Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02292

 

МАГАДЛАЛ

2020.12.04 Дугаар 2292

 

 

 

 

 

 

Ч.Цгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийн дагуу Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд хийсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. НШШГ нь Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авсны дараа түүнээс үнийн санал авч, талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 тоот тогтоолоор хураан авсныхаа дараа өмчлөгч Ч Цэцэгээгээс үнийн санал авалгүйгээр 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/315 тоот тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгө- Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаар үнэлгээний тайланд ч тусгагдаагүй байна. Түүнээс гадна үнэ тогтоосон үндэслэл нь тодорхой бус байна. Мөн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн тухай хуулийн 9.3 дугаар зүйлд заасан бүх мэдээллүүд бүрэн дүүрэн бодитой тусгагдаж чадаагүй байна. Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 10 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 158.6 м.кв талбайтай, нэг давхарт байрлалтай, үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь багадаа 700 000 000 төгрөгөөр үнэлэгдэх юм. Гэтэл шинжээч 492 263 800 төгрөгөөр үнэлсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/Ш32020/14963 дугаартай захирамжаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл НШШГ нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ч.Цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн. Иймд Ч.Цгийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны19а дугаар байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингөөс 232 928 000 төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Энхтүвшинд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а байрны 1 тоот 158.6 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ий өдрийн 164/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинэжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 492 263 800 төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4-162/24419 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 344 584 660 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжийг манай алба 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан. Уг захирамж гарсан болохыг манай байгууллага мэдээгүй байсан тул 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад манай байгууллагын буруу байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Цгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232 928 000 төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинэжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 492 263 800 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаас гаргасан тайлбартай санал нэг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГт холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байрны 1 тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг болон 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй. Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талыг огт судлаагүй, үндэслээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд бүх мэдээлэл бүрэн тусгагдаагүй байхад анхан шатны шүүх баримт, мэдээлэл, үндэслэл бүхий тайлбаргүйгээр хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн шаардлагыг хангаж гэж дүгнэсэн. Хэрэв анхан шатны шүүх Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3, 9.3.8-т заасан баримт мэдээллүүд тайлангийн аль хэсэгт хэрхэн тусгагдсан талаар тодорхой дурдах ёстой. Хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл НШШГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5-т заасныг зөрчсөн. Дээрх дурдснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэсэн байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч НШШГт холбогдуулан анх Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а дугаар байрны 1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалтай, 158.6 м.кв талбайтай орон сууцыг 492 263 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх1-2, 149-150/

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан, шүүхиийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232 928 000 төгрөг гаргуулж О И ББСБ ХХК-д олгож, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а байрны 1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх-22-24/

 

Дээрх шийдвэрийг үндэслэн НШШГ дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, Ч.Цгийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-25-28/

 

Төлбөр төлөгч Л.Энхтүвшин, өмчлөгч Ч.Ц нар НШШГт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхөөс татгалзаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. /хх69-70, 72/

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а дугаар байрны 1 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 158.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 492 263 800 төгрөгөөр үнэлжээ. /хх-79-92/

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх гомдолд хамаарах тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т заасныг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу биш байна.

 

Иймд шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн нэрийг Баян модот ХХК гэж буруу бичснийг Хөрөнгө-Эстимэйт ХХК гэж залруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үнэлгээний талаарх шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/13658 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрх талаар дурджээ. /хх-30/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна. Ийнхүү шинжээчийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Ц 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжаар хангаж, тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3707 дугаар албан бичгээр НШШГт хүргүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасантай нийцсэн байна. /хх31,35/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 27.1 дэх хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахаар зохицуулжээ.

 

Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй буюу шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад хариуцагч НШШГ 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хуульд нийцээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-99-115/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байрны 1 тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгосугай гэж нэмж өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА