байна. Шаардлага хангахгүй гэх баримтууд байгаа тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын шаардлага хангуулан авах бүрэн боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүх, шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой байна.
Нотлох баримтыг үнэлэх шүүгчийн дотоод итгэл нь хуульд заасан (хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд) үндсэн зарчимд тулгуурласан, хэргийн бодит байдалд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөхүйц шинжийг агуулсан байх шаардлага тавигддаг ба субьектив ойлголт биш байна.
Дээрх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/136 дугаартай шүүгч Ч.М-ийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/136 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ц.О
Ш.Б