| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0262/Э |
| Дугаар | 311 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ш.Алтанцэцэг,
Хохирогч Р.Мөнх-Очир,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бид холбогдох 1806 01330 0254 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ган Шанд” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух, 2007 онд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх, Ц овогт Б
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гадна талын автомашины ил зогсоол дээр Р.Мөнх-Очиртой зогсоолоос болж маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Мөнх-Очирын өгсөн: “...Би ээжтэйгээ зах дотор явж байсан. Тэгээд очтол манай ээж ардуур нь гарчих зай байсан байна ш дээ гэж хэлтэл манай ээжтэй муудалцаад байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би буугаад очтол шууд намайг цохиод авсан. Одоо эмчилгээний зардал 456.000 төгрөгний хохирол гарсан байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Мөнх-Очирын өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн зогсоолд өөрийн эзэмшлийн МЛ350 маркийн 45-70 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ байрлуулсан. Ингээд тээврийн хэрэгслээ байрлуулаад Нарантуул зах руу ороод явж байтал гар утас руу машинаа холдуулаач гэж утаснаас залгаж дуудлага ирэхээс 10 гаруй минут болоод ирэхэд зогсоолд байсан 66-84.УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машинаа холдуулаач гэж бухимдаж уурласан. Ийнхүү дээрх жолооч манай ээж болон надтай хэрэлдээд байхаар нь би бас маргаж муудахад жолооч залуу миний өмссөн куртикны захнаас боож, эхлээд 2-3 удаа нүүрэн тус газарт цохьсон. Тэгэхээр нь би холдож утсаараа бичлэг хийх гэтэл над руу дахин ойртож ирээд миний хамар нүүр лүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохьсон. Уг цохилтоос болж нүүр хавдсан, зүүн нүд хөхөрсөн хамар хугарсан, толгойн баруун дээд хэсэгт хавдсан байсан. Одоо миний биеийн байдал тааруу байна хамар хугарч, толгой тархиндаа 400.000 төгрөгний эмчилгээ хийлгүүлсэн... ” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2226 дугаартай дүгнэлтэд: “Р.Мөнх-Очирын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духны зүүн хэсэг, хамрын зүүн тал болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зулгаралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.35/,
Мөрдөн байцаалтад Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.21, 28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гадна талын автомашины ил зогсоол дээр Р.Мөнх-Очиртой зогсоолоос болж маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Мөнх-Очирын өгсөн: “... Ийнхүү дээрх жолооч манай ээж болон надтай хэрэлдээд байхаар нь би бас маргаж муудахад жолооч залуу миний өмссөн куртикны захнаас боож, эхлээд 2-3 удаа нүүрэн тус газарт цохьсон. Тэгэхээр нь би холдож утсаараа бичлэг хийх гэтэл над руу дахин ойртож ирээд миний хамар нүүр лүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохьсон. Уг цохилтоос болж нүүр хавдсан, зүүн нүд хөхөрсөн хамар хугарсан, толгойн баруун дээд хэсэгт хавдсан байсан. Одоо миний биеийн байдал тааруу байна хамар хугарч, толгой тархиндаа 400.000 төгрөгний эмчилгээ хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /хх.45-46/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2226 дугаартай дүгнэлт /хх.35/,
Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Р.Мөнх-Очирын нэхэмжилсэн эмчилгээний зардал 456.000 төгрөг, гар утасны нүүрний эвдрэлийн засварын үнэ 50.000 төгрөг, нийт 506.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Б.Бид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бид оногдуулсан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Б Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Бид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бид мэдэгдсүгэй.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 506.000 /таван зуун зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.Мөнх-Очирт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР