Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Эрдэнзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                          Э.Хосбаяр

Шүүгдэгч                                                            *******      

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Б.Туяамандах

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, *******-р байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод  аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Билэг зочид буудалд хамт байрлаж байсан иргэн *******ыг согтуу унтаж байхад нь Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Нарлаг дэлгүүрийн АТМ-аас бэлнээр гаргуулан авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, *******-47 тоотод оршин суух иргэн тэй үл ялих зүйлээр маргалдаж гэрийнх нь бүргэд хаалга, бариул цоожийг тоосгоор цохиж эвдэлж гэмтээн 441,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогч д 441,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүх хурлаар орох үед хохирогч гийн хохирол төлбөрийг барагдуулж, *******д учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Шүүгдэгч ******* орцны жижүүрээр ажилладаг, ээжийн хамт амьдардаг бөгөөд, ээжийнх нь биеийн байдал муу хэвтэрт байдаг. Ганц асардаг байсан хүү нь хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлсэн нь хүндээр тусч байна.

Иймд шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах гаргасан тайлбартаа: “ ...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн талаар маргадаггүй. Хохирогч гийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч *******ын хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байна. Түүний хувьд ээжийнхээ хамт амьдардаг, ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг хүн нь байсан. Гэвч түүнийг хоригдсоноос хойш ээжийнх нь биеийн байдал эрс муудсан. Ээжийнх нь биеийн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаар маргахгүй. Харин ээжийн минь бие маш муу байгаа. Улаан хоолойн хорт хавдар туссан. Надаас өөр харж хандах хүн байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч *******д оногдуулсан 7 сарын хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Цэрэндолгорын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Билэг зочид буудалд хамт байрлаж байсан иргэн *******ыг согтуу унтаж байхад нь Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Нарлаг дэлгүүрийн АТМ-аас бэлэн мөнгө гарган авч, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, *******-47 тоотод оршин суух иргэн тэй үл ялих зүйлээр маргалдаж, гэрийнх нь бүргэд хаалга, бариул цоожийг тоосгоор цохиж эвдэлж гэмтээн бусдад 441,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, /хх 44-47, 99-102, 152/

хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...  шөнийн 02 цагийн орчим Хишигээтэй хамт явсан залуу намайг сэрээгээд Хишигээ гараад явчихсан байна, чи гар утас, банкны картаа шалгаж үз дээ.” гэхэд нь би тухайн үед хажууд байсан утсаа гаргаад үзэхэд хавтсанд нь байсан миний Хаан банкны карт байхгүй байсан. ... 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 06 цагийн орчим гар утсан дээрх мессежээ шалгахад урд шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарны 04-ний өдөр 22 цаг 45 минутад 1,000,000 төгрөг, 22 цаг 47 минутад 500,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж гарсан байсан. ...Хохирлын мөнгөө аваагүй байгаа, мөнгөө авбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. …” гэх мэдүүлэг, /хх 12-17/

гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:...Тухайн үед Хишигээ, Оюунбадрал бид 3 үлдэж нэмж нэг шил архиа хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. Харин шөнийн 02 цагт намайг сэртэл Хишигээ байхгүй гараад явчихсан байхад нь би Оюунбадралыг сэрээгээд Хишигээ гараад явчихсан байна, чиний утас, карт байна уу хар даа.” гэхэд Оюунбадрал хажуунаасаа гар утсаа гаргаж ирээд утас байна, харин гэрэнд нь байсан карт байхгүй байна, удахгүй ороод ирэх байлгүй гээд бид хоёр буудалдаа унтсан. Харин өглөө 06 цагийн орчим Оюунбадрал гар утсаа үзэж байгаад миний картнаас орой 22 цагийн орчим 1,500,000 төгрөг уншуулаад гаргачихсан байна.” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед буудлаас гарч Хишигээг гадуур хайсан. ...” гэх мэдүүлэг, /хх 20-21/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... Хишигээ гэх залуу намайг аваад үйлчилгээний төвд байрлах АТМ руу очоод нэлээн их мөнгө авсан. Тэгээд Нарлаг худалдааны төвөөс ундаа, сүү авч 2 дугаар хорооны дэлгүүрээс архи, тамхи, ундаа  аваад Хан-Уулын бага сургуулийн урд буусан. ... араас дахин миний дугаар луу залгаад “... Нуур хороолол руу явах гэсэн юм.” гэхэд нь би очиж аваад Нуур хороолол хүргэж өгөхөд нэг эмэгтэйг авч Ханан булгийн буудал руу орсон. Буудалд ороод намайг “3 гоймон, нэг ундаа аваад ир гээд 30,000 төгрөг” өгөхөөр нь би “авчирч өгөөд хариултыг нь өгөх” гэхэд “хэрэггүй, чи ав” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх 24-25/

хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний  өдөр 17 цагийн үед гэртээ байж байхад хаалга тогшихоор нь хаалгаа тайлахад орцны жижүүр хийдэг залуу “жижүүрийн мөнгөө өгөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “маргааш тэтгэвэр буухаар өгье.” гэхэд “юу хуцаад байгаа юм бэ.” гээд над руу гараа далайгаад байхаар нь би айсандаа хаалгаа хаагаад түгжсэн. Гэтэл удалгүй манай хаалгыг юмаар цохиод байсан. Явсных нь дараа гараад харахад “тоосгоор цохиж эвдээд, тоосгоо газар хаясан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 75-76/, хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 08, 59-60/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 61-65/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх 31-34, 82-85/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээ, хор уршиг, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын “... ******* нь ... ээжтэйгээ хамт амьдардаг, ээжийнх нь биеийн байдал муу, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД             Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                    

                                   Г.УРТНАСАН