| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0255/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Нархажид |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч П.Нархажид,
Хохирогч Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мд холбогдох 1706 02237 0221 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Төв аймаг Угтаал суманд 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бодь буян” ХХК-д урлаач ажилтай, ам бүл 3, эх, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 8 дугаар гудамжны 144 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б М
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бодь Буян” ХХК-ний хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Энхтүвшинг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, одоо нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтүвшингийн өгсөн: “...2017 оны 9дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн үед Мөнгөнзул гаднаас гэртээ орж ирсэн. Би Анхаа, Нямаа гэх хоёр найзтайгаа гэртээ байсан. Тухайн үед Мөнгөнзул гэртээ орж ирээд намайг яагаад пиво уугаад байгаа юм бэ? гэхээр нь би уурлаад Мөнгөнзулын хөл рүү нь хоёр өшиглөсөн. Тэгээд хэрэлдэж, маргалдаад Мөнгөнзул миний нуруу руу гараараа цохиж, нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би явлаа гээд гадаа гартал үсдээд явуулахгүй гээд байсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхтүвшингийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед намайг гэртээ байхад миний хамтран амьдрагч Мөнгөнзул гаднаас согтууруулах ундаа хэрэглэчихсэн ороод ирсэн. Би Мөнгөнзулыг чи яагаад архи ууж байгаа юм гээд ... маргалдаж, түүнийг сандал дээр сууж байхад нь хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Мөнгөнзул уурлаад босож ирээд миний нуруу хэсэг рүү нэг удаа гараараа цохиод, миний хамар луу хөлөөрөө өшиглөсөн... би уурлаад гэртээ харина гэхэд явуулахгүй гээд миний үснээс зулгаагаад байсан... миний хэвлийн тус газар хатгасан шархыг би өөрөө хутгаар гэдэс рүүгээ хатгасан. Мөнгөнзул намайг жирэмсэн болоход энэ хүүхэд минийх биш гэхээр нь уурандаа хутгаар хатгасан... шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.29-31, 53-54/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11404 дугаартай дүгнэлтэд: “Б.Энхтүвшингийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, хамрын нурууны зулгаралт, зүүн бугалга, баруун бугалганы цус хуралт, хэвлийн хатгагдсан шарх, зулгаралт, зүүн гуя, өвдөгний цус хуралт, умайн доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заас мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.З6/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхбадралын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн үед Мөнгөнзулын гэрт очсон. Мөнгөнзулын гэрт Анхбаяр, Нямаа, Энхтүвшин нар байсан... Тэдний хашаанд бид нар 2 том пиво уусан... Мөнгөнзул жирэмсэн байж пиво уулаа гэж эхнэртээ хэлээд харь яв гэсэн. Энхтүвшин Мөнгөнзулыг өшиглөөд авсан, тэр хоёр хоорондоо маргасан. Мөнгөнзул босож ирээд Энхтүвшинг цохиод авсан. Энхтүвшин хүүхдээ ална гээд шүүгээнээс хутга аваад гэдэс рүүгээ хэд хэдэн удаа хатгасан. Би босоод Энхтүвшингээс хутгыг булаан авч тайвшруулсан” гэх мэдүүлэг /хх.56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бодь Буян” ХХК-ний хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Энхтүвшинг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхтүвшингийн өгсөн: “... Тэгтэл Мөнгөнзул уурлаад босож ирээд миний нуруу хэсэг рүү нэг удаа гараараа цохиод, миний хамар луу хөлөөрөө өшиглөсөн... би уурлаад гэртээ харина гэхэд явуулахгүй гээд миний үснээс зулгаагаад байсан... миний хэвлийн тус газар хатгасан шархыг би өөрөө хутгаар гэдэс рүүгээ хатгасан. Мөнгөнзул намайг жирэмсэн болоход энэ хүүхэд минийх биш гэхээр нь уурандаа хутгаар хатгасан... шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.29-31, 53-54/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11404 дугаартай дүгнэлт /хх.З6/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхбадралын өгсөн: “... Мөнгөнзул жирэмсэн байж пиво уулаа гэж эхнэртээ хэлээд харь яв гэсэн. Энхтүвшин Мөнгөнзулыг өшиглөөд авсан, тэр хоёр хоорондоо маргасан. Мөнгөнзул босож ирээд Энхтүвшинг цохиод авсан. Энхтүвшин хүүхдээ ална гээд шүүгээнээс хутга аваад гэдэс рүүгээ хэд хэдэн удаа хатгасан. Би босоод Энхтүвшингээс хутгыг булаан авч тайвшруулсан” гэх мэдүүлэг /хх.56/,
Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Мыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Энхтүвшин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Мын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Б.Мд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б М “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Мд мэдэгдсүгэй.
5. Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөгүй, хохирогч Б.Энхтүвшин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР