| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2020/03958/И |
| Дугаар | 210/МА2021/00287 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2021/00287
| 2021 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2021/00287
|
Т.Өын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Т.Өын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох
11 774 294 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Э.Аззаяа, хариуцагч Б.З, түүний өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Б.Зтай хамтран 2017 оны 03 сарын 24-ний өдөр Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Зол Интэрнешнл Дентал Медикал Групп ХХК-г анх үүсгэн байгуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн дагуу Компани нь гадаад худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20 000 төгрөгөөр тогтоож нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 ширхэг энгийн хувьцааг иргэн Б.З бид хоёр 50/50 хувиар хамтран эзэмшихээр болж Улсын бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлсэн. Компани хамтран үүсгэн байгуулах үеийн гол тохиролцоо нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас тухайн чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журмын дагуу авч шүдний эмнэлэг ажиллуулах байсан. Ийнхүү компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, тогтвортой явуулах, компанийн үйл ажиллагаа явуулах байрыг тохижуулах, шаардлагатай эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж худалдан авах, хаягжилт, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлуудад зориулан тал талаасаа тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Тодруулбал, Б.Згийн зүгээс нийт 18 604 500 төгрөгийг, миний зүгээс 24 809 294 төгрөг мөн үйл ажиллагааны явцад түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг, хүүнд 965 000 төгрөг буюу нийт 31 774 294 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн байдаг. Компанийн данс нээж амжаагүй байсан тул би мөнгөн хөрөнгийг шууд компанид тодорхой бараа бүтээгдэхүүн авах эсхүл түрээсийн зардал төлөх замаар зарцуулсан. Хариуцагч Б.З нь компанийн хувьцаа эзэмшигчээс гадна компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд бидний оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хариуцан санхүүгийн болон тусгай зөвшөөрлийн асуудлыг шийддэг байсан. Гэтэл үйл ажиллагаа тогтворжих, хэвийн болоод эхлэхэд эмнэлгийн үйл ажиллагааг Б.З дангаараа аваад явах хүсэлтэй байна гэсэн тул энэхүү шүдний эмнэлгийн төслөөс гарч өөрийн оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан авах хүсэлтийг хариуцагчид Фэйсбүүк чатаар дамжуулан тавьсан. Б.З миний тавьсан саналыг хүлээн авч миний Зол Интэрнэшнл Дентал Медикал Групп ХХК-д оруулсан хөрөнгийг хэсэгчлэн төлж байсан. Тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 937 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2 063 000 төгрөгийг буюу нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч миний Хаан банкны харилцах данс руу тус тус шилжүүлсэн. Гэвч энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үлдэгдэл 11 774 294 төгрөгийг өдийг хүртэл төлж барагдуулалгүй эдийн засгийн хувьд хохироогоод байна. Ажлын байрыг өөрийн цаг хугацаа, хөрөнгийг зарцуулан бий болгож өгөөд 3 жил ямар ч үр шим, орлого хүртээгүй байгаад маш гомдолтой байна. Нэхэмжлэлээс хүү гэж 1 960 000 төгрөг нэхэж байгаа нь зэс картаар түрээсийн төлбөрийг би төлж байсан учир картын төлбөрийн хүү гэж нэхэмжилсэн. Би картнаас түрээсийн 2 сарын төлбөр 2 882 790 төгрөг, 4 сарын урьдчилгаа төгрөг 2 000 000 төгрөг, 5 сард урьдчилгаа 1 000 000 төгрөг шилжүүлж хувиасаа төлсөн байгаа. Б.З үүнээс нэг ч төгрөг өгөөгүй учир түрээсийн 5 000 000 төгрөг болон картын талөарт хүүг нэхэж байгаа. Иймд Зол Интэрнэшнл Дентал Медикал Групп ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан гаргасан нийт хөрөнгийн үлдэгдэл буюу 11 774 294 төгрөгийг хариуцагч Б.Згаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Т.Өтай хамтран шүдний эмнэлэг байгуулахаар 2 талаасаа тус бүр 20 000 000 төгрөг гаргахаар ярилцаж тохиролцсон. Тохиролцсоны дагуу миний бие 20 000 000 төгрөгийг Т.Өд өгсөн. Т.Ө нь тухайн үед өөрөөсөө 20 000 000 төгрөг гаргаж үйл ажиллагаанд зарцуулсан гэж ярьж байсан боловч би Т.Өын гаргасан мөнгөний баримттай албан ёсоор танилцаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр Т.Өт анх оруулсан гэх 20 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Иймээс Т.Өт дахиж төлөх өр төлбөр тооцооны асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн түрээс, цалин, урсгал зардлыг эмнэлгийн үйл ажиллагааны орсон орлогоор төлж байсан. Мөн Т.Өт 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд 300 000 төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагааны орлогын ашиг болгож өгч байсан. Гэхдээ энэ нь буцааж төлсөн 20 сая төгрөгөөс тусдаа юм. Нэхэмжлэгч Т.Ө нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас миний бие түрээсийн талбайгаа багасгаж 2018 оны 07 сараас Золоо дентал ХХК-ыийг 100 хувь өөрийн нэр дээр үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч Т.Өын анх оруулсан гэх 20 000 000 төгрөгийг өөртэй нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр буцааж төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Фейсбүүкээр Б.Згийн үйлдлээс шалтгаалахгүй мессенжер чат хүлээж авсан нь тухайн 24 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байгаа гэсэн үг биш юм. Уг мессежер чатаас харахад Б.З 24 000 000 төгрөгийг юунд зарцуулсан талаар падаан шаардаж байсан. 20 000 000 төгрөгөөс илүү гарсан зардлыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэс картын гүйлгээ хийгдсэн талаар баримтыг Б.Згийн зүгээс Т.Өын данс руу мөнгө шилжүүлж байсан баримт байгаа. Анх компани байгуулаад засварын үйл ажиллагаа явуулж байхад бид хоёр өөр өөрсдийн мөнгөөр хариуцсан эд зүйлээ аваад явъя гэж ярьсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мессенжер чатаар 24 000 000 төгрөгийг зардал гарсан гэж Т.Ө бичсэнийг би хүлээн авч харсан нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн үед миний бие гарсан зардлын падааныг нь харж байж шийднэ гэж хэлж байсан ч надад падаан баримтаа өгөөгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Б.Зд холбогдох нэхэмжлэгч Т.Өын 11 774 294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талууд хамтын ажиллагаагаа дуусгавар болгож, нэхэмжлэгчийн хамтран үүсгэн байгуулсан Зол Интернэшнл Дентал Медикал Групп ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн авах хүсэлт тавьж Б.З нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч Б.Зтай бичсэн фэйсбүүк мессенжер чатад үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр миний зүгээс 24 809 294 төгрөг компанийн үйл ажиллагаанд зориулж гаргасан байх тул энэхүү мөнгөн дүнг хувааж өгнө үү гэснийг Б.З нь ойлголоо гэх хариуг өгч уг мөнгөн дүнг эсэргүүцсэн аливаа санал, хүсэлтийг илгээгээгүй, мэдэгдээгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно хэмээн тус тус заасан байдаг. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Б.Зд хамтын ажиллагааг дуусгавар болгож өгсөн зүйлсээ буцаан авах зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд Б.З нь зөвшөөрч, татгалзсан зүйл мэдэгдээгүй тул хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх ба ийнхүү надад шаардах эрх хууль ёсны дагуу үүссэн болно. Б. Золзаяа нь татгалзаагүйгээс гадна тус хэлцлийн дагуу мөнгөн дүнг тодорхой хугацаанд төлж барагдуулж байсан. Гэтэл одоо үндэслэлгүйгээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй, үнэлээгүй болно. Б.З нь надад мэдэгдэлгүй өөрийн 100 хувийн эзэмшлийн Золоо Дентал ХХК-г үүсгэн байгуулж өнөөдрийн байдлаар тус компанид тусгай зөвшөөрөл гаргуулан Улаанбаатар, Баянзүрх, 14-р хороо, энхтайваны өргөн чөлөө, Сувдан сондор хотхон, 71/а байр хаягаар үйл ажиллагаа явуулж байна. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Б.З нь Золоо Дентал ХХК-г төлөөлөн 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Рич Майнинг ХХК-тай Улаанбаатар, Баянзүрх, 14-р хороо, энхтайваны өргөн чөлөө, Сувдан сондор хотхон, 71/а байрны 71 тоот хаягт байрлах үйлчилгээний талбайд түрээсийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Б.З нь тухайн хамтран ажиллаж байх хугацаанд өөрийн 100 хувийн компанийг үүсгэн байгуулчихсан, тухайн компаниар түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч би үүнийг таамаглах боломжгүй байсан ба хамтын компанийн түрээсийн төлбөрийг төлж байна гэсэн итгэл үнэмшлээр 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээл авч Рич Майнинг ХХК-д төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, өөрт аливаа хамааралгүй компанийн түрээсийн төлбөрийг төлсөн байна. Үүнээс үзвэл Б.З нь ахнаасаа хамтын компанийн үйл ажиллагаанд ач холбогдол өгөөгүй, харин өөрийн нэр дээрх компанийг хөгжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор намайг хамтран ажиллаж байна, хамтын компанид зориулан зарлага гаргаж байна хэмээн итгүүлэн миний цаг хугацаа, хөрөнгө мөнгийг ашигласан болох нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Золоо Дентал ХХК болон Рич Майнинг ХХК нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Гэтэл шүүх тус түрээсийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй гэсэн нь нотлох баримтыг бодитой тал бүрээс нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн явдал юм. Хариуцагч Б.З нь дээрх түрээсийн төлбөрийг цалин, гэр бүлийн орлого гэсэн утгатайгаар миний дансанд эргүүлэн өгсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүх шийдвэртээ уг мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болох талаар болон түрээсийн төлбөрт өгөөгүй болохыг баримтаар нотолж чадахгүй байна гэжээ. Гэвч дээрх утгатайгаар миний дансанд шилжсэн мөнгөн дүн нь түрээсийн төлбөрөөс ангид төлбөр буюу цалин юм. Хамтын компанийн үйл ажиллагааг хариуцан, өдөр тутам очиж ажиллаж, цаг хугацаагаа зориулдаг байсны хувьд цалин авах нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл тус цалинг нь миний түрээсийн төлбөрийг эргүүлэн өгч буй хэлбэр гэж шүүх дүгнэсэн нь хууль бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэл муутай, хэргийн тал бүрээс нь бодитой хараагүй, гаргасан нотлох баримтыг бүрэн дүгнэхгүй гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч Б.Зд холбогдуулан 11 774 294 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа ...үйл ажиллагааны зардалд 4 809 294 төгрөг, эмнэлгийн байрны түрээсийн төлбөрийг төлөхөөр өөрийн зэс картаас 5 000 000 төгрөгийг зарцуулсны 9 809 294 төгрөг, мөн зэс картын хүүгийн төлбөр 1 965 000 төгрөг нийт 11 774 294 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Т.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтарч шүдний эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх, байр түрээслэх, засвар тохижилт хийх, тоног төхөөрөмж худалдан авахаар харилцан тохиролцсон боловч үл ойлголцсоны улмаас хамтран ажиллахаас татгалзсан гэсэн үндэслэлийг заажээ.
Хэрэгт нэхэмжлэгч Т.Ө нь иргэн Г.Энхбаатартай 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сувдан сондор хотхон, 71/А-р байр хаягт байрлах 135 м.кв үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаар, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон, мөн хариуцагч Б.З нь Рич эпсилон майнинг ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх үйлчилгээний талбайг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар эмнэлгийн зориулалтаар түрээсэлсэн бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх.108-110, 113-115/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт нь талуудын тайлбар, бичмэл баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд зохигчид цаашид хамтран ажиллахгүй, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэсэн тайлбар гаргасан, хариуцагч Б.З нэхэмжлэгч Т.Өт хөрөнгө оруулалтын 20 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...хариуцагчийн өмнөөс түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг төлснөө гаргуулна гэсэн үндэслэл заажээ.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч Т.Өын Голомт банкны дансны хуулгаас үзэхэд түрээсийн төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2 882 790 төгрөгийг 2 сарын түрээсийн төлбөр, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг 4 сарын үлдэгдэл, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5 сарын түрээсийн урьдчилгаа гэсэн утгатайгаар нийт 5 882 790 төгрөгийг Рич эпсилон майнинг ХХК-руу шилжүүлсэн байна. /хх.118-121/
Нэхэмжлэгч Т.Өын дээрх мөнгөн хөрөнгө шилжүүлсэн цаг хугацаанаас үзэхэд хариуцагч Б.Згийн Рич эпсилон майнинг ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг хариуцагчийн өмнөөс нь төлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд зохигчид цаашид хамтран ажиллахгүй нөхцөл байдал үүссэн, түрээсийн байрыг хариуцагч дангаараа эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх түрээсийн төлбөрийг төлснөөр үүрэг бүхий этгээд буюу хариуцагч үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул уг төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үнийн дүн нь 5 882 790 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийн хэмжээнд түрээсийн төлбөрийг төлсөн гэж нэхэмжлэлдээ өөрөө тодорхойлон бичсэн байх тул уг хэмжээгээр буюу 5 000 000 төгрөгийг бусдын өмнөөс зардал гаргасан гэж үзэж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхээр тогтов.
Харин нэхэмжлэгч хамтран ажиллах үйл ажиллагааны зардалд 4 809 294 төгрөг төлсөн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч үндэслэлээ баримтаар нотлоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгч кредит картны төлбөр, хүү төлсөн гэсэн энэ үндэслэлээр хариуцагчаас мөнгө шаардах эрхгүй. Зээл тооцооны үүрэгтэй холбоотойгоор бусад этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөрийн энэ асуудалд хариуцагчийг буруутган хамааруулан дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн өөр этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төлөх кредит картны төлбөр болон хүү төлөх зээл тооцооны үүрэг үүссэн, хариуцагч Б.Згийн үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханга боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/03444 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Згаас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 774 294 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Өын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Өт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 204 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО